Мэдээ

Ц.ЦОГТБААТАР: БИ ЖИРИЙН Л ТАМИРЧИН. ЗАРИМДАА ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТАЙ ГЭДГЭЭ МАРТЧИХДАГ

Тамирчин бүхэн үргэлж ялахыг, ялагч байхыг хүсдэг. Гэхдээ тэд ялалтад, амжилтад хэзээ ч дардан замаар хүрдэггүй. Сая, сая тамирчин олимп, дэлхийн аварга болохын төлөө цаг, наргүй зүтгэдэг ч зорилгодоо хүрдэг нь хуруу дарам.

Харамсалтай олон ялагдал, хүнд үеийг даван туулж, өрсөлдөгчөө төдийгүй өөрийгөө ялсаар яваа тамирчдын нэг нь Цэнд-Очирын Цогтбаатар. Риогийн олимпын дараа харамсаад уйлж суусан, Токиогийн олимпын өмнө аавыгаа алдаад,

сэтгэлээр унасан хүү өнөөдөр дэлхийн аварга, олимпын хүрэл медальтай тамирчин болж чадлаа. Түүний өмнө олон, олон саад бэрхшээл тохиолдсон ч тэр ялагч байсаар ирсэн. Ялагч байсныхаа хүчинд Ц.Цогтбаатар өнөөдөр дэлхийн шилдэг жүдоч, халамжит хань, сайн аав болж чадлаа.

Энэ жил ДАШТ-д түрүүлж, өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй түүнийг Олон улсын жүдо бөхийн холбооноос “Ц.Цогтбаатар бол Монголын үнэт эрдэнэ” гэж онцолсон юм. Дэлхийн жүдо түүнийг хэрхэн үнэлж, хүлээн зөвшөөрсний илрэл нь энэ байлаа.

“Urug.mn” сайт спортын ярилцлагын “Ялагч” нэвтрүүлгээ өнөөдрөөс эхлүүлж, анхны дугаарынхаа зочноор Ц.Цогтбаатарыг урьж ярилцлаа.

-ДАШТ-д тав дахь удаагаа оролцоод дэлхийн аваргад түрүүлсэн тав дахь монгол жүдоч боллоо. Дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэн, баярын нулимстай зогсож байхад юу бодогдож байв?

-Үнэхээр сайхан байна. Маш олон жил хөлс, хүчээ шавхан байж энэ амжилтад хүрсэндээ сэтгэл хангалуун байна. Монгол Улсынхаа нэрийг дэлхийд дуурсгаж, Төрийн дууллаа дэлхийн дэвжээнд эгшиглүүлнэ гэдэг тамирчин хүнд маш чухал. Энэ л амжилтад хүрэхийг, дэлхийн аварга болохыг би маш олон жил мөрөөдсөн. Өдөр бүрийн бэлтгэлээ эрч хүчтэй хийн, хоёргүй сэтгэлээр амжилтын төлөө зүтгэсэн. Энэ бүх хичээл зүтгэл, хөдөлмөрийнхөө хүчээр дэлхийн аварга боллоо.

Олон улсын тэмцээнд, Азийн аваргад бус дэлхийн аваргад Төрийн дууллаа эгшиглүүлээд зогсож байхад зүүдэлж байгаа юм шиг санагдаж байлаа.

-Танаас өмнө дэлхийн аварга болсон дөрвөн монгол жүдочийн гурав нь Хөдөлмөрийн баатар, нэг нь гавьяат тамирчин. Монголынхоо бахархлууд, дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтлаа.

-Маш сайхан байна. 2009 онд Х.Цагаанбаатар ах, 2013 онд М.Уранцэцэг эгч, 2014 онд Г.Болдбаатар ах, 2017 онд Д.Сумъяа эгч дэлхийн аварга болсон. Монголчуудын бахархал болсон ийм мундаг тамирчдын амжилтыг үргэлжүүлсэндээ, дэлхийн аварга цол хүртсэндээ баяртай байна.

-Цогоо өмнө нь ДАШТ-д дөрвөн удаа өрсөлдсөн. Зорьсондоо хүрч чадсангүй гээд сэтгэл дундуур буцсан ялагдлууд хүртэл энэ амжилтын ивээс боллоо, тийм ээ?

-Тэгэлгүй яах вэ. Зорьсон амжилтаа гаргаж чадалгүй ДАШТ-ээс дөрвөн удаа буцах амар биш. Ялагдсан бүх барилдаанаа эргээд бодохоор маш харамсалтай. Гэхдээ тэр бүхнээсээ би суралцаж, туршлага хуримтлуулсаар байсан. Дөрвийн дөрвөн удаагийн дэлхийн аваргын ялагдал, харамсал эргээд ийм том амжилтын эхлэл, ивээс нь болсонд баяртай байна.

-Өнгөрсөн жил Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн. Энэ жил ДАШТ-д өндөр амжилт гаргах гол найдваруудын нэг нь та байлаа. Дэлхийн аварга болоход тань хамгийн их хөшүүрэг болсон зүйл юу вэ?

-Мэдээж үүнд маш олон зүйл нөлөөлсөн. Би өөрөө үнэхээр их хичээсэн, хөдөлмөрлөсөн. Өдөр бүрийн бэлтгэлээ чин сэтгэлээсээ хийлээ. Олимпын медальтай тамирчин дэлхийн аваргад тааруу барилдах учиргүй. Амжилтын араас маш их үүрэг, хариуцлага ирдэг. Үүнийг би огоороогүй.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар багш “Өөрийгөө бүр их дайчил. Зөвхөн олимпын медальтай дуусмаар байгаа юм уу” гэсэн үг намайг их хурцаллаа.

Мөн ханийн минь хэлсэн үг энэ амжилтад их нөлөөлсөн. “Чи минь дэлхийн аваргаас медаль авсан ч, аваагүй ч миний хань, хүүгийн минь аав хэвээрээ. Түшээд авах гэр бүл байгаа шүү дээ” гэж хэлсэн юм л даа. Нээрэн, ялагдсан ч намайг гээд түшээд авах, үнэнч хүмүүс, гэр бүл минь байгаа болохоор би үнэхээр азтай. Амжилт гаргасангүй гээд эхнэр минь намайг орхиод явчихгүй. Хүү, ах дүү нар минь надад дургүй болчих биш.

-Түшээд л авна.

-Тэгнэ. Энэ үнэхээр чухал. Тийм болохоор би сэтгэл хангалуун, юунд ч санаа зоволгүй барилдаж, амжилтын төлөө зүтгэж чаддаг.

-Цээжин дээрээ “Champion” гээд шивүүлсэн нь айсуй амжилтаа зөгнөсний, өөртөө хэр итгэлтэй байсных нь илрэл болов уу?

-Би 2019 онд эхнэртэйгээ явж байгаад энэ шивээсээ хийлгэсэн. ДАШТ-д түрүүлчихээд бус дэлхийн аварга болохоосоо өмнө хийлгэе бодсон юм. Айсуй амжилтаа зөгнөж, өөрийгөө хурцлахын тулд “Champion” гэж шивүүлсэн. Энэ шивээсээ харах бүрд дэлхийн аварга болох зорилго минь улам үнэ цэнтэй, утга учиртай болж байлаа. Ямар ч байсан зорьсоор байгаад дэлхийн аваргад түрүүлж чадлаа.

-Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар бүсэн дээрээ “Champion” гэж бичүүлээд дэлхийн аварга болж байсан.

-Тэгсэн. Зарим хүн “Дэлхийн аварга болчихоод “Champion” гэж шивүүлбэл зүгээр” гэж зөвлөсөн удаатай. Өөрийнхөө хийж чадах бүхнийг хийгээд, бүрэн дайчлаад амжилтад хүрэх үнэхээр сайхан. Үүнийг дэлхийн аварга болоод бүр ч их мэдэрлээ.

-Тийм л амжилт гаргах сан, ийм нэр хүндтэй болох сон гэж ер нь хэр шунадаг вэ?

-Мэдээж амжилтаа ахиулах сан, батлах сан гэж зорилгүй яах вэ. Гэхдээ ийм гавьяа шагнал авах сан, яаж нэр хүндээ өсгөх вэ, тийм амжилтад л хүрмээр байна гэж шунадаггүй. Тийм шунал ёстой байхгүй.

Зөв яваад, элэг бүтэн, аз жаргалтай, эрүүл энх амьдрахыг л юу юунаас илүү хүсдэг. Энэ амжилтаас илүү чухал.

-Өрсөлдөгчөө төдийгүй өөрийгөө ялсан томоохон ялалтын нэг нь “Токио-2020”. Олимпын медальтан боллоо гэх баяр бахдал, аварга болж чадсангүй гэх харууслын аль нь илүү их төрж байв?

-Медаль авчихаад зогсож байхдаа би маш их баярласан. “Олимпын медальтай боллоо” гэж бодохоор үнэхээр сайхан санагдаж байв.

Дараа нь “Шохэй Оног ялчихсан бол би олимпын аварга болох байлаа” гэх харамсал өөрийн эрхгүй төрдөг юм билээ.

“За, яах вэ. Дэлхийн аваргаар Оногоос даагаа нэхнэ. Дэлхийн аварга болохын төлөө зүтгэнэ” гэж өөрийгөө тайвшруулж, дараагийн зорилгоо тодорхойлсон.

Олимпын дараа нэг хэсэг хугацаанд хөөрчихсөн явсан л даа. Тэр үед багш нар “Яг ингэж амьдарвал чи зөвхөн медальтай л дуусна” гэсэн. Нээрэн яг тэгэх эрсдэлтэйг би ухаарсан л даа. Олимпоос медаль авчихаар л бүх юм болчих юм шиг, үүнээс илүү амжилт байхгүй юм шиг хандсан байгаа байхгүй юу.

Тэгээд л “Олимпын дараа би дэлхийн аварга болно” гэж зорьсон. Үүндээ хүрэхийн төлөө зүтгэнэ” гээд бэлтгэлээ маш сайн хийсэн.

-Олимпоос медаль авсан тамирчдад Гавьяат тамирчин цол олгосоор ирсэн. Гэхдээ Токиогийн олимпоос медаль хүртсэн тамирчдыг Гавьяат болгоогүй. “Гавьяат цол олгох байх” гэсэн хүлээлт хэр байв. Энэ цолоор шагнаагүйд гомдсон уу?

-Гомдоогүй ээ. “Гавьяат цол олгох байх” гэсэн хүлээлт байгаагүй. “Төрөөс шагнахаар боллоо” гэхэд манай жүдогийнхон “Олимпоос медаль авсан юм чинь Гавьяат цол олгох нь тодорхой” гэж байв. “Гавьяат болох нь” гэсэн бодолтой байлаа. Угаасаа өмнөх олимпын медальтнуудыг Гавьяат цолоор шагнасаар ирсэн болохоор тэгж бодохгүй юу. Гавьяат цол олгосонгүй гэж гомдоогүй ээ.

-Олимпын медальтан, дэлхийн аварга боллоо. Удахгүй Гавьяат болох болтугай.

-Баярлалаа. Ерөөл бат оршиг. Уйгагүй хөдөлмөрлөж, хичээгээд явж байхад болно доо. Аяндаа цаг нь болвол Гавьяат цол өгөх байх.

Би нээрэн олимпоос медаль авсныхаа дараа л амжилтаа мялаалгаж үзсэн шүү дээ. Баянхонгорчууд маань олимпын медалийг минь мялаагаад, гурван өрөө байр бэлэглэсэн. Өөрийн гэсэн байртай, үр хүүхдээ тоглуулаад гүйлгэх гэр оронтой болох үнэхээр сайхан юм билээ. Нутгийн зон олондоо их баярлаж явдаг.

Дэлхийн аварга болчихлоо, олимпын медальтай тамирчин. Дээрээс нь хүүгийн аав. Маш олон зүйл дээр хариуцлагатай байх, өөрийгөө улам дайчлах хэрэгтэй болсоор байна, би.

-Тамирчны замналд тань цөөнгүй харамсалтай ялагдал бий. Хамгийн хүнд туссан нь Риогийн олимп байх. Тийм хүнд үеийг хэрхэн давж туулав. Эргээд босох эрч хүчийг юунаас авав?

-Тэр үе үнэхээр хүнд байсан. Би Риогийн олимпод ялагдаад ирснийхээ дараа жил гаруйн хугацаанд бэлтгэл хийгээгүй. Тэр ялагдал надад тэгж хүнд туссан, сэтгэлээр унасан.

Би 2016 оны улсын аваргад барилдахдаа хэсгийн аваргын төлөө Г.Болдбаатар ахыг, алтан медалийн төлөө Д.Амартүвшин ахыг ялаад, түрүүлсэн. Тэгж жингийнхээ хоёр гол тамирчинг ялж, Риогийн олимпод оролцох эрх авсан.

Олимпод оролцох шигшээ багийг зарлахад надад амар байгаагүй. “60 кг-д Ц.Цогтбаатарыг оролцуулахаар боллоо” гэхэд Г.Болдбаатар ах, Д.Амартүвшин ахын царай ямар болсныг би одоо ч мартдаггүй. Мэдээж сэтгэл гонсгор үлдсэн нь ойлгомжтой. Тухайн үед би 19 настай байсан. “Олимпод сайн барилдана” гэж бодоод л явсан. Санаснаар болоогүй.

Үүнд би л буруутай. Хариуцлагагүй байдлаасаа болж л ялагдсан шүү дээ. Өөр хэн ч буруугүй. Тиймээс тэр бүхнээс би л өөрийгөө гаргах ёстой. Өөрийгөө их хурцалж, дайчилсныхаа хүчинд тийм хүнд үеийг даван туулсан, ард нь гарсан. Үнэнийг хэлэхэд, амар байгаагүй ээ.

-Х.Баттулга нутгийнхаа тамирчныг дэмжээд олимпод оролцууллаа гэх яриа их гарсан. Үнэхээр тийм зүйл болсон уу?

-Юу гэж тийм зүйл болох вэ. Х.Баттулга ерөнхийлөгч шударга хүн, тамирчдаа хэзээ ч ялгаж байгаагүй. Бүгдэнд нь адилхан боломж олгож, ижилхэн дэмждэг. Тэр жилийн УАШТ эхлэхийн өмнө Х.Баттулга ерөнхийлөгч “Түрүүлсэнд нь олимпод оролцох эрх олгоно. Сорил гэж ойлгоорой” гэсэн юм. Тэгээд би оролцохоор болсон.

Олимпод явахын өмнө “Нас нь жаахан, амжилт гаргаж чадахгүй хүүхдийг олимпод оролцуулах нь” гэх шүүмжлэл их гарсан. Тэр бүхэн миний амжилтад сөргөөр нөлөөлсөөн, нөлөөлсөн.

-Тамирчны амжилтад сэтгэл зүй их чухал. Олны тэр шүүмжлэл сэтгэл зүйн дарамт болсон уу. Олимпоос өмнө тэр бүхнээс өөрийгөө бүрэн чөлөөлж амжсан уу?

-Амжаагүй. Тэр үед би туршлага багатай байлаа. Юманд сэтгэл хөдлөлөөр ханддаг, эмзэг хүлээж авдаг байсан, одоо эргээд бодоход. Олимпод ялагдаад бууж ирэхэд ямар олиг байх вэ. Бүх зүйл тэгээд дуусчихаж байгаа юм шиг л санагдсан. “Олимпод хоёр гавьяатын нэгийг нь оролцуулсан бол амжилт гаргах байсан ч юм бил үү” гэж бодогдоно.

Олимпоос ирсний дараа бэлтгэл хийхээ болиод, гэртээ л баймаар санагдаж байв. Хийсэн ч юм үгүй. Яагаад ч юм бэ, “Барилдахаа больё” гэж хүртэл бодогдсон. Нас бага, ахархан бодолтой байж дээ.

Бараг жилийн хугацаанд бэлтгэл хийхгүй, тэгж урсгалаараа явж үзээд үнэхээр утгагүй санагдсан. Жүдо миний амьдралд ямар чухал, энэ спорт надад ямар их хүсэл тэмүүлэл, эрч хүч өгдгийг бүр ч их мэдэрсэн.

Яг үнэнийг хэлэхэд тамирчин хүнд мэдлэг боловсрол маш их дутагддаг. Учир нь байнга тэмцээн, бэлтгэл сургуулилалт гээд боловсролдоо анхаарах зав, боломж хомс. “Мэдлэг боловсрол ч үгүй, ийм залуугаараа барилдахаа больчихвол харамсалтай. Одоо аварга болоод зүгээр алаад өгье” гэж бодсон.

Тэгээд олимпын дараа шууд 73 кг-д барилдсан.

-66 кг-ыг алгасаад.

-Тэгсэн. 2015, 2016 оны үед би багадаа найман кг хасаж барилддаг болчихсон байсан. Гар хув хуурай, шүлс ч гарахгүй. Өсгий хагарчихна. Өрсөлдөгчтэйгөө яаж барилдах вэ гэхээс илүү жиндээ хэрхэн орох вэ гэдэг асуудал болсон л доо. Өрсөлдөгчтэйгөө бус жинтэйгээ барилддаг болчихсон юм. Тэгээд жин өгсөж барилдахаар шийдсэн.

-Ялагдсаныхаа дараа харамсаад сууж байгаа зургаа одоо дэлхийн аваргад түрүүлж, олимпын медальтан болсныхоо дараа үзэхэд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Хэцүү биш, гоё санагддаг. “Ингээд сууж байсан. Өнөөдөр ийм амжилтад хүрээд зогсож байна” гэж бодохоор сайхан байдаг. Өмнө нь хэн байсныг минь мэдрүүлдэг зураг л даа. Тухайн үед зөндөө олон хүн “Зүгээр ээ, чамайг олон амжилт хүлээж байгаа” гэж тайвшруулдаг байв. Тийм байгаасай гэж хүсэж байгаа ч “Зүгээр л гэх юм. Надад ямар байгааг мэдэхгүй юм байж” гэж боддог байлаа. Үнэхээр зүгээр л байсан юм байна аа (инээв).

-Олимпын дараа даваад гарахад хамгийн хэцүү нь юу байв. Ялагдал байв уу, олны шүүмжлэл байв уу?

-Олны шүүмжлэл. “Цогтбаатар онгироо. Онгирч, хийсгэлэн барилдаж байгаад ялагддаг” гэх шүүмжлэл одоо ч намайг дагадаг. Зарим хүн миний талаар сайн мэдэхгүй байж яагаад тэгж шүүмжилдэг юм бол. Би дэвжээнд нунж дорой барилдахыг хүсдэггүй. Санасан мэхээ зоригтой хийгээд, асаж барилдахыг хүсдэг. Ялагдсан ч харамсахааргүй барилдахыг хичээдэг. Тэр бол онгирсон үйлдэл биш. Ялахын төлөө зүтгэж, тэмүүлж байгаагийн минь илрэл юм л даа.

-Бусдын сайн анзаараагүй, жинхэнэ Цогоо ямар хүн бэ?

-Би ер нь энгийн л хүн. Хэтэрхий өрөвч. Гадуур явж байхад настай, ядруухан хүн зөрөөд өнгөрлөө гэхэд би өрөвддөг. “Хөөрхий минь яаж байгаа бол, ядарч байгаа болов уу” гэж тэр хүнийг хоёр, гурван хоног боддог.

Миний энэ өрөвч зан багын хүмүүжилтэй холбоотой байх. Би жаахан байхдаа юм, юм хийж, хатуу амьдрал туулж өссөн. Хатуу гэсэн нь өөр утгаараа. Эцэг, эх минь хайр, халамжаар дутаагаагүй. Зүгээр л би багаасаа хар бор ажилд нухлагдаж, хөдөлмөрийн амтыг мэдэрч өссөн. Ер нь бусдад туслах чухал, зөв хүн болж төлөвших хэрэгтэй гэж үлгэрлэсэн нэг хүн байдаг юм. Тэр талаараа ярьж болох уу?

-Бололгүй яах вэ.

-Намайг жаахан байхад нэг ах надад мянган төгрөг өгсөн юм. Үнэхээр гоё машинтай, цэвэр хувцасласан ах байв. “Ахын дүү мундаг хүн болоорой. Ёстой хөөрхөн сэргэлэн хүүхэд байна” гэж хэлсэн. Тэр хүн надад үнэхээр их нөлөөлсөн. “Энэ ах шиг гоё хүн болж, бусдад туславал ямар сайхан бэ” гэж бодогдсон.

-Сая багаасаа хар бор ажил хийж өссөн гэлээ. “Өгөөмөр” зах дээр ажил хийдэг байсан юм билээ. Ихэвчлэн ямар ажил хийдэг байв?

-Тухайн үед манайх Толгойтод амьдардаг байлаа. Өглөө үүрээр босоод, эхний автобусанд суугаад Толгойтоос Өгөөмөр зах руу явна. Зах дээр машин угаах, ачаа ачих, зөөхөөс авхуулаад олдсон бүхнийг хийдэг байлаа. Аав, ээж хоёр минь өндөг чанана. Тэрийг нь зарна. Варейны шилэнд хар цай хийгээд 50 төгрөгөөр худалдана. Хийх боломжтой бүхнийг хийсэн.

Намайг жаахан байхад хулигаан хүүхдүүд олон байлаа. Тийм хүүхдүүдтэй муудалцана, заримдаа дээрэлхүүлнэ, дээрэмдүүлнэ.

Юмаа зарж яваад үдийн цайгаа ууна. Цайны газар ороод ч юм уу тансаг уухгүй ээ. Мөнгөө хэмнэнэ шүү дээ. 50 төгрөгийн шилтэй ундаанаас нэгийг авна. Напелеоны үүрмэгийг 50 төгрөгөөр авна. Тэгж үдийн ундаа уудаг байлаа.

Өдөржин ажиллаад үсрээд 10.000 төгрөг олно. Хөлсөө урсган, хөдөлмөрлөж олсон мөнгө хэчнээн “амттай” гэж санана. Хэрэглэхээс хайран.

Тэгж ажил хийхийн хажуугаар жүдогийн бэлтгэлд явна. Тэмцээнд амжилт гаргахад медалиас гадна шагналын мөнгөнд их урамшдаг байлаа. Шагналын мөнгөө аль болох бүтнээр нь гэртээ авчирч өгнө. Аав, ээждээ туслах, нэмэр болохыг үргэлж хичээдэг байлаа.

Аав, ээж хоёр минь намайг үнэхээр сайн дэмжсэн. Өнөөгийн амжилтад маань маш их нөлөөлсөн, тусласан хүн бол яах аргагүй гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багш. Миний анхны багш хүн л дээ. Надаас нэг ч удаа жүдогийн төлбөр авч байгаагүй. Их том дэмжлэг болдог байв. Намайг амжилтад хүргэхийн төлөө бүхнийг хийсэн. Тэмцээний зардал олж өгөх гээд миний өмнөөс хөөцөлдөнө. Бэлтгэл, сургуулилтаас авхуулаад бүхий л талаар надад тусласан, дэмжсэн, үлгэрлэсэн мундаг хүн бий.

-Хоёулаа жүдогийн зааланд сууж байна. Шантраад, ялагдсандаа шаралхаад ч юм уу энэ заалнаас хэр олон удаа уйлж гарч байв?

-Өө, ёстой зөндөө олон. Өнөөг хүртэлх бүхий л ялалт, ялагдал, хөлс, хүч минь энэ дэвжээнд шингээстэй бий.

Бэлтгэл хийж байгаад уйлаад гарах тохиолдол байсан. Хамт бэлтгэл хийсэн хүүхэдтэй муудалцаад гарах үе ч байна. Ялагдсандаа шаралхаж уйлаад, бэртээд өргүүлээд гарсан удаа цөөнгүй.

Түрүүн хоёулаа Риогийн олимпын ялагдлын талаар ярьсан. Тэр үе надад хүнд байсан уу гэвэл хүнд байсан. Гэхдээ Токиогийн олимпын өмнөхтэй харьцуулахад гайгүй байсан шиг санагддаг. 2020 онд аав минь нас барахад тэнгэр хөмрөх шиг болсон. Түшиж, тулдаг, үлгэрлэдэг хамгийн эрхэм хүн минь өөд болох үнэхээр хүнд юм байна лээ. Аав минь нас барахдаа “Хүүгээ олимпод барилдахыг үзэж чадсангүй. Олимпоос заавал медаль аваарай. Медаль авчихаад аавынхаа зурагны хажууд тавиарай” гэж захьсан юм.

-Аавдаа өгсөн амлалтдаа хүрэх гээд улам хичээж, өөрийгөө хурцалсан уу?

-Тэгсэн. Аав өөд болоход амьдрах утгагүй юм шиг санагдсан. Унтаж ч чадахгүй, сэтгэлээр унасан, хэцүү байдалд орсон. Ажил явдлыг нь хийж байх үед зөндөө олон хүн бужигнаад, аавын тухай яриад суулаа. Ажил, амьдралын шаардлагаар явсных нь дараа хэдүүлхнээ торойгоод үлдэх үнэхээр хүнд юм байна лээ. Тэр үед ээжид минь их хэцүү байсан. Амьхандаа эхнэрийнхээ хамт хань болох гээд ээжтэйгээ хэд хонолоо.

“Яана даа” л гэж бодогдож байлаа. Яг тэр үед эхнэр маань жирэмсэн болсон. Тухайн үед хань бид хоёр түрээсийн байранд амьдардаг байлаа. Тэгэхэд би “Удахгүй хүүхэд маань мэндэлнэ. Өөрийн гэсэн гэр оронгүй, авч байгаа олигтой цалингүй. Ингэж суугаад байвал хүүхдээ яаж өсгөх вэ, памперсных нь мөнгийг яаж олох вэ. Заавал олимпоос медаль авна. Аавдаа өгсөн амлалтдаа хүрнэ, хүүхдээ юмаар дутаахгүй өсгөх боломжтой болно. Одоо ингэж суухгүй” гэж бодсон. Тэр бүхэн эргээд босох, амжилтын төлөө зүтгэх хөшүүрэг болсон.

Үүний сацуу үүнд шигшээгийн ахлах багшийн зэмлэл их нөлөөлсөн. “Чи 2016 онд өвдгөө тэврээд, газар руу толгойгоо гудайлгачихсан ингээд сууж байсан. Токиогийн олимпын дараа дахиад ингээд суумаар байгаа юм уу” гэж хэлсэн. Би алдаагаа дахиж давтахыг хүсээгүй. Тэгээд л өөрийгөө хурцалсан, шахсан. Зорилгоо оновчтой тодорхойлоод, зөв явахаар амжилтууд аяндаа гараад эхэлсэн л дээ.

-Юм үздэг хүнээс асуухад нь “Аав нь хүүдээ хүү нь болоод мэндэлж” гэж хэлсэн гэсэн. Үнэн үү?

-Үнэн, үнэн. Эхнэрээ жирэмсэн болсны дараа нэг хүнд үзүүлсэн юм. Тэр хүн “Аав нь хүүдээ хүү нь болоод мэндэлж, Хүйсийг нь үзүүлэх шаардлагагүй. Хүүтэй болох юм байна” гэж хэлсэн. Яг ч хэлснээр нь эрэгтэй хүүхэд мэндэлсэн.

Манай аав өөд болохоосоо өмнө надад хэлсэн сонирхолтой зүйл бий. “Би заавал Цогтооноогийн хүүхэд болж төрнө. Тэгээд эрхлээд, өөр шиг нь хошуугаа унжуулаад суучихна” гээд инээж хэлсэн юм. Хүмүүс аавын зургийг хараад “Хүү чинь юм уу” гэдэг. Тийм адилхан. Үнэхээр аав минь манай хүүхэд болоод эргээд мэндэлсэн гэдэгт нь би итгэдэг, бэлгэшээдэг.

-Гаран дээрээ аавынхаа хөргийг шивүүлсэн юм байна. Дэвжээн дээр, бусад үед үргэлж аавтайгаа хамт яваа юм шиг дотно мэдрэмж төрдөг үү?

-Тэгдэг. Ялагдаж байхад аав минь түшээд авах шиг санагддаг. Үргэлж аавтайгаа хамт байгаа юм шиг эрхэм, хүндэтгэлтэй, сайхан мэдрэмж төрдөг.

-Та одоо ид гялалзаж яваа тамирчин. Биеэ тоож, “Би”-гээр өвчлөх үе заримдаа гарах юм уу?

-Би эгэл хүн. Жирийн л тамирчин. “Би өндөр амжилт гаргалаа. Ёстой мундаг байна” гэж өөрийгөө боддоггүй. Бусдын гаргадаг амжилтыг л гаргаж яваа. Надаас илүү амжилт гаргасан тамирчин олон байгаа. Би бусдаас илүү юу хийсэн, ямар амжилт гаргасан гэж биеэ тоох билээ дээ. Харин ч эсрэгээрээ би заримдаа дэлхийн аварга, олимпын медальтайгаа мартчихдаг.

-Үнэхээр тэгдэг гэж үү?

-Тийм ээ, тэгдэг. Медалиудаа хараад “Нээрэн, би ийм амжилт гаргасан, энэ тэмцээнд түрүүлсэн” гэж боддог, анзаардаг. Одоо гаргаад буй амжилтдаа ханаж болохгүй.

-Бусдаас илүү амжилт гаргахад ийм хандлага их чухал. Зарим тамирчин амжилтад хүрэв үү, үгүй юү түүндээ ханаад, биеэ тоочихдог шүү дээ.

-Тийм алдаа гаргахгүй, тэгж алдахгүй байхыг хичээдэг.

-Отгон дэлхийн аварга дараа, дараагийн тэмцээнд ямар амжилт гаргах, хэр барилдах нь олны анхаарлыг их татаж байна. Токиогийн “Их дуулга”-д барилдах уу?

-Барилдана. Дэлхийн аварга болсон гээд тэнгэрээр нисэлгүй, хариуцлагаа ухамсарлах чухал. Цолдоо эзэн болж, сайн барилдахын төлөө хичээнэ.

-Та жингийнхээ шилдгүүдээс Ш.Оногоос бусдыг нь ялаад байгаа. Токиогийн Их дуулгад түүнээс даагаа нэхэх боломжтой. Ер нь Оногоос дутуу зүйл танд бий юү?

-Байхгүй. Оно бид хоёр ганцхан удаа учраа таарсан нь Токиогийн олимп. Надад байгаа нөөц, боломж, бололцоо, ур чадвар Оногийн дайнд хүрснийг би мэднэ. Тиймээс түүнээс айх, бэргэх зүйл огт байхгүй.

-Мэдээж танд Оно аваргыг ялах боломж бүрэн байгаа. Амжилт хүсье. Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. “Ялагч” нэвтрүүлгийн маань анхны зочноор уригдан, ярилцлага өгсөнд тань баярлалаа.

-Баярлалаа. Ийм сайхан нэвтрүүлэг эхлүүлж, анхны зочноороо намайг урьж, оролцуулсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү