Мэдээ

Тайгын эмч Б.Сувдаа: Өвчтөнөө аврахад таван өдөр, дөрвөн шөнө зарцуулсан

Манай улс цаатан иргэдээ аялал жуулчлалын нүүр царай болгодог ч тэдэнд чиглэсэн эрүүл мэндийн хүртээмж асуудал болсоор. Тэдний бие өвдсөн тохиолдолд эрүүл мэндийн тусламж үзүүлэх нь хамгийн бэрхшээлтэй зүйл ажээ. Тэгвэл Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын эрүүл мэндийн төвийн эх баригч эмч Б.Сувдаатай энэ асуудлаар ярилцсан юм. Тэрбээр Хөвсгөл аймгийн уугуул бөгөөд тус төвд ажиллаад нэг жил болж байгаа ажээ.

-Өмнө нь тайга руу дуудлагад явж байсан уу?

-Үгүй ээ. Саяхан анх удаа явж үзлээ. Манай бага эмч нар тайга руу дуудлагад явдаг байсан ч ээлжийн амралтаа авсан учраас би явахаас өөр сонголтгүй болсон юм.

-Таныг саяхан дуудлагад явах үеэр цаг агаарын нөхцөл байдал хүнд байсан юм билээ?

-Амьдарч байгаа газартаа дасан зохицсоны үндсэн дээр хүндрэлтэй мэт санагдаагүй. Нөгөө талаас мэргэжил маань учраас цаг агаарын нөхцөл байдалд дасан зохицохоос өөр сонголтгүй.

Мэдээж хэрэг хүндрэлтэй байлгүй яах вэ. Цаг агаар өөрчлөгдөхийг ч таамаглах боломжгүй. Ирсэн дуудлагын дагуу явсан ч маргааш нь гэнэт цас орсноос болж даарч хөрөх тохиолдол байлгүй яах вэ.

-Дуудлагаа хүлээж аваад цаатан айлд очоод ирэх хүртлээ ямар үе шаттайгаар зорчдог вэ. Энэ талаараа ярьж өгөөч?

-Сүүлд явсан дуудлага маань цус алдалтын хүнд хэлбэр оноштой байсан. Дуудлага өдөр 15.00 цагт ирсэн. Улмаар түргэн тусламжийн баг маань 16.00 цагт хөдөлсөн юм. Машинтай явах боломжтой хэсэг хүртлээ нэг цаг машинаар явсан. Цаашаа мориор явахдаа хонож очсон л доо.

Дуудлага өгсөн өвчтөнөө хоёр хоногийн турш тухайн газарт нь эмчилсэн. Улмаар төв рүү өвчтөнөө зөөвөрлөхөөр замдаа гарсан ч цасан шуурга шуурсан юм. Замдаа 17.00–18.00 цагийн хооронд отоглосон. Маргааш өглөө нь замдаа гарсаар 17.00-18.00 цагийн хооронд төв дээр ирсэн л дээ.

Нийт таван өдөр, дөрвөн шөнийг зарцуулсан.

-Дуудлага ирсэн даруйд хувцас хэрэглэлээ базаагаад явах уу. Байнгын бэлэн байдалтай байдаг хэрэг үү?

-Мориор замын ихэнх хэсгийг туулах учраас шаардлагтай эм тарианаас өөр зүйл авч явах боломжгүй. Хөнжлийн цагаан даавуу ч авч явж чадахгүй шүү дээ. Замд таарсан айлдаа л хоноглох хэрэгтэй болдог. Хоол хүнсээ ч базаах боломжгүй. Хоноглох айл олдвол тэр айлын ая талыг харах хэрэгтэй гэсэн үг.

-Энэ мэтээр өвчтөндөө илүү цагийг зарцуулдаг юм байна. 4-5 хоног ажилласны үр дүнд илүү цагийн мөнгийг нь хангалттай тооцож өгдөг үү?

-Эмнэлгийн төсөв үүнд хүрэхгүй. Тиймээс илүү цагийн мөнгөө тооцуулж аваагүй байгаа. Илүү цагийг маань тооцож өгөөгүй ч хоёр хоногийн турш биеэр амраах чөлөө олгож магадгүй бололтой. Нэмэгдэл цалингийн оронд шүү дээ. Тэгэхээр би таван өдөр, дөрвөн шөнийн турш ажилласныхаа хариуд хоёр хоногийн турш биеэр амрах чөлөөг л авах бололтой.

-Тайга руу түргэн тусламжид явах үедээ анзаарсан, мэдэрсэн хүндрэл бэрхшээлээсээ хуваалцвал?

-Ер нь хэцүү шүү дээ. Морь, цаа унаж чадахгүй хүн ч бий. Нэмээд хоолоо бэлдэх нь бүү хэл шаардлагатай хувцас хунараа ч авж явж чадахгүй шүү дээ. Эмчийн эрүү мэнд, аюулгүй ажиллах нөхцөл гэж байхгүй.

Цаг агаар бол давагдашгүй хүчин зүйл. Урьдчилж таамаглах боломжгүй тул урьдаас биеэ бэлдэх боломж байхгүй. Түргэн тусламж үзүүлэх бол тайгын нөхцөлд хамгийн хүндрэлтэй зүйл. Өмнө нь дурдсанчлан машинтайгаар зам бартааг туулах боломж байхгүй.

-Тухайн өвчтөний биеийн байдал ямар байгаа вэ?

-Өвчтөний биеийн байдал дээрдсэн.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү