Мэдээ

Хүүгээ аав хэзээ ирэх вэ ээжээ гэж асуувал аавыг нь хүн зодоод алчихсан гэж хэзээ нэг өдөр хэлэх байх

ЕБС-ийн 12-р ангид гэхээр 16 настай байсан юмуу. Фэйсбүүкээр найзаараа дамжуулаад үеийн нэг хүүтэй танилцваа. Эхэндээ нэг их тоодоггүй шал гачин л юм байна гээд.

Гэхдээ л маш сонин царайг нь ч хараагүй ямар хүн байдгыг нь ч мэдэхгүй тэр хүүд маш их татагдаж эхэлсэн цаг хугацаа өнгөрөх тусам би энэ хүнгүйгээр ирээдүйгээ төсөөлж чадахаа байчихсан байсан.

Тэгж явсаар хот руу оюутан болж орцгоогоод анх удаа царай царайгаа харалцаж уулзаж үзсэн. Төсөөлснөөс тэс өөр. Нүдэнд дулаахан, дунд зэргийн нуруутай, өөртөө маш тохирсон цэвэрхээн хувцасласан, нэг тийм намбалагхаан намуухан дуутай гоё хүн ирсэн.

Хараад бүр их хайрладаг болчихсон. Хүнд тийм их татагдаж, анх удаа өөр хүнийг өөрөөсөө ч илүү их хайрлаж болдгийг тэр үеэс мэдэрч эхэлсэн. Уулзахгүй өдөр гэж байхаа болилоо. Өдөр бүр уулзана, юу ч хамаагүй яриад өдөржин гадуур алхана, орой гэр гэрлүүгээ аргагүйн эрхэнд салцгаана.

Сүүлдээ гэр, гэрээрээ орж гарцгаадаг ч болов. Тэгээд 2017 оны цагаан сараар манайд ирж танилцсан. Аав ээжид минь жигтэйхэн их таалагдсан. Аргагүй шүү дээ тийм дулаахан хүн юм чинь. Тэр жилдээ хөөрхөн хүүтэй болоод хотод оюутан гэж явсаар 21онд сургуулиа төгсөөд түүнийхээ нутагт очиж ажиллахаар нүүцгээсэн дээ.

Зарим хүмүүс айхтар хадамтай учраад их л зовдог гэдгийг энэ грүппээс бишгүй уншдаг хүн л дээ. Гэхдээ манай хадмууд зүгээр амьд бурхдууд л гэсэн үг. Хүүгээсээ илүү намайг асарч тойлно. Миний охин горьдчихвий гээд ундаа чихэр бариад л гүйгээд байна.

Байгаагаа л бидэнд барьж гүйдэг үнэн сэтгэлээсээ маш гоё хүмүүс. Манай хүн яг л аав ээжийгээ дуурайжээ. Хаана ч явсан инээж л явна, ямар ч хүнтэй инээгээд л харьцана. Хэнийг ч тэр нь тийм энэ нь ийм гэж ялгахгүй /гэхдээ шударга ккк/.

Би бол дахиад нэг хүүхэд нь юм шиг л эрхийн балай охин. Хүү бид хоёр юу хүснэ тэр болгоныг л болгохын тулд хичээдэг. Миний гар дандаа хүйтэн явдаг болохоор хөтлөнө энэ тэр гэсэн ойлголт байхгүй шууд гарыг минь атгаад л томоо алгандаа багтаагаад барьчихна.

Би ингэж хөтлөмөөргүй байна гэвэл хайраа гар чинь даарчихдаг шдээ маяглаад бай гээд л загнуулна. Жижигхэн биетэй болохоор хаана л сууж байна гүйж очоод өвөр дээр нь тэврүүлээд суучихдаг, тэгээд л хошуу дэвсээд болж өнгөрсөн бүх юмаа нэгийг нь ч үлдээхгүй дон дон гээд л ярьж өгнө.

Чимээгүй сонсож сонсож намайг ярьж дууссаны дараа асуух юмаа асууна. Шөнө болгон огт буруу харалгүйгээр намайг 7 жилийн турш тэвэрч унтсан миний гоё хайр. Гэхдээ бурхан чинь хүнд тийм аймаар гоё хайр, халамж байгаад байхаар харж чаддаггүй юм бишүү? Түүнийг минь маш гэнэтийн байдлаар хүү бид хоёроос аваад явчихсан.

Бүр маш гэнэтийнээр. Цэл залуухан юм болгоныг болгоно бүтээнэ хичээнэ гурвуулаа сайхан амьдарна хайр нь сайхан амьдруулна гэж бид хоёртоо хамгийн том түшиг тулгуур, хамгийн том баяр баясал минь болж явсан түүнийг минь нэг л өдөр би авлаа шүү надад илүү хэрэгтэй байнаа энэ хүн гээд л салгаад авчихсан.

Өглөө нь инээд хөөр болоод удахгүй ирнээ хайраа хэдхэн л хононо гээд гарсан хүн орой нь хөх ня ц болсон ам ь гүй бие л над дээр ирсэн. Тэр мэдээг дуулснаас хойш би шоконд орсон байх яаж очсоноо, юу хийснээ, ямар хүмүүстэй уулзсанаа огт санадаггүй.

Нэг ухаан ортол л цүнхтэй хувцсыг нь тэврээд хав харанхуй шөнө цурхиртлаа у й лаад газар сууж байсан. Тэнгэр хөмрөөд ирэх шиг гэдэг үгний утгыг тэр үеэс л яс махандаа шингэтэл ойлгосон. Нээрээ л бид хоёрын амьдрал дээрээс тэнгэр нураад ирсэн юм шиг болсон.

Гэрийн минь зай эзгүйрч, түүний минь орон зай юу ч үгүй ханхайрч, хүний хамгийн дээд байсан тэрний минь замыг гэрэлтүүлэхээр манай гэрийн хойморт зул бадамлаж байсан. Хүн болгон эвий минь дээ гэж халаглаж, уйлж, энд тэнд хоёр гурваараа маш зөөлнөөр шивнэлдэх, нусаа татах чимээ хаад нэг сонсогдохоос өөр чимээ аниргүй гэрт би юу хийх ёстойгоо цаашид тэрэнгүйгээр яаж амьдрах тухайгаа бодон бодон хамгийн хэцүү нь хүүгээ ү х тлээ өрөвдөж уйлж суусан.

Юу ч ойлгоогүй чихэр жимс идэж тоголж гүйж байгаадаа баярлаж байгаа хүүгээ хараад л тэсэлгүй цурхиртлаа уйлна. Даанч яав даа ямар эрт миний биений нэг тал болчихсон тэрнийг минь аваад явчихав даа гэж бодоод дахиад л уйлна.

Хүүгээ аав хэзээ ирэх вэ ээжээ гэж асуувал аав нь холоо явчихсан ирэхгүй ээ гэж яаж амнаасаа унагана даа гэж бодоод бас л уйлна. Уйлаагүй өнгөрөөсөн ганц өдөр гэж байгаагүй ээ. Одоо ч гэсэн дотор минь урагдаж, шархирч маш ихээр өвдөж, өдөр бүр цаг минут тутамд галзуурмаар их санадаг.

Инээгээд гарсан шигээ инээгээд ороод ирэх юм шиг өдөр бүр хүлээж, харуулдаж сууна даа. Энэ аймшигтай үеүдийг сайхан аавууд ээжүүд, ах эгч, дүү нар минь хамгийн гол нь түүний минь үргэлжлэл болсон сайхан үр минь байгаа даа гэж бодон бодон, тэсэн тэсэн давахын тулд хичээж байнаа.

Заримдаа болдогсон бол араас нь гүйж очоод ганцхан уулзчих юмсан, ганцхан тэвэрчих юмсан, ганцхан харчих юмсан гэдэг бодлоосоо болж хагас галзуу хүн шиг болчихсон явах ч үе бишгүй л байна. Гэхдээ богинохон ч гэсэн ийм гоё, нандин, үнэ цэнэтэй хайр гэж ийм байдаг шүү гэдгийг мэдрүүлсэн бурханд талархах ёстой юм болов уу, салгаад авчихсанд нь гомдох ёстой юм боловуу гэдгийг мэдэхгүй л явна.

Хорвоо гэж ийм хатуу байдаг юмуу гэж бодогдоод эрхийн балай байсан охин хатуужхаар хичээж л явна. Ирээдүйд хүү минь аав шигээ гоё залуу болоод ээжийгээ баярлуулах өдөр ирэх байхаа. Чиний минь бие үгүй ч амь, амьдрал чинь үргэлжилсэн хэвээрээ байгаа шүү.

Чамдаа итгэж өнгөрүүлсэн миний амьдралын 7 жил хамгийн аз жаргалтай, хамгийн баяр баясгалантай, хамгийн эрх дураараа, хамгийн өөрийнхөөрөө байсан үе гэдгээ л ганцхан удаа уулзаад хэлэх юмсан. Энэ амьдралаа дуусах хүртэл чамдаа маш их хайртай хэвээрээ л байх болно оо.

Хажуудаа байгаа хамгийн хайртай түүндээ өдөр бүр хайртайгаа хэлж, бас мэдрүүлж байгаарай. Хэзээ хэнд юу тохиолдохыг, бид хэзээ хагацан салахаа мэдэхгүй хатуу хорвоод амьдардаг хүмүүс шүү дээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү