Recetas

Хүүхдийн их эмч Д.Гэрэлмаа: Хүүхэд халуураад байвал дараах байдлаар анагаагаарай

Халдвараар өвчлөх эрсдэлд хүүхдийн амьдарч буй орчин, бичил цаг уур, эрүүл мэндийн байдал, эцэг эх асран хамгаалагчийн эрүүл мэндийн боловсрол, анхаарал халамж чухал нөлөөтэй.
“Интермед” эмнэлгийн хүүхдийн их эмч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Д.Гэрэлмаатай ярилцлаа.

Хичээл эхэлж, хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явж эхэлсэн. Гэтэл дэлхий дахинд коронавируст цар тахлын халдвар өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Ханиад томуугийн улирал ч айсуй. Хүүхдээ өвчлүүлэхгүй байхад юуг анхаарах вэ?

Хүүхдийн дархлааг сайжруулах гээд олон эм, тариа хэрэглэх болжээ. Дархлаагаар оролдох шаардлагагүй юм. Эн тэргүүнд, стрессгүй, хэт ачаалалгүй, тайван орчинд байлгах, эрт унтуулах, хөхүүл хүүхдэд хөхөө сайн хөхүүлэх, хангалттай сайн хооллох, шингэн сайн уулгах, товлолын дагуу дархлаажуулалтад хамрагдах гэх мэт. Хөхний сүү бол хамгийн сайн дархлаажуулалт, амьд вакцин гэсэн үг.

Намар сургууль, цэцэрлэг эхлэхтэй зэрэгцэн хүмүүсийн бөөгнөрөл бидний хүссэн, хүсээгүй бий болдог. Зөвхөн ханиад томуу ч биш, гэдэсний халдварт өвчин ихэсдэг. Энэ жил хөл хорионд олон сар гэртээ “хоригдсон” хүүхдүүдээ дагуулж, хөдөө агаар салхи, рашаан сувилалд явсан хүмүүс олон. Гэртээ байсан хүүхдүүд хөдөө орон нутагт очоод хамар битүүрэх, ханиаж шуухинаатах, харшил сэдрэх, дотор эрхтэн систем хямрах, өтгөн хатах, шингэн баах зэрэг шинж тэмдэг илэрсэн нь цөөнгүй.

Эмч, эмнэлгээс хол газар байх үед хүүхдэд ямар нэгэн зовуур илэрвэл ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Хүүхдийн биед ямар нэг зовуур илэрвэл эцэг эхчүүд сандарч, халуун буулгах эм өгөхийг эрмэлздэг. Хүүхдээ арчлах, сувилах талаар бодохоосоо өмнө юу болчив, усанд оруулснаас болов уу, майханд унтаад даарав уу, эсвэл тэр манайд ирснээс болов уу гээд шалтгаан хайгаад эхэлдэг.

Хүн бүр хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй байхыг боддог. Гэхдээ ханиад, хамрын шуухинаа зэргийг эм тариагаар биш, асаргаа сувилгаагаар л эмчлэх нь зөв. Хүүхэд зөвхөн ээжтэйгээ, гэр бүлийнхэнтэйгээ хязгаарлагдмал орчинд байж байгаад шинэ орчинд орохоор вирустэй дасан зохицохгүй учраас ханиад хүрэхээс авахуулаад өөр өвчний шинж тэмдгүүд ч илэрдэг. Хүүхэд халуурвал шингэнийг аль болох их өгөх хэрэгтэй. Зуны цагт халуун наранд, хүүхэд их хөлөрч, их шээхээр маш их шингэн дутагддаг. Өвдсөн үед нь эрүүл байхаас нь илүү ахиухан, 300-500 мл шингэн өгч байх ёстой. Халуурсан хүүхэд сайн шээгээд хөлрөөд, хордлогод орохгүй, өвчнөө хүндрүүлэхгүй байх нь чухал.

Тэгээд ч халуун нь буурахгүй бол эм өгөх л байх даа. Зарим хүн бүр ойр ойрхон эм өгч, лаа хийдэг?

Халуурна гэдэг нь ямар нэг халдварын эсрэг, вирус нян, өвчний эсрэг хариу урвал үзүүлж байна гэсэн үг. Хоёр, гурав, түүнээс ч олон хоног халуурах тохиолдол байдаг. Тэгж халуураад, вирусийн эсрэг тэмцээд ирэхээр ханиах, хоолой өвдөх, биеэр нь тууралт гарах, нүд нуухтах, шингэн баах зэрэг янз янзын шинж тэмдэг илэрч эхэлдэг. Удаан халууруулахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах нь зөв. Халуурах үед хамгийн түрүүнд антибиотик өгөн, халууныг хүчээр буулгавал шинж тэмдэг нь бүдгэрч, эдгэрэх хугацаа нь ч уртасдаг.

Биеийн халууныг тодорхой хэмд буулгахын тулд эмийг эмчийн заалтаар насанд нь, жинд нь тооцож өгнө. Халуун нь хэдэн хэм хүрвэл ямар эм өгөх вэ гэдгийг мэддэг байх ёстой. Хүүхэд төрөхөөс өмнө ээжид, эрүүл мэндийн ажилтанд нь зориулж хөтөлдөг “Эх, хүүхдийн ягаан дэвтэр” байдаг. Эцэг эхчүүд ихэнх нь тэр дэвтрийг сөхөж үздэггүй. Уг нь тэр дэвтэрт хүүхэд төрснөөс хойш, хэдэн сартайдаа ямар жинтэй байх, ямар витамин уулгах, ямар хоол идэх, нэмэлт хоолонд юу өгөх, халуурвал, хамар нь битүүрвэл ямар арга хэмжээ авах гээд анхан шатны бүх зөвлөмжийг нарийн зааж, бичсэн байдаг. Тэр дэвтрийг зориуд нэг сөхөөд, харж баймаар байгаа юм.

Антибиотикийн төрлийн эмийг яаж өгөх ёстой вэ?

Дэлхий нийтээр антибиотикийн зохистой хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг чухалчлан байгаа өнөө үед антибиотикийг эмчийн заалтаар шинжилгээ өгч, шинжилгээний хариуг үндэслэн эмчийн зөвлөсөн тунгаар өгөх нь зүйтэй. Хэрэв шинж тэмдэг нь мэдэгдэхгүй цус, шээсний шинжилгээ өгч, нян вирусээр үүсгэгдсэн эсэхийг тодорхойлуулж байж эмчилгээ хийнэ. Ер нь эм өгөх гэж яаралгүйгээр эмнэлэгт хандах ёстой. Эмч, эмнэлгийн ажилтан үзээд, антибиотик уух заалттай бол эмчилгээ бичиж өгнө. Эмийг заавал эмчийн хэлсэн зааврын дагуу насанд нь тохирсон зохих тунгаар нь, заасан хугацаанд нь зөв өгч байхыг хатуу анхаарах нь зүйтэй. Тав хоног уулгаарай гэхээр эцэг эхчүүд гурван хоног уулгаад, гайгүй болохоор нь больчихдог муу зуршилтай.

Зарим хүүхэд их халуурснаас биеэр нь тууралт бас гардаг. Энэ нь юунаас болдог юм бэ?

Халуураад, хөлөрснөөс арьс бохирдоод янз янзын тууралт гарах нь бий. Энэ тохиолдолд хүүхдээ усанд оруулж, арьсыг цэвэрхэн байлга. Янз янзын тос түрхэж, идээтэй тууралтыг эмнэлгийн бус нөхцөлд эм тавьж боолт хийх, шархны лент наах, шахах нь буруу.

Хүүхэд заримдаа шингэнээр суулгадаг. Гэдэс ходоод хямарч, хордлого авсан, эсвэл нэг төрлийн ханиад гэдгийг яаж ялгах вэ?

Хоногтоо гурав буюу түүнээс олон удаа бааж ямар нэгэн хольцтой, цусан судалтай, цусархаг, үнэртэй эмгэг суулгаж байгааг суулгалт гэнэ. Суулгалт вирус, нян, микро шимэгч, бохир гараар үүсгэгддэг өвчин. Хоёр нас хүртэлх хүүхдүүдийн суулгалт ихэвчлэн вирусээр үүсгэгддэг нь судалгаагаар нотлогдсон. Ротавирус, аденовирус, риновирус, боковирус, RSV вирус … халдвартай төстэй шинж тэмдэгтэй. Шингэн баах буюу хүүхэд бөөлжих, халуурах, биеэр нь тууралт гарах, хоолой нь өвдөх, баас нь үнэртэй, усархаг-шар, хэв шинжээс хамаарч янз янзын шинж тэмдэг илэрч болно. Зарим нь хөнгөн хэлбэрээр, бөөлжөөд суулгадаг байхад бөөлжихгүйгээр суулгах нь ч бий. Наршсан уу, хоолны хордлого болсон уу гэж эндүүрмээр. Энэ бүх шинж тэмдгийг олон өвчнөөс ялган оношлох хэрэгтэй болно. Үүний тулд ээж ааваас нь асуумж авна. Яг л иддэгээ идэж уусан, хоёр удаа, эсвэл шингэн баасан, халуурсан гээд янз янзын эм, антибиотик өгчихсөн байдаг. Аль болох шингэн алдуулахгүй, хордлогыг гүнзгийрүүлэхгүй байх нь чухал. Баасыг нь ажиглан ямар өнгөтэй байна, бөөлжиж байна уу гээд бусад үзүүлэлтийг харах хэрэгтэй. Вирусийн гаралтай суулгалт бол ямар нэгэн антибиотик шаардлагагүй. Шингэн алдуулахгүй байх л чухал. Хүүхдэдээ шингэн юм өгөхгүй, дусал хийлгэхээр зүгээр болчих мэт боддог. Баасыг хурдан зогсоох эм шаарддаг. Вирус, нян ямар ч үүсгэгч байсан хугацаа хэрэгтэй. Хоёрдогч халдвараар хүндрээгүй л бол 5-7-9 хоногийн дараа хэвийн болох учиртай.

Хүүхдэд хөхийг нь сайн хөхүүлж, өөрийнх нь уудаг шингэнүүд, эсвэл шингэн сэлбэх давсны уусмал өгнө. 50 мл, 100-200-гаар найруулдаг учраас тэр хэмжээгээр нь уулгана. Угжих биш, бага багаар балгаар нь уулгаж, шимүүлээд өгөх хэрэгтэй. Ер нь суулгалт, халууралтын үед шингэнийг хэрхэн уулгах зөвлөмжийг ягаан дэвтэрт тодорхой бичсэн байдаг. Тэр дэвтрийг байнга л эргүүлж харж байгаарай л гэмээр байгаа юм. Шингэн бааж байгаа хүүхдэд 100-150 мл шингэнийг баах бүрийн дараа уулгаж байх ёстой. Шингэн юм сайн уугаад, сайн шээж, баагаад байвал энэ вирус биеэс хурдан гарна. Ус ууж ходоод гэдэсний замыг нь угааж байгаа шүү дээ. Тэгэхээр хурдан л эдгэнэ гэсэн үг. Тэрнээс нь өмнө баахан бөөлжилт, суулгалтын эсрэг эм уухаар хаашаа ч гарахгүй болчихно шүү дээ.

Хүүхэд бөөлжих үед бас их сандардаг даа. Ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Огиулах, бөөлжих, гулгих нь өөр өөр шинж. Бөөлжих үед ээж аав нь айж, бариач руу, эмнэлэг рүү гүйнэ. Бөөлжинө гэдэг нь энэ хүүхэд ходоод буюу ходоодны эмгэг байдлаар хорсох, дотор муухай оргих, тэр агууламжийг гаргах нь рефлекс. Төвийн гаралтай бөөлжилтийг ялган оношлох шаардлагатай. Бөөлжсөний дараа 5 минут хүлээж байгаад юм уулгах хэрэгтэй. Бөөлжих, огиулах, гулгих гэдгийг эцэг эхчүүд ялгадаггүй. Энэ гурав бол өөр.

Түрүүнд дур мэдэж эм өгдөг тухай ярьсан. Уг нь хүний эрхтэнд эмийн үзүүлдэг гаж нөлөө маш их?

Халуурна гэдэг бол бие организмын бактери, вирусийн эсрэг хийж байгаа хариу урвал юм. 38,3 хүртэл халуурч, эсрэг бие буй болно. Өндөр халуурахгүйгээр 37 хүрээд таталт өгдөг хүүхдүүд байдаг. Тийм хүүхдийн бие организмын эмчилгээний менежмент өөр. Хүүхэд 37,5 хүрэнгүүт дур мэдээд парацетамол өгөх, лаа хийх үзэгдэл их. Парацетамолын бүлгийн буюу халуун бууруулах эмнүүд бүгд элэг, бөөрөөр дамжиж шимэгдэж гардаг, хамгийн түрүүнд элгийг гэмтээж, элэг задрал явагдаж байдаг. Тийм учраас заавал эмчийн заалтаар өгнө.

Хэрэв эмчээс хол газар байгаад, очиж амжихгүй бол 38,3-аас дээш халууныг буулгах арга хэмжээ авч болно. Хүүхдээ халуурч байхад тэврээд, хучаад, улам л халууруулаад байдаг. Хувцас нимгэлж, шингэн юм уулга. Шууд хүйтэн тавьж, спиртээр арчиж болохгүй. Халууралт нь халуун болон хүйтэн гэж хоёр янз байдаг. Гарыг нь бариад үзэхээр гар, хөлийн алга, хэвлий нь халуун, гэтэл гар, хөл нь хүйтэн халуурч байгаа бол хордлогын хүнд халууралт. Ийм хүүхдийг хурдхан эмнэлэгт хүргэх ёстой.

Түрүүнд манайд ротавирусээр их өвчилдөг тухай ярьсан. Энэ талаар тодорхой хэлбэл?

Бид ротавирусийн судалгааг Улаанбаатар хот орчмын Сонгино-хайрхан, Сүхбаатар дүүрэг, ЭХЭМҮТ зэрэг эмнэлэгт суулгалтаар хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдэд хийсэн. ДЭМБ, ХӨСҮТ-тэй хамтран ротавирус (+) гарсан өтгөний шинжилгээнд генотипыг тодорхойлуулахад, Улаанбаатар хот орчимд 7-10 төрлийн генотипээр үүсгэгддэг вирус суулгалтаар хоёр нас хүртэл хүүхдүүд өвддөг бөгөөд жилийн дөрвөн улиралд тохиолддог, 8-11 сард ихэсдэг, 1, 2 сард бага зэрэг буурч, 3-6 сард ихэсдэг нь ажиглагдсан. Олон хүнийг зовоодог, их хүндрэл өгдөг учир энэ талаар зөвлөмж сайн өгөх хэрэгтэй. Энэ вирусийн эсрэг вакциныг удахгүй оруулж ирвэл тодорхой хэмжээгээр өвчлөл буурна гэж бодож байна. 2-3-4 сартайд нь амаар нь уулгадаг вакцин. Энэ вирусийг багасгавал нэг хэсэгтээ л энэ өвчнөөр хэвтэх хүүхдийн тоо багасна, тэр хэмжээгээрээ эмнэлэг, эмч нарын ачаалал багасна.

“Ковид” гэж аюултай вирус дэлхий дахиныг чичрүүлж байна. Үүнээс яаж сэргийлэх ёстой вэ?

Хүмүүсийг маш их стресстүүлж байна. Манайх дотооддоо алдаагүй нь сайн. Гэхдээ сургууль, цэцэрлэг эхэлж гэж байгаа болохоор анхаарах хэрэгтэй. Хувь хүний өөрийн хандлага маш чухал. Заавал эмч, эмнэлгийг буруутгахаас илүү хүн өөрөө дэглэмээ сайн барьж, халдваргүйтгэлийг хийдэг бол өвдөхгүй байж болно. Хүүхдийнхээ хамар, амыг цэвэрлэхээ дадал болгох, эрүүл мэндийн боловсрол, мэдлэгтэй болох, хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хүмүүс хүн ханиалгавал бүгд сэрдхийж, эргэж хардаг болсон байна. Таны хүүхэд ханиад хүрсэн бол сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байх хэрэгтэй байна. Өмнө нь өвчтэй хүүхдэдээ эмийг нь өгөөд л явуулдаг, бусад хүүхдийг боддоггүй байлаа. Тиймээс эрүүл ахуйн талдаа анхаарч, Эрүүл мэндийн яамнаас гаргасан журмын дагуу ариутгалаа хийх нь чухал.

-АМЕРИКААС АВЧИРСАН ВИТАМИН ХҮҮХДЭД ДАНДАА ТААРНА, САЙН ГЭЖ БАЙХГҮЙ-

Өсвөр насны хүүхдүүдийн талаар энд ярихгүй өнгөрч болохгүй байх?

Өсвөр нас гэдэг бол том хүн ч юм шиг, хүүхэд ч юм шиг завсрын үе. Өсвөр үеийнхэнд намхан, эсвэл хэт тарган, амнаас нь үнэр гардаг, хамар ам нь битүү байдаг гэх мэтчилэн асуудал зөндөө байдаг. Хүүхэд шүд, хамар, дайврын хөндийн ариун цэврийг хамгийн сайн сахих нь чухал. Ер нь бидний ариун цэвэр хамар, шүд, гараас эхэлдэг. Хамар ам битүү, маш их ялгадастай байх, эсвэл хамар дайврын хөндийн үрэвсэлтэй болсон хүүхдүүд хэчнээн их хамар амаа угаагаад үнэр нь багасахгүй. Тэгэхээр хамар, дайврын хөндийн ариун цэвэр гэдэг бол нус нийх, хамраа цэвэрлэх, хоолойгоо зайлахаас эхэлдэг.

Хамар дайврын хөндийн үрэвсэл өсвөр насны хүүхдүүдэд маш их байна. Гүйлсэн булчирхай гээд байнгын архагшсан байхад л ээж аав нар нь хоолойн махыг нь авна, авахуулахгүй дээрээ тулаад байдаг. Энэ асуудлыг чих, хамар хоолойн эмч нар шийдээд өгч байгаа. Авах ёстой бол авахуулж байх хэрэгтэй. Үүнээс болоод хүүхэд амьсгалж чадахгүй, толгой нь өвддөг, анхаарал, төвлөрөлт муудах, өсөлт зогсонгишилтой болчихсон байх нь бий. Энэ асуудалд анхаарах хэрэгтэй.

Сүүлийн үед хүүхдүүдийн дунд харшил гэсэн онош их сонсогдох болжээ. Юунаас болж байгаа юм бол?

Харшилтай хүүхдүүдийг ямар үед харшил нь хөдөлж байгааг анзаарах хэрэгтэй. Харшил ил, далд илрэлтэй байж болно. Шалтгаан нь стресс, хүүхдийн өөрийн онцлог, дархлаа суларсан, амьдралын хэв маяг нөлөөлнө. Хүүхдүүдэд дэндүү их ачаалал өгч байна. Эрт унтуулж, зөв дэглэмд сургах хэрэгтэй. Хоёрдугаарт, таргалалт. Сургуулиудад үдийн цай гээд хоол өгдөг. Харшилтай хүүхдүүдэд ямар хоол өгөх, жингийн илүүдэлтэй хүүхдүүдийг хэдэн цагт хооллох зэргээр хоол зүйч нар, хүүхдийг зөв дадалд оруулах зөвлөгч нар сургууль дээр зохицуулалт хиймээр санагддаг. Дээр үед сургуульд өглөөний дасгал хийдэг байлаа. Энэ бүх дадал үгүй болжээ.

Таргалалт бол олон өвчний эх үүсвэр. Өсвөр насны хүүхдүүдэд чихрийн шижин өвчин, даралт ихсэх, бөөрний дутагдалд орж байна. Бидний амьдралын хэмнэлээс болоод өвчний бүтэц хүртэл өөрчлөгдөх хандлага ажиглагдаж байна.

Энд нэг зүйлийг зориуд асууя. Хүмүүс хүүхдүүддээ гадаадын, дархлаа дэмждэг, сайн гэсэн аминдэм авч өгөөд байдаг. Энэ нь манайд хэр зохицдог юм бол?

Хүүхдийн бие махбодод янз янзын туршилт хийж болохгүй. Америкийнх, Английнх, гуравдагч орных л бол сайн гээд, сүлжээ, ам дамжсан сурталчилгаанд итгэж болохгүй. Хүүхдэд тухайн насанд нь Д витамин хэд байх вэ, төмөр нь ямар байх вэ, аль нь зохих вэ гэдгийг ягаан дэвтэр дээр бүгдийг бичсэн байдаг.

Манай орон нар ташуу тусдаг, газар зүйн онцлог бүсэд оршдог, дөрвөн улиралтай. Нарнаас Д витаминыг авах хугацаа бага. Гэтэл хүүхэд өдөр тутам хэрэгцээтэй Д-гээ авч байх ёстой, хүүхдийн бие организмд тодорхой хэмжээгээр байх ёстой витамин. Бид хамгийн түрүүнд хүүхдэд Д нь хэр байна, төмөр хэр байна, тураалтай байна уу гээд гурван үндсэн үзүүлэлтийг л үздэг. Хүүхэд цус багадалттай юу, эсвэл сульдаатай байна уу гэдгийг үнэлнэ. Энэ шинжилгээнүүдийг хийдэг газар олон болсон. Үзүүлэлтээр нь хоногт ямар хэмжээгээр уух ёстойг үзэхээс биш, Америкаас авчирсан витамин дандаа таарна, сайн гэж туйлширч болохгүй болов уу. Хүнд зөвхөн Д витамин, төмөр гэлтгүй зэс, молибден, цайр, кальци гээд бусад эрдэс бодис бас дутагддаг.

Америк болон бусад хөгжилтэй орнуудад Д витамин нь сүү, тараг гээд идэж, ууж байгаа зүйлсэд агуулсан байдаг. Манайх саяхнаас л сүү, гурилдаа хийж өгч байна. Д аминдэмийн судалгааг олон судлаач хийсэн. Хүн амын 90 орчим хувь Д-гийн дутагдалтай. Илүүдэлтэй хүн бараг байхгүй. Бидний хийсэн судалгаанд, 10 орчим хүн л байсан. Хэвийн хэмжээнд байдаг нь 25 орчим хувь байна. Д витамины дутагдалтай байна гэдэг нь бусад эрдэс бодис дутагдаж байна гэсэн үг. Д витамины цусанд байх ёстой тодорхой стандарт байх ёстой. Тэр тунг харж байж ихэсгэх үү, багасгах уу гэдгээ шийднэ. Бидний өгч байгаа олон янзын витамин дотор олон нийлмэл витамин дандаа бага тунгаар байдаг. Хамгийн дээд тал нь 400 МЕ-тэй байдаг. Дангаараа Д аминдэм байдаг, зарим нь тарьдгаар ч байгаа. Гэхдээ хүүхдэд Д витамин тариагаар хэрэглэхгүй.

Биед аминдэмийн гүйцэтгэх үүргийн талаар ойлголт өгөөч. Дутагдлыг яаж тодорхойлох вэ, шинжилгээгээр үү?

Д витамин зөвхөн тосонд уусдаг. Тийм учраас энэ витаминыг өөх тос идэхгүй бол хэчнээн өгөөд шимэгдэхгүй. Төмрийг бага насны хүүхдэд хамаагүй өгч болохгүй. Элгийг гэмтээдэг. Төмрийн бэлдмэлийг шүдэндээ хүргэхгүй, зажлахгүйгээр, витамин С-гээр даруулж уулгаж байх ёстой. Гэтэл витамин С-гээр уусгахгүй, төмөр өгөөд байвал шүд нь харлаад, дараа дараагийн өөр хүндрэлүүд гардаг.

Дараагийн нэг зүйл бол А витамин. Өрхийн эмнэлэг дээр хийж байгаа бүх вакцин, дархлаажуулалтад заавал хамрагдаж байх ёстой. Монгол Улсад товлолоор хийгдэх ёстой нэг дархлаажуулалт бол А витамин. Энэ витаминыг жилдээ 2 удаа, 5, 11 дүгээр сард өгч байгаа. А витаминыг уухгүй байна. Монгол Улсад хамгийн сайн хэрэгждэг хөтөлбөр шүү дээ. Хүүхдийг дөнгөж төрөнгүүт сүрьеэ, В гепатитын вакцин хийгээд, саагийн вакцин уулгадаг. Нэмэгдлээр хийж байгаа томуугийн сайн дурын вакцинууд байна. Вакцин ямар ач холбогдолтой вэ гэдгийг хүмүүс одоо ойлгодог болж байна. Энд нэг зүйлийг зориуд нэмж хэлмээр байна. Манайд гадаадад, АНУ, Австрали, Солонгос, Японд төрж, амьдарч байгаад ирсэн хүүхдүүд их үзүүлж байна. Гадаадад, Монголд хийдэг вакцинууд зөрдөг. Монголд төрсөн хүүхдүүд 24 цагийн дотор сүрьеэгийн вакцин хийдэг бол гадаадын орнуудад хийдэггүй. Зарим хүүхэд ротавирусийн вакцин Америкт хийлгэсэн, энд ирээд өвдчихлөө гэдэг. Гэтэл тэр вакцин нь тухайн улсад л зориулагдсан байдаг. Манайх жилийн дөрвөн улиралтай, түүндээ тохирсон вакцин хийгддэг. Манай улсад Ротавирусын үүсгэгч хэв шинжүүд генотип өөр учраас Америк, Японд вакцин хийлгээд, энд ирээд өвдөх тохиолдол байна. Америк, Австрали, Япон, Солонгос улсад хийгддэг ротавирусын вакцин арай өөр шүү. Энд ирээд л хэзээ хийх вэ, одоо яах вэ гээд сандралддаг. Ирэнгүүтээ өрхийн эмнэлэг дээрээ бүртгүүлж, хяналтад орох үүрэгтэй.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү