Сэрэмжлүүлэг: Эхнэр хүүхдээ машиндаа үлдээгээд тусламж гуйхаар явж байгаад харамсалтайгаар…
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн иргэн А нь эхнэр, нэг настай охины хамт сураггүй алга болсон талаарх мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газраас арваннэгдүгээр сарын 30-ны 08.00 цагийн үед Хилийн цэргийн 0130 дугаар ангид мэдэгджээ.
Ангиас эрэн хайх ажиллагааг нэн даруй эхлүүлснээр 09.50 цагийн орчимд иргэн А-ын эхнэр, нэг настай охины хамт машиндаа бээрсэн, захын эрхтэн хөлдсөн байдалтай байсныг олж, эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүллээ.
Тодруулбал, иргэн А нь эхнэр, нэг настай охины хамт арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Булган голын чиглэлд зорчих үед унаж явсан автомашин нь эвдэрч, сүлжээ тасарсан байна. Тэрээр тусламж дуудах зорилгоор эхнэрээ охины хамт машиндаа үлдээгээд явжээ.
Харамсалтай нь иргэн А нь машинаасаа 3 км зайд осгож өөд болсон байдалтайгаар олдсон байна. Эрс хүйтэрч байгаа энэ цаг үед ард иргэд хол замд явахдаа өөрсдийн аюулгүй байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна.
Хил хамгаалах байгууллага