Мэдээ

Цалингаа арай гэж тавилаа. Нүдэн дор үрчлээс тодорч инээхэд ч хэцүү

Нэгэн бүсгүйн өчсөнийг танд хүргэж байна.

Манай компани НӨАТ төлөгч болов. Цалингаа арай гэж тавиад, нийгмийн даатгалаа чардайж төлдөг надад тиймхэн л байна. Старт ап хийх ямар вэ гэж асуудаг хүмүүст хариулъя. Манай улс гарааны бизнесийг дэмждэггүй.

Тэр тусмаа оюуны хөдөлмөр шингэсэн байвал бүр түй май. Төрийн ч бай, хувийн ч бай, ТББ байсан ч хамаагүй хувь хүнтэй хамтрахгүй. Тийм болохоор компани нээхээс өөр замгүй. Компани нээхээр татварын хэдэн программ шүүсийг чинь шахна даа. Байгууллагын дансаар орж ирсэн хэдэн төгрөгөө аваад үрэх ч эрхгүй.

Заавал нотолж, баталж, татаас өгч, тайлагнах ёстой. Үгүй бол торгоно. Данс хаана. Сар болгон нийгмийн даатгалын тайлан, нөат тайлан, улирал тутам тайлан .. И баримтаар бүх зарлагаа нотолно.

Нөат өгөхгүй газраас хуушуур авч идсэн бол чиний хохь. Ер нь бол байнга шинэ санаа эргэлдэж, бүтээмж үзүүлэхэд бэлэн байсан миний бие зүгээр л мөнгө хайдаг машин болсон гэхэд болно.

Хүмүүс хэлдэг. Татвараа цагтаа төлөөд явахад асуудалгүй гэж. Тийм л дээ. Гэхдээ цэвэр оюуны гүйцэтгэлээ зарж мөнгө олдог манайх шиг газар тэр мөнгө нь байнга бэлэн байдаггүй юм. Одоо бол анхны үндсэн зорилгоо мартаад татвар, нийгмийн даатгалаа тогтмол төлбөл гавьяа юм шиг санагддаг боллоо.

Манайх уул уурхайн компани биш л дээ. Уул ус ухаж биш ухаанаа тэмтэрч, оюунаа мэрдэг мэдиа компани. Ядахад гишүүд, яам, агентлаг нь танил талгүй бол хамтардаггүй юм байна. Үнэ цэнийн тухай бүр ярилтгүй. Бүх пэйжээрээ, сайтаараа, контентоороо манай даргыг шууд өмөөрнө гэвэл гэрээлж болно гэх газартай хүртэл таарлаа. Н0вш гэж, ийм нийгэм гэж төсөөлөөгүй нь миний алдаа!

Зөв юм хийж байхад аяндаа болно гэж боддог байлаа. Цалин мөнгө авахгүй удсан ч миарч гомдолдоггүй байлаа. Одоо харин татварын асуудлаас болоод байнгын өртэй мэдрэмж авч, шаналж, яахаа мэдэхгүй мухардаж байна.

Мэдээж манайх хэдэн зуун саяар нь төлөхгүй л дээ. Гэхдээ суурь хөрөнгө битгий хэл нэр дээрээ нэг өрөө байрны ордергүй залуусын гарааны бизнест таатай нөхцөл бүрдүүүлж өгөөсэй. Эхний гурван жил татвараас чөлөөлдөг ч юмуу. Тэгэхгүй бол энэ улсад шинийг санаачилж, араас нь зүтгэдэг хүмүүс тогтохгүй ээ.

Нэг л мэдэхэд нүдний дор хоёр үрчлээ тодроод, инээж хөхрөх эрхгүй юм шиг санагдаад, ямар нүүрээрээ гарч орохов гээд гэртээ бүгдэг болжээ. Магадгүй би үүнийг чадахгүй байсан байж мэднэ.

Буруу ажиллаад байсан байж магадгүй. Одоо арга барилаа өөрчлөөд, бүр эхнээс нь чанга үзнэ ээ. Энэ татварыг нь төлөөд, цалингаа нэмээд, хэний ч өмнө бөхөлзөхгүй бардам амьдарна аа. Надад залуу нас байна!

Эх сурвалж: Шуук Нийтлэв

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү