Categories
Uncategorized

Д.Отгонцэцэг: Бөөрний өвчин дотроо олон янз

“Шинонмед” бөөр, дотрын эмнэлгийн Ерөнхий эмч, Дотор, бөөр, гемодиализын ахлах зэргийн их эмч Д.Отгонцэцэгээс бөөрний архаг дутагдал өвчин, түүний шалтгааны талаар тодрууллаа.

-Энэ удаад бөөрний архаг дутагдлын талаар уншигчиддаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Энэ өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

-Бөөрний архаг дутагдал /БАД/ нь бүтэц, үйл ажиллагааны алдагдлаас үүссэн эмнэлзүй лабораторийн хам шинжээр илэрдэг өвчин. Өвчний эхэн үед шинж тэмдэг илэрдэггүй. Ихэвчлэн лабораторийн шинжилгээгээр оношлогддог. Харин бөөрний архаг дутагдлын хоёр, гуравдугаар шатнаас дотор муухайрах, бөөлжис хүрэх, хоолонд дургүй болох, бие сульдах, амархан ядрах зэрэг хордлогын шинж илэрнэ. Шээсний хэмжээ ихэснэ. Тогтмол шөнө шээж, шээс өнгөгүй усархаг болдог. Мөн хожуу үед цус багадлын шинжүүд болон шээсний гарц эрс багассанаар цусанд азотын үлдэгдэл бодисууд ихэсч олон эрхтэн системийн өөрчлөлтөөр илэрдэг.

-Бөөрний архаг дутагдал өвчний гол шалтгаан нь юу байдаг юм бол?

-Манайд бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл /гломерулонефрит/ нь бөөрний архаг дутагдалд орох гол шалтгааны 70-80 хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд чихрийн шижин, даралт ихсэх өвчний хүндрэлээр бөөрний дутагдалд орох тохиолдол мөн нэмэгдэж байгаа.

-Иргэдийн дунд бөөрний архаг дутагдалд орвол эдгэхэд бэрх гэсэн ойлголт байдаг. Та энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Бөөрний архаг дутагдал нь өвчний төгсгөл учраас шалтгаан болох өвчнийг аль болох эрт оношилж, эмчилж урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Бөөрний архаг дутагдлын эхний үед дэглэм, эмийн эмчилгээ, хожуу буюу төгсгөлийн шатанд гемодиализ, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдэнэ.

-Бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл бөөрхий архаг дутагдалд орох шалтгаан болж байна гэж та хэллээ. Энэ өвчин юунаас болж үүсдэг вэ. Хэрхэн сэргийлэх вэ?

-Бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл /гломерулонефрит/ нь хоёр бөөрний судасыг гэмтээдэг даамжрах явцтай өвчин. Гол шалтгаан нь шүд, хоолойг эмчлүүлэхгүй удаан явснаас тодорхой нөхцөл нь бүрдэж өвчилж байна. Тэгэхээр шүд, хоолой эрүүл байхад энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх нэлээд ач холбогдолтой гэсэн үг.

-Танай эмнэлэгт туйплан эмчилгээ хийгддэг гэсэн. Энэ талаар?

-Манай эмнэлэг уламжлалт анагаах ухааны эмчилгээ болох туйплин эмчилгээг бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл, бөөрний завсрын эдийн эмгэгийн үед, үе мөчний үрэвсэл, холбох эдийн эмгэгийн үед хийдэг. Туйплин засал эмчилгээг 2001 оноос бөөрний түүдгэнцэрийн үрэвслийн эмчилгээнд хийж ирсэн. Судалгаагаар туйплин нь хордлого тайлах, холестрины хэмжээг бууруулах, цусны бичил эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй нь тогтоогдсон. 2004-2009 онд туйплин эмчилгээ хийлгэсэн түүдгэнцрийн архаг үрэвсэлтэй хүмүүсийн дунд судалгаа хийхэд түүдгэнцэрийн архаг үрэвслээс бөөрний архаг дутагдалд орох хугацаа нь харьцангуй уртасч байгаа нь харагдаж байсан.

-Бөөрний өвчний үед ямар шинжилгээнүүд өгөх ёстой вэ?

-Бөөрний өвчин дотроо олон янз. Тиймээс дур мэдэн эмчилгээ хийлгэхгүйгээр жилд 1-2 удаа бөөрхий эмчид үзүүлж, шинжилгээ өгч эмчлүүлэх нь зүйтэй.

Хаяг: Баянзүрх дүүрэг, 6 хороо

Энхтайваны өргөн чөлөө 37-2 Бөхийн өргөөний баруун урд

Утас: 11463900, 95463900, 98805555

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *