Мэдээ

1,6 тонн сүүгээрээ 322 хүүхдийн амь, 42,3 литр цусаараа 302 хүний амь аварсан ачтан

Манай өвгөний дүү надад юу гэж хэлж байсан гээч “Та ямар сайн угсааны саалийн үнээ юу?” гэж. Учир нь би жигтэйхэн их сүүтэй хүүхэн байсан юм. Ээж маань яслид тогоочоор ажилладаг.

Харин би тэр яслийн өлгийтэй хүүхдүүдийн ангид хүүхдээ өгчихсөн. Цайны цагаараа ирж би хүүгээ хөхүүлэхийн зэрэгцээ хүүгийнхээ ангийнхныг бүгдийг нь хөхүүлчихдэг байлаа. 30 хүүхэд.

Нээрэн миний сүү өдөрт 10 литр гардаг байсан юм чинь. Асрагч сувилагч нар хүртэл хөхний минь сүүнээс бүрэлдсэн цөцгийгөөр нүүрээ арчилна. Ямар ч үнэтэй тосноос илүү арьсанд нь ач тусаа өгнө.

Нэг өдөр тэр яслид Архангай аймгаас 3н ихэр хүүхэд ирсэн. 3 уулаа тэжээлийн дутагдалтай. Ам нь ангалзаад, цэлдэн хөх болчихсон хүүхдүүд байна гэж дуулдсан. Би чинь залуу байсан болохоор нэг их юм бодсон ч үгүй. Нэг өдөр хөхүүлдэг 30 хүүхдээс минь 17 нь л ирлээ. Тэгэхээр чинь 13н хүүхдийн сүү илүү гарахгүй юу.

Тэр илүү гарсан сүүг нь ээж маань асгаж байхыг нөгөө 3 ихэр хүүхдийн эмч орж ирээд харчиxсан. Юу асгаж байгааг нь асуухад хөхний сүү гээд хэлсэн чинь “Тэнд хүүхэд үхэх гэж байхад та энд сүү асгалаа” гээд загнаж гарав. Хэрэгтэй бол би ахиад саагаад өгье гэтэл надад гүзээлзгэний варьены шил өгч байна. 400 граммын. Ахиад саасан 400 арай хүрсэнгүй. 300 грамм жаахан гарав уу яав. Орой нь би хүүхдээ авах гээд ирсэн нөгөө 3 ихэр хүүхэд час хийсэн хүчтэй хоолойгоор уйлах нь сонсогдлоо. Сүү их хурдан үйлчилсэн байсан. Тэрийг мэдээд хөхний сүү хүүхэддээ бол чандмань эрдэнэ юм байна гэдгийг би ойлгосон. Дусал ч сүү дахиж асгаж болохгүй юм байна гэдгийг.

Тэр цагаас хойш намайг төрөх болгонд эмнэлэгт миний урд юм уу хойно заавал 3 ихэр хүүхэд төрдөг боллоо. 2 дахь төрөлтөн дээр минь Хөвсгөлийн 3н ихэр хүүхэд төрж таараад бас л би хөхүүлээд овоо болгочихсон. 3 дахь төрөлтөн дээр маань Увсын 3 ихэр. Дараагийн төрөлтөн дээр Зүүнхараагийн 3 ихэр. Би тэр хүүхдүүдийг хөхүүлэхээс гадна сүүгээрээ угаадаг байлаа. Тэд нар минь бүгдээрээ сайхан эрүүл саруул бойжоод эхэлж байгаа юм чинь. Намайг эмнэлгээс гарсан хойно гэр нь хол ч байсан, ойр ч байсан хүрч ирж аваад хүүхдүүдээ хөхүүлүүлдэг болсон. Би яг л өөрийн хүүхэд шиг бодож хүүхдүүдийг хөхүүлнэ. Тэгж явсаар байгаад би сүүний донор болчихсон юм. Сүүний донор болохоос өмнө би бас цусаа өгдөг байсан. Дүүгийн минь бие өвдөөд Эрдэнэтийн эмнэлэгт сахиж байхдаа дүүдээ 500 грамм цус өгчихөөд байж байсан. 2 хоногийн дараа тэр эмнэлэгт нэг эмэгтэй төрлөө. Тэр эмэгтэйн 3дахь хүүхэд нь гэж байна. Бүтэнсайн өдөр байсан юм. Хүүхэд нь бол эв эрүүл сав саруул байж байдаг, ээж нь харин цус алдаад шоконд орчихсон хариугүй үхдэгийн даваан дээр.

Тэр эмнэлэгт ажилладаг асрагч охины дүү нь юм гэнэ. Асрагч охин над дээр хүрч ирээд Эгчээ та донор билүү? гэхээр нь тиймээ гэсэн чинь “Дүү маань цус алдаад хариугүй явчих гээд байна аа. Та цуснаасаа өгж туслаач” гэхээр нь дүүгийнх нь цусны бүлгийг асуусан чинь минийхтэй таарч байна. Уг нь бол бид нар нэг удаа цусаа өгчихөөд 2-3 сар болж байж дараагийн цус өгөх ёстой байдаг. Гэхдээ тэнд хүн үхэх гээд байхад яаж үгүй гэж хэлж чадах вэ дээ. Донорууд ер нь үгүй гэж хэлж чаддаггүй юм. Тэр охин дээр орсон чинь царай нь зэвхий цайчихсан, яг үхчихсэн хүн шиг харагдаж байна. Халуун цус хийгээд эхэлсэн чинь охины уруул ягаанаар туяарч, жаахан татвага хийж хөдөлж эхэлсэн. Тэр эмэгтэй амьдарсан. Хотод цусны станцад тэр мэдээ нь очдог юм байна л даа. Тэр үед цусны станцын дарга Улаанхүү гэж байсан юм. Тэгсэн чинь “Яахлаараа Оюунчимэгээс 2 хоногийн зайтай 1 литр цус авдаг юм.

Та нар өөрсдийгөө бодоод хүнийг бодсонгүй юу” гээд нөгөөдүүлийг загнасан байсан. Болохгүй л дээ. Гэхдээ тэр эмэгтэйд цусаа өгчихөөд доошоо шатаар алхаж байхдаа өөрийн эрхгүй бодсон “Хэрэв зээ би энэ хүнд таарч цусаа өгөөгүй бол энэ нялх хүүхэд, үлдсэн хоёр хүүхэд нь ээжгүй, хань нь ханьгүй, эцэг эх нь охингүй болох байсан. Тэгэхээр энэ хүнийг аварсан нь аргагүй сайн зүйл боллоо” гэж баярласан. Сүү, цус 2 бол чандмань эрдэнэ гэдгийг ойлгосон. Улаан загалмайн их хурлаар намайг сүү, цусны хослосон хошой донор гэж зарлаж байсан. 2,3н ч удаа би үхлээс аврагдаж байсныгаа үүнтэйгээ л холбож боддог юм. Хамгийн сүүлд 10 гаруй жилийн өмнө буудал дээр автобус хүлээгээд зогсож байхгүй юу. Тэгсэн нэг машин 2 автобусны дундуур хурдтай орж ирээд буудал дээр байсан намайг аваад чулуудчихсан. Би автобусан дээгүүр даваад замын голд унасан юм.

Аз болж тэр хэсгийн замыг хаачихсан байсан, тэгээгүй бол би унадаг дараагийн тэрэг хүрч ирээд ахиад л намайг дайраад өнгөрнө шүү дээ. Би гэмтлийн эмнэлэгт 7 хоносон байх. Хэл яриа байхгүй болчихсон. Миний тархинд цус хураад, 5,8р нурууны үе, хавирга хугарчихсан байсан юм. Тэгэхэд гэмтлийн эмч хэлж байсан юм “Оюунаа минь чи ёстой нээрээ аргагүй л буян үйлдэж. Чам шиг гэмтэл авсан хүн нэг бол газар дээрээ нам явдаг, нэг бол насаараа өрөөл татанхай болдог. Гэтэл чи юу ч болоогүй юм шиг л явж байна” гэж. Энэнээс гадна дахиад ч үхэлтэй тулгарсан үеүүд байгаа. Олон хүнд цусаа бэлэглэж, сүүгээ өгсний буян намайг аварсан л гэж бодож явдаг юм. Би донор болсон цагаасаа эхлээд нийтдээ 1600литр сүү, 48.5 литр цус өгсөн байна. Цусыг хүнд өгөхөөс гадна 12 төрлийн эм бэлдмэлийг гаргаж авахад хэрэглэж хэрэгтэй хүмүүсийнхээ гарт очдог. Сайхан эрүүл чийрэг залуу үеийгээ донор болооч гэж уриалмаар санагддаг юм аа. Хүнд өгч болох хамгийн том бэлэг амьдрал учраас.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү