Мэдээ

Ч.ГАНХУЯГ: 25 жилийн өмнө би аав болсон. Дашка 25 хүрлээ. Томчуул бидний – хариуцлагагүй эмчийн буруугаас энэ нартад заяагдсан амьдралаа хүртэж чадаагүй.

Хүүхэд бол хүний энэ амьдралдаа хийж болдог хамгийн том бүтээн байгуулалт гэж би боддог. Насан туршийн төсөл. Амьдрахын утга учир. Хосын дундаас ургаж гарч ирээд тэдний хайрын баталгаа, үе хоорондын холбоос, өвөг дээдсийн үргэлжлэл болдог. Томоор бол бидний ирээдүй, улс орны маргаашийн эзэд юм.


25 жилийн өмнө би аав болсон. Дашка 25 хүрлээ. Томчуул бидний – хариуцлагагүй эмчийн буруугаас энэ нартад заяагдсан амьдралаа хүртэж чадаагүй.
4 дүү нь дор бүрнээ л хичээж байгаа. Алдаж онодог л хорвоогоос хойш. Бага маань сургууль дээрээ явж байгаад нойтон шалан дээр хальтраад хөлөө хугалсан. Томчуул бидний л буруу гэж харж байгаа.

Яс болно эдгэрчих байх. Мөч тасарвал харин ургахгүй. Тархи гэмтвэл сэргэхгүй. Амь тасарвал яаж ч харамсаад, гашуудаад нэмэргүй ээ.
Өчигдөр жиргээнд явсан нэгэн бичлэгийг үзээд нүд хальтирч, гол харлаж, яс хавталзав – том жийпээр гэмгүй яваа хоёр хүүхдийг мөргөөд, хашлаганд хавсарч, чирээд, зэрэмдэглэж байгаа бичлэг.

Бид яагаад ийм явдлаас урьдчилан сэргийлэхгүй байна вэ? Замын ногоон зурвас тусгаарлалт, мод бут байж болох байсан. Тэр бетонон хана нь цаад талдаа байж болох байсан. Тэр жолооч машин барихгүй байх ёстой байсан. Тэр хүнийг сургадаг курс нь чанартай байж болох байсан. Түүнийг цагдаа нь шалгаад зогсоох боломжтой байсан. Чададгүй бол хүн ухамсраараа жолооны ард суухгүй байсан. Гэвч тэгсэнгүй. Хүүхдүүд гэмтэж бэртэв. Ганц тэр жолоочийн бус энэ орчин нөхцлийг бий болгосон томчуул бидний буруу гэж бодно. Харин биднийг манай өмнөх үе ингээд байдагсан бол бид энд ингээд хэнэггүй царайлаад байж байх байсан уу? Лав л миний аав, ээж, эмээ, өвөө, ах эгч, багш сурган хүмүүжүүлэгч, эргэн тойрон, нийгэм надад арай илүү гамтай, хайртай хандсан учраас би өнөөдөр энд оршино гэж хардаг. Талархдаг.
Хариуцлагатай байх уу, хэдүүлээ? Ирээдүйдээ гамтай хандаж эхлэх үү, дор бүрнээ?


Хэдүүлээ энд Монголын бүх үрсийн төлөө нэгэн ажлыг хамтдаа сэдэж, шинэ санаачлага эхлүүлэх үү гэж уриалья!

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү