Мэдээ

П.Баярцэнгэл: Анхны цалингаа аавдаа өгөх гэж аахилсаар харьж билээ

Ёодэл дууны урсгалаар бидэнд анх танил болж, “Яг түүн шиг” шоуны ялагчаар тодорч өөрийгөө чадварлаг уран бүтээлч гэдгийг баталсан дуучин П.Баярцэнгэлтэй түүний уран бүтээл, амьдралынх нь талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Та үргэлж дуу аялж явах юм?
Харин тийм, миний нэг зуршил болчихсон зүйл. Ариун цэврийн өрөөнд ч, шүршүүрт орж байхдаа ч дуу аялдаг юм.

Ойрын үед хийж байгаа уран бүтээлээсээ хуваалцаач?
Ирэх онд нээлтээ хийх кинондоо илүүтэй анхаарч ажиллаж байна. Киноны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй нь, ойлгоно биз ээ.

Гол дүр үү, туслах дүр үү гэдгийг нь мэдэж болох уу?
Гол дүр.

skip-share
Би 50-н нас хүрсэн хойноо тэрбумтан болохгүй ч гэсэн эрүүл бие, эрүүл мэндийн саятан байя гэж боддог юм.

Бага нас тань хаана өнгөрсөн бэ?
Би 18 нас хүртлээ Дорнод аймгийн Чойбалсан хотноо өсч хүн болсон. Улаанбаатар хотод 2007 онд ирээд Кино урлагийн дээд сургуульд суралцаж 2011 онд төгссөн.

Өсвөр насандаа ямар хүү байсан бэ?
Сайхан “гар” байсан. (инээв) Би ер нь дуулж хуурдахын хажуугаар их л сахилгагүй хүүхэд байлаа. Аав ээж маань хүртэл “Энэ нэг хүүхдийг яаж дарах вэ, манайхнаас энэ л бүтэхгүй нөхөр болох вий дээ” гэж их ярьдаг байсан. Одоо харин ч эсрэгээрээ болсон.

Та анхны цалингаа юунд зарцуулсан бэ?
Тэр их дурсамжтай түүх бий. Би 2,3-р ангид байсан байх, дуу хөгжмийн багш маань дагуулж яваад өөр сургуулийн нэгэн үйл ажиллагаан дээр дуулсан юм. Тоглолт дууссаны дараа надад 500₮ өгсөн. Тэр бол миний анхны цалин шүү дээ. Түүнийгээ авчихаад маш их баярлаад гэр лүүгээ гүйчихсэн. “Аав аа, би цалин авсан” гэсээр гэртээ аахилсан юм орсон. Аав тэр мөнгийг билэгшээгээд бурхныхаа өмнө тавьсан юм. Харин би түүнийгээ харж хэдэн өдөр болсон доо.

Та ахтайгаа их адилхан юм байна лээ?
Би арай царайлаг нь. Худлаа худлаа. Хүмүүс бидний андуурах тохиолдол их.

Анзаараад байхад таны уран бүтээл болон амьдралд ахын тань үүрэг, нөлөө их юм шиг санагдсан?
Тийм шүү. Миний бүхий л зүйлд хамааралтай, уран бүтээлийн арын ажлыг маань зохицуулдаг гол хүн. Хүүхэд байхдаа ч бид хамтраад юм хийдэг байсан. Миний ах хотод СУИС-д оюутан болж ирээд өөрөө бие даан дууны найруулга, фонограм зэргийг зохиогоод сурчихсан байсан. Тэгээд нутагтаа буцаж ирээд бид хамтдаа уран бүтээлээ хийдэг байсан юм. “Чөлөөт цаг” гэдэг хамтлагтай байлаа шүү дээ. Дөрвүүлээ нийлж дуулна, 20 гаруй дуутай. Дөрвөн ч удаа тогтолтоо хийчихсэн жигтэйхэн гоё хамтлаг байлаа.

Зургийг дуучин П.Баярцэнгэлийн фэйсбүүк хуудаснаас авав
Зургийг дуучин П.Баярцэнгэлийн фэйсбүүк хуудаснаас авав

Дорнодынхон бол бүгд мэднэ биз?
Өө тэгэлгүй яахав. Хөгшин залуу, хүүхэд багачуудгүй л мэддэг байсан. Хамтлагийн бүх зүйлийг л ах хийдэг байлаа. Миний “For you” гээд дууг анх “Нүд” гэдэг нэртэйгээр нь бид хүүхэд байхдаа дуулдаг байсан. “For you” дуу арав гаруй жилийн түүхтэй, ах маань анх эхнэртээ зориулж бичиж байсан юм.

Ёодол дуулалтыг одоо залуус хэр их сонирхож, оролдож байна вэ?
Манай монголчууд чинь их авьяаслаг хүмүүс. Аливаа юмыг оролдоод сурахдаа их амархан. Яг ч уран бүтээл хийж эхлээгүй ч ёодол дуу дуулдаг хэд хэдэн хүнтэй таарсан.

skip-share
Тоглолтын найруулга их гоё, дуунуудын ихэнх хувь нь хит буюу ирсэн үзэгч сонсогчид маань дагаж дуулаад л… Үзэгчдэд болон өөртөө маш гоё мэдрэмж өгөх тоглолтыг хийнэ гэж боддог доо.

“Яг түүн шиг” шоуны талаар ярихгүй, асуухгүй өнгөрч болохгүй байх. Энэ шоунд өөрийгөө сорьсноор ур чадварын хувьд хэр их зүйлийг олж авсан бэ?
Мэдээж энэ шоунд оролцох нь залуу уран бүтээлчийн хувьд карьер өснө. Мөн түрүүлнэ гэдэг чинь бас их гоё. Залуу гэр бүлийн хувьд 20 сая төгрөгийн шагнал гэдэг нь чамгүй зүйл. Тэгэхээр энэ шоу надад ч төдийгүй оролцсон бүх уран бүтээлчдэд үр өгөөжөө өгсөн сайхан үйл явдал болсон.

Олон улсын стандартын тийм тайзанд зориулж бүжигчид, найруулагчийн хамтаар өөрийнхөө үзүүлбэрийг бэлтгэж, үзүүлж байна гэдэг нь залуу уран бүтээлчийнхээ хувьд шинэ мэдрэмжийг авч, нэг шат хөгжиж чадсан.

Танд хамгийн хэцүү санагдаж байсан үзүүлбэрийг дурдвал?
Витас их хэцүү санагдсан. Мөн хоёр хуудас үг чээжлэх гэж Tupac-ийн үзүүлбэрийг бэлтгэхэд бага зэрэг хүндрэлтэй байсан. Бусад нь бол давгүй байсан даа.

Таны хамгийн сүүлийн үзүүлбэр болох Bruno Mars-ийн дуулалт болон дуурайлтыг онцлохгүй байхын аргагүй шүү дээ. Өөрт тань хэр санагдсан бэ?
Бруно Марс үнэхээр гоё болсон. Надад өөрт ч үнэхээр кайфтай санагдаж байсан шүү. Мөн Bob Marley-г ч дуурайсныг ч дурдахгүй өнгөрч болохгүй, маш гоё байсан.

Зургийн эх сурвалж: “Яг түүн шиг” фэйсбүүк хуудас
Зургийн эх сурвалж: “Яг түүн шиг” фэйсбүүк хуудас

“ӨӨРӨӨСӨӨ ХЭР ИХ ЧАДВАР ГАРАХЫГ ЗОГСОЛТГҮЙ ҮЗМЭЭР САНАГДДАГ”

Та харизматай буюу үг үйлдэл зэргээрээ хүмүүсийг татах чадвартай эерэг хүн юм шиг санагддаг. Тиймдээ ч үзэгчдийн санал төдий хэмжээгээр ирсэн байх. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
Би ер нь их нийтэч, нээлттэй хүн. Байгаагаараа байх дуртай. Заримдаа энэ зан чанар маань хэтэрчих гээд байдаг сул талтай. Учир нь хүнд хэтэрхий итгэх гээд байдаг нь надад эргээд сөрөг байдлыг үүсгэх гээд байдаг. Үүнийг сүүлийн үед л их мэдэрч эхэлж байна л даа.

Таны хийж буй зүйлс, амжилтын ард эхнэрийн тань үүрэг их байгаа байх. Гэргийнхээ талаар яриач?
Мэдээж өдийг хүртэлх олсон өчүүхэн амжилтууд, хийж буй зүйлсийн минь үр дүн эхнэртэй минь салшгүй холбоотой. Амьдрал дээр болон уран бүтээлийн тал дээр ч тэр маань их үнэтэй зөвлөгөөг цаг үргэлж хэлж байдаг. Яг урлагийн хүн биш учраас хөндлөнгийн нүдээр харж буй үзэгч, сонсогчийн зөвлөгөөг их өгнө. Нэг жүжгэн дээр гардаг даа “Би азгүй нэгэн мэт боловч амьдралын хамгийн том сугалааг нь хожсон юм байна. Тэр бол миний гэргий” гэж хэлдэг. Би ч мөн үүнтэй санал нэг, амьдралын хамгийн том сугалааг нь хожсон гэж боддог.

Та жүжигчин мэргэжилтэй хүн. Цаашид дуулах жүжиглэх энэ хоёр зүйлийнхээ алийг нь илүүтэй хийхийг хүсдэг вэ?
Аль алийг нь. Аливаа уран бүтээлд оролцож, өөрөөсөө хэр их чадвар гарахыг үзмээр санагддаг. Нэг дүрийг бүтээх эсвэл гоё дуу уран бүтээл хийх ёстой бол бүгдийг л хийнэ. Учир нь эдгээр нь миний хийх ёстой зүйл.

skip-share
“Би 30 насандаа ямар эр хүн байх вэ?” гэдгээ нүдэндээ өөрөө төсөөлчихсөн. Бие бялдар, мэдлэг боловсрол, хийсэн бүтээсний хувьд ямар байх вэ гэдгээ төлөвлөчихсөн гэсэн үг.

Киноноос гадна дараагийн уран бүтээл юу байна вэ?
Хэд хэдэн дуугаа бичүүлчихсэн байна. Нэгнийх нь клипийг хийчихсэн, хэзээ цацах эсэхээ ярилцаад л байна.

Таны тоглолтыг хүмүүс их хүлээдэг?
Харин тийм ээ, маш олон хүн энэ талаар асуудаг. Энэ оны сүүлээр тоглолтоо хийх байсан боловч киноны ажлаас болоод хойшлогдлоо. Би анхны тоглолтоо их гоёор төсөөлдөг. Орой унтахаасаа өмнө ч юм уу нүдээ аниад боддог юм. Тоглолтын найруулга их гоё, дуунуудын ихэнх хувь нь хит буюу ирсэн үзэгч сонсогчид маань дагаж дуулаад л… Үзэгчдэд болон өөртөө маш гоё мэдрэмж өгөх тоглолтыг хийнэ гэж боддог доо. Ирэх жилийн эхээр буюу хавар л хийхээр төлөвлөж байна.

Та бусдын хурц шүүмжлэлд хэр ханддаг вэ?
Эхэндээ бол палхийгээд л сонин мэдрэмж төрдөг байсан. Харин одоо бол дөжирсөн байна лээ. Сүүлийн үед сошиал харилцаа гээч зүйл хөгжихийн хэрээр хүмүүс нүүр нүүрээ харах боломжгүй байгаа учраас үүнийг нь ашиглаж бусдыг доромжлох, муухай үгсийг хэлэх нь ихэссэн. Өмнө нь өөрийнхөө талаарх нэг сөрөг зүйл уншихаар тэр өдөржингөө л дотор харлаад л нэг сонин байдаг байсан. Одоо бол тоохоо байсан, уншихгүй л өнгөрдөг болсон доо. (инээв)

Та хэдэн гадаад хэлтэй вэ?
Би уртаашаа өргөөшөө хоёр л хэлтэй. Монгол хэл, махан хэл гэж…

Ингэж асуусны учир нь “честный, даже” гэх мэт үгсийг та яриандаа их ашиглах юм. Тийм болохоор таныг орос хэлтэй юм болов уу гэж бодлоо.
Өө тэгж байна уу. Би ёстой анзаардаггүй юм байна. (инээв)

Хүн ажил мэргэжлийнхээ хажуугаар өөрийгөө бас нэг өөр зүйлд хөгжүүлмээр санагддаг шүү дээ. Таны хувьд дуулах, жүжиглэхээс өөр хийдэг сонирхолтой зүйлс юу байна вэ?
Би 50 нас хүрсэн хойноо тэрбумтан болохгүй ч гэсэн эрүүл бие, эрүүл мэндийн саятан байя гэж боддог юм. Тиймдээ ч спортоор хичээллэж, өөрийнхөө биеийг эрүүл чийрэг байлгахыг хүсдэг. Хоёр жил гаруй хугацаанд фитнессээр хичээллэсэн. Харин жил гаруйн өмнөөс фитнессийнхээ хажуугаар MMA холимог тулааны урлагийн төрлөөр хичээллэж эхэлсэн. Манайхан үүнийг UFC клуб гэдгээр нь илүүтэй мэддэг байх. Энэ тулааны урлагийн нарийн ширийнийг нь мэддэг болчихоор их гоё юм байна. Бүр их сонирхох болсон.

Энэ төрлийн спорт их хүнд буюу тамирчны нүүр рүү цохьдог шүү дээ. Урлагийн хүний хувьд гоо сайханд сөргөөр нөлөөлөхгүй юу?
Би арга техникээс нь л суралцаж байгаа төдий. Тэрнээс яг айхтар тулаан энэ тэрийг хийхгүй шүү дээ. Мэдээж энэ талаар бодолцож үзсэн. (инээв)

Фитнессээр хичээллэсний тань үр дүн таны “Супермэн” дууны клипэн дээр их тод гардаг шүү дээ?
Нэг жил гаран фитнессээр уйгагүй хичээллэсний үр дүнгээ л гаргая гэж бодсон юм. Би ямар нэгэн согтууруулах ундаа эсвэл тамхи сурталчлаагүй болохоор үүнийг буруу зүйл гэж бодохгүй байна. Миний дууг мөн өсвөр насны хүүхдүүд их сонсдог. Тиймдээ ч тэдэнд үлгэр дуурайл үзүүлэхийг хүссэн юм.

Таны дараагийн зорилго?
“Би 30 насандаа ямар эр хүн байх вэ?” гэдгээ нүдэндээ өөрөө төсөөлчихсөн. Бие бялдар, мэдлэг боловсрол, хийсэн бүтээсний хувьд ямар байх вэ гэдгээ төлөвлөчихсөн гэсэн үг. Одоо тэр зорилгодоо хүрэхийг л зорьж байна.

Танд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү