Сүүлийн үед олон хүмүүсийн нуруу өвддөг, түүний дотор залуучуудын нуруу ч их өвддөг болсоор байгааг ахмад болон дунд насныхан анзаарч байгаа байх.

Дээр үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг бидний үеийнхнээс огт өөр, хөдөлгөөнтэй, суугаа хэмнэл бага, мал ахуйн ажил нь өдөр тутмын гимнастик, заримдаа хийх шаардлагатай эрчимтэй хөдөлгөөнийг ч тогтмол хослуулж хийхэд хүргэдэг байжээ.
Түүнээс гадна өөрсдөө ч дасгал хийж байгаагаа мэдэлгүйгээр нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэх маш сайн сунгалтын дасгалыг хийцгээдэг байжээ. Энэ бол сунаж мөргөх хөдөлгөөн юм шүү дээ.
Буддын шашин нэрийн дор их арван ухаан, бага арван ухаан гэж нэрлэгддэг байсан урлаг, шинжлэх ухааны олон салбар хөгжиж байсны нэг нь уламжлалт анагаах ухаан юм.
Монголчуудын амьдралд мөрдөгдөж ирсэн олон зан заншил, дадал хэвшил нэг талаас сүсэг шиг харагддаг боловч цаанаа бол шинжлэх ухааны үндэстэй, сайтар бодож төлөвлөсөн, хүний амьдралд эерэг нөлөөтэй байдаг. Сунаж мөргөхөд нь бүх биеийн булчин үенд, тэр тусмаа нурууны яс, нурууны орчмын булчинд хамгийн сайн суллах нөлөө үзүүлэх дасгал болдог байна.
Нэг хэсэг сунаж мөргөх заншил мартагдаж байснаа орчин үед эргэн сэргэж, ач тусыг нь судалж түгээн дэлгэрүүлж байгаа нь сайшаалтай.
Сунаж мөргөх дасгалд 200 орчим гимнастикийн элемент агуулагддаг гэж шинжлэх ухаанаар тогтоосон тухай Манба Дацан уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, “Оточ Манрамба” Их сургуулийн дэд захирал, Анагаах ухааны доктор Г.Одонцэцэг тэмдэглэн хэлсэн байдаг.
Сунаж мөргөх хөдөлгөөн мартагдах шахсантайгаа адил манай хөдөө орон нутгийнхны амьдралын хэв маяг ч бүрэн өөрчлөгджээ. Морь унадаг, агттай ноцолддог, жин тээдэг, бяруу өргөдөг байсан хөдөөгийн хөрслөг, булчинлаг залуус маань орчин үед морь биш мотоцикл унадаг, агт уургалж шөрмөсөө чангалахгүй хотынхны адил машин унаж, утсаа ухаж тонгойж суудаг болцгоожээ.
Түүнийхээ хэрээр ч хөдөө орон нутгийнхны дунд нурууны өвчлөл хот суурилгийнхнаас илүү тохиолддог болсон байгааг жил бүр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмхэтгэн гаргадаг эрүүл мэндийн статистик үзүүлэлтэд дурдсан тоо баримт баталж байна.
108 мөргөх дасгалаар хичээллэхдээ анхаарах зүйл
Шууд 108 удаа мөргөж болохгүй. Эхлээд 21 удаа мөргөхөөс эхлэх хэрэгтэй. Аажимдаа өдөр бүр дасгалынхаа тоог бага багаар нэмсээр сар орчим хугацаа өнгөрөхөд 108 удаа мөргөдөг болоорой.
Хэрэв мөргөх дасгалын үеэр нурууны өвдөлт илт нэмэгдвэл тэр өдөртөө дасгалаа зогсоогоод, маргааш нь арай цөөн тоогоор үргэлжлүүлээрэй.
Яаран хурдан хийх гэж оролдсоны хэрэггүй. Тайван аажим хөдөлгөөнөөр яаралгүй хийгээрэй. Өдөр бүр сунаж мөргөх дасгал хийж, дадлагажсан хүмүүс 30 орчим минутад 108 мөргөдөг ч ийм хугацаанд 108 мөргөдөг болтол нэлээн их хугацаа зарцуулдаг.
Бас сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг гэж үгийг та сонссон. Дэмий үг биш шүү. Сунаж мөргөхдөө сайтар бясалган бие сэтгэлээ хамтад нь дайчилснаар та нурууны ядаргаатай өвчнөөс илүү хурдан салах болно.
Сайн мөргөж чаддаг болсныхоо дараа өдөрт хоёр удаа мөргөх маягаар ачааллаа нэмж болно.
Нэгэнт хичээллэж эхэлсэн бол насан туршаа л хичээллэх хэрэгтэй. Ямар нэг дасгал хөдөлгөөнөөр хичээллэхээ болингуут өвчин илүү хурдан хүндэрдэг нь ажиглагддаг.
Удаан хөдөлгөөн багатай суудаг ажилтай бол гэртээ амралтын цагаараа сунаж мөргөхөөс гадна хааяа 30 минут тутам босож суниах, хүзүү бэлхүүсээрээ зөөлөн бөхийх, гэдийх хөдөлгөөнүүдийг хийж байгаарай.
Бас үүнийгээ эрүүл хэв маягтай амьдралынхаа хэвшил болгоорой. Ийм хөдөлгөөнүүдийн үед хүний биеийн бүх булчин чангарч, суларч байдаг тул амралт болно.
Бэханзэ эмнэлэг