Recetas

Сармис анхлан тарих гэж буй хүмүүст өгөх зарим зөвлөгөө

Сармис анхлан тарих гэж буй хүмүүст өгөх зарим зөвлөгөө
ХУРЫН ШИМ-ийн хамт олон сармис тариаллах явцад үзсэн өөрсдийн туршлага, алдсан зүйлсийг бусад хүмүүст хуваалцсан сургалтыг 4-р сарын 13-нд зохион байгуулна ( өмнө нь 3-р сарын 16, 30-нд мөн сургалт болсон) . Үүнтэй холбогдуулан хүмүүсийн түгээмэл асуудаг зүйлсэд хариу өгч, сармис анхлан тарих гэж байгаа хүмүүст зарим зөвлөгөөг хүргэж байна.

Сармис тарих хугацаа
Монголд сармисыг 4-р сарын 20 – 5 сарын 5-ны хооронд суулгана. Тиймээс тариалалт хийх хугацаанаас өмнө бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй.

Сармис тарих хөрс
Сармис нь хөнгөн, сийрэг хөрсөнд сайн ургадаг ба хүнд, шаварлаг хөрсийг үртэс болон элсээр сийрүүлбэл сайн
Газрын хувьд хүн бүрт янз бүрийн хөрстэй, түүхтэй газар байдаг учраас та эхлээд өөрт байгаа талбайдаа тохируулж тариалалтаас өмнө нь хөрсөө бэлдэх хэрэгтэй.
а. Атар буюу өмнө нь ногоо тариагүй газар хийх гэж байгаа бол ийм газрыг боловсруулахад цаг, хүн хүч, техник шаардлагатай учир тариалалт хийх хугацаанаас өмнө амжиж боловсруулах талаар төлөвлөгөө гаргаарай.
б. Хэрэв тариа, ногоо тарьж байсан талбайд сармис тарих гэж байгаа бол өмнөх жилүүдэд хэрхэн бордож, арчилж байснаа нягталж, хаврын хөрс боловсруулалт хийхдээ шаардагдах бууц, бордоо зэргийг бэлтгэнэ.

Сармис тарих үр
Дэлхийд маш олон төрөл, сортын сармис байдгаас ерөнхийдөө өвөлжих, зусах гэж хоёр ангилдаг.
Зусах сармис: Хавар тариалдаг, булцуундаа олон хумстай, олон давхар нягт цагаан хальстай, өвөлдөө сайн хадгалагдах сармис
Өвөлжих саримс
Ихэвчлэн намар тариалж өвөлжүүлдэг сунтанз үүсгэнэ, хумс томтой, цөөн ширхэгтэй, ааг сайтай улаан хальстай сармис
Монголд олон жил тарьж нутагшсан сармис нь импортоор орж ирсэн сармисыг бодвол илүү эрсдэл багатай. Хүмүүс импорпын сармисыг хямд үнэтэйд нь олзуурхаж, их хэмжээгээр авч тариаллаад амжилтанд хүрээгүй тохиолдол сүүлийн 2-3 жилд цөөнгүй гарсан байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Хамгийн гол нь халуун, дулаан цаг агаарт дассан ургамал манай орны цаг уурын нөхцөлд тохирохгүй байх нөлөөлдөг. Мөн тухайн сармисны үрийг лазераар шарсан байх, хэрэглэдэг химийн хор, бордооны сөрөг нөлөө, ургалтанд сөргөөр нөлөөлөх вирусээр халдварласан байх зэрэг зүйлс нөлөөлж болно.
Жишээ нь “нэгэн байгууллага” өнгөрсөн жил хувь хүмүүс болоод, албан байгууллагад сармис тарих сургалт явуулж, монгол сармис нэрээр бэлцгэр ягаан хальстай хятад сармисыг (Завханы ягаан сармисны үрээр сэлэнгэд тарьсан гэж хэлдэг) өгсөн ч тэр сармис огт ургаж, соёолоогүй үхсэн байна.

Сармис тариаллах хэмжээ
Хүмүүс “1 га газар тарих гэсэн юм. Хэр их үр орох вэ, хэдэн кг ургац авах вэ” гэж их асуудаг л даа. Энэ асуултанд шууд нэг тоо хэлэх боломжгүй юм. Учир нь ургацын хэмжээ тухайн хүний өмнө нь ногоо тарьж байсан туршлага, тариалалт хийсэн хугацаа, хөрсний чанар, арчилгаа, тордолтыг цаг тухай бүрт нь хийсэн эсэх, үрийн чанар, цаг агаар, хур тунадасны хэмжээ, хуурайшилт гээд маш олон зүйлээс шалтгаална.
Өнгөрсөн 2018 онд манай сургалтанд хамрагдаж, сармис тарьсан хүмүүсийн жишээг хуваалцахад
1 кг үр – 1-2 кг ургац: 20%
(тариалалтын хугацаа хоцорсон, арчилгаа, тордолт дутагдсан)
1 кг үр – 4-6 кг ургац: 50%
(тариалалтын хугацаандаа хийгдсэн, арчилгаа боломжийн түвшинд хийгдсэн)
1 кг үр – 8-10 кг ургац: 30%
(тариалалт хугацаандаа хийгдсэн, арчилгаа сайн хийгдсэн. Ийм ургац авсан хүмүүс ихэвчлэн байнга мод, ногоо тарьдаг хүмүүс байсан)
Бидний зүгээс хэлэх зөвлөгөө бол хэрэв та өмнө нь сармис тарьж үзээгүй бол шууд их хэмжээгээр, том талбайд тарих нь эрсдэл ихтэй байх болно. Харин бага хэмжээнд туршаад, хэр хэмжээний ажил орохыг, зардал гарахыг, үр дүн үзэхийг туршиж үзвэл дээр болов уу. Нэгэнт өөрөө хийж чадах нь батлагдсан жижиг туршлагыг дараа нь хэд бол хэд болгон томруулж болно гэдгийг санаарай.

Related Articles

Check Also
Close
Back to top button

LIKE Дарж үзнэ үү