Мэдээ

Өнөөдөр Энхбат начиныг дурсах өдөр. Учир нь

Монгол улсын өсөх идэр начин Энхбат нь 1984 оны 10 сарын 16-нд төржээ. Гэвч тэр харамсалтайгаар 2021 оны 12 сарын 24-нд өөд болсон юм.

Монгол бөхийн дэвжээнд улсын начин Э.Энхбатай хөөрөлдөж байсан дурсамжтай ярилцлага.

-Үндэсний бөхөөр анх ямар барилдаанд амжилт үзүүлж байв?

-Багадаа барилддаг хүүхэд байсан. Аймагтаа есдүгээр ангид суралцаж байхдаа О.Эрдэнэ-Очир багшид шавь орсон. 2001 оны үндэсний бөхийн УАШТ-д дөрөвдүгээр байрт орсон нь анхны том амжилт юм даа.

-Хотод орж ирээд хэний удирдлагад хичээллэх болов

-2002 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн оюутан болсон. Тэр үед үндэсний болон жүдо бөхийн хичээлийг улсын начин Б.Адъяахүү, Х.Маралгэрэл багш заадаг байсан. Мөн талийгаач, улсын начин П.Ганбаяр ах дээр жил гаруй бэлтгэл хийсэн. Энэ хүн аавын минь оронд аав болсон, надад бөхийн эрдэм зааж сургасан ах маань байсан. Тэгээд удалгүй улсын шигшээд багтаж, Насаа багшийн шавь болсноор одоо хүртэл бөхөөр хичээллэж байна.

-Улсын наадмын торгон дэвжээнд анх зодоглож байсан үеэ дурсвал?

-Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадамд анх барилдаж, гурвын даваанд Говь-Алтайн аймгийн заан Б.Отгонбаатарт унасан. Дараа жил нь гурвын даваанд дөрвөн аймгийн арслан үлдсэн нь олимпийн аварга Н.Түвшинбаяр, Н.Ганбаатар, Б.Золбаяр, бид хэд. Тэгээд Түвшээ намайг давсан юм. Харин дараа жил нь дөрөв давж, тавд гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодсон.

-Тухайн үед таны жин хэд байв?

-80 гаруй кг байсан. Харин одоо 100 кг болоод байна

-Улсын цол авсан 2010 наадмын талаар эргэн дурсахгүй юу?

-Тэр жил залуу бөхөөр нэг даваад, хоёрын даваанд аймгийн заан Л.Пүрэвжав, гуравт Б.Адъяахүү начинг, дөрөвт Г.Элбэг харцагаар тус тус давж. начны даваанд улсын гарьд И.Доржсамбуугаар цол хүртээд дараагийн даваанд нь тэр жил заан цолны болзол хангасан М.Өсөхбярт өвдөг шороодсон.

-Ахмад бөхчүүд цолоо батлах амаргүй гэж ярьдаг. Харин та өнгөрсөн зун дахин шөвгөрсөн…

-Өнгөрсөн зун би Нүхтэд жүдогийхонтой бэлтгэлд гарсан. Тэр үеэр зодог шуудгаа ганц хоёр л өмссөн байх. Байнга кимонотой бэлтгэл хийгээд биеэ борлуулж чадаагүй болохоор намайг үндэсний бөхийн бэлтгэл хийгээгүй гэж олзолсон байж магадгүй юм. Тавын даваанд Т.Өсөх-Ирээдүй харцага намайг амлаад барьц сонголтоор би давж цолоо баталсан. Одоо ч наадмын нэг хоёрын даваа өнгөрөөд л ихэнх барилдаан шахааны барьцаар шийдэгддэг болж дээ.

-Ид барилдаж буй бөхийн хувьд асуухад хугацаа болон шахааны барьцны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Нэг талаар өрсөлдөөн улам ширүүн болсон энэ үед нэг, хоёрын давааны барилдаан шиг дайраад хаях боломжгүй болсон. Иймд үзэгчдийг чилээхгүйн тулд хугацаа, шахааны барьц шаардлагатай байх. Нөгөө талаар хүчтэй учраатай таарсан бөх азанд найдаж шодолт хүлээх болсон. Зөвхөн унахгүйн төлөө барилдвал цаг дуустал тэсээд, шодолтод найдаж болно л доо. Гэхдээ энэ нь уран гоё барилдааныг үгүй хийх сөрөг талтай. Ер нь шодолтоор барьц сонгосон бөхийн давах магадлал нь бараг 80 хувь санагддаг.

-Сүүлийн үед бөхчүүд хүнд жинтэй болохыг эрхэмлэдэг болсон. Харин таны хувьд жин багатай хэдий ч бярдуулалгүй барилддаг онцлогтой…

-Энэ бол жүдо бөхөөр тууштай хичээллэж, багаасаа том биетэй бөхчүүдтэй гар зөрүүлж, барилдаан сурсны ач тус байх.

-Танд барилдаан таардаггүй бөх бий юу?

-Байна аа байна. Ерөнхийдөө урд нь огт барилдаж үзээгүй бөх л эвгүй байдаг.

-Даамай сайн хийж сурахыг хүсдэг мэх байдаг уу?

-Уг нь байдаг л даа, гэхдээ жин, бяр ихтэй бөхчүүд тулж зогсоод шахааны барьц хүлээдэг байдал нь угсраа мэхтэй, уран барилдаан үгүй болоход нөлөөлж байна. Тиймээс шахааны барьцыг үгүй болгочихвол бөхчүүд олон төрлийн мэх хийх байх.

-Хүүхэд байхдаа хэний барилдааныг шимтэн үздэг байв?

-Ц.Цэрэнпунцаг гарьдыг их дэмждэг байсан. Түргэн шуурхай барилдаан нь миний сэтгэлийг татдаг байсан. Тухайн үед бага байсан болохоор анзаардаггүй байж.

-Бөх хүнийг төлөвшүүлдэг жудаг гэж гайхамшигтай юм байдаг. Гэвч сүүлийн үед тахим авч, өгөх ёс жаяг дээр таагүй дүр зураг цөөнгүй ажиглагдах боллоо. Энэ тал дээр таны бодлыг сонирхъё?

-Яахав, богино хугацаанд өндөр цолонд хүрчихсэн, унаж сураагүй зарим бөхчүүдийн хувьд тахимаа өгч, ард олноо хүндлэлгүй яваад өгөх тохиодол харагддаг. Үүнээс болж үзэгчид дэвжээ рүү янз бүрийн зүйл шидэж эсэргүүцдэг. Гэхдээ шуурхай сайхан барилдаантай, зэрэг дэвж гүйдэггүй, давсан ч, унасан ч гүдэсхэн сайхан бөхчүүд олон бий.

-Боломжийн амьдралтай хүмүүсийн тоонд бөхчүүд ордог. Гэтэл ард түмний хайр хишгээр сайн сайхан амьдарч байж үзэгчдээ хуурч, цол наймаалцдаг болсон нь нууц биш. Энэ талаар залуу бөхийн хувьд юу хэлэх вэ?

-Ер нь ийм тохиолдол их байдаг л даа. Урьд өмнө нь огт хараагүй аймгийн цолтой залуу гэнэт гарч ирээд улсын цол авчихаар бид ч гайхдаг. Гэхдээ үнэн хүчийг үзээд хаялцаж байгаа бөхчүүд ч байна. Харин хүмүүс цол наймаалцдаг хэдхэн бөхөөс болж бүх бөхчүүдийг найраанд оролцдог гэж буруу ташаа ойлголттой байдагт харамсдаг.

Харин намайг нутгийн ах маань тавын даваанд дэмжсэн нь үнэн. Би өөрийгөө энэ цолыг авахад ард түмэн гайхаад байхааргүй боломжийн барилддаг гэж боддог. Тэр үед манай нутгийн зөвлөлөөс цолыг маань мялааж надад таван сая төгрөг өгч байсан.

-Та Лондоны олимпийн эрх авах тун дөхсөн. Юу нь болсонгүй вэ?

-Олимпийн наадамд оролцохыг хичээсэн. Гэвч энэ удаагийн наадамд зодоглох цаг нь биш байсан юм байлгүй дээ.

-Та Н.Түвшинбаяр аваргын бэлтгэл хангагчаар явсан. Тиймээс Түвшинбаярын мөнгөн медальд таны хувь нэмэр багагүй байсан гэж ойлгож болох уу?

-Зөвхөн намайг бэлтгэл хангагчаар явсан гэж хүмүүс ойлгоод байх шиг байна. Нийт долоо, найман хүний хүч хөдөлмөрөөр энэ амжилтад хүрсэн.

-Та Түвшээ аваргатай хэдийнээс нөхөрлөсөн бэ?

-Бидний нөхөрлөл наймдугаар ангиас эхэлсэн. “Аварга” дээд сургуулийн оюутан болж, өдий хүртэл хамтдаа бэлтгэл сургуулилтаа хийн сайхан найзалж байна. Шинэ жилээр Түвшээ маань өвлийн өвгөн болж, манай хүүхдүүдэд бэлэг өгч, гэр бүлийнхэнд маань гэнэтийн бэлэг барьсан.

-Та найзынхаа ямар зан чанараар бахархаж явдаг вэ?

-Манай найз гайхамшигтай сэтгэл зүйн бэлтгэлтэй хүн. Ямар ч бэрхшээл тохиолдсон давна туулна, ялна дийлнэ гэж зүтгэдэг. Энэ онцлог нь түүнийг олимпийн алт, мөнгөн медаль хүртэхэд нөлөөлсөн гэж боддог.

-Олимпийн аваргатай арваад жил нөхөрлөсний хувьд Бээжингийн олимпод алтан медалийн болзол хангах тэр агшинд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Лондоны олимпийн хувьд би медаль авна гэдэгт нь бүрэн итгэлтэй байсан. Харин 2008 оны олимпод алтан медаль авсан тэр үе нь зүүд шиг л санагдсан. Нэг хоёр хоногийн дараа л бүрэн итгэж билээ. Тэр үед найзаараа үнэхээр бахархаж байсан.

-Жүдо болон үндэсний бөхөөр хослуулан хичээллэхийн ач тус юу вэ?

– Дархан аварга X. Баянмөнх, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэн даян аварга Г.Өсөхбар, А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар, улсын гарьд Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, П.Сүхбат улсын харцага Д.Сэрээт нарын тив дэлхийд алдарт, бөхчүүд бүгд л их спортоор хичээллэж, өндөр амжилт үзүүлсэн. Иймээс миний хувьд аль алиндаа маш их ач холбогдолтой гэж бодож явдаг.

-Сайхан наадсан уу. Наадмаас хойш хаагуур явж барилдав?

-Сайхан наадлаа. Баяр наадмаас хойш ийшээ тийшээ явж зодоглосонгүй ээ. Эндээ л байлаа. Маргаашнаас хөдөө гадаа явахаар төлөвлөөд сууж байна.

-Таван жилийн дараа улсын наадамдаа дахин шөвгөрлөө. Шөвгийн давааны ам тань олон хүний сонирхол татсан шүү дээ. Аралтай начин Амарзаяагаас ямар хий, зай харж амласан бэ?

-Энэ жилийн тухайд бэлтгэл сайн байсан. Тавын даваанд би таван хүнээс ам авахаар нэр сонссон. Д.Амарсайхан начингаа амлачих юм бол нутгийнхан муу хэлээд унах биз. Б.Амарзаяа, аймгийн арслан Ц.Сандагдорж хоёрын нэгийг амлаад барилдъя гэсэн бодол толгойд бууж байгаа юм. Өмнөх даваанд Амарзаяагийн алхаа гишгээг анзаарахад давхар аччихаж болох юм шиг санагдаад болдоггүй. Ингээд л шийдсэн дээ. Барилдаан яг л миний төлөвлөж байснаар болсон. Анарын тухайд энэ жил онцгой сайн байсан. Б.Орхонбаяр гэж хүүгийн од нь гүйчихсэн байсан шүү дээ. Юу ч хийж мэднэ. Осолтой.

-Дөрвийн даваанд сайн найзтайгаа оноолт таарсан. Чанга гэхээс илүү барилдахад халгамаар оноолт басан болов уу. Г.Отгонбаатар арслангийн тухайд олон жил улсын цолны тааварт сайн барилдаж байгаа шүү дээ?

-Хэцүү байсан шүү. Бид хоёрын тухайд наадмын дэвжээнд хоёр дахь удаагаа оноолт таарч байгаа маань энэ. Отгоо олон жил тууштай хөдөлмөрлөж байгаа бөх. Улсын цол авах байх аа.

-Та 2012 оны наадмаар начин цолоо батлаад П.Бүрэнтөгс арсланд өвдөг шороодож байсан. Энэ жил харцага цолны даваанд дахиад л уналаа. Ямар барилдаан төлөвлөж гарсан бэ?

-П.Бүрэнтөгс арслангийн барилдаан надад эвгүй байдаг юм. Илүү хөдөлгөөн хийхгүй, хий зай гаргадаггүй онцлогтой сайн бөх. Энэ жилийн тухайд төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадахгүй зогсож байгаад өвдөг шороодсон доо. Бүрэнтөгс намайг амлах болов уу гэсэн тооцоо надад байсан нь зөрөөгүй. Болохгүй юм болдоггүй л юм байна шүү дээ. Наадам сайхан боллоо. Э.Оюунболдын тухайд энэ жил онцгой сайн байсан. Хүн болгон л хэлж байна.

-Таны нас 30 гараад явчихлаа. Цолоо ахиулчих боломж хэр байсан бэ?

-Надад начин цолтой дуусахад харамсаад байх зүйл алга. Хэн ч намайг муу начин гэж хэлэхгүй байх. Цолондоо дүүрэн байх сайхан шүү дээ. Том цол авч түрүүлж, үзүүрлэх сайхан л байх. Гэхдээ хүн сайн барилдах нь чухал. Нэг их том цол авчихдаг, унаад байж болохгүй биз дээ. Томдчихсон дээлтэй хүүхэд шиг онцгүй. Би ч өөрийгөө 30 гарчихлаа, хөгширлөө гэж санаад байдаг. Сая наадмаар дунд шөвөгт шалгарсан найман бөхийн зургаа нь манай үеийнхэн байсан шүү. Бас ч гэж юу юугүй зайгаа тавиад өгчих болоогүй ээ, манайхан (инээв).

-Ер нь ямар зорилго өвөртөлж бөхийн ертөнцөд орж ирэв. Зорилгодоо хүрч чадсан уу та?

-Бүүр бага байхад юм даа, өвөө маань орсон гарсан хүмүүст миний өвдгийг бариулж үзүүлээд л “Миний хүү улсын цолтой том бөх болно” гэж хэлдэг байсан нь миний санаанд тод үлджээ. Б.Бат-Эрдэнэ аварга манайхаар буугаад мордоход өвөө маань өнөөх үг л хэлж байсан. Хожим аваргын үүсгэн багуулсан “Аварга” дээд сургуульд элсч амжилтын гараагаа эхэлж байсан юм даа. Өвөө маань хүүгийнхээ сумын заан болохыг л харчих юмсан гэж хэлдэг байж билээ. Жаахан хүү байхад л би бөх болно гэсэн сэтгэхүй миний ой тойнд суучихсан байсан. Бөхийн спортоор оргилд нь гарна гээд л бэлтгэл хийж эхэлсэн дээ.

-Сумын наадам гэснээс энэ тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Гэр бүлийнхэнтэйгээ сумын наадам үзээд явж байсан олон дурсамж надад бий. Наадмын өглөө аавыгаа дагаад гарна гэдэг аз жаргал шүү дээ. Бага байхдаа хурдны морь их унана. Арай хүнддээд ирэхээрээ бөх үзээд суучихдаг болсон. Ноцолддог болоод ирэхээр наадам илүү гоё. Үеийнхээ залуусаас онцгойрч түрүүлнэ гэдэг амаргүй даваа. Түрүүлчхээд зогсож байх ч дэндүү сайхан шүү дээ. Наадамчид бүчээд л баяр хүргээд.

-“Бөхийн өргөөн”-ний барилдаануудад хэзээнээс гарч эхэлсэн бэ. Анх ямар бөхийг өвдөг шороодуулж байв?

-Жүдогийн бэлтгэл хийнэ. Завсар зайгаар нь заалны барилдаанд гарна. Бүтэн жил аманд гарч унасан байдаг юм. Ёстой нэмэргүй. Том бөхчүүдэд түлхүүлээд л унана. Гэхдээ тэр бүртээ хүн чинь чангараад л байдаг юм билээ. 2003 онд юм уу даа. Хаврын улирлын хаалтын барилдаанд Увсын Эрдэнээгийн Батбаатар харцагыг аймгийн арслан байхад нь өвдөг шороодуулж байлаа. Батбаатар чинь аймаг цэргийн цолтнуудын барилдаанд таван удаа түрүүлчихээд байсан босоо үе нь шүү дээ. Тэр жилээ улсын харцага цол хүртэж байсан санагдаж байна. Аймгийн арслан болж ирчихээд гайгүй үзсэн шүү. Өмнөговийн С.Идэрсүрэн арслантай үлдэж анх удаагаа аймаг цэргийн цолтнуулын барилдаанд түрүүлж байлаа.

-Булганы Энхбат гэж туранхай, нарийхан залуу И.Доржсамуу гардиар тав давж улсын начин болж байсныг тань санаж байна. Та начин болохдоо хэдэн кг-ын жинтэй байсан бэ?

-2009 онд шүү дээ. 80 гаруй кг жинтэй залуу улсын начин болж байлаа. Одоо бол захын сумын заан 80 гаруй кг жинтэй болсон. Тэр жил дөрвийн даваанд Г.Элбэг харцагатай оноолт таарч их хүнд барилдаан хийж туг тойрч байлаа. Элбэг харцага ч жин ихтэй, мэдрэмжтэй, биеэ сайн сулладгийг хэлэх үү. Амаргүй байсан шүү.

-Шинэ начин бөхийн өргөөнд бас л шуугиулж байсан шүү дээ?

-Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарч оролцдог, ачаалалтай бэлтгэл хийдэг, өндөр формтой байлаа шүү дээ. Анх улсын арслан До.Ганхуягийг өвдөг шороодуулж дөрвөн уулын хишиг барилдаанд түрүүлж байлаа.

-Ажиглаад байхад таныг улсын наадмын зургаагийн даваанд өвдөг шороодуулсан бөхчүүд түрүүлж үзүүрлэсэн зүй тогтол харагдаж байна?

-Зургаагийн даваанд их сайн бөхтэй л таараад байсан юм байлгүй дээ. 2012 онд Бүрэнтөгстэй тунаж барилдаанд унасан. Өнөөх маань тэр чигээрээ яваад түрүүлчихэж билээ. Сүүлд Б.Гончигдамбад унасан. Тэр жил үзүүрлэсэн байдаг байх аа.

-Жүдо бөхийн арга барил, мэх техникийг монгол үндэсний бөхөд ашиглаж өндөр амжилт үзүүлсэн хүн бол та. Энэ арга барилыг танд хэн суулгаж өгөв?

-Хөдөөнөөс орж ирээд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элсч гавьяат тамирчин Халиуны Болдбаатарын удирдлагад бэлтгэл хийдэг байлаа. Энд л миний барилдааны суурь тавигдсан болов уу гэж ойлгодог юм.

Миний ур чадвар өдрөөс өдөрт өсч удсан ч гүй улсын аварга шалгаруулах барилдаанаас медаль хүртэж үндэсний шигшээ багт багтсан даа. Ардын багш Ч.Насантогтохын удирдлагад бэлтгэл сургуулилт хийх болсон. Хүүхэд байхдаа бол Булганы Эрдэнэ-Очир багшийн удирдлагад улсын заан Н.Түвшинбаяр бид хоёр хамтдаа бэлтгэл хийдэг байлаа. Наймдугаар ангиасаа л хамтдаа явсан даа.

-Та Н.Түвшинбаяр аваргын бэлтгэл хангагчаар хоёр ч олимпийн наадамд оролцсон шүү дээ. Багын найзынхаа олимпийн аварга болох баярт мөчийг дэргэдээс хуваалцсан хүн бол та?

-Одоо бодоход дэндүү сайхан шүү дээ. 2008 онд аймгийн арслан цолтой хоёр залуу олимпийн наадмыг зорьж байлаа. Найз маань хэнтэй ч таарсан дайраад гардаг. Сэтгэл зүйн асар өндөр бэлтгэлтэй. Сэтгэл зүйгээрээ л бусдаасаа онцгойрч чаддаг.

2008 онд чинь эхний даваанд Кейжи Сузуки гэж домог болсон бөхтэй сугалаа таарч байлаа шүү дээ. Гараад л давхар хамаад чулуудчихсан. Ингээд түрүүлэх замаа зассан юм даа. 2012 онд бол медаль зүүх хамгийн өндөр магадлалтай нь л Түвшинбаяр байлаа. Манай хүн ч найдвар алдаагүй.

-Бөхийн дэвжээ рүү хамт алхаж орсон найзтайгаа наадмын дэвжээнд хоёр ч удаа оноолт таарч барилдаж байсан санагдаж байна. Амар биш биз?

-Хэцүү хэцүү. Бие биенийхээ барилдааныг сайн мэднэ. Анх 2007 онд билүү дээ аймгийн арслан цолтой байхдаа улсын наадмын гурвын даванд нугарч барилдаанд Түшинбаяр давж байлаа. Сүүлд тавын даваанд Түвшээ намайг амлаад даваа ахисан байдаг.

-Бөх хүн ямар байх ёстой вэ. Танаас үлгэрлэж өгсөж яваа олон залуус бий дээ?

-Энэ их соёлыг өвлөж дараа үедээ залгамжилж үлдээж байгаа. Бидний ах нар зөв үлгэрлэж бидэнд үлдээсэн. Иймээс бид хазгай гишгэх эрхгүй юм даа. Залуу үеийн хүчтэнүүдэд зөв үлгэр дуурайл өвлүүлэх ёстой. Ингэж байж л төгөлдөр их монгол бөх мөнх оршино шүү дээ.

Биеэ зөв авч явж уран сайхан барилдаж олон хүмүүсийг үндэсний бөхрүү татах нь бидний үүрэг гэж боддог. Бөх хүн “Би ингээд дуусч байна, маргааш монгол бөх ямар байх нь надад хамаагүй” гэж сэтгэж болохгүй. Энэ замаар явж энэ зэрэгт хүрсэн болохоор сайхнаар нь авч явж дараа үедээ үлдээх ёстой гэж боддог юм.

-Залуу үе гэснээс таны дүү Э.Энх-Амгалан гэж залуу шаггүй барилдаж байна?

-Тийм. Сая аймгийн арслан болчих болов уу гэж харж байсан болсонгүй. Хоёр ч аймгийн наадамд барилдаж Өмнөговьд үзүүрлээд, Дундговьд их шөвөгт шалгарсан байсан. Би улсын наадмын өмнө “Чи энэ жил аймгийн арслан болохгүй юм байна, улсын наадамдаа барилдаад аймгийн наадмаа нэг удаа өнжчих” гэж зөвлөсөн юм. Улсын цол авчих болов уу гэж харсан болохоор тэр лээ. Дөрвийн даваанд Г.Эрхэмбаяр аваргад унасан. Энэ жилдээ аймгийн заанаараа үлдэх байсан юм болов уу даа.

-Бөхөөр хичээллээд та юу хожив. Амьдралд хэрэгтэй ямар чанарыг өөртөө суулгаж авсан бэ?

-Үндэсний бөх хүн хүндлэх ухаан, тэвчээр хатуужил гээд амьдралд хэрэгтэй бүх л зүйлийг хүнд суулгаж өгдөг дөө. Энэ бүгдийг би үндэсний бөхөөс суралцсан.

-Одоо нөгөө допингийн шинжилгээний хариу ирэх дөхөж байгаа байх. Энэ тал дээр та ямар байр суурьтай явдаг вэ?

-Байж болохгүй зүйл. Өнөөдөр допинг хэрэглээд барилдаж буй цөөхөн хүмүүс байгаа. Гэхдээ манай үзэгчид бөхчүүд бүгд хэрэглэж байгаа юм шиг ойлголттой болчихжээ. Хий хоосон хардаад л. Тэр тийм хэрэглэдэг. Тэдэн төгрөг өгөөд хариуг нь аргалчихсан ч гэх шиг. Монгол бөх өнөөдөр арай ийм дээрээ тулаагүй ээ. Бэлтгэлийн сайнаар цол чимэг аваад явж байгаа залуус олон бий. Халуун гал тогоонд нь байгаа хүний хувьд сайн мэднэ.

-Гарч ирсэн цагаасаа л “Хангарьд” спорт хороогоор зарлуулж байсан. Одоо хэвээрээ юу?

-Тийм ээ. Одоо ч хэвээрээ. Удирдлагууд нь солигдоод цалин мөнгөө өгөхгүй үе байсан л даа. Бусад спорт хороодоос надад санал тавьж байсан. Би зөвшөөрөөргүй. Залуу бөх Энхбатыг тоож дэмжиж байсан болохоор Хангарьддаа хайртай байдаг юм. Би дөрөв таван компани, байгууллагын нэр дээрээс зэрэг барилдаад байгаа бөхчүүдийг нэг их таашаадаггүй юм. Миний хувьд “UFC” группийн нэр дээрээс барилддаг.

2008 онд АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд улсын гарьд Б.Гантогтохоор дөрөв давж тавын даваанд улсын харцага Н.Ганбаатарт өвдөг шороодсон.

2009 онд АХ-ын 88 жилийн ойн наадамд улсын харцага Г.Элбэгээр дөрөв, улсын гарьд И.Доржсамбуугаар тав даван шөвгөрч “Монгол улсын начин” цол хүртсэн.

2012 онд АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяраар дөрөв, улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав давж шөвгөрөн “Өсөх идэр” чимэг нэмсэн.

2013 онд АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын начин Л.Нямсүрэнгээр дөрөв, улсын начин Ц.Одбаяраар тав давж шөвгөрөн “Улам нэмэх” чимэг нэмсэн.

2015 онд АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд улсын начин Ч.Батчулуунаар дөрөв давж тавын даваанд аймгийн хурц арслан Б.Одгэрэлд өвдөг шороодсон.

2016 онд АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Батдоржоор дөрөв давж тавын даваанд аймгийн хурц арслан Б.Ганхуягт өвдөг шороодсон.

2017 онд АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын начин Ж.Чулуунбатаар дөрөв давж тавын даваанд улсын харцага Н.Түвшинбаярт өвдөг шороодсон.

2019 онд АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан А.Отгонбаатараар дөрөв, улсын начин Б.Амарзаяагаар тав давж шөвгөрөн чимэг нэмсэн.

2005 онд Булган аймгийн баяр наадамд сумын заан Б.Бат-Эрдэнээр долоо даван түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү