Мэдээ

Э.Цэндбаатар: Бооцооны мөнгөө аваагүй. Тэмцээнд орсон биш өрөнд ороод дууссан /ВИДЕО/

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, холимог тулаанч З.Шинэчагтага нар өнгөрсөн есдүгээр сарын 9 /2022.09.09/-ны өдөр 600 сая төгрөгийн бооцоотой халз тулалдсан билээ. Тус тэмцээнд Э.Цэндбаатар ялалт байгуулж, 600 сая төгрөгийн эзэн болсон байдаг.

Гэвч тэрбээр энэхүү бооцооны мөнгөө өнөөдрийг хүртэл аваагүй гэх мэдээлэл байгаа. Харин түүнтэй хамт тулалдсан холимог тулаанч З.Шинэчагтага “Бооцооны мөнгөө өгсөн. Э.Цэндбаатар мөнгөө авсан” гэдгийг тодотгоод буй юм.

Тиймээс бид уг асуултын хариултыг нэхэж, гавьяат тамирчин Э.Цэндбаатартай утсаар холбогдох гэсэн ч хариулт өгөхгүй байсан учир түүний гэрийг нь зорьж очиж, түүнээс өөрөөс нь бооцооны мөнгөө авсан эсэхийг тодрууллаа.

ВИДЕО:

-БООЦООНЫ МӨНГӨӨ ӨГӨХ БАЙХ ГЭСЭН ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА-

-Та халз тулааны бооцооны мөнгөө авсан уу. Халз тулалдсан З.Шинэчагтага “Бооцооны мөнгөө өгсөн. Таныг авсан гээд мэдэгдээд байгаа. Та энэ талаар мэдээлэл өгөөч?

-Бооцооны мөнгөө авсан бол энд гэр хороололдоо амьдрахгүй л байсан шүү дээ. Гэхдээ өгнө байх гэсэн хүлээлттэй л байж байна.

-Анхнаасаа бооцооны мөнгөө төвлөрүүлсэн байсан юм болов уу. Яагаад одоо болтол бооцооны мөнгийг өгөхгүй байгаа юм бол?

-Хоёр талаасаа итгэлцлээр тохиролцсон байсан юм. Миний талаас 300, Шинээгийн ах нарын талаас 300 сая гэж ярьсан. Тулаан гоё болж өнгөрсөн. Тухайн үед өөрийгөө харуулсан. Хэрэв мөнгөө авсан бол аль хэдийнээ АНУ руу дараагийнхаа тэмцээнд оролцохоор явах байсан. Тэмцээнд орсон биш өрөнд ороод л дууссан.

-Уучлаарай. Яагаад тэмцээнд ороод өрөнд ордог билээ?

-Надаас шалтгаалах зардлууд байсан юмаа.

-Та бүхэн тулааны өмнө бооцооны талаар ямар нэгэн байдлаар эрх зүйн акт үйлдсэн зүйл байдаг юм болов уу?

-Тийм юм байгаагүй ээ. Анхнаасаа гэрээ хийгээгүй. Зүгээр л ярилцаад тохиролцсон байсан. Шинээгийн ах нар, бас манай ах нар хоорондоо тохиролцоод “За зү” болчхоод тэмцээний дараа тэгээд л замхарсан гэх юм уу даа.

-Анх тэмцээнийг ямар хүмүүс зохион байгуулсан юм бол?

-Шинээ бид хоёрын дунд үүссэн байсан маргааныг ах нар гудамжинд бус зүгээр шууд рейнгэн дээр учраа олъё гээд тулалдахаар болсон юм.

-Манай ах нар, тэдний ах нар гэдгийг тодруулж ярих боломжтой болов уу. Та бооцооны мөнгөө босгосон байсан уу?

-“Колорс теч”-ээс миний бооцооны мөнгийг босгож өгсөн байсан. Шинээгийн ах нарыг ямар компанийг нь би сайн мэдэхгүй байна.

-Тухайн үед та бүхнийг хэвлэлийн хурал хийж байхад загвар өмсөгч О.Билгүүн, сэтгүүлч Болдко нарын хүмүүс байсан. Тэр хүмүүсийг зохион байгуулсан юм болов уу гэж харж байсан?

-Тэд нар хамаагүй ээ. Бид хоёрын голд хүн байх ёстой байсан. Тэгэхгүй бол бид шууд маргалдах гээд байсан юм.

-Бооцооны мөнгөө авбал байр авна гэсэн зүйл ярьж байсан. Мөн хүүхдийн эмчилгээнд зарцуулна гэж амлаж байсан тийм ээ?

-Тийм ээ. Ярьж байсан бүх зүйл замхарсан. Хүмүүс бүгдээрээ худлаа яриад байгаа юм чинь яах вэ дээ. Одоо хангалттай ш дээ.

-БИ ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙГАА-

-УИХ-ын гишүүд бас саяхан хэвлэлд өгсөн тодруулга ярилцлагадаа “Энэ хүүхэд гоншигноод байна. Бараг өгөхгүй, өгөх ч албатай биш гэх тайлбарыг өгсөн байсан. Та үүнийг үзсэн үү?

-Надад хамаагүй ээ. Өгнө үү, байна уу надад ерөөсөө хамаа алга. Ер нь бол би өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байгаа. Хөөрхөн хоёр охинтой. Би одоо зүгээр тайван баймаар байна. Зүгээр л би өөрийгөө хэн болохоо харуулсан. Үнэлнэ үү, байна уу надад хамаа алгаа. Надад бол зүгээр бодсон юм байгаа. Би нээх аймар юм яримааргүй байна.

-АНУ руу тэмцээнд явах гэж байгаа тэнд тулаанд оролцоно гэсэн зүйл мөрөөдөл, зорилгоо ярьж байсан. Энэ асуудал нь юу болж байгаа бол?

-Би гэрээн дээрээ гарын үсэг зурсан байгаа. Зардлын мөнгө бүтчихвэл ойрдоо л явна даа. Олон хүн худлаа яриад байгаа болохоор жаахан сэтгэл тиймхэн л байна. Хүнд ер нь худлаа ярихгүй шударга л байх ёстой. Ер нь хөдөлмөрлөөд өөрийгөө харуулаад л байхад худлаа ярьдаг хүмүүс сэтгэл эмзэглүүлдэг. Зүгээр попордог. Зүгээр л попрохоо больчихвол улам нийгэм хөгжинө дөө. Би өөрийнхөө чаддаг юмыг сайн хийдэг. Одоо тэгээд бодсон юм байгаа. Зүгээр гадагшаа л явъя доо зүгээр. Монголд ер нь л хэцүү байна шүү дээ.

-Дэлхийн жишигт нийцсэн энэ тэмцээнийг зохион байгуулчхаад ялагчид мөнгийг нь өгөөгүй байна гэдэг нь хэн нэгэн хүн бооцооны мөнгийг авсан юм биш биз дээ. Энэ нь залилангийн шинжтэй үйлдэл биш юм биш биз дээ гэх хардлага байгаад байна л даа?

-Ер нь бол тийм юм байхгүй ээ. Тоглолт болдгоороо болсон. Бооцооны мөнгөн дээрээ нөгөө хэд нь л худлаа ярьсан байх.

-Залилсан гэдэг асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах боломж байгаа болов уу?

-Би одоо зүгээр л өөрийнхөө чаддаг юмыг сайн хийгээд бэлтгэлээ хийгээд хэл амнаас хол тайван л баймаар байна өөрийнхөө чаддаг бэлтгэлээ сайн хийж байгаа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү