ЦАГААН ХОР
Арнольд Шварцнеггер цагаан талхыг “цагаан үхэл” гэж нэрлэсэн байдаг. Цагаан будаа, элсэн чихрийг ч мөн “цагаан үхэл”-д багтааж болно.

ЯАГААД “ЦАГААН ҮХЭЛ” ГЭЖ?
Цагаан талх, багаан будаа, элсэн чихэр нь биед маш түргэн глюкоз болон хувирч богино хугацаанд цусан дахь чихрийн хэмжээг өндөр болгодог. Цусан дахь чихэр ихсэхэд нойр булчирхайгаас инсулин даавар ялгарч тэр нь эс рүү чихрийг түгээж цусан дахь чихрийн хэмжээ буурдаг.
Энэ үзэгдэл тогтмол удаан хугацаанд үргэлжилбэл бие организм инсулинд хойргошиж эхэлнэ. Нөгөө талаас их хэмжээний инсулин нь өөхний эдийн ургалтыг дэмжих тул хүн таргална гэсэн үг. Идсэн өөх тос нь өөхний эдэд хуримтлахаас гадна, цагаан талх, чихэр, будаа ч мөн өөхийг нийлэгжүүлдэг юм.
Органик, байгалиараа байгаа хүнс биед ашигтай бөгөөд эрүүл хүнс юм. Харамсалтай нь гурилыг хийхдээ бүхий л хэрэгтэй тэжээл, аминдэм, эслэгээс нь салган цэвэрлэх учир бидний хэрэглэж буй ихэнх гурилан бүтээгдэхүүн эслэг, тэжээлээр тун хомс байдаг.
Хүнсийг тэжээлээс салгаснаар түүний хадгалах хугацааг уртасган, хүнсний үйлдвэрүүдийн хувьд хүн амын эрүүл мэнд гэхээсээ илүү бараа бүтээгдэхүүнээ дэлгүүрийн лангуун дээр муутгалгүй, аль болох олон хоног худалдан авагчийг хүлээх явдал чухал юм. Гурил, будааг тийнхүү хальс болон эслэгээс цэвэрлэснээр өнгө үзэмж нь ч бас сайжирдаг.
Үр тариаг цэвэрлэх явцад эслэг, аминдэм, эрдэс давс, уураг, өөх тосны агууламж нь буурч харин ГЛЮКОЗЫН ИНДЕКС (цусны чихрийн хэмжээ) өндөр болдог. Анхааруулж хэлэхэд цагаан талхны глюкозын индекс элсэн чихрээс илүү өндөр байдаг. Хүнсний үйлдвэр хөгжихийн хэрээр хүн амын дунд таргалалт ихэссэн нь мөн үүнтэй холбоотой байж болох юм.
ИЙМЭЭС ЦАГААН ГУРИЛ МУУ, ХАРИН БҮХЭЛ ҮРИЙН ГУРИЛ САЙН.
Дараагийн бас нэг анхаарвал зохих чухал асуудал бол ундаа болон шүүс. Хүмүүсийн дуршил, донтолтыг өдөөх гэж үйлдвэрлэгчид ундаа болон жимсний шүүсэнд чихэр ихээр нэмдэг, харин полифенол, эслэг, эрдэс давс, аминдэм гэх мэт биед хэрэгтэй бодис бага тул эрүүл мэндэд үнэхээр мууг мартах учиргүй.
Сануулга: Мэдээлэл нь эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлтэй, иймд нарийн зөвлөгөөг зөвхөн эмч танд өгнө!
АУ-ны доктор Д.Булган