Мэдээ

Хятадууд хамгаалагчаараа малчид биднийг мөн ч их дээрэлхүүлж, дарамтлуулж байна.. Цааш нь шэйр..

Дорноговь аймгийн Мандах сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр, Богдын хошуун хонд гэх газарт хятад эзэнтэй “Түмэн айл инвест” компани нүүрсний уурхай байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлээд буй. Харин сумын иргэд уг уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэж, газар нутгаа ухуулахгүй хэмээн тэмцэж байгаа.

Малчид, уурхайн ажилтнуудын дунд томоохон хэмжээний мөргөлдөөн үүсээд байгаа билээ. Уурхайн хамгаалагч нар малчдын биед халдаж, эд хөрөнгийг нь эвдэж, хүч хэрэглэж байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдаад байна. Тэдний эл мөргөлдөөн өдгөө тав дахь өдрөө үргэлжилж байна. Сумын иргэд тахилгатай уулынхаа хормойг ухуулж, газар нутгаа сэндийчүүлэхгүй” хэмээн эсэргүүцэж байгаа.

Харин тус компанийн ажилтнууд “Төр чинь бидэнд зөвшөөрөл олгосон юм. Та нар яаж ч чадахгүй” хэмээн даналзаж байгаа гэх. Хэдийгээр хууль ёсны зөвшөөрөлтэй ч иргэдийн биед халдаж, хүч хэрэглэх нь зохисгүй, байж боломгүй үйлдэл хэмээн иргэд шүүмжилж байна. Бид Мандах сумын малчинтай холбогдож, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Гандсан дээлтэй хэдэн малчин ч хүчин мөхөстөж, хүч түрэмгийдсэн, мөнгөөр “угж”-ууулсан, том том биетэй хамгаалагч нарт шүүсээ шахуулж байна даа. Амьд явахдаа ийм нүгэлтэй хүмүүсийг үздэг л юм байна. Бид газар ус, нутаг орноо хайрлахгүй бол хэн хайрлана гэж. Дөрөвдүгээр сарын 9-нд “Түмэн айл инвест” ХХК-ийн ажилтнууд түр бааз байгуулахаар ирсэн байдаг.

Энэ өдрөөс хойш л уурхайн ажилтнууд, малчид, иргэдийн дунд мөргөлдөөн үүсэж, муугаа үзэж байна. Тус компанийн ажилтнууд өнгөрсөн намар ирээд явсан юм. Бид гурван хоног тэмцэж байж арай гэж явуулсан байдаг. Гэтэл дөрвөн хоногийн өмнө ирээд, уурхайн үйл ажиллагаагаа явуулахаар болсон тухай хэлж, хүч түрэмгийлж, газар нутгийг минь бидний нүдэн ухах гэж оролдож, олон хүний нус нулимсыг барж байна. Дээлтэй хэдэн малчныг минь хааш нь ч хамаагүй авч шидээд, гарыг боогоод, хүч хэрэглээд хөдөлгөхгүй байна. Охид, эмэгтэйчүүдийг минь ч ялгахгүй шидэж, биед нь халдаж байна.

Тэд анхнаасаа мөргөлдөөн үүсэхийг мэдсэн бололтой автобус дүүрэн хамгаалалтын хүмүүс авчирсан. Хамгаалагч нар нь эхний өдөр биднийг хайр найргүй түлхэж, хүч хэрэглэж байсан. Бүр “Алчихсан ч чадна шүү” гээд сүрдүүлж, дарамталж байна лээ. Харин дараагийн өдрөөс нь бичлэг, зураг цахим сүлжээнд байршуулаад эхэлсэн чинь биднийг зодож, нүдэхгүй хэрнэ тэвэрч зогсчихоод хөдөлгөхгүй байгаа. Биднийг хааш нь ч хөдөлгөхгүй барьж зогсчихоод, техникээ байрлуулж, ухах газрынхаа хашаа руу оруулж байна.

Уржигдар шөнө бааз байгуулах газраа тойруулаад хоёр метрийн гүнтэй нүх ухчихсан. Тэгээд ганцхан хэсэгт хүн орж, гарах боломжтой. Бусад газраар нь явган хүн битгий хэл техник ч гарах боломжгүй. Хэрэв тэр нүх рүү орох юм бол эргэж гарах боломж муутай. Тэгээд нүх ухаагүй үлдсэн хэсэг дээрээ том биетэй хамгаалагч нараа цагаар зогсоогоод, иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй байна. Тойруулаад ухсан нүхнийх нь аман дээр иргэд сууж байна.

Энэ хавийн газар нутгаа гэсэн 30 гаруй л малчин байна даа. Бид үнэхээр хүчин мөхөстөж байгаа учир зэргэлдээх Сайхандулаан, Хатанбулаг, Хөвсгөл сумын иргэдээсээ тусламж хүсэж байгаа. Бидэнтэй хамт тэмцээд, энэ уурхайгаас газар, нутгаа хамгаалахыг чин сэтгэлээсээ хүсэж, гуйж байна. Малчдыг нэг нэгээр нь тэврээд зогсчихоор бид яаж ч чадахгүй юм. Үнэхээр хоолой зангирч, газар нутгаараа харахаар сэтгэл эмтрэхээс өөрөөр яаж ч чадахгүй байгаадаа гомдож байна. Бид гэхдээ эцсээ хүртэл тэмцэнэ. Энэ уурхайг газар нутгаас минь гартал эсэргүүцэж, жагсах болно. Биднийг том машинаараа дайраад алчихдаггүй л юм бол тэмцэнэ. Энэ хүн чанаргүй, мөнгөнөөс өөр зүйл боддоггүй хүмүүст ч хүний амьдрал битгий хэл, амь ч үнэгүй биз дээ. Хоёр хамгаалагч нэг малчныг тэврээд зогсчихоор яах билээ дээ. Яаж дийлэх билээ дээ

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү