Мэдээ

Сураггүй болсон охиныг уулнаас буулгахад 8-9 сая төгрөгийн шатахуун шаардлагатай гэв

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, хурандаа н.Очгэрэл:

-11 дүгээр сарын 05-ны өдөр 16 настай охин “Б” Улаанбаатар-Дархан чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслээр хотод ирсэн.

Улмаар БЗД-т байрлах айлд гурав хоноод 09-ний өдөр Улаанбаатар-Түнхэл чиглэлийн галт тэргээр Сэлэнгэ аймгийн

Түнхэл тосгон руу явсан нь тогтоогдсон. Тухайн өдрөө Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн

Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу том машинтай самарт явсан нөхцөл, байдал тогтоогдсон. Иргэн “Ж”-ийн машинд суугаад самарт явж буй хэсэг хүмүүстэй хамт явсан байна. Иргэн “Ж” машинтайгаа явж байхад Түнхэл тосгоны иргэн “О” машинтайгаа уулнаас бууж ирээд таарсан байдаг. Иргэн “Ж” Зил-131 машинтай кабин дотроо эмэгтэй хүүхэд суулгасан явж байсан нь тогтоогдсон.

Түнхэл тосгоноос 160 км зайтай газар отоглохоор очсон бөгөөд газар сайн мэддэг хүмүүстэй хамт цагдаагийн алба хаагч нар тухайн газар руу явах ажиллагааг зохион байгуулж байна. Охины байгаа газар луу Зил-131, Урал зэрэг том оврын автомашинаас өөр машин явах боломжгүй учир машин техникийн асуудал үүссэн. Нутгийн иргэдээс Зил-131 машин түрээслэхэд 8-9 сая төгрөгийн шатахууны зардал гардаг юм байна.Бартаа саад ихтэй замтай тул 2-3 хоног сүлжээгүй газраар явдаг. Байгалийн хүчин зүйлс зэргээс шалтгаалан тухайн газар очиж охиныг авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байна.

Өнөөдөр охины ар гэрийнхэнтэй уулзаж, үүссэн нөхцөл байдлыг тайлбарласан. Боломжтой бол Түнхэл тосгон руу явж очихыг хүссэн.

Охины байгаа газрыг тогтоосон тул цаашид эрэн сурвалжлах шаардлагагүй гэж үзэж ажиллагааг зогсоосон. Хариуцсан алба хаагч нар Түнхэл тосгонд очоод охиныг уулнаас буулгаж, ар гэрт нь хүлээлгэж өгөх ажиллагааг хийж байна.

Урьдчилсан байдлаар охин хэн нэгэн этгээдийн дарамт шахалтаар явсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайн газарт ямар ч утасны сүлжээ байхгүй учир охинтой холбогдож чадахгүй байгаа гэлээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү