Мэдээ

П.Цэрэндагва: Залуудаа эхнэртээ “Хэзээ ч чамайг гомдоохгүй” гэж амлаад өнөөдрийг хүртэл жаргал, зовлонгоо хуваалцсаар жаргалтай амьдарч байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, баатар аа, баатар аа хэмээн дуудан баясаж, бахархан ярих хүн нэгээр нэмэгдэж, монголчуудын сэтгэлд баяр, жаргал авчирлаа, тэр. Харин би түүнийг энэ удаад “Хайрын төлөө тэмцэгч” гэж нэрлэмээр санагдаад.


Учир нь, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндавга, Ардын жүжигчин Ж.Мэндбаяр хоёрын дурлалын түүх цагтаа жинхэнэ дуулиан тарьж, хайрынхаа төлөө хором бүр тэмцэж байсан гэгээн түүхтэй болохоор тэр шүү дээ. Хаалттай нийгмийн үед бүхнийг сөрөн тэмцэж, дурлалаа хайр болгож байсан халуухан намтартай хүмүүс билээ.


1970-аад онд Ж.Мэндбаяр жүжигчин театртаа өөрийн орон зайг бий болгочихсон байсан үе. Харин П.Цэрэндавга гуай дөнгөж театрын босгоор алхаж, уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан залуухан эр.


Тухайн үед хайр сэтгэлийн холбоотой болсон тэнднийг хэд хэдэн удаагийн хурлаар оруулж, П.Цэрэндавгыг гэр бүл үймлүүлсэн хэмээн донгодож ажлаас нь халах хүртэл арга хэмжээ аваад дийлээгүй гэдэг.


Хурал дээр хоёулаа “Одоо дахиж тэгэхгүй” хэмээн ам өчгөө өгч хурлаас гарангуутаа байшингийн булан тойроод л буцаж уулзаад, хөтлөлцөөд гүйцгээдэг байсан тухайгаа дурссан байдаг.


Харин тэд өдгөө монголын шилдэг гэр бүлийн төлөөл болж, үр хүүхдүүдийнхээ өмөг түшиг нь болж явна. Тэрбээр залуудаа эхнэртээ “Хэзээ ч чамайг гомдоохгүй” гэж амлаад өнөөдрийг хүртэл жаргал, зовлонгоо хуваалцсаар жаргалтай амьдарч байна.


Ийнхүү түүнийг эхнэр Ж.Мэндбаяргүйгээр нь төсөөлөхийн аргагүй биз ээ. Ажил, амьдрал, зовлон бэрхшээл, баяр, жаргал бүрийнх нь ард түүний сэтгэлийн хүч, өмөг түшиг хань нь л байсаар ирсэн. Тэрбээр Хөдөлмөрийн баатарын шагналаа хүртчихээд “Ханьдаа их баярлаж байна.


Аливаа юмны ард талд хүний хань байдаг юм аа гэдгийг та бүхэн ухаарч, мэдэх байх аа. Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард хань нь байдаг юм шүү. Гурван хүүхдийг минь тээж, төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа” хэмээн чин сэтгэлийн үгээ монголын нийт ард түмний өмнө нүүр бардам, бахархам хэлсэн юм.


Хөдөлмөрийн баатар П.Цэрэндавга ханьтайгаа анх танилцсан тухай ярихдаа “Улсын багшийн их сургуулийн Кино драммын ангид сургуулилт хийж байхад нь харж байсан гэдэг.
“Том алаг нүдтэй, урт үстэй охин багшдаа загнуулаад сууж байхыг нь хараад “ямар хөөрхөн охин бэ” гэж бодоод л өнгөрч байсан. Хүүхэд байсан болохоор дотроо бодоод л өнгөрсөн. Дараа нь драмын театрт ороход Кино драмын сургуульд харж байсан нөгөө хөөрхөн охин сургуулиа төгсөөд театрт орчихсон байсан.
Намайг тоохын аргагүй л сайхан бүсгүй байсан юм. Миний хань цагтаа бол одоогийн яриад байгаа миссүүдээс хол илүү гарах бүсгүй байлаа.


Хуримаа хийсний дараа хүмүүс “Д.Мэндбаярыг яаж авч суусан юм бэ” гээд л асуудаг. Тэгэхээр нь би “яаж авч суусан нь ямар хамаа байна, аваад суучихсан байгаа нь гол юм биш үү” гэж хариулдаг байлаа.
Ханиа зөв сонгосон азтай хүндээ би” хэмээн ханийхаа тухай амьдралынхаа хором бүр бодож, ярьж, бахархаж, хүндэлж явдаг хүний хань, хүүхдийн эцэг билээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү