Мэдээ

ХИЙЛЧ ДЭЭГИЙ: 20 насандаа жинхэнэ хайраа алдсандаа харамсдаг

-Та яагаад хийлч мэргэжлийг сонгосон юм бэ?

-Энэ бол жинхэнэ хувь тавилангийн асуудал. Миний хувьд сонгодог хөгжмийг ард түмэндээ “ойртуулах” юм сан гэсэн чин хүсэлтэй байсан. Мөн бага наснаасаа хийл хөгжмөөр суралцаж байсан учраас өөр юу хийх вэ. Энэ бол миний л хийх ёстой ажил гэж бодсон.

-Хийлч Дээгийг тайзнаа гарч ирэхээс өмнө Монголын ард түмэн хийл хөгжмийн талаар төдийлөн мэддэггүй байлаа. Та өөрийн авьяасаа хэрхэн үнэлүүлж чадсан гэж боддог вэ?

-Нэн түрүүнд урлагийн хүн сэтгэл татам, хүний сэтгэлийг булаахуйц байх хэрэгтэй. Тайзан дээр гараад хүн хэзээ ч худал ярьж, худал юм хийж болохгүй. Үнэхээр хүний сонорыг мялааж, сэтгэлийг татаж чадвал харамгүй хариу ирдэг. Миний хувьд урлагаар хичээнгүй явсны хариуд үр шим нь харамгүй ирсэн. Хүн үргэлж хөгжиж, улам сайн байх хэрэгтэй.

-Та хөгжмөөрөө юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?

-Хөгжмөөрөө дамжуулан хүний сэтгэлийг хөглөх, сэтгэлийг татах, уйлуулах, инээлгэх, урам зориг өгөх зэрэг бүх мэдрэмжийг өгөхийг хүсдэг. Тухайлбал, “Жалам хар”-аа тоглохоор өөрийн эрхгүй хийморь сэргэдэг.

-Хэрэв та хийлч болоогүй байсан бол одоо юу хийж яваа бол?

-Хийлч болоогүй бол сэтгэл судлаач болох байх шүү. Би хүний дотоод мөн чанар, хүн судлалын талаар их сонирхолтой. Миний мэргэжил сэтгэл зүйтэй их ойрхон учраас энэ чиглэлийн л ажил хийх байсан. Би яагаад ч тооны талын хүн биш. IQ гэхээс илүү EQ талын хүн.

-“Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчээр хоёр жил ажилласан. Гурав дахь улирлаас яагаад шүүгчээр ажиллахаа больсон юм бэ?

-Миний хувьд “Авьяаслаг монголчууд” хэмээх үндэсний шилдэг контентын нэг хэсэг болсондоо баяртай байдаг. Миний хувьд шүүгчээр ажиллахад бэлэн байсан. Гэвч нэвтрүүлгийн багийн зүгээс шүүгчдээ солих ёстой гэсэн даалгавар өгсөн юм билээ.

-Та “2000” хэмээх түүхэн кинонд монгол хатны дүр бүтээсэн. Таны анхны дүр байв уу?

-Миний анхны дүр байсан. Тэр дүр бол яг л би байсан. Би өөрөө хатан заяатай хүн. Надад хатны дүр их тохирно гэж бодсон учраас энэ дүрийг бүтээсэн. Миний амьдралд үнэхээр мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээсэн.

-Тус кинонд тоглохоос өмнө танд өөр киноны саналууд ирж байв уу?

-Хэд хэдэн санал ирж байсан. 20 жил уран бүтээл туурвисан хүний хувьд даацтай уран бүтээл хийх хэрэгтэй. Тэр ч утгаараа энэ киноны саналыг хүлээж авсан. Надад кинонд тоглох санал дахин ирвэл зохиолтой нь танилцаж үзнэ. Хүнд зохих дүр, зохихгүй дүр гэж байдаг шүү дээ. Надад тохирохгүй дүр бол хэдэн сая, тэрбум төгрөг амлаад ч би тоглохгүй. Ер нь би аливаа саналыг уран бүтээлч сэтгэлгээгээр хүлээж авдаг.

-Нөхөртэйгөө хэрхэн танилцаж байв?

-Би нөхөртэйгөө Монголд танилцаж байсан. Манай нөхөр, Монголд бүх амьдралаа өнгөрөөнө гэсэн чин сэтгэлтэй, Монголын төлөө гэсэн хүн байдаг. Тэр чин сэтгэл нь намайг татсан.

-Таныг хүмүүс гадаад хүнтэй гэрлэсэн гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй. Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Аливаа юм харагдаж байгаа шигээ байдаггүй. Хүн болгон үүнийг өөр өөрийн өнцгөөр хүлээж авч байгаа. Шүүмжлэх нь шүүмжлэг, хайрлах нь хайрлаг. Би үүнд нэг их ач холбогдол өгдөггүй. Би өөрийнхөөрөө л байх дуртай.

-БИ ОДОО ХАМГИЙН САЙХАН НАСАНД ДЭЭРЭЭ ЯВЖ БАЙНА-

-Та хэнэээс ч эмээлгүй хэлэх гэснээ хэлчихдэг эмэгтэй. Тэгвэл эмэгтэй хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүн дотоод хүчээ ялах ёстой. Би эмэгтэй хүнд маш их хайртай. Эмэгтэйчүүд маань өөртөө хайртай, өөрийнхөө мөн чанарыг мэдрээсэй, энэ эрдмийг охиддоо багаас нь өвлүүлээсэй гэж хүсдэг. Эмэгтэй хүн хайрлуулах эрдэмд сураагүй учраас маш их зовдог. Иймд багаас нь хайрлуулах эрдмийг сургаасай гэж боддог. Хамгийн их хайрламаар хүн бол эмэгтэй хүн байдаг. Эмэгтэй хүн өөрөө тэр хайрыг ялгаруулж чадвал өөртөө хайртай болохын сацуу өрөөл бусдад ч хайрлуулна.

-Одоогийн амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Өнөөдөртөө талархаж чадахгүй хүн ирээдүйгээс юу хүсэх юм бэ? Миний хувьд өнгөрсөн 20 жил маш их хөдөлмөрлөсөн он жилүүд байсан. Одоо 40 настай хэдий ч би залуу байна. Өнөөдөр олж аваагүй бол хэзээ ч олж авахгүй байсан зүйлүүд олон бий. Тиймээс 20, 30, 40 насандаа шаргуу хөдөлмөрлөх ёстой. Миний хувьд одоо хамгийн сайхан насан дээрээ явж байна.

-Хийсэндээ хамгийн их харамсаж явдаг зүйл тань юу вэ?

-20 жилийн өмнө жинхэнэ хайр дурлалаа дагаагүйдээ харамсдаг.

-Ярилцлагаараа дамжуулан залуустаа хандаж үг хэлэхгүй юу?

-Бүх зүйл харилцаан дээр тогтдог. Тиймээс харилцаан дээрээ маш их анхаарах хэрэгтэй. Эрчүүдэд хандаж хэлэхэд эмэгтэйчүүдээ хайрлах хэрэгтэй. Эмэгтэйчүүд маань эрчүүдийг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн аль болох залуу насандаа хэл сураарай гэж хэлмээр байна. Хэрэв таны англи хэлний мэдлэг муу бол яг одоо сурч эхэл. Нэг гадаад хэл сурахад мянган соёлын үүд нээгддэг.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү