Мэдээ

Ц.Мөнхнасан:Америк аав ээж минь намайг явуулахгүй хэмээн уйлж байсан. Хэрвээ тэндээ үлдсэн бол…

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан шарк танк шоунд өнгө нэмж буй ганц хатагтай. Н.Мөнхнасан захирал Жорж Вашингтоны их сургуульд макро эдийн засаг, санхүүгийн инженерчлэлийн магистрын зэрэг хамгаалсан ба мөн Харвардын бизнесийн сургуулийн залуу манлайлагчдын хөтөлбөрийг дүүргэсэн нэгэн.


Тэрбээр дөрвөн хүүхэдтэй алдарт эх бөгөөд нөхөр нь Монгол Улсын Төрийн соёрхолт математикч, доктор профессор Ч. Алтаннар юм. Тэд бага ангидаа танилцаж нэг нэгнээ олсон гэдэг. Ч. Алтаннарын эрдэм шинжилгээний бүтээлүүд дэлхийд данстай бөгөөд Их Британи улсын “Imperial college”-д багшилж байсан цорын ганц монгол эрдэмтэн гэгддэг.

Уул уурхай, байгалийн нөхөн сэргээлт, барилга, барилгын материал үйлдвэрлэлийн гэх хүнд салбарыг толгойлж, 1000 гаруй залуусыг чиглүүлж яваа удирдагч бүсгүй УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын ууган охин бөгөөд ээжийнхээ үүсгэн байгуулсан компанийг төрөлжүүлж, олон улсад өрсөлдөхүйц “Монцемент” цогц үйлдвэрийн төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлж, дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэсэн байна.

Тиймээс энэ хүн Монголын бизнесийн салбар дахь эмэгтэй захирлуудын дундах ховорхон дүр юм. Тэгвэл энэ дүр хэрхэн бүтсэн юм бол?
Түүний бага нас
Түүний хүүхэд нас амандаа чихэртэй, үсэндээ туузтай охины бодож санах юмгүй он жилүүд байсангүй. Ээж нь олон сараар геологийн экспедицэд явчихдаг, ганц дүү нь өвчтэй учраас гэрээ цэвэрлэх, хоол хийх, дүүгээ асрах зэрэг арын ажил тэр чигээрээ түүн дээр буудаг байв. Математикийн багш мэргэжилтэй сургуулийн захирал аавын хүүхэд тэрээр хичээлдээ шамдаж, хөгжим, бүжгийн дугуйланд явж, үлгэр жишээ сурагч байж чаддаг байлаа. 14 настай байхдаа аавыгаа алдаж, айлын том охины үүрэг хариуцлага улам томорч, хүүхдээрээ “насанд хүрэхээс” өөр сонголт үлдсэнгүй.

Тэр жилдээ Пионерын ордны англи хэлний дугуйланд сурч байхдаа Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар Монголд ажиллаж байсан Лиза Брадфорд хэмээх багштай танилцаж нөхөрлөсөн нь түүний амьдралд гарах том өөрчлөлтийн эхлэл болов. Ядуу буурай оронд, танихгүй хүмүүсийн дунд, идэж дасаагүй хоол ундтай зүдэрч байсан энэ бүсгүйн хувьд Н.Мөнхнасан дотны найз нь болов. Нэгэнтээ Америкт очиж үзэх хүсэлтэйгээ хэлэхэд оюутан солилцооны INMEX хөтөлбөрийн тухай ярьж өгөөд туслахаар шийдэв. Тэдний сонгосон хөтөлбөр 5000 ам.долларын үнэтэй байв. Америкт хүлээж авах гэр бүл байгаагүй учраас Лиза түүнийг шууд өөрийнхөө оронд гэр лүүгээ явуулахаар болжээ.

Тэр үед ээж Ц.Гарамжав нь Монполимет компаниа дөнгөж байгуулаад, гайгүйхэн оффис түрээслэн тавилгууд аваад байж байтал тэр ээждээ 5000 ам.долларын тухай хэлсэн нь гэр бүлд байтугай компанийн хувьд ч санхүүгийн том асуудал болов. Тэгсэн ч охиныхоо ирээдүй, алсын харааг бодсондоо гэрийнхээ болон оффистоо авсан тавилгаа буцаан зарж шаардлагатай мөнгийг олж, “Миний охин газар үзээд юм сураад ир” гэв. Н.Мөнхнасангийн хувьд мөрөөдлөө биелүүлж англи хэл сайн сураад, дүүгээ эмчлүүлэх хүсэл нь хүчтэй байлаа.

Тэсвэр хатуужил, хөдөлмөрч, тууштай чанарын үлгэр жишээ болсон ээжийнхээ итгэлийг дааж, хариуцлага алдахгүй явах нь түүний амьдралын гол чиг баримжаа байв.
Лизагийн аав, ээж нь Сан Францискогийн онгоцны буудал дээр уг нь охиноо тосох хүсэлтэй байсан авч оронд нь хаа холын Монголоос гэнэт гэрт нь өсвөр насны хүүхэд ирэхэд эхэндээ Лизагийн гэр бүл хүлээж авах дургүй байв. Охиныхоо ятгаснаар л түр хугацаанд байлгахаар болжээ. Гэхдээ удалгүй байдал сайнаар эргэж Н.Мөнхнасан энэ гэр бүлийн гишүүн болжээ. Аавтай нь англи хэл судалж, ээжтэй нь хоол хийсээр Лизаг гэртээ эргээд ирэхэд тэр гурав хэдийнэ дотноссон байлаа.

Гурван жилийн дараа сургуулиа төгсөөд буцах болоход Aмерик аав, ээж нь явуулахгүй хэмээн нулимс унагав. Харин төгсөлтийнх нь баяр дээр ирсэн Ц.Гарамжав гурван жилийн өмнө явсан охин нь тэс өөр болсныг хараад гайхаж баярлах зэрэгцэв.

Түүнийг Америкт ахлах сургуульд сурч байхад хүүхдүүд гадуурхах нь ердийн хэрэг байжээ. Ангидаа нөлөөтэй болохын тулд өөрийн хамгийн хүчтэй тал болох математикийн мэдлэгээ ашиглан сурагчдад тусалж, оронд нь англи хэлний хичээлдээ туслуулдаг байв. Богинохон хугацаанд сурлагын өндөр амжилт гаргасан тэр INMEX хөтөлбөрөөр дахин 20 монгол оюутан авчраад өөрөө үнэгүй сурах санал авч байлаа. Түүний гаргасан мөрөөр АНУ-ыг зорьсон олон арван залуус өнөөдөр Монголын үнэ цэнэтэй мэргэжилтнүүд болсон.

Ийнхүү 1995 онд хувь заяа Н.Мөнхнасанг бөмбөрцгийн нөгөө бөөрөнд шидэн, огт танихгүй гадаад айлд аваачсан ч тэр харь хөрсөнд цэцэглэж чаджээ. Үүнээс хойш Сан Францискогийн их сургуульд эдийн засаг, санхүүчийн мэргэжлээр онц төгсч, Монголын Төвбанканд эдийн засагчаар ажиллаж, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд санхүүгийн инженерчлэл, эдийн засгаар магистрт сурч, Дэлхийн банкны төв оффист ажилласанаар мэдлэг тэгширсэн үнэ цэнтэй менежер, удирдагч болж төлөвшжээ.
Ингэж төлөвшихөд ээжийнх нь нөлөө хүчтэй байсан тухай тэр байнга онцолдог. Тэсвэр хатуужил, хөдөлмөрч, тууштай чанарын үлгэр жишээ болсон ээжийнхээ итгэлийг дааж, хариуцлага алдахгүй явах нь түүний амьдралын гол чиг баримжаа байв.

Н. Мөнхнасанг ээж нь гайхалтай өөдрөг үзэл бодолтой, ямар ч хүндрэлтэй асуудлыг нэг л ухаантай үгээр засчихдаг охин доо гэж тодорхойлдог.

Эд хөрөнгөөр бус оюун ухааны зиндаа харсан гэрлэлт хамгийн шилдэг сонголт гэдэг. Тэгвэл хүч ихт луу жилийн хамгийн оюунлаг хосуудаар Ч.Алтаннар, Н.Мөнхнасан хоёрыг бид тодрууллаа. Хэн хэн нь харьд хоёр ч дээд сургууль дүүргэсэн, түүгээр барахгүй олон улсын том байгууллагад ажилладаг дээр нь угсаа гарал, уг сурвалж оюунлаг тэд энэ сарын 3-ны билэгт сайн өдөр гал голомтоо бадрааж, заяа төөргөө зангидсан юм. Сүйт хархүү Ч.Алтаннар нь бүх шинжлэх ухааны эцэг математикт нэвтэрхий, АНУ-ын Флоридагийн их сургуульд хэрэглээний математикийн чиглэлээр доктор хамгаалж улмаар сургуульдаа багшаар үлдсэн.

Мөн Лондонгийн “Империал” их сургуульд судлаачаар ажиллахын зэрэгцээ дэлхийн шинжлэх ухаан, технологийн хэвлэлтээрээ толгой цохидог “Springer” сэтгүүлийн дэд редактораар ажиллаж буй. Мөн хажуугаар нь Монгол банкинд зөвлөхөөр ажилладаг гээд гуч хүрээгүй цэл залуухан докторын намтар түүх тун ч бахархмаар.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү