Мэдээ

Хайрт аавыгаа бурхны орон руу явах замд нь үдэн мордууллаа

Өнөөдөр хайрт аавыгаа хүмүүн төрлийг ахин олохоор бурхны орныг түр зорих замд нь үдэн мордууллаа.

Эмгэнэл илэрхийлж бие, хэл, сэтгэлээрээ хамтдаа байсан Төрийн гурван өндөрлөг, Засгийн газрын болон УИХ-ын гишүүд, хувь хүн, байгууллага, хамаатан садан, анд нөхөр, хамтран зүтгэгчид, шавь нар, олон улсын Монгол судлалын төвүүдийн хамт олон Та бүхэндээ гэр бүл, үр хүүхдүүд нь гүнээ талархаж, мэхийн ёсолъё.

Сүүлийн өдрүүдэд зөвхөн манай гэр бүл төдийгүй эрхэм анд нөхөд, эрдмийн өргөөнийхөн, эх орных нь боловсрол, шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх салбарт орон зай нь эзгүйрэн хоосрохыг мэдэрч гуниглан гашуудахын зэрэгцээ туулсан амьдрал, туурвисан бүтээл, төлөвшүүлэн бэлтгэсэн шавь нараараа ямар үлэмж орон зайг үүсгэж чадсаныг мэдэрч бахдан омогшиж, бахархан үлдэж байна.

Хайрт аав маань сурвалж бичиг судалж, сурах бичиг туурвиж, сурган хүмүүжүүлэх ажилд шамдаж, соён гэгээрүүлэх үйлсэд манлайлан он цагийг элээж олон түмний оюун санааны хөтөч болон өрх бүл, үр ачдаа ачлалтай, өрөөл бусдад түшигтэй, төр засагтаа үнэлэмжтэй, түмэн олондоо хүндлэлтэй, дэлхийн монгол судлалд нэртэй амьдарсан билээ.

Та минь олсон биеийн хувьд үр удам биднээрээ, оюун санааны хувьд эрдэм бүтээл, шавь нараараа залгамжилж энэ насны амьдарлаа мөнхлөн үлдээж байна.

Таны маань хүнлэг энэрэнгүй, элбэрэлт асрангуй, шаргуу бүтээлч, тууштай зарчимч зан чанар, оюун билгийн гэгээн үйлс, дөлгөөн хичээнгүй дүр төрх нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөрч үлдэх болно.

Хайрт аав маань “Уламжлалт ёс суртахуун, монгол хэл, бичиг, монгол сэтгэлгээ, шашин соёл, дотоод сэтгэлийн ариусал, үндэсний эрх ашгаа бодох ухаарал нь монголчуудыг аварна” хэмээх үзлийг чин бат баримталж, насан турхруу эх хэл, үндэсний бичиг, өв соёлоо заан сургах, судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хичээн зүтгэсэн нэрт сурган хүмүүжүүлэгч, дэлхийн монгол судлалын гарамгай эрдэмтэн, монгол түмний их соён гэгээрүүлэгч байлаа.

Аав маань амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл үндэсний бичгийн толь, үндэсний бахархал Чингис хааны билиг сургаал, үндэсний түүхийн сурвалж нууц товчооны тайлбар толийг туурвих үйлсэд шамдан ажиллаж, шунан хэтрүүлж байсан нь үүний тод нотолгоо юм.

Таны минь оролцсон сүүлийн төрийн ёслолын арга хэмжээ, телевизийн ярилцлага “Чингис хаан” хаад язгууртны музейн нээлтийн үйл ажиллагаа байлаа.

Хайрт аавын маань эх орон, этүгэн эх, эх хэлнийхээ төлөө зүтгэж ирсэн үзэл баримтлал “Эх хэлнийхээ үг бүрийг, эх орныхоо чулуу бүрийг хайрлаж яваарай” хэмээн хураангуйлан томьёологдож Алтан-Өлгийн энгэрт, ард түмнийхээ зүрх сэтгэлд захиас болон ашид үлдэж байна.

“Цагаан мөрт лам ах” хэмээгдэн, хожмоо “Цагаан морьт лам ах” хэмээн хувиран хүндлэгдсэн өөрийн эцгийн туулсан амьдрал, туурвисан бүтээл, баримталсан зарчмыг чандлан мөрдөж эрдмийн гэгээн цагаан мөр татуулан одож буй Таныхаа үлгэрлэсэн амьдрал, үйлдсэн гэгээн бүтээл үйлсийг үр хойч бид бүхэн эрхэмлэн дээдэлж, эгнэгт ухамсарлаж, хичээнгүйлэн зүтгэж, хэрэгжүүлэн үргэлжлүүлэх болно.

Төрдөө үнэлэгдэж, түмэндээ хайрлагдсан Та минь энэ насны эрдэнэт биеэрээ этүгэн эхийнхээ хэвлийд амгалан оршиж, буян заяа нь дэлгэрч, үр xүүxэд бидэндээ эргэн төрж, эх орон, элэг нэгтэн бүхний хоосорсон орон зайг эгнэгт дүүргэх болтугай.

Ум сайн амгалан болтугай.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү