Мэдээ

“Өргөө” амаржих газрын сувилагч тариа андуурч хийсний улмаас хүн нас баржээ

Анхны төрөлтөөрөө “Өргөө” амаржих газарт ирж хэвтэн найман цагийн турш өвдсөн ч эмчийн зүгээс “Сүртэй юм, угаасаа өвддөг” гэх мэтээр загнаж, үл тоосны улмаас бүсгүй төрж чадалгүй, хүүхэд нь эндсэн харамсалтай хэрэг хэдхэн хоногийн өмнө /2022.10.05/ гарсан. Бүсгүйн эгч Д.Номин-Эрдэнэ Zarig.mn сайтад дараах ярилцлагыг өгч гомдолтой байгаагаа хэлж байжээ.

Тэгвэл тус эмнэлгийн эмч нарын буруугаас үүдэж 3-19 насны дөрвөн хүүхэд өнчирч үлдсэн хэрэг өнгөрсөн онд гарчээ.

Тодруулбал, Иргэн Б 2021 оны есдүгээр сарын 18-ны өдөр “Өргөө” амаржих газарт хэвтэн эмчлүүлжээ. Түүнд эмчлэгч эмч нь “Зүрх дэмжих тариа хийх гэж байгаад зүрх зогсоох тариа хийсний улмаас нас барсан” хэмээн ар гэрийнхэн нь үзэж байна.

Энэ хэрэг гарснаас хойш нэг жил өнгөрсөн ч “Эмч нарын зөвлөлгөөний дүгнэлт гараагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байна” гэх зэрэг шалтгаан хэлж өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдээгүй хэвээр байна.

Талийгаачийн ард 3-19 насны дөрвөн хүүхэд өнчин үлдэж, тэр ч битгий хэл ээжийнхээ ипотекийн зээлийн 77 сая төгрөгийн өрийг өвлөн авчээ. Хүүхдүүдийн аав өмнөх жил нь гэнэт зүрх зогссоны улмаас нас барсан байна.

Энэ талаар талийгаачийн нагац эгч М.Галяа:

-Дүү минь 2021 оны есдүгээр сард “Өргөө” амаржих газрын Ковидын халдварыг эмчлэх тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан. Булчин сулруулах үйлчилгээтэй тариаг андуурч хийсний улмаас нас барсан гэж бид ойлгож байгаа. Эмчлэгч эмч нь эмчилгээнд АТРОПИН гэх тариа хийгээрэй гэснийг сувилагч андууран АТРОПАЙН гэх булчин сулруулах тариа хийснээр дүү минь зургаа хоног ухаан оролгүй байсаар нас барсан. Гэтэл тус эмнэлгийн захиргаа дүүг маань “Ковидын халдвараас улбаалан нас барсан” хэмээн мэдүүлж, ажилтныхаа алдааг нуун дарагдуулсан. Өнөөдөр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа гэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй гээд байгаа. “Өргөө” амаржих газрынхан ажилтныхаа алдааг хүлээн зөвшөөрөөгүй, биднээс ч уучлалт гуйгаагүй.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Б.Дэлгэрхангай:

-Одоог хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Цагдаагийн байгууллагаас холбогдох байгууллагуудаас дүгнэлтүүдийг гаргуулж авсан. Хамгийн сүүлд Эрүүл мэндийн салбар зөвлөлийн дүгнэлт гарсан байж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан хуулийн хугацаандаа шалгана гэв.

Харин энэ хэрэгтэй холбогдуулан тус эмнэлэгт ажиллаж байгаа нэгэн эмч нэрээ нууцлан бидэнд дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр:

-Яг үнэндээ тэр хэрэг цэвэр удирдлага зохион байгуулалтын буруутай ажиллагаанаас болсон гэж манай эмнэлгийн эмч, ажилтнууд бүгд ярьдаг. Тухайн үе бол Ковидын халдвар ид тархаж байсан үе. Эмнэлэг болгонд шуурхай ажлын хэсэг гарч Ковидын тусламжийн тасаг нээж, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байсан. Гэвч манай эмнэлгийн дарга Ж.Энхцэцэгийн цэвэр буруугаас Ковидын шуурхай тасагт мэргэжлийн эмч ажиллуулаагүй. Өөрөөр хэлбэл, мэдээгүйжүүлэлтийн эмч болон эрчимт эмчилгээний эмчийг тус тасагт зайлшгүй ажиллуулах шаардлагатай. Гэтэл тэр эмч нарыг Ковидын тасагт оруулахгүй, өөр тасгаар эмчилгээнд хуваарилсан. Талийгаачийг үндсэндээ утсаар асууж тодруулж эмчилж байсан. Сувилагч эмч рүү утасдаж “Ямар тариа хийх вэ?” гэж асуухад “АТРОПИН тариарай” гэхийг АТРОПАЙН гэх булчин сулруулах тариатай андуурч хийсний улмаас ийм хэрэг гарсан. Утсаар шүү дээ… Хэрэв тус тасагт мэргэжлийн эмч нь байгаад өвчтөний түүх дээр цагаан цаасан дээр хараар бичсэн бол ийм хэрэг гарах байсан уу.

Нас барсан талийгаач эмэгтэйн төрсөн дүү нь манай эмнэлэгт сувилагчаар ажилладаг байсан. Жирэмсэн биш ч гэсэн Ковидын халдвар илэрсэн тул эгчийгээ эмнэлгийн удирдлагаас гуйж хэвтүүлсэн. Тэгээд одоо Ж.Энхцэцэг захирал “Та нар арын хаалгаар хүн хэвтүүлснээс болж ийм хэрэг гарчихлаа, чи яах гэж эгчийгээ хэвтүүлсэн юм бэ, одоо битгий эмнэлгийн нэр хүндэд халдах гээд бай” гэхчлэн загнаад ар гэрийг нь юм хэлүүлдэггүй гэж ярьсан юм.

Тус амаржих газрын захирал Ж.Энхцэцэг 2021 оны хоёрдугаар сард уг эмнэлгийн захирлаар томилогдож ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд ёс зүйн болон удирдлагын алдаатай шийдвэр олон гаргасан тул ажлаас нь чөлөөлж өгнө үү хэмээн Монголын Эрүүл мэндийн ҮЭХ-оос өчигдөр /2022.10.13/ мэдэгдэл хийсэн билээ.

Ж.Энхцэцэгийг ажилд томилогдох үед тус амаржих газар 487 ажилтантай байсан ч өнөөдөр 162 нь ажлаасаа гарсан бөгөөд үүний 50 нь цэвэр ажлын байрны дарамтаас болж гарчээ. Иймд эмч ажилтнууд ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд гомдол гаргаж шалгуулжээ.

Тус хяналтын хорооны дүгнэлтэд “Өргөө амаржих газар төрөлжсэн мэргэшлийн эмнэлгийн хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаа алдагдсан, байгууллагын удирдлагын баг тогтворгүй, бүрдэл дутуу ажиллаж байгаа нь удирдлага зохион байгуулалт доголдоход хүргэж байна” гэж дурдсан байгааг та бүхэн дараах баримтаас харна уу.

Өөрөөр хэлбэл, тус эмнэлэгт ажиллаж байсан эх нярайн мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч нарыг ажлын байрны тэвчишгүй дарамтаас болж ажлаас нь гаргасан тэрбээр дадлага туршлагагүй эмч нарыг ойр ойрхон жижүүрт шахан гаргаж ажиллуулдаг. Үүнээс үүдэж ажиллах хүчний бодлого төлөвлөлт алдагдаж, хүний нөөцийн зөв хуваарилалт хийж ажиллаж чадахгүй болжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү