Мэдээ

Онлайн худалдаа хийхээр Туркийг зорьсон Монгол эмэгтэй хүчирхийлэл, залилангийн золиос болжээ

“Эгчээ би бүх үнэнийг хэлээд амиа хорломоор байна” хэмээн харилцуурын цаанаас цурхиран уйлах эмэгтэй…
Энэ бүх үйл явдал одоогоос нэг жилийн өмнө буюу 2021 оны 11 дүгээр сараас эхэлжээ. Нэр, царайгаа нууцлахыг хүсэлгүй манай редакцид хандан ярилцлага өгөхийг зөвшөөрсөн эмэгтэйг Д.Оюунзул гэдэг.

Тэрбээр 25 настай бөгөөд өөрийн гэсэн дэлгүүртэй болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн жилийн өмнө Бүгд Найрамдах Турк Улсыг зорьсон байна. Нисэх буудлаас түүнийг онлайнаар танилцсан гэх 24 настай залуу О.Энхзолбоо тосон авчээ. Золбоо түүнийг байрлаж буй байрандаа авчран тэр шөнөдөө хүсээгүй байхад нь бэлгийн харилцаанд орж, хүч хэрэглэсэнээр энэ бүх үйл явдал эхэлсэн аж.

Болсон үйл явдалд өөрийгөө буруутай “Би дахиж ийм үйлдэл гаргахгүй, хоёулаа анх ярьж тохирсон ёсоор чамайг 1,5 сая төгрөгөөр цалинжуулна, чи дуртай ажлаа хийж миний олж ирсэн бараануудыг лайвдаж /цахимаар сурталчилах/ хэн хэндээ ашигтай ажиллая” гэж итгүүлснээр өнөөдрийн бүх хэргийн эх үүсвэр нь тавигджээ. Д.Оюунзул таван сарын хугацаанд О.Энхзолбоогийн зааврын дагуу ажиллаж, хүмүүсийн захиалсан барааны төлөлтийг өөрийн дансаар хүлээн авч, Лхагвадулам гэх дансаар О.Энхзолбоод мөнгийг нь авч өгдөг байсан нь түүнийг олон хүний мөнгийг залилж авсан гэх хэрэгт унахад хүргэсэн байна. О.Энхзолбоо бүх мөнгийг эргэлдүүлж байсан ч Д.Оюунзулын дансаар авч мөнгө гаргаж өгдөг хүмүүсийн дансаар бэлэн мөнгө гаргаж авдаг байж.

Коронавирусийн улмаас ачаа бараа хүлээгдэж байгаа гэсэн тайлбар хэлж “Чи ямартай ч лайвдаад байгаарай” гэсэн зааврынх нь дагуу олон нийтийн сүлжээнд бараа өмсөж үзүүлж, захиалга авч явсаар байдал нэг л биш байгааг ойлгосон Д.Оюунзул Золбоотой маргалдаж дөрөвдүгээр сарын 30-нд ажлаа хийхээ больсон аж. Энэ хугацаанд тэр О.Энхзолбоогоос жирэмсэн болж, эцэст нь зургаан сартай ургаа Турк улсын эмнэлэгт аборт хийлгэн, нэгэн Монгол эмэгтэйн гэрт байрлаж, тусламж авч байснаар эх нутагтаа эргэн иржээ.

Асуудлын гол нь О.Энхзолбоо Турк улсын иргэдээс болон Монголоос бараа захиалсан иргэдэд нийт 100 орчим сая төгрөгийн хохирол учруулж, энэ бүх хариуцлагад шууд унаж байгаа эзэн нь Д.Оюунзул болж таарсан байна.

О.Энхзолбоо нь Монголд ирсэн байгаа хэдий ч ор сураггүй болж, Цагдаагийн газраас эрэн хайж байгаа гэсэн мэдээллийг Д.Оюунзулд өгсөн гэдгийг тэрбээр бидэнд тайлбарласан юм.

Бусдад итгэж харийн орныг зорьж олон сая төгрөгийн залилангийн хэрэгт унаж, бие сэтгэлээрээ хохирсон хэмээн ярих Д.Оюунзултай хийсэн ярилцлагыг тун удахгүй манай сайтаар хүлээн авч үзээрэй.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү