ХОРДЛОГО ОЛОН ӨВЧНИЙ ШАЛТГААН БОЛДОГ
Бидний уудаг ус, амьсгалдаг агаар болон иддэг хоол хүнсэнд маш олон химийн бодис байж хордлого үүсгэдэг. Хүнсний бүтээгдэхүүнд 3000-д төрлийн химийн бодисыг амт, өнгө, үнэр сайжруулагч болон удаан хадгалах зориулалтаар хольдог . Хөдөө аж ахуй болон таримал цэцэгний аж ахуйнууд 72 төрлийн пестецид болон гербецид хэрэглэдэг байна. Энэ бодисууд амьд эсийг амьгүй болгодог ба нэг нь шавьжийг нөгөөх нь “хогийн ургамалыг” устгадаг. Тиймээс хүний биед сайнаар нөлөөлнө гэж байхгүй ямар нэгэн хордлого, өвчин заавал үүсгэдэг байна.

Пестецидийг дайны үед хорт хий болгон хэрэглэж байсан ба арьс, салст, амьсгалын замыг хүчтэй гэмтээдэг бодис юм. Дайны дараагаар уг бодисыг шингэлж шавьж устгахад хэрэглэдэг болсон.
2009-2010 онд Герман улсад 20000 дээжинд хийсэн шалгалтаар жимсний 80%, хүнсний ногооны 55%-д пестецид зөвшөөрөгдсөн хэмжээнээс их байжээ. Бордоонд байдаг азотын нэгдлүүд организмд азотын дутуу ислийг (NO) ихэсгэж организмын витамины нөөцийг шавхдаг ба ходоодны С-витамины нөөцийг байхгүй болгож ходоодыг хамгаалалтгүй болгодог.
Зэрлэг ургамлыг устгадаг Roundup гэдэг бодисонд олон бодис байдаг ба хамгийн их хортой нь Glifosat гэдэг бодис юм. Уг бодис ДНК-г гэмтээж, элэг болон бусад эрхтнүүдийг гэмтээхээс гадна хорт хавдар үүсгэдэг. Эрэгтэй хүмүүсийн элгийг гэмтээж ароматаза гэдэг ферментийн тусламжтайгаар эр биеийн гормонууд болох андрогенный гормонуудыг эм биеийн гормон эндогенный гормон болгон хувиргадаг байна. Энэ нь эрчүүдийг эмэгтэйлэг болгож булчинг багасгаж, хөхийг нь томруулдаг. Мөн тестостероныг багасгаж эрчүүдийг бэлгийн чадавхгүй болгодог.
Глифосат нь эндогенный гормонтой төстэй бүтэцтэй тул эмэгтэйчүүдийг гормоны өөрчлөлттэй болгож гормоноос хамаардаг хорт хавдраар өвчлүүлдэг. Тиймээс хөхний хавдрын нэг үндсэн шалтгаан нь глифосат гэдэгтэй эрдэмтэд санал нэгдсэн байдаг. 1974 онд энэ бодисыг хэрэглэж эхэлснээс хойш чихрийн өвчний 2-р хэлбэр, таргалалт, аутизм эрс нэмэгдсэн гэж судлаачид үздэг.
Глифосат нь цинк, магни, манган, төмөр, кальци зэргийг организмаас хөөн гаргаж олон өвчин үүсэх шалтгаан болдог. Үүнээс болж сүүлийн жилүүдэд харшил, таргалалт, аутизм, цусны даралт ихсэх, хоол боловсруулах замын өвчин, паркинсоны өвчин, саа өвчнүүд, Альцгеймер, хорт хавдар зэрэг олон өвчин эрс ихсэж байгаагийн шалгааныг энэ бодистой холбож үздэг.
Элэг, бөөр, уушиг, гэдэс, арьс, цус нь гадны хорт бодисуудыг баас, шээс, амьсгал болон хөлс болгон гадагшлуулж организмаас цэвэрлэж байдаг. Олон жилийн турш хорт бодис байнга организмд орж ирэхэд дээрхи эрхтнүүд маань түүнийг цэвэрлэж хүчрэхгүй болж хорт бодис организмд хуримтлагдаж эхэлдэг. Хорт бодис их болоход организм тэдгээр бодис гол эрхтнүүдийг гэмтээхээс хамгаалж өөхөн эд, полип (ургацаг), киста (уйланхай) болон хавдрын эсэд бөөгнөрүүлэн хадгалдаг байна. Энэ бол организмын маш “ухаалаг” үйлдэл юм.
Дахиад хэдэн жил болоход хорт бодисууд цусанд их болж биеэр тархаж үе мөчний өвчин, зүрхний өвчин, хорт хавдар үүсгэдэг. Хорт бодис их болоход дархлаа суларч янз бүрийн өвчин үүсгэгч бактери үржих нөхцөл бүрэлдэнэ .
Химийн бодисууд эсийн митохондрийг гэмтээж ажиллагаагүй болгохоос гадна гормоны системийг бас гэмтээдэг болохыг судлаачид баталсан байдаг.
Ундны ус эмийн бодисоор их бохирдсон байдаг. Жишээ нь: гормон, өвчин намдаах эмнүүд, үе мөчний эмнүүд болон антибиотикууд усанд их агуулагддаг гэж Германы эрдэмтэд баталсан байдаг.
Мөнгөн ус, цайр, хар тугалга, хөнгөн цагаан, кадми, никел, кобальт, арсен зэрэг хүнд металлууд бидний эргэн тойронд их хэмжээтэй байдаг ба бүх бие сулрах, архаг ядаргаа, толгой өвдөх, ой тогтоолт муудах, толгой эргэх, үс унах, эрт хөгшрөх, салга болох, тайван биш байх, сэтгэл гутрал, булчин үе мөч өвдөх, ходоод гэдэсний хямрал зэрэг зовуурыг үүсгэхээс гадна мэдрэлийн өвчнүүд, аутизм, аутоиммунный өвчин, хавдар гэх мэт маш олон төрлийн өвчин үүсгэдэг. Тефлонон хайруулын тавгийг халаахад жижиг шувууг алж чадах хэмжээний флюор ялгаруулдаг байна.
1971 оноос өмнө хийгдсэн ус дамжуулах хоолойнууд бүгд хар тугалганы орцтой байдаг тул уг металлын хордлого элбэг тохиолддог байна. Нүүрсний утаанд мөнгөн ус их байдаг ба энэ бодис 200 гаруй өвчин, зовиур үүсгэдэг гэж эрдэмтэд үздэг.
Америкчуудын 10% нь бамбайн Т4 гормоны дутагдалтай байдаг ба үүний шалтгааныг эрдэмтэд хүнд металлын хордлого гэж үздэг.
Бидний иддэг хоолонд амт, үнэр, өнгө оруулдаг бодисууд болон муутгахгүй хадгалахад зориулагдсан бодисууд гээд маш олон химийн бодис байдаг.
Бром гэдэг бодис шүдний-00, ундны ус, жигнэсэн гурилан бүтээгдэхүүнүүд, косметикийн бүтээгдэхүүнүүд , цэвэрлэгээний бодисууд, орны матерац, модон тавилга, сэтгэл гутралын болон багтрааны эмнүүд, будагнууд , даавуу зэрэг маш олон өргөн хэрэглэдэг зүйлд байдаг ба сэтгэцийн, мэдрэлийн, гормоны олон өвчин үүсгэдэг. Бамбайн өвчтэй хүмүүсийн бамбай булчирхайд бром биеийн бусад хэсгээс 50 дахин их болсон байдгийг эрдэмтэд баталсан байдаг.
Америкт 2004 оны 8, 9 сард төрсөн хүүхдүүдийн цусанд байгаа химийн бодисыг шинжлэхэд 287 төрлийн химийн бодис байсан ба эдгээрээс 180 бодис нь хорт хавдар үүсгэдэг бодис байжээ.
Манай монголчууд зэсийг сайн гэж их ярьдаг, тэгвэл эрдэмтэд металл зэс нь хүний биед хортой, харин ургамалд байдаг органик зэс хүний биед хэрэгтэй бодис гэж баталсан байна.
Хорт бодисууд организмд их болоход дархлааны эсүүд тэднийг аюулгүй болгож чаддаггүй тул байнга бага багаар нэмэгдэж хуримтлагдаж байдаг. Хүнсний ногоо болон жимснүүд, нүүрсний утаа, машины утаа, ундны ус, гадаадаас авдаг гоё савалгаатай хүнснүүд бүгд бидний эрүүл мэндэд заналхийлж байдаг .
Хүний олон өвчний шалтгаан гаднын хорт бодисын оролцоотой үүсдэг ба үүнийг өнөөгийн анагаах ухаан ерөөсөө ярьж бичдэггүй. Хүний өвчнийг эмчлэхийн тулд үндсэн эмчилгээний хажуугаар хортой бодисоос организмыг цэвэрлэх эмчилгээ гэж байдаггүй тул эмчилгээний үр дүн санаснаар болдоггүй. Тиймээс олон архаг өвчин өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг хүн болгон мэдэж байгаа. Нэг архаг өвчинтэй болсон хүн эмчлүүлсээр байгаад л өөр өвчин нэмэгдсээр байгаад л бурханы оронд явдаг болохыг бүгд мэдэж байгаа.
Хорт бодис организмд их болоход витамин, минерал, ашигтай бактерийн хэмжээг багасгаж паразит, мөөгөнцөр, вирус, бактери ихсэж организм тэжээлийн бодисын дутагдалд ордог. Өнөөгийн хөгжилтэй гэгддэг барууны орнуудад хоол тэжээлийн дутагдал эпидеми болоод байна гэж эрдэмтэд үздэг. Харахад хоол идээд байгаа боловч идсэн хоолонд нь витамин, минерал бараг байхгүй. Өөрөөр хэлбэл организмын эд эсүүд өлсөж, аврал гуйж байна гэсэн үг юм. Тэжээлийн бодисын дутагдалтай, дээр нь баахан хорт бодисонд хордсон организм эрүүл байна гэж байхгүй нь ойлгомжтой. Ж/нь чихрийн өвчний 2-р хэлбэрийг зарим судлаачид тэжээлийн доройтлоос болсон өвчин гэж үздэг.
Гэтэл эмч нар бид энэ үед химийн синтетик эмээр “бөмбөгдөж” өлсөж байгаа эд эсийг улам өлсгөдөг. Уул нь хорт бодисоос нь цэвэрлээд дархлааны эсүүдийг сэргээчихвэл унаган дархлаа сэргэж организм өөрөө өөрийгөө эрүүлжүүлж эмчилдэг жамтай. Ингэж эмчилдэг анагаах ухааны шинэ салбарууд бий болоод нилээн олон жил болж байгаа. Ходоодны хүчил ходоодны ханаар цусанд шимэгдэж организмд байгаа бактери, вирус, паразитыг устгаж зарим химийн хоруудыг саармагжуулж организмыг эрүүлжүүлдэг байтал бид хүчил их байж болохгүй гээд хүчлийг дарангуйлах нь организм бохирдох нэг шалтгаан болж байдаг. Цаашилбал витаминууд организмаас хорыг зайлуулдаг байтал ” витамин аюултай” гээд бараг хэрэглүүлэхгүй болгочихсон. Дээр нь жимснээс витамин авна гэж худлаа ярихаа болимоор юм. Гаднаас орж ирдэг жимснүүдээс хордлого авчихгүй л бол их юм гэж л бодох хэрэгтэй. Хүний толгойд витамин ихэдвэл аюултай гэсэн бодол заавал орж ирдэг болсон. Гэтэл витаминд хордож амь насаа алдсан хүнийг харсан эмч бидний дунд байдаг билүү?
Тосны хүчил болон антиоксидант үйлчилгээтэй витаминууд эсийн митохондрийг гэмтэхээс хамгаалж, глютатионыг сэргээдэг тухай ерөөсөө ярьдаггүй. Эсийн бөөмөөс илүү митохондрид организмын хамгийн чухал урвалын нэг дулаан үүсэх болон ДНК үүсэх урвал явагддаг. Гликолизын урвал бас митохондрид явагддаг. Тиймээс хүн өвчлөхүү үгүй юу гэдгийг шийддэг газар бол эсийн митохондри юм. Анагаах ухаан маань энэ тухай юу ч ярьдаггүй. Хорт бодисууд митохондрийн мембраныг гэмтээж үхүүлдэг ба митохондри байхгүй болоход эс амьдрах ямарч боломжгүй болдог. Тиймээс аливаа архаг өвчнийг төгс эмчлэхийн тулд организмыг хорт бодисоос цэвэрлэж, митохондрийг нь сэргээх эмчилгээг заавал хийх ёстой.