Мэдээ

11 жил охиныхоо хорт хавдартай тэмцэж чадсан “БАХАРХАМ ЭЭЖ”

Нойр хулжиж фэйсбүүк ухсаар хэвтэнэ… Эмчилгээндээ хандив гуйсан хүмүүс ямммар их болж байнаа! Хар дарсан зүүд шиг тэр он жилүүд эргээд бодогдов. Охин минь 9 настайдаа цусны хорт хавдраар өвчилсөн юм.

Эх нялхсын Цусны эмгэг судлалын тасагт хэвтэж байхад нь хүүхдүүд өөд болж, эцэг эхчүүд нь уйлж орилохыг сонсоод ээж ээ би ч бас удахгүй үхнэ тиймээ? гээд “үгүй” гэж хэлээсэй гэсэн харцаар надруу харж билээ.

Үгүй ээ, миний охин үхэхгүй гэж хэлж байхдаа өвдөг минь чичирч, хамаг бие минь салгалж байсан. Өвдөж байхдаа ээж ээ намайг авраач дээ!

гэж аврал эрэн хашгирахыг нь сонсоод юу ч хийж чадахгүй байгаадаа өөрийгөө зүхэж, охиныхоо дэргэд уйлж орилохгүй гэсэндээ 00 ороод шалан дээр нь унасан.

Бусад хүүхдүүд болон аав ээж нар сонсчихвий гэсэндээ хөмхийгөө тас хазаж, үсээ зулгааж байхад аманд цус нулимс хоёр холилдон амтагдаж байлаа. Цагаа тулахад уйлах гээд уйлах ч газар олдохгүй үе байдаг юм билээ.

Жаахан тайвшраад босоход 2 гарын минь атгаар дүүрэн үс зулгаагдаж үлдсэн байсан. Сүүлдээ хүн аргаа бардаг юм билээ. Тэнгэртэй хүртэл тэрсэлдсэн дээ. Бурхан гэж байдаг юм бол миний охиныг авраач! Хэрвээ чи гэм зэмгүй ганц үрийг минь надаас салгах юм бол би чамтай тэрсэлдэнэ! Авбал намайг ав! гэж хашгирч байлаа. Бараг солиорох гэж байсан нь тэр биз. Өчнөөн сар өвдөж тарчилж, өдөр бүр хатгуулж дусал тариа хийлгэж, хамарлуугаа бинт чихүүлж, ясруугаа өрөмдүүлж, бүтэн амьсгалж чадахгүй өчнөөн удаан тэвчсэн охин минь сүүлдээ цөхөрч ээж ээ би тэсэхгүй нь ээ, би үхмээр байна гэж хэлэхэд нь үнэхээр аргадаж тайвшруулж хэлэх үг даанч олдоогүй санагдана.

Гадагшаа эмчилгээнд явахад зөвхөн чөмөг шилжүүлэн суулгахад 150,000,000 төгрөг шаардлагатай байсан. Тухайн эмчилгээний өмнө бэлтгэл эмчилгээ, дараа нь бас маш их эмчилгээ хийгддэг юм билээ. Нийт зардал 300 сая төгрөг хол давсан даа. 12 жилийн өмнө шүү дээ. Ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагдаж байлаа. Тэр үед миний төрсөн дүү Мобиком компанид ажиллаж байсан.

Мобикомын хамт олноос нь 11 сая төгрөг, Сандэй худалдааны төвийн хамт олноос 1 сая төгрөг, ХУД-ийн ИТХ-ийн төлөөлөгч Ариунболд ахаас 500,000 төгрөг. Найз нөхөд, хамаатан садан, ангийн хамт олноос минь болон бусад сайхан сэтгэлт ард түмнээс минь 6 сая төгрөг цуглаж нийт 18,5 төгрөгний хандив цугларч байсан. Мөн охины минь ангийнхан буюу 114-р сургуулийн Батцэцэг багштай 4а ангийнхан нь ирж охинд минь сэтгэлийн асар том дэм болсон.

Урлагийнхнаас жүжигчин Тэмка, Хулан хоёр. Мөн “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин Цогтдэлгэр ах маань ирж сэтгэлийн дэм хайрласан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэвэл тэр үед МҮОНТ-ийн 1-р нэгдлийн дарга Батцэнгэл тус болж “Цагийн хүрд”, “Захидлын мөрөөр” нэвтрүүлгүүдэд охин бид 2-ыг оруулж олон нийтэд мэдүүлж байсан. Сэтгүүлч Отгонжаргал, зураглаач Авид ах нар охин бид 2-той хамгийн ойр байсан. Мөн ТВ8 телевиз, “Сурагч” сонины эрхлэгч Ундраа дүү ирж сурвалжилж өгч байлаа. ТА БҮХЭНДЭЭ ДАХИН ГҮНЭЭ ТАЛАРХАЯ.

Ингээд зарж үрэх бүх юмаа зарж үрээд Бээжин хотыг зорьсон. Эмчилгээний зардал бүрэн бүрдээгүй хэдий ч үлдсэнийг нь эрхтний донор болж элэг бөөрөө зараад ч хамаагүй олно гэж бодоод явсан. Хугацаа дэндүү бага үлдсэн байсан. Онгоцоор нисгэж болохгүй, виз хүлээх боломжгүй байсан тул визгүй хамгийн ойроор нь Бээжин явж байлаа. Би өөрөө урд сурч байсан болохоор ядаж хэл усыг нь ойлгох учир. Очоод охинд минь донор олдохгүй маш их сандаргасан.

Хугацаа дэндүү бага үлдсэн байсан болохоор сүүлдээ аргаа бараад адууны үүдэл эс суулгасан. Азаар амжилттай болсон юм. Туулай, Адуу гэсэн 2 сонголт байсан. Монгол хүн болохоор билэгдлээ бодоод адууны эсийг сонгосон нь тэр. Тэр үед ФБ гэж байсангүй. 6 сарын дараа эмчилгээндээ явж ирчихээд дансны хуулгаа авч гүйлгээний утга дээр утасны дугаараа үлдээсэн хүн бүрлүү өглөөнөөс орой хүртэл залгаж талархалаа илэрхийлэхэд нийт 4 хоногийг зарцуулж байв.

Хүмүүс бараг мартчихсан, охин бид 2-ыг утсаар ярьсан чинь зарим нь гайхаад бөөн баяр болж билээ. Түүнээс хойш охин минь 10 жилийн турш дархлаа дарангуйлах эм ууж, байнгын хяналтад явсаар 2021 онд шинжилгээ өгөхөд хавдрын эс дарангуйлагдсан гэсэн баярт мэдээг сонссон билээ. Охиноо өвчтэй өнгөрүүлсэн 11 жилийн турш байнгын үрдээ санаа зовж, өвчин нь сэдэрчихвий гэсэн айдас түгшүүр, өрийн дарамт, орох оронгүйн зовлон гээд үнэхээр их зүйлийг туулсаан.

Тэр өдрүүдийг эргээд бодоход маш хэцүү санагддаг юм. Хамгийн сайхан нь ээж охин 2 тэр муухай өвчнийг ялж чадсан. Дахиад хэнд ч хэзээ ч ийм зүйл бүү тохиолдоосой гэж залбирч явдаг. Харамсалтай нь хавдартай хүмүүсийн тоо өдрөөс өдөрт улам их болж байгаа нь сэтгэлийг минь маш их өвтгөж байна… Хавдараар шаналж буй хүмүүст хандаж би нэг л зүйлийг захия: ИТГЭЛ НАЙДВАРАА АЛДААГҮЙ ЦАГТ ЭНЭ ХОРВООД БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ

Эх сурвалж: Зоригтбаатарын Алтанцэцэг

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү