Мэдээ

Ээж аавтай хүүхдүүд тэдэндээ уурладаг гэж үү. Би байсан бол алхамч холдохгүй хөтлөөд явах байлаа

Өнөр бүлд хүн болон өдгөө ажил амьдралын гараан дээр гарсан жирийн нэгэн залуу би анх удаа олон нийтийн группт тэр дундаа далавчгүй сахиусан тэнгэрүүд нэртэй эмэгтэйчүүдийн группт захидал бичлээ.
Та бүхэн хүлээн авна уу.

Маш олуулаа багшийгаа ээж гэж дуудан ширхэг чихэрээ ч тэнцүү хуваан бүхнийг дүү нартаа амь нэгтэй гэр бүлийн гишүүн байлаа. Янз бүрийн шалтгаанаар хүүхдүүд ирдэг. Заримдаа нэг айлын хүүхдүүд ах дүү нарч ирдэг.

Том болсон хойноо ч ирдэг. Харин би хоёрхон настайдаа очсон гэдэг. Дөрвөн ханатай хүйтэн гэрт хананаас уяатай хоолгүй хоёр хоночихсон уйлсаар байгаад хоолой цахиртаж сөөсөн байхад минь олсон юм билээ.

Сургуульд ороод өөрийгөө арай өөр, жирийн хүүхэд биш юм байна гэсэн ойлголт хүчээр авч эхэлсэн санагддаг. Ээж аав нь хүргэж өгч байгаа үеийнхээ хүүхдүүдийг хараад бодол болон зогсоно. Аав нь авахаар ирэхдээ дургүй чихэрийг нь бариад ирсэнд уурссан хүү газар дэвслэн эрхэлж байгааг хараад бас гайхна.

Сонин юмаа ээж аавтай хүүхдүүд тэдэндээ уурладаг гэж үү. Би байсан бол алхамч холдохгүй хөтлөөд явах байлаа. Юмтай хүн сайхан юм даа гэж атаархан , ээжтэй аавтай хүүхдүүдийн арай бардам илүү итгэлтэй дүр төрхнөөс жаахан бишүүрхэн доош гудайн алхдаг байсан.

Миний гэр бүл, Миний аав, Миний ээж гэдэг зохион бичлэг жил бүр зоолттой хийдэг байсан үе. Юу бичихээ мэдэхгүй хумсаа оролдон партан дээрээ элдвийн юм бичиж өнгөрөөдөг байлаа. Тэгээд ер нь нэг барагцаа байдын.

Асрамжаас төгсөөд явсан, амьдралд хөл тавьсан ах эгч нарыг харахад ихэнх нь дундаж гэхдээ нэлээн чадлаа харуулж зовж хичээж мэрийж өөрийгөө нотолж байж дундаж амьдарна , үлдсэн цөөхөн хувь нь шантарсан цөхөрсөн хэцүүхэн өдөр хоногийг өнгөрөөж яваа ч харагддаг.

Би тэр үед насанд хүрээд өөрөө амьдралаа босгоод явахдаа нэг их амжилттай явахгүй байхдаа би ч иймэрхүү л байх болов уу гэж өөрийгөө нэлээн чамалдаг байсан. Дунд ангид ангийн нэг найз гэртээ play station тай байсан юм.

Би их гайхдаг байж билээ. Хөөх тоглоомын газар биш бүр айлд ийм тоглоом байх гэж. Гоё байдаг байхдаа. Хүссэн үедээ тоголдог байхдаа. Шөнө унтаж байгаад гэнэт нойр нь хулжингуут босч ирээд л тоголдог байхдаа.

Сайхан юм. Эсвэл уйдчихсан байдаг болов уу гэхдээ л сайхан юм. Гэж бодож явдаг байлаа. Энийг атаархал гэх хэцүү нэг тийм элэг бүтэн амьдралийг өөртэйгээ харьцуулж хөөх , ийм байдаг байхнээ , хүүх гэж гайхаж явдаг байсан гэхүүдээ.

Айдастайгаа нүүр тулсан. Би биеэ даан төвөөсөө явах өдөр ирж том хүн болсон. Шөнийн цэнгээний газар хамгаалагч хийж политехник коллежийн 3р дамжаанд маш сайн сурагч, багш нарын хайртай шавь байлаа.

Жижиг сажиг засал, халтуур мундахгүй. Олсон мөнгөө дэмий үрэн уруу татагдан шоу цэнгээнд хэсэг үрж үзэв. Биш юмаа. Над шиг орох оронгүй түрээсийн хашаанд байдаг хүн баярлаж цэнгэж , олсон мөнгөө караоке баранд үрж явах нь уруудахын шинж байсан.

Аз болж оройтоогүй ойлгов. Яг тэр үед эхнэртэйгээ танилцсан. Өнчин өрөөсөн надад өнөр өтгөн ах дүү олонтой айлын отгон охин таарсан юм. Хадамдаа гологдвоо хө. Бас болоогүй. Хүлээн зөвшөөрөгдөж чаддаггүй дээ.

Яасан ч суулгахгүй гэж байна. Гүрийгээд л байсан. Ажил төрөлтэй орох оронтой болчоод миний охины толгойг эргүүлээрэй гэж хадам хэлэв. Зөвч байсан. Хэнч хайрлаж өсгөсөн охиноо шавар шохой болсон ажлын хувцастай, уулын энгэрт айлын хашаанд түрээсээр суудаг ямарч хамаатан садангүй гарал угсаа тодорхой биш хэнч биш залууд өгөхгүй байсан байх.

Эхнэр маань тэр үед ээжийгээ дийлэх гэж гараа зү сч айлгаад ч бараагүй юм даа. Амьдралын шаардлагаар нэг жил орчим салж билээ. Эр хүн болж түүнийгээ нүүр бардам гуйхаар очихын тулд. Тэсэхгүй дундуур нь шөнө уулзнаа.

Цонхон доор нь очоод залгана. 3310 барьдаг од болж байсан үе. Эхнэр маань хоёр давхраас дамжаад буучихдаг л байсан юм даа. Тэгээд тэврэлдэж зогсож байгаад буцаад орно. Үе үе үүрээр ажлаа тараад тагтруу нь дамжин нохой шувуу шаагиулан өрөөнд нь орж. түүнийгээ тэвэрч унтаад өглөө хэнч сэрээгүй байхад буцаад орж ирсэн газраараа буудаг байлаа .

Жил гаран хичээж шүдээ зууж , эр хүний шар хорыг санаж гүрийсний эцэст иж бүрэн таван ханат гэр худалдан авч цоо шинэ хулдаас авчирч дэвсээд айлд хэрэгтэй бүх л юмаар өөрийнхөө чадлаар тоноглов.

Бүр шарах шүүгээ авч тавьсан. Нөгөө хүүхэд байхдаа гайхаж шогшорч , шөнө босоод тоголдог болов уу яадаг бол гэж санааширч байсан play station тоглоомоо авч тавив. Хорхойгоо дарагдтал тоглож авав. Итгэж өгөхгүй ингээд гэрт маань энэ тоглоом байж байна гэж үү дээ гээд баярлаад явчихна.

Гэхдээ шөнө сэрж тоголдоггүй юм билээ. Тэгж их мөрөөддөг байсан байж. Ингээд хадаг сүү бариад хадамынхаа хонхыг дарсан. Хайртай хүнээ ч гуйсан. Хадам ээж зөөлөрсөн. Хүргэн хүү болсон доо.

Оргүй хоосноос эхэлсэн миний амьдрал таван ханат гэрт дөрвөн жил аз жаргалтай амьдарч гурвуулаа болоод шинэхэн байшингаа барихаар хундаам цутгаж явлаа. Дөрвүүлээ болоод байшингаасаа мөн адил анх удаа хөлс хүчээрээ өөрийнхөө нэр дээр орон сууц худалдан авч нүүж байлаа.

Саяхандаа. Бас нэг мууртай болов. Удахгүй нохой авна гэж зарлиг буулгасан охин маань. Нэг л мэдэхэд хэнч биш байсан залуу хүний нөхөр , хүүхдүүдийн аав, хэсэг хүмүүсийг нэгтгэсэн жижигхэн коппанийн эзэн болжээ.

Чиний голоод байгаа зүйл өөр нэгний хүсээд ч олдохгүй тансаглал байж болно гэдэг шиг яг л хэзээч надад ирэхгүй хол байсан тэр бүх мөрөөдөл гэр бүл хайр одоо өглөө өдөр оройч хамт .

Ганц хүн олуулаа болж болдог юм байна лээ. Өнчин хүн үндэс нахиагаа ургуулан өрхийн тэргүүн болоод шинээр амьдарч болдог юм байна. Нэг их шунахгүй сайхан баярлаж талархаад явахад энэ амьдрал зөөлөн шүү.

Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд Группт

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү