Мэдээ

Төрөх дөхөж байхад нөхөр маань гадаад явсан одоо 13 жил болчихлоо

Анх нөхөр бид хоёр суугаад 2 жил болоод хүүтэй болсон. 2 жилийн дараа би дахин жирэмсэн болж хэзээ мөдгүй төрөх дөхөж байтал нөхөр гадаад явлаа. 6 сар болоод ирнэ гэж яваад 13 жил боллоо.

Энэ хугацаанд бид холбоотой хэвээрээ, нөхөр байнга утсаар ярина, хүүхдүүддээ мөнгө явуулна. Би хүүхдүүдээ хараад гэртээ байдаг байсан. Ганцаараа хоёр хүүхдийг өсгөх гэж хэрэндээ зүдэрлээ.

Хүн харахад гадаадаас мөнгө аваад ажил хийдэггүй сайхан л амьдарч байгаа юм шиг боловч өвдөж зовох, баяр ёслол, ажил хөөцөлдөх, нүүж суух бүх л юман дээр ганцаардаад хэцүү байсан ч нөхрийгөө хүлээсэн. Гэтэл өнгөрсөн жил нөхрийн маань бичиг баримт бүтээд хууль ёсоор амьдрах эрхээ олж авсан байсан ч надад хэлээгүй.

Би мэдээгүй байж байгаад энэ жил бид гурвыг дэргэдээ авах үед нь л мэдлээ. Бүтэн жил яагаад надад хэлэхгүй нуусан юм гэхэд чамайг туршиж үзсэн юм гэсэн тайлбар л өглөө.

За тэгээд 13 жилийн дараа уулзаж байгаа улсууд яах бол таарах болов уу, ямархуу болсон бол гэж би дотроо их л юм бодож битүүхэн айдастай бас их баяртай хүний нутагт ирлээ. Нөхөр маань энэ хугацаанд ямар нэг хамтран амьдрагч байхгүй ганцаараа л байсан. Уулзсан эхний өдрөөсөө л надаас өө хайгаад ч байгаа юм шиг болоод, эгцэлж харахгүй харьцаж байгаа үйл хөдлөл бүр нь нэг л сонин санагдаад эхлэв.

Би ч энэ олон жил ганцаараа амьдарсан хүн зожиг байлгүй яахав гэж бодлоо. Тэгсэн орондоо ороод байдал бүр дордлоо. Би эмэгтэй юм болохоор бас олон жил уулзаагүй болохоор бишүүрхэнгүй маягтай бас эрхэлмээр байдаг гэтэл нөхөр маань үнсэх ч үгүй хөөе гэж гараас татсанаа алив дээр гар гэлээ. Би бүр гайхаад юу гэсэн чинь чи бэлэн болоогүй байгаа юм уу бэлэн болохоороо хэлээрэй гээд буруу тийшээ хараад унтаад өгдөг байна шд.

Гомдсон гэж жигтэйхэн. Эр хүнтэй ойртолгүй удсаныг хэлэх үү, нөхрөө санасан сэтгэл ихийг хэлэх үү, дотроо ямар их юм бодож төсөөлж байгаад ирсэнийг хэлэх үү юу ч дуугарч чадсангүй. Гэтэл нөхөр маань мэдсэн юм уу яасан юм сэрээд нэг үнсмэр аядсанаа хэдхэн секунд болоод л амжуулчихсан. Би гэдэг хүн ямар ч сэтгэл хөдөл, гоё сайхныг мэдэрсэнгүй өнгөрлөө.

Дөнгөж хоёр хонож байтал сархад ууж ирээд агсамнаж, шөнөжин гар хүрч, хөөж тууж, зовоож хонолоо. Айсан ч гэж жигтэйхэн. Эр хүнтэй амьдарч үзээгүй, гэр бүлийн нөгөө яриад байдаг муухай зүйлийг сонсож явснаас биеэрээ үзэх юм гэж ер санасангүй. Тэрнээс хойш хэдэн сар өнгөрч байна. Байдал яг урьдын хэвээр.

Нөхөр маань ор дэрний ажил хийх биш дээшээ харж хэвтээд би л элдэв янзаар оролдож, бараг хүчээр шахуу л дуусгах юм. Оршил, хайр энхрийлэл юу ч байхгүй шүү. Хэлж байгаа үг нь өдөржин ажил хийж ирчихээд гэртээ бас ажил хиймээргүй байна, би ядарч байна гэнэ. Хааяа сархад ууна. Тэгээд намайг уурлахаар “Чи надаас юу хүсээд байгаа юм? би чамд бүгдийг өгсөн” гэх юм.

Надад бол тэр бүгд нь хэрэггүй зөвхөн нөхрийн минь хайр халамж л хэрэгтэй байна. Би эсвэл хэтэрхий их юм хүсээд байна уу бүсгүйчүүд минь? Надад зөвлөгөө өгөөч! Яаж энэ байдлыг дээрдүүлэх вэ, би бүр учраа олохоо байлаа. Би тэгээд аягүй их бухимддаг, ууртай бүр галзуурах гэж байгаа юм шиг санагддаг болчихлоо. Монгол руугаа буцдаг юм билүү гэж бодох юм. Яавал дээр вэ?

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү