Мэдээ

Ч.Ганхуяг: Том маань хариуцлаггүй эмчээс болж байсан. Харин бага маань ийм болчихлоо

“Хас”-аар овоглодог байж байгаад одоо “Ард”-аар овоглодог болсон Ч.Ганхуяг бичжээ.

“Хүүхэд бол хүний энэ амьдралдаа хийж болдог хамгийн том бүтээн байгуулалт гэж би боддог. Насан туршийн төсөл. Амьдрахын утга учир. Хосын дундаас ургаж гарч ирээд тэдний хайрын баталгаа, үе хоорондын холбоос, өвөг дээдсийн үргэлжлэл болдог. Томоор бол бидний ирээдүй, улс орны маргаашийн эзэд юм.

25 жилийн өмнө би аав болсон. Дашка 25 хүрлээ. Томчуул бидний – хариуцлагагүй эмчийн буруугаас энэ нартад заяагдсан амьдралаа хүртэж чадаагүй.

4 дүү нь дор бүрнээ л хичээж байгаа. Алдаж онодог л хорвоогоос хойш. Бага маань сургууль дээрээ явж байгаад нойтон шалан дээр хальтраад хөлөө хуга авсан. Томчуул бидний л буруу гэж харж байгаа.

Яс болно – эдгэрчих байх. Мөчтасарвал харин ургахгүй. Тархигэмтвэл сэргэхгүй. Амь үгүй болвол яаж ч харамсаад, гашуудаад нэмэргүй ээ.

Өчигдөр жиргээнд явсан нэгэн бичлэгийг үзээд нүд хальтирч, гол харлаж, яс хавталзав – том жийпээр гэмгүй яваа хоёр хүүхдийг тэгээд, хашлаганд хавсарч, чирч байгаа бичлэг.

Бид яагаад ийм явдлаас урьдчилан сэргийлэхгүй байна вэ? Замын ногоон зурвас тусгаарлалт, мод бут байж болох байсан. Тэр бетонон хана нь цаад талдаа байж болох байсан.

Тэр жолооч машин барихгүй байх ёстой байсан. Тэр хүнийг сургадаг курс нь чанартай байж болох байсан. Түүнийг цагдаа нь шалгаад зогсоох боломжтой байсан. Чададгүй бол хүн ухамсраараа жолооны ард суухгүй байсан. Гэвч тэгсэнгүй.

Хүүхдүүд гэмтэв. Ганц тэр жолоочийн бус энэ орчин нөхцлийг бий болгосон томчуул бидний буруу гэж бодно. Харин биднийг манай өмнөх үе ингээд байдагсан бол бид энд ингээд хэнэггүй царайлаад байж байх байсан уу?

Лав л миний аав, ээж, эмээ, өвөө, ах эгч, багш сурган хүмүүжүүлэгч, эргэн тойрон, нийгэм надад арай илүү гамтай, хайртай хандсан учраас би өнөөдөр энд оршино гэж хардаг. Талархдаг.

Хариуцлагатай байх уу, хэдүүлээ? Ирээдүйдээ гамтай хандаж эхлэх үү, дор бүрнээ?

Хэдүүлээ энд Монголын бүх үрсийн төлөө нэгэн ажлыг хамтдаа сэдэж, шинэ санаачлага эхлүүлэх үү гэж уриалья!” гэсэн байна.

Хутагт овогт Чулууны Ганхуяг (1973 оны 11-р сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн) нь Монголын бизнесмен. 2010 оны 12-р сараас 2012 оны 7 сар хүртэл Монгол улсын Сангийн дэд сайдаар томилогдон ажилласан.

Тэрээр 1991 онд Нийслэлийн тусгай 23-р дунд сургууль төгссөн.

Ганхуяг Монголын хөрөнгийн биржид 1991 оноос ажлын гараагаа эхэлүүлсэн байна.

Тэрээр 1993 онд Унгарын Эдийн засаг, төрийн захиргааны их сургуульд суралцахаар Будапештыг зорьсон юм. 1997 онд сургуулиа дүүргээд эх орондоо ирж Монгол Банканд хянан шалгагчаар ажиллаж байгаад 1998 онд НҮБ-ын “МикроСтарт” жижиг зээлийн төслийн удирдагчаар ажиллахаар болсон байна. Энэ нь ХАС банкийг байгуулах гол суурийг тавьж 1999 онд Монголын анхны банк бус санхүүгийн байгууллагыг байгуулсан юм.

“Хас банк” буюу анхны нэршил нь “Хөгжлийн Алтан Сан” үүсгэн байгуулагдсанаас хойш 2009 он хүртэл захиралаар нь ажиллаж байгаад, тус банкны толгой компани болох Тэнгэр санхүүгийн группийг удирдаж ажиллахаар болжээ. Ч.Ганхуяг 2006 оноос Унгар улсын өргөмжит консулаар ажиллаж байгаад 2009 онд Монгол улсын ерөнхий сайд С.Батболдын эдийн засаг, хөгжлийн асуудлын зөвлөхөөр томилогдсон.

Санхүүгийн холбогдолтой хуулийн төслүүд дээр хэд хэдэн парламентийн ажлын хэсэгтэй ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 2009 оноос Монголын Эдийн Засгийн Форумын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд 2010 онд Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан.

Мөн Ч.Ганхуяг нь Улаанбаатар Глобал Шейперс нийгэмлэгийн удирдагч юм.

Тэрээр олон төсөл, кампанит ажил, хурал чуулганыг зохион байгуулах санаачилан ажиллаж байсны дотор “Монгол Мөрөөдөл” төслийн үүсгэн байгуулагч, Туул голын сав газрын хог хаягдлаас цэвэрлэх “Та дэмж бид цэвэрлэе” кампанит ажил, 11 дахь удаагийн Бичил Санхүүгийн байгууллагуудын Чуулга уулзалтын санаачлагч, Хасын Хүлгүүд хөл бөмбөгийн болоод сагсан бөмбөгийн багийн үүсгэн байгуулагч гэх мэт.

Ч.Ганхуяг нь өөрийн хийсэн бүтээсэн ажлаараа олон нэр хүндтэй шагналыг хүртэж байснаас Дэлхий эдийн засгийн форумаас Дэлхийн залуу удирдагч 2009 шагнал, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Санхүүгийн шилдэг менежер 2000 шагнал зэргийг дурьдаж болно.

Тэрээр 2010 онд МАХН-д элссэн тухайгаа нэгэн ярилцлагадаа “Хэн нэгнийг унах гэж байхад нь эсвэл унах гэж байгаа бизнесээ аврах гэж би намд элсээгүй. Би 1997 оноос намтай ойр харилцаатай байсан. Банк өөрөө үйлчилгээний байгууллага тиймдээ ч банкны захирал намын төлөөлөлгүй байх ёстой. Иймээс банкаа удирдахаа больсны дараа намд элссэн” гэж ярьсан байна.

Олноо “Хас”-ын гэж анхлан танигдсан, Сангийн дэд сайд асан, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал, МАН-ын бага хурлын гишүүн Ч.Ганхуяг 2017 оны 7 сарын 17-нд намынхаа удирдлагууд, нийт гишүүдэд хандан, нээлттэй ил захидал илгээсэн билээ.

Уг захидалдаа тэрээр : “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар эрх барьсан гарааны нэг жилийн ажилдаа бид ард түмнээрээ дүнгээ тавиуллаа. Байдаг бүх хүчээрээ зүтгээд нийт сонгогчдын 25 хувь хүрэхгүй санал авна гэдэг нь зөвхөн нэр дэвшигчид тавьсан дүн биш гэдэгтэй маргах хүн гарахгүй байх…2016 оны сонгуульд барьж орсон мөрийн хөтөлбөрөөсөө бид томилгоо хийх эхний мөчөөсөө эхлээд яагаад буцсан юм бэ?

Бид энэ сонгуулийн өмнө яагаад татвар, шимтгэлийг нэмэв ээ? Заавал яагаад амлалтнаасаа ухран байж дунд ангийн татварыг нэмж, олон түмний унаалга, алаг үрсийн мөнгө, ахмад насны тэтгэврийг бид оролдох болсон юм бэ? Баг, сум, хороонд яагаад бид алдаад байна?

Аймаг, дүүрэг, хотын иргэд бидэнд яагаад итгэхгүй байна? Бид яагаад ялагдав? Өнгөтэй, өөдтэй бүхнээ явуулаад, эрх мэдэл бүхэл боломжоо дайчлаад, мөнгө, амлалтыг цацаад, хараар, элдвээр будаад бид иргэдийнхээ итгэлийг яаж ингэж алдав аа? 60 тэрбумын асуудлыг бид хэзээ нэг тийш нь болгох юм?

Намын гишүүд болоод анхан шатны байгууллагын итгэл, идэвхи, сахилга, хариуцлага ямар түвшинд байгаа вэ?” гэх мэтчилэн дурьдаад МАН-ын даргыг нийт гишүүдийнхээ саналаар сонгодог болох санал дэвшүүлсэн юм.

Тэгвэл энэ тухай болон бусад асуудлын талаарх түүний ярилцлага өчигдөр “Өдрийн сонин”-д нийтлэгджээ. Хачирхалтай нь түүний ярилцлагад Монголын улс төрийн болоод МАН-ын дотоод асуудалд маш ноцтой дүгнэлт хийж болох олон асуудал хөндөгдсөн байна. Тэдгээрийг хамтдаа дүгнэе.

Дүгнэлт 1: Сү.Батболдоос хойш МАН-ын шинэчлэл зогссон

Ч.Ганхуяг: С.Батболд намын дарга байхдаа намынхаа удирдлагуудыг Тэрэлжид цуглуулан уулзаж “Тэрэлжийн тунхаг”-ийг гаргаж байсан. Энэ үеэр шинэ үзэл баримтлал, шинэ дүрэм, нэр, зарчмуудыг гаргаж ирсэн. МАХН нэртэй байхдаа МАН-ын нэр тэндээс урган гарч ирсэн. 2012 оны сонгуулиар С.Батболдын Засгийн газар ажлаа өгснөөс хойш буюу Ө.Энхтүвшин, М.Энхболд нар намын дарга байх үеэс хойш энэ шинэчлэл зогсонги байдалд орсон.

Дүгнэлт 2 : 60 тэрбумын бичлэг үнэн худал эсэх асуудал нээлттэй хэвээр байна

Ч.Ганхуяг: Иргэдийн дунд яригдаад байгаа бүх асуудалд хариултыг өгч эргэлзээг тайлахгүйгээр цаашаа явж болохгүй. Би одоо энд ямар асуудал гэдэг дээр нэр цохож хэлмээргүй байна. Тэгээд ч би үнэн, худлыг нь тогтоодог байгууллага нь биш. Холбогдох тэр мэргэжлийн байгууллагуудаар үнэн. худлыг нь тогтоолгох ёстой.

Дүгнэлт 3: Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар нэр дэвшигч М.Энхболдын эсрэг ажилласан улс төрч, бүлэглэл МАН дотор байсан

Ч.Ганхуяг : М.Энхболдыг хэн дэгээдэж унагаав. Тэр хүмүүстэй хариуцлагыг тооцох хэрэгтэй.

Дүгнэлт 4: МАН Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд оролцохдоо хууль зөрчсөн

Ч.Ганхуяг: Сая сонгуульд мөнгө хол явсангүй. Эрх мэдэл, хүчний байгууллага ашиглагдаад ч явсангүй. Засгийн эрхийг барьсан, УИХ-д 65 суудалтай эрх мэдлийг атгасан хүмүүс бүхий л төр засгийн байгууллагуудын хүчийг дайчилж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлаад ч явсангүй. Ний нуугүй хэлэхэд төр захиргааны байгууллагууд, шүүх, хүчний байгууллагууд бүгд сонгуульд ажилласан. Тэгээд ийм дүн тавиулж байна. Тэгэхээр энэ нь болохгүй байгаагийн дохио.

Дүгнэлт 5 : Б.Чойжилсүрэн, Н.Баяртсайхан нар ОУВС-тай маш муу хэлэлцээр хийсэн

Ч.Ганхуяг: Өнгөрсөн есдүгээр сард татвар нэмэх тухай санал оруулаад ирэхээр нь хувийн хэвшлийн бид хэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзалдаж байж хойш татуулсан. Тэгтэл Сангийн яамнаас зээлийн эргэн төлөлттэй яг тулгаж байгаад дахиад оруулж ирэн хүчээр баталчихсан.

Батлуулахдаа Олон улсын Валютын санг барьцаа ахиулах боломжийг нь олгож, Монголын банкны эх үүсвэрээр дамжуулж гаргана гэсэн маргаантай заалт хийж байж барьцаа алдсан. Хэлэлцээрийн ширээний ард буурьтай суурьтай байдлаас хандахгүй бол нөгөө тал барьцаа улам ахиулах нь ойлгомжтой.

Дүгнэлт 6: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат,Сангийн Сайд Б.Чойжилсүрэн нар маш муу ажиллаж байна

Ч.Ганхуяг: Олон улсын Валютын сангаас орлогын төрлөө нэмэгдүүл, үргүй зардлаа тана гэсэн болохоос биш дөнгөж бүрэлдэн бий болж буй дунд ангийнхаа татварыг нэмээдэх гэж зөвлөөгүй. Хийдгээ хийгээд гавьяаныхаа амралтад гарах гэж буй хүмүүсийн насыг нэмээдэх гээгүй. Өнөөдөр амьдралд нь арайхийн хүрч буй цалингаас нь тэтгэврийн шимтгэл аваадах гэж захьж хэлээгүй.

Эрх баригчид ноолоход амархан гэж үзээд баялаг бүтээгчдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлж, ард иргэд хөдөлмөрчдөөсөө шууд хасч танаад эхэлсэн. Улсын төсвийн ямар зардлыг танаад ороод ирэв, татварыг аль хэсгээс нэмэв гэдгийг нь харахаар иргэдийнхээ нуруун дээр ачааг үүрүүлсэн харагдана.

Ийнхүү намаа шинэчлэх зорилготой гэх Ч.Ганхуягийн ярилцлагад товчхон логик дүгнэлт хийхэд л МАН-АН дэглэм хэрхэн ялзарсан хийгээд сонгуульд төр засаг, хууль хүчний байгууллагыг хүртэл дайчлан хууль зөрчиж оролцдог болсон төдийгүй эрх баригч МАН-д ихээхэн гүнзгий зөрчил бодитойгоор оршин байгаа ажээ.

“Өдрийн сонин”-ы 7 сарын 18-ны дугаарт нийтлэгдсэн, сэтгүүлч Б.Долзодмаагийн бэлтгэсэн “Ч.Ганхуяг: Сонгуульд оролцсон дарга нар өөрсдөдөө дүгнэлт хийж зайгаа тавих хэрэгтэй” ярилцлагыг дүгнэлтийн ишлэл болгон ашиглав.

Монгол Улс түүхэндээ анх удаа Засгийн газрын бондыг дэлхийн зах зээлд амжилттай арилжаалсан. Энэ нь Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд гаргах ажлынхаа эхлэлийг амжилттай хийлээ гэсэн үг.

Харин энэхүү их мөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулах, бонд гаргаснаар манай улсын эдийн засагт ямар давуу тал бий болох, ямар эрсдэл хүлээж байгаа талаар Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягийн байр суурийг сонирхлоо.

-“Чингис” бондын мөнгийг юунд зарцуулах эсэхээр манай улсын хөгжил хэмжигдэх нь дамжиггүй. Энэ мөнгө эдийн засагт орж ирснээр ямар үр дүн авч ирэх бол?

-Өмнө нь манайд нэг дор ийм их хэмжээний бэлэн мөнгө оруулж ирж байсан түүх байхгүй. Өнгөрсөн хугацаанд бид хаалттай хэлбэрээр дотооддоо бонд арилжаалах ажлыг 2008 оноос эхлүүлсэн. Мөн Хөгжлийн банк баталгаа гаргаж 2010 онд 500 сая ам.долларыг гаргасан. Мэдээж энэ бондын давуу тал гарч ирнэ.

Гэхдээ зөв удирдвал шүү дээ. Дэд бүтэц, төмөр зам аймгуудыг холбосон автозам, цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр, нисэх буудал гэх мэт бүтээн байгуулалтын ажилд энэ мөнгийг зарцуулбал ашигтай. Харин улстөрийн амлалт биелүүлэх зорилгоор ашиглавал бидний болон үр хүүхдийн маань нуруун дээр өрийн дарамт болж үлдэх аюултай.

Нэг талаас энэ асуудалд шийдвэр гаргасан нөхөд хариуцлагатай хандах ёстой. Нөгөө талаас парламент жинхэнэ утгаараа цөөнхтэй болж, хяналттай болбол илүү ил тод, ойлгомжтой, тунгалаг болно. Энэ бол зөвхөн эрх барьж байгаа аль нэг намын ашиг сонирхлын асуудал биш. Монгол Улсын хойч ирээдүйд том үр нөлөө авч ирэх шийдвэр юм.

-Эрх баригчдын зүгээс бонд арилжаалсан мөнгөөр шинэ бүтээн байгуулалт, дэд бүтэц, төмөр зам, хатуу хучилттай зам барих, уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах гэсэн ерөнхий жагсаалт хэлж байгаа нь учир дутагдалтай биш үү?

-Одоо тэгж хэлж байгаа боловч бүдүүн тоймоор ярих нь учир дутагдалтай. Төслүүд бэлэн байх ёстой. Яагаад гэвэл энэ мөнгө арванхоёрдугаар сарын 5-нд орж ирэх үеэс л бид хүү төлж эхэлнэ. Жилдээ монгол мөнгөөр бол 100 орчим тэрбум төгрөгийн хүү гэсэн үг. Өдөрт 25 сая төгрөг орчим болж байна уу даа.

-Зарим эдийн засагч таван тэрбум ам.долларыг ахадсан тоо гэж үзээд байгаа?

-Би дэд сайд байхдаа бонд гаргах талаар нэлээд хөөцөлдсөн. Харамсалтай нь тухайн үед боломж гаргаагүй. Хамтарсан Засгийн үед би “Чоно” бонд гэж гаргая гэж гадаад, дотоодын хэвлэлүүдээр их ярьсан. Ер нь бонд гаргана гэдэг бол хөгжлийг хурдасгах хэлбэр юм. Өнөөдөр Монголын эдийн засагт түгжрэл үүсгээд байгаа зүйлд зарцуулах ёстой. Тухайлбал, Нарны гүүрийг япончууд барилаа.

Үүнийг барьснаар эдийн засгийн эргэлт, хурдад яаж нөлөөлж байна гэдгийг тооцож болно. Жишээлбэл, өглөө ажилдаа очихын тулд бүтэн цаг зарцуулдаг байсан хүн 30 минут хэмнэснээр хагас цагийн хугацаанд үйлдвэрлэж, хийж бүтээх зүйл нь нэмэгдэнэ гэдэг утгаар ч юм уу, арай бага шатахуун түлш зарцуулна гэдэг байдлаар нь ч авч үзэж болно.

Үүнтэй адил шууд бус нөлөөлөл үзүүлдэг хөрөнгө оруулалтууд байгаа. Төмөр замаар нүүрсээ гуравдагч хөршид тээвэрлэх боломж бүрдэнэ гэдэг нь хөгжлийн чухал түлхэц болно. Энэ мэт байдлаар авч үзвэл бонд гэдэг нэг талдаа хариуцлага, нөгөө талаар эдийн засгийн бүтээмжийг бий болгож, 20, 30 жилийн дараа бид үр ашгийг нь хүртсээр байх болно. Хамгийн гол нь зөв зарцуулах ёстой.

-Монголын нэр хүнд дэлхийд сайн байгаа нь бондын арилжаанаас харагдаж байна. Энэ нь манай улсын хувьд том боломж ч байж болох юм. Тийм үү?

-Манай улсыг гаднынхан хангалттай үнэлж байна. Тийм учраас дээр хэлсэнчлэн зарцуулалтдаа анхаарах хэрэгтэй. Нэг удаа нэр хүндээ унагавал Грек, Португал, Испани зэрэг улсын араас хүссэн хүсээгүй орно. Амьдрал дээр хүртэл тэр нөхөр надаас мөнгө авчихаад өгөөгүй гэж гудамжинд яривал дахин тэр хүнд мөнгө өгөх хүн тухайн гудамжинд лав олдохгүй.

Үүнтэй адил чанаргүй зээлдэгч болж хувирна. Өөрөөр хэлбэл, бид энэ мөнгөө буруу зарцуулбал өрөнд унаж, өрөө дарж чадахаа байвал өнөө хүртэл үүний төлөө тэмүүлсэн олон хүний хүсэл мөрөөдлийг талаар болгоно гэсэн үг. Түүхэн үйл явдал бол түүхэн л үйл явдал байх учиртай.

-Засгийн газар бондоор зээл авлаа. Харин үүнийг дагаад хувийн хэвшлийн нэр хүнд, хандлагад өөрчлөлт орох болов уу?

-Өөрчлөлт гаралгүй яах вэ. Засаг өөрөө бондоор зээл авна гэдэг маань хувийн хэвшил очоод зээл авахад боломжтой болно гэсэн үг. Одоо хувийн компаниуд гаднын зах зээл дээрээс мөнгө босгож чаддаггүй, зөвхөн хувьцаагаа л зардаг. Харин энэхүү үйл явдал суурийг нь тодорхойлж өгч байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газар дөрвөн хувиар таван жилийн хугацаатай мөнгө босговол дараа нь Монголын нэг компани очоод таван жилийн хугацаатай мөнгө босгохдоо тухайн компанийн эрсдэлийн хэмжээг нэмээд 6.1 хувиар зээлдэх жишээтэй. Энэ бол нэг давуу тал нь болж байгаа юм. Иймээс үндсэндээ нэг намыг дэмждэг компани тендер авдаг явдлыг цэглэх хэрэгтэй.

Учир нь бид үүнийг босгохын тулд олон Засгийн газар, олон УИХ ажиллаж, хуулийн орчноо бүрдүүлж, Монгол Улсын нэр хүндийг өндөрт гаргах гэж маш уйгагүй ажилласан. Биднийг хэн ч тоодоггүй байхад л ингэж зүтгэдэг байсан. Уулзалт зохион байгуулахад 20 хүн хүрч ирчихээд 20, 30 мянган ам.долларын хөрөнгө оруулалтын тухай яригддаг байсан. Энэ бол 2001-2004 онд шүү дээ.

-Монгол Улс тогтвортой, найдвартай бизнес хийж болох юм байна гэсэн үнэлгээг олж авч чадсан гэж ойлгож болох уу?

-Ийм ойлголтыг төрүүлэхийн л тулд маш олон хүн ажилласан. Түүнээс биш энэ Засгийн газрын дангаараа гаргасан зүйл биш гэдгийг олон хүн мэднэ.

-Монгол Ардын Нам засаг барьж байхдаа бондын тухай ойлголтыг шинэ төвшинд гаргаж тавьсан. Таныг “Чоно эдийн засаг” хэмээх лекц уншиж байхыг чинь хүртэл мэдэх юм. Гэхдээ одоогийн тоймчдын бичиж буй нийтлэлүүдийг ажиглахад Монголын нэр хүнд сайн байгаа нь сайн засаглалаас биш байгалийн баялаг, тогтоогдсон нөөцөөс шалтгаалж байна гэж үзэх нь илүү давамгайлдаг юм билээ?

-Байгалийн баялаг бол байсан зүйл. Одоо орчин нь л чухал. Ардчилсан улс гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. Хэн ч Монгол бол ардчилсан улс биш гэж хэлэхгүй шүү дээ. Харин тийм болгох гээд байгаа сонирхолтой хүн цөөнгүй байгаа байх. Хэт хүчээр далайлгах, шүүх эрх мэдэл, хүчний байгууллагыг ашиглаж улстөрийн зорилгодоо хүрэх тийм ойлголтыг төрүүлэхүйц үйл явдлууд болж байна.

Гэхдээ 20 гаруй жил яваад ирсэн зам, зах зээл үйлчилдэг гэдэг итгэлтэй болгосон учир сүүлийн хэдэн сарын үйл явдал үүнийг арчиж чадахгүй байгаа юм. Одоо бол хувийн хэвшил дээр очоод “Чи үнээ хөдөлгөж байна, хэдэн зуун сая төгрөгөөр чамайг торгоно” гээд яг социализмын үе шиг авирлаж байгааг гаднынхан мэдэх юм бол гайхна шүү дээ.

Очоод л хувийн хэвшил, үндэсний хэдэн компаниудаа дээрэмддэг, хаадаг, бүр хөл гарыг нь боодог тийм улс болж байгаа юм шиг мэдрэмж төрөхүйц хэмжээний үйлдэл бол бий. Тэрийг бидний шилжилтийн үе дуусаагүй, цаашид төлөвших үйл явц л явагдаж байна гэж ойлгохоос өөр аргагүй.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү