Мэдээ

Ц.Цэцэгээ: Хүмүүс аавыг маань Соном өвгөний дүрээр төсөөлдөг ч үнэндээ хөгжилтэй, сэргэлэн, нүүрэмгий, цоглог хүн байсан

Ц.Цэцэгээ: “Ээжийг өнгөрсний дараа аав минь автобус баазад кондуктороор ажилд орсон юм. Аав кондуктор хийж байхдаа олон ч хүмүүсийг хос болгож байсан даа”

Туслах дүрийг тэр бүр хүмүүс сайн анзаараад байдаггүй. Харин түүний бүтээсэн дүр, кинондоо хэлсэн үгнүүдийг хүмүүс маш сайн мэддэг. Хүмүүсийн зүрх сэтгэлд туслах дүрүүдээрээ хоногшиж чадсан хүн бол тэртээ 1963 онд

“Аман хуур” киноны “Чи л мэддэг шүү дээ” гэж хэлдэг жижигхэн биетэй дүрлэгэр том нүдтэй Соном өвгөн буюу жүжигчин Т.Цэрэнлхүндэв гуай юм.

Хаа явсан газраа хөгжилдөж явдаг түүний амьдралын тухай төдийлөн хүмүүс сайн мэдэхгүй байх. Тэрээр төрөлхийн урлагийн авъяастай хүн байжээ. Арван зургаан настайгаасаа эхлэн урлагийн амьдралд хөл тавьсан байна. Т.Цэрэнлхүндэв гуай Улаанбаатарын унаган хүүхэд.

Хуучнаар Амгаланбаатар хотод Махандов гэдэг газар төрсөн. Айлын ганц хүү тэрээр өөрийгөө 1917 онд төрсөн гэж ярьдаг ч 14-15 настай байхдаа Жанжин клубт насаа нэмж элссэн байдаг.

Яагаад гэхээр тэр үед Жанжин клубт 16-17 настай хүүхэд авдаг байсан. Жаахан жүжигчин байсан тул сэлэм нь уртдаад мөр гаргахад нь эргэж харж, тоглож яваад шонгийн мод мөргөсөн тухайгаа их ярьдаг байжээ. Жанжин клубт тавигдсан нэг жүжигт Дамбийжаагийн Тоодгор хэмээх анхны дүрээ бүтээсэн байна. Энэ дүр нь эсрэг талын дүр байсан тул нэг хэсэг хотын сахилгагүйчүүд зүгээр явуулдаггүй “Дамбийжаагийн Тоодгор явж байна” гээд чулуугаар нүүлгэдэг байжээ.

Клубтээ туслах жүжигчнээс туслах найруулагч хүртэл ажиллаж ахиж дэвшиж байсан авьяаслаг Т.Цэрэнлхүндэв гуай одоогийн Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордонд бас ажиллаж байв. 1961 онд “Гологдсон хүүхэн”, 1963 онд “Аман хуур”, 1963 онд “Нүгэл буян”, 1965 онд “Хүний мөр”, 1971 онд “Тэмцэл”, 1971 онд “Тунгалаг тамир-2” хэмээх алтан үеийн гайхамшигтай кинонуудад туслах дүрд тоглож байсан. Цорын ганц гол дүр бүтээсэн нь “Аман хуур” киноны Соном өвгөний дүр бөгөөд энэ л дүрээрээ ард түмнийхээ сэтгэлд мөнхрөн үлдэх хувьтай байж.

Намхан биетэй, дүрлэгэр том нүдтэй Т.Цэрэнлхүндэв гуай хаа явсан газраа хүмүүстэй инээлдэж, хөгжилдөөд явж байдаг ануухан, сэргэлэн өвгөн байсан. Т.Цэрэнлхүндэв гуай маш сайхан сэтгэлтэй, тусч хүн байв. Нэг удаа охиноо хичээлээс ирэхэд нь гэртээ хэн нэгнийг дагуулаад ирчихсэн, галаа өрдчихсөн, авч ирсэн хүнийхээ хувцсыг нь угаагаад, хооллож, цайлаад байж байсан гэнэ.

Нөгөө хүнээ явсных нь дараа Т.Цэрэнлхүндэв гуай “Нэг ядарсан өвгөн гудамжинд гуйлга гуйгаад сууж байхад нь авч ирсэн юм” гэж хэлж байж. Тэр үед гудамжинд гуйлга гуйж суудаг хүн ховор, бараг байдаггүй байсан цаг аж. Хүүхдийг хүүхэд гэж голохгүй, хүүхэд байсан ч яриад хөгжөөгөөд инээлгээд, шоглоод явдаг. Т.Цэрэнлхүндэв гуайн тухай хүмүүсийн тэр бүр сайн мэдээд байдаггүй нэг яриа бий. Богд Жавзандамба хутагт ядуу зүдүү, хэцүү амьдралтай айлын хүүхдүүдийг өргөж авч өөрийн ордондоо өсгөж бойжуулдаг байсан ба тэдний нэг нь Т.Цэрэнлхүндэв гуай бөгөөд тахилч ламынх нь асрамжинд хүн болж байжээ.

Т.Цэрэнлхүндэв гуай энэ тухайгаа “Би ер нь эрхлэхээс өөр юм мэддэггүй байсан. Тэр үед ном сурна гэж ер мэдэхгүй, эрхлээд явж байдаг. Харин осолдохгүй тэр усан тахилыг л хийж сурсан” гэж байж. 1932 оны хэлмэгдүүлэлтийн сургаар тахилч лам Т.Цэрэнлхүндэв гуайг “Цаг хэцүү болж байна” гээд төрсөн ээж, аавынх нь гар дээр буцааж өгсөн гэнэ.

Т.Цэрэнлхүндэв гуайн ач охин Ц.Цэцэгээтэй ярилцаж, аавынх нь амьдрал, уран бүтээлийн тухай /өвөөгөө аав гэж дууддаг/ дурсамжаас хуваалцлаа.

-Үзэгчдийн үзэх дуртай монголын уран сайхны киноны нэг бол “Аман хуур”. Аав нь Соном өвгөний дүрд хэдэн насандаа тоглосон юм бол?

-“Аман хуур” уран сайхны киног 1963 онд бүтээсэн. Аав маань 1917 онд төрсөн гэхээр 46 настайдаа Соном өвгөний дүрд тоглож байжээ. Анх энэ кинонд нэрт жүжигчид болох Цагааны Цэгмид, Т.Цэвээнжав тоглох байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар тоглох боломжгүй болсон юм билээ. Тэгээд Ц.Цэгмид гуай “Би нэг хүнийг зааж өгье. Энэ дүрд яг тохирно” гээд аавыг зааж өгсөн гэдэг. Аавын минь анхны гол дүр л дээ.

“Аман хуур” киноны дугуй унадаг зургийг авахад их хэцүү байсан гэсэн. Аав дугуй унаж чадахгүй, унаж сурах гэж нэлээд юм болсон. Дугуй унаад нэг давхивал зогсож чадахгүй, заавал унаж байж зогсдог. Нэг удаа Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урдуур зам дагуу эргэхдээ хувин бариад явж байсан эмэгтэйг дaйpaaд yнагaчиxcaн. Тэгсэн эмэгтэй босч ирээд, аавыг aлгaдаж… Яг тэр дүрсийг киноны хэсэгт оруулж байснаа хэтэрхий инээдмийн кино болчихно гээд хассан юм билээ. Зам дээр цагдаа шүгэл үлээдэг хэсэг дээр л аав өөрөө дугуйгаа унасан гэсэн. Харин дугуйтай давхидаг хэсэгт өөр хүн тоглосон.

-Хүмүүс аавыг нь Соном өвгөний дүрээр төсөөлдөг. Ер нь ямар зан араншинтай хүн байв?

-Аав Соном өвгөн шиг хүн шүү дээ. Тэр кинонд бараг л өөрөөрөө тоглосон. Гэхдээ дүрээ бодвол арай хөгжилтэй, сэргэлэн, нүүрэмгий, цоглог хүн байсан. Соном өвгөний дүр чинь их томоотой өвгөн шүү дээ. Аав маань хүнд мyy санадаггүй, их тусч хүн байсан. Ядарсан зүдэрсэн хүнд чадлаараа туслахыг хичээнэ. Би бас тэр занг нь дууриасан юм шиг байгаа юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү