Тэнгэрт мөргөх бол Монголчуудын цагаан сарын хамгийн анхны ёслол болно. Монголчууд оны эх, сарын тэргүүн, өдрийн эртэд юуны өмнө дээд мөнх тэнгэрт мөргөн золгохыг тэргүүн ёс болгодог.

Эзэн хаанаас эгэл борчуул хүртэл энэ ёсыг бат журамладаг. Шинийн нэгний өглөө зүүнээс цагаан гэгээ цуварч үүр тэмтрэгдэх үеэр тэнгэрт мөргөх ёслол хийнэ.
Индрийн тойронд цагаан эсгий, хивс, гудас дэвсэнэ. Аливаа бэлтгэл бүрэн болбол гэрийн эзэн тэргүүлэн тавагтай цагаан идээ, ууц, архи, цай зэргээс дээж өргөх бөгөөд дөрвөн зүг, найман зовхист хандан тэнгэрт цацал цацна.
Өргөл төгсний дараа галыг нар зөв тойрон гэрийн эзэн тэргүүлэн индрийн тойронд дэвссэн эсгий дээр сөгдөн тэнгэрт гурав гурав ес мөргөнө.
Тэнгэр шүтлэг (Тэнгэризм, Тэнгэрийн шашин; англ. Tengrism, Tengriism, Tengrianism; орос. Тенгрианство; тур. Tengricilik) бол Төв Азийн улс түмний бөө мөргөл, Анимизм, Тотем шүтлэг, Политейзм ба дээдсийн шүтлэгт үндэслэн буй болсон Алтай хэлний язгуурын ард түмний өвөрмөц шашин шүтлэг юм. МЭӨ 3-р зуунд Монголын дээдэс Хүннүгийн төрийн шүтлэг болж байсан ба МЭ 6-9 -р зууны эртний Булгар, Унгар зэрэг үндэстний шүтлэг бишрэлийн сэтгэлгээнд чухал байр эзэлнэ. [1]
Одоо голдуу ЗХУ задарсны дараах Алтай хэлний язгуурын үндэстнүүд, Татар, Буриад, Киргиз, Казакт сэхээтний дотор Тэнгэризм сэргэсэн. Якут, Хакас, Тува ба Оросын холбооны Турк Монгол хэлний бүлгийн үндэстнүүд нь шашны зохион байгуулалтын төвшинд шүтэж байна. Тэнгэризм нь Алтайд Бурханизм хэмээх шинэ шашны хэлбэрээр хөгжиж иржээ.[2]
Монгол хэлэнд Хөх Мөнх Тэнгэр гэж хэлдэг бөгөөд одоо хүртэл шүтлэг бишрэлийн субъект болсон хэвээр байна. Монголын дээдэс Хүннү гүрэн нь тэнгэрийн шүтлэгтэй байсан бөгөөд Их Монгол улсын үед Чингис хаан нь Мөнх тэнгэрийн шашин[3]болтол хөгжүүлж төрийн шашин болгож шүтэж байсан нь шарын шашин хүчээр дэлгэртэл уламжлагдсан. Орчин үеийн Турк хэлэнд Göktanrı dini буюу Хөх тэнгэрийн шашин[4] гэж нэрлэдэг.