Мэдээ

ОСОЛД ОРСОН СУРАГЧ Э-ИЙН ЭЭЖ: Охин минь осол болох үед шоконд орж, машинд мөргүүлсэн гэдгээ мэдэхгүй, биднээс нуусан байсан

29 настай, эмэгтэй М нь жолооны үнэмлэхгүй, жолооны сургалтад сууж байгаагүй хэрнээ автомашин жолоодож, долоон автомашин мөргөж, хоёр хүүхэд дайрч гэмтээж буй бичлэг цахим сүлжээнд цацагдаад байгаа билээ. Хохирогч охидын биеийн байдал өдгөө хүнд, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Үүгээр ч зогсохгүй автомашинд дайруулсан 12 настай С-ийн хөл мэдээгүй болж, тайруулахаас аргагүй болсон, тайруулахаар хэмжээний гэмтээгүй гэх мэт мэдээллүүд цацагдаад буй. Тэгвэл бид энэ хэргийн талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа.

ЦЕГ: ОСОЛ ГАРГАСАН ЭМЭГТЭЙ ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХГҮЙ БАЙСАН

      Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, хошууч Д.Оюунаас тодруулахад:

Манайд “Баянзүрх дүүргийн нутаг “Олимп” хотхоны хойно дөрвөн автомашин мөргөлдөж, хүн гэмтсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрыг хамгаалалтад авч, үзлэг шалгалт хийхэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд “Toyota Land Cruiser-200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь замын эсрэг урсгалд орж, долоон автомашиныг мөргөж, замаас гарч явган хүний замаар явж байсан явган зорчигч 12 настай эмэгтэй С, 12 настай эмэгтэй Э нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан. 1993 онд төрсөн, М гэх эмэгтэй нь осол гардаг өдрийн 18:00 цагийн үед найз залуу болох Б-г согтуугаар автомашин жолоодуулахгүй байх зорилгоор түүний төрсөн ахын эзэмшлийн “Toyota Land Cruiser” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа дээрх ослыг гаргасан. Жолооч М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Драйгер багаж үлээлгэж шалгахад 0,00 хувьтай гарсан бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар тогтоох зорилгоор түүний шээсэнд тусгай зориулалтын тест тавин шалгахад ямар нэгэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Түүний биеэс биологийн дээж болгон цус авч Шүүхийн шинжилгээний хүрээлэнд шинжээч томилсон. Явган зорчигч С-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилсон боловч дүгнэлт гараагүй байна. Уг хэргийг ТЦА-аас ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хохирогч охины гэмтлийн зэрэг одоогийн байдлаар тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа гэмтлийн талаар тодорхой мэдээлэл өгнө” гэв.

ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД М-ИЙГ МАШИН БАРЬЖ ЯВСАН ЭСЭХИЙГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭВ
Холбогдох албанаас өгсөн мэдээллээр осол гаргасан эмэгтэй жолоодох эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, мансуураагүй байсан гэх. Эх сурвалжийн мэдээлснээр зам тээврийн осол гарсны дараа цагдаагийн байгууллагад тус хэсэгт зорчиж явсан иргэн дуудлага, мэдээлэл өгчээ. Цагдаа нар хэргийн газарт очиход 1993 онд төрсөн, эмэгтэй М нь “Би машин барьж яваад ийм осол гаргачихлаа” гэж мэдүүлсэн гэх. Гэхдээ цагдаагийн албан хаагчид М машин барьж явсан нь үнэн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Энэ талаар эх сурвалж хэлэхдээ “Осол гарсан хэсэг болон тухайн осол гаргасан машины зорчсон замын хяналтын камерын бичлэгийг шалгаж, шүүж байгаа. Урьдчилсан байдлаар жолоодох эрхийн үнэмлэхгүй М машин барьж явсан гэж мэдүүлсэн байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад жолоог хэн барьж явсан нь тодорхой болно” гэв.

ОСОЛ ГАРГАСАН М НЬ “ТОРМОЗОО ЗОГСООЖ ЧАДААГҮЙ УЧРААС ОСОЛ ГАРГАСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ

Харин осол гаргасан гэх М нь мөрдөн шалгах ажиллагааны үед ослын талаар мэдүүлэхдээ “Уулзвараар буцаж эргэх үед машины дугуй замын хашлага давсан. Тэгээд сандрахдаа машинаа зогсоож чадаагүйн улмаас осол гаргасан. Тухайн үед юу болж байгааг ойлгоогүй” гэжээ.

Гэхдээ техникийн бүрэн бүтэн байдлын шинжилгээ, тухайн хэсэгт зорчиж явсан гэрчүүдийн мэдүүлэг зэргээр уг хэргийг тогтооно. Хэрэг гарах үед тухайн зам дээр зорчиж явсан гэрчийн хэлж буйгаар ““Toyota Land Cruiser-200” маркийн автомашин нь “Олимп” хотхон руу ордог хэсгээр буцаж эргэхдээ олон машин мөргөж, бусдыг гэмтээсэн” гэжээ.

ОСОЛ МАРГАСАН АВТОМАШИН НЬ “НОМТ МОНГОЛ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Г.ХАДХҮҮГИЙНХ

Осол болоход унаж явсан автомашин нь Чингэлтэй, XII хороо, Дэнжийн 1000 хэсэгт махны худалдаа, авто засварын газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Номт Монгол” ХХК-ийн захирал Г.Хадхүүгийн эзэмшлийнх ажээ. Осол гардаг өдөр түүний төрсөн дүү Г.Батсүх унаж явсан гэнэ. Харин тэрбээр архидан согтуурч, найз охин болох М-д ахынхаа автомашиныг унуулсан гэх.

Бид энэ талаар “Номт Монгол” ХХК-ийн захирал Г.Хадхүүгээс тодруулах гэсэн боловч тэрбээр мэдээлэл өгөхөө татгалзаж, утсаа салгасан юм.

ОСОЛ ГАРГАСАН М, ТҮҮНИЙ НАЙЗ ЗАЛУУ Г.БАТСҮХ ГЭЖ ХЭН БЭ
Г.Батсүх нь 2017-2018 онд Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалт, бодлого зохицуулалтын хэлтсийн захирлаар ажиллаж байжээ. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК, “Монгол шуудан банк”, Үндэсний аудитын газарт ажиллаж байжээ. Тэрбээр өдгөө хүнсний худалдаа, барьцаалдан зээлдүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Номт Би Би Эйч” ХХК-ийн захирлаар ажилладаг. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны .. дугаар байрны, … дугаар тоотод амьдардаг. Тэрбээр жолоо барих эрхээ өмнө нь дөрвөн удаа хасуулж байсан гэх. Харин 29 настай, эмэгтэй М нь нэр бүхий шүдний эмнэлэгт ажилладаг, Хан-Уул дүүрэгт оршин суудаг нэгэн юм байна.

ОСОЛД ӨРТСӨН ОХИДОД СУРГУУЛИЙНХ НЬ АРАВДУГААР АНГИЙН СУРАГЧ АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ

Осол болдог өдрийн 18:00 цагийн орчимд охид хичээлээ тараад гэр рүүгээ харихаар явж байжээ. Тэд нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 133 дугаар сургуулийн долдугаар ангид сурдаг аж. Осолд өртсөн охидыг замын хажуугаас сургуулийнх нь аравдугаар ангийн сурагч татаж, анхан шатны тусламж үзүүлжээ. Мөн түргэн тусламж дуудсан гэнэ. Одоогийн байдлаар сурагч Э гэртээ байгаа бөгөөд С ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Энэ талаар тус сургуулийн холбогдох албаны хүнээс тодруулахад “Осол болсон өдрөөс хойш охид эмнэлэгт болон гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Бид биеийн байдлыг нь асууж, хүүхдүүддээ байнгын анхаарал халамж тавьж ажиллаж байна. Манай сургуулийн аравдугаар ангийн сурагч охидод анхан шатны тусламж үзүүлсэн. Яг осол болох үед ард нь явж таарсан юм билээ. Охидод тусламж үзүүлэх явцдаа гараа шалбалах, цохих зэргээр хөнгөн бэртэл авсан байна лээ” гэв.

ГССҮТ-ИЙН ДАРГА Э.ГАЛБАДРАХ: ОСОЛД ОРСОН ОХИНЫ ХӨЛИЙГ ТАЙРНА ГЭДЭГ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ

Тэгвэл өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Машинд чирэгдсэн охины хөлийг тайрахаар болжээ. Охиныг ар гэрийнхэн нь БНСУ руу авч явсан” зэргээр бичиж, мэдээлсэн юм.

Бид охидын биеийн байдлын талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга Э.Галбадрахаас тодруулахад “Өвчтөний биеийн байдал болон мэдээллийг бид өгөх боломжгүй. Ар гэрийнхэн зөвшөөрсөн тохиолдолд мэдээлэл өгөх боломжтой. Мөн биеийн байдал болон тодорхой мэдээллийг өвчтөний ар гэрийнхэн өгнө. Хэвтэн эмчлүүлж байгаа охины мэдээллийг эмчлэгч эмч нь мэднэ. Одоогийн байдлаар надад тодорхой мэдээлэл ирээгүй байна. Гэхдээ охины хөлийг тайрна гэдэг худал мэдээлэл” гэв.

Түүнчлэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа С охины ээж дээрх мэдээллийг үгүйсгэжээ. Тэрбээр нэр бүхий хэвлэлд ярихдаа “Охины минь шүүх шинжилгээний дүгнэлт хөнгөн гэж гарсан гэсэн. Гэхдээ дахин шүүх эмнэлгийн шинжээч томилж, шинжилгээ авахаар болсон. Охины минь хөлийг тайрна гэдэг ор үндэслэлгүй худал мэдээлэл. Бид шаардлагатай эмчилгээг хийлгэж байна. Охиноо эрүүл болгохын төлөө хичээж байна” гэжээ.

МАШИНД ДАЙРУУЛСАН СУРАГЧ Э-ИЙН ЭЭЖ: ОХИНЫ МИНЬ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЗҮГЭЭР ГАРСАН ГЭСЭН

Машинд чирэгдэж, бэртсэн сурагч С-ийн биеийн байдлыг дээр хүргэлээ. Харин түүнтэй хамт явсан сурагч Э-гийн биеийн байдлыг ээжтэй нь холбогдож тодрууллаа.

-Таны охины биеийн байдал ямар байгаа вэ. Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа юу?

-Охины минь биеийн байдал одоогоор сайн байгаа. Ор үндэслэлгүй, муу ёрлож, хүний охин хүүхдийг тахир дутуу болно гэсэн мэдээлэл гараад байгаад маш их эмзэглэж байна. Ийм худал ташаа мэдээллийг хаанаас, хэн гаргаж тавьж байгааг мэдмээр байна. Энэ бүх худал мэдээллийг чинь хүүхэд харж байгаа шүү дээ.

-Ослын улмаас охин нь ямар нэг байдлаар гэмтээгүй байна уу. Нарийн шинжилгээ хийсэн үү?

-Тийм ээ, нарийн шинжилгээ хийлгэж, томографик хийлгэсэн. Мөн гэмтлийн эмчид үзүүлж, шаардлагатай эмчилгээ, үзлэгийг хийлгэсэн. Охин минь эмнэлэгт хэвтээгүй бөгөөд гэртээ байгаа. Одоогийн байдлаар биед нь хөхөрч, гэмтсэн, өвдөж, хавдсан зүйл алга.

-Сэтгэл санаа нь ямар байгаа вэ?

-Одоо хамгийн гол нь ослын үед орсон цочролоосоо гарч чадахгүй байна. Бид сэтгэл зүйчид хандаж, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг авна. Маш их айж, цочирдсон байгаа. Машин дуут дохио дуугарах, хажуугаар нь ойрхон өнгөрөхөд айж, цочдог болчихсон.

-Ослын талаар ар гэрийнхэн нь хэзээ мэдсэн бэ?

-Манай гэр Баянмонгол хороололд байдаг. Охин минь тэр замаар сургуульдаа явж очдог. Байнга тэр замаар явган зорчдог гэсэн үг. Осол гарсны маргааш цагдаагийн байгууллагаас залгаж, бидэнд энэ талаар хэлсэн. Охин минь тэр өдөр осол болсныг биднээс нуусан байсан. Машинд мөргүүлж, осолд өртсөн гэдгээ бидэнд өөрөө хэлээгүй. Мөргүүлэх явцдаа шоконд орж, мөргүүлсэн эсэхээ ч мэдэхгүй байсан. Тэгээд яагаад аав, ээжээсээ нуусан талаар охиноосоо асуухад “Сандарч, айсандаа найз маань “Яв яв” гэж хэлэхээр нь яваад өгсөн гэсэн. Мөргүүлээгүй гэж бодсон” гэж байна лээ. Би цагдаагийн албан хаагчийн гар утсан дээрээс ослын үеийн бичлэгийг үзэж, охиноо машинд мөргүүлсэн гэдгийг мэдсэн.

-Эмч нар цаашид юуг анхаарах ёстой гэж хэлсэн бэ?

-Хэдийгээр охиныг минь одоо эрүүл гэж гарсан ч цаашид хэрхэхийг мэдэхгүй. Эмч нар “Одоогоор гаж нөлөө байхгүй ч дотуур гэмтэл авсан байж болзошгүй. Сайн анхаарч, ажиглаарай” гэж хэлсэн. Тийм зүйл болох вий л гэж айж байна. Охины минь биеийн байдал зүгээр байгаасай л гэж залбирч байгаа.

-Осол гаргасан жолооч та бүхэнтэй холбогдсон уу?

-Тийм ээ, машин барьж явсан жолооч эмэгтэй ирж уулзсан. Шаардагдах эмчилгээний төлбөрийг төлнө гэсэн. Тэгэх нь тодорхой шүү дээ.

ОСОЛД ОРСОН СУРАГЧ Э-ИЙН ЭЭЖ: Охин минь осол болох үед шоконд орж, машинд мөргүүлсэн гэдгээ мэдэхгүй, биднээс нуусан байсан

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү