Мэдээ

17 настай дохионы хэлмэрч: Би аав ээжийгээ хөгжлийн бэрхшээлтэй гэдэгт нэг ч удаа эмзэглэж үзээгүй

Ө.Билгүүнцог: “Манай аав ээж хоёр хоёулаа сонсголын бэрхшээлтэй хүмүүс байдаг. Би зүүн талаараа киногоо үзээд баруун талаараа ээждээ орчуулга хийж өгдөг.

Тэгээд тухайн үед ганцхан МҮОНРТ л дохионы хэлмэрчтэй байсан. Тэгээд тэрийг харчихаад би бас ингээд том болоод дохионы хэлмэрч болчихвол гоё оо гэж бодож байсан.

Манайх ам бүл дөрвүүлээ. Доороо нэг дүүтэй. Манай гэр бүлийн 75 хувь нь дандаа хамт явж байдаг.

Яагаад гэвэл манай дүү бид хоёр нэг сургуульд сурдаг. Одоо ээж маань манай сургуульд үйлчлэгчээр ажилладаг.

Хуульд судалж байгаад 7р ангидаа захирал руугаа давхиж ороод “Манай ээжийг ажилд аваад өгөөч ээ. Манай ээж хөгжлийн бэрхшээлтэй юм аа” гэхэд захирал маань одоо бүдэг санаж байгаа ч гэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүн авахгүй ээ” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би”Манай ээж хэлж, сонсож чадахгүй ч гэсэн өөр юуг ч хийсэн сайн чадна. Таны сэтгэлд хүртэл сайн хийж чадна” гэж хэлж байснаа тод санаж байна.

Тэгсэн нэг мэдсэн зургаан жил өнгөрсөн байна. Манай ээж энд ажилладаг гэдгийг мэдээд, дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй гэхээр манай найзууд надтай яаж харьцах бол гэж маш их боддог байсан. Гэхдээ миний бодож байсан бодол бүр 360 градус эргэсэн. Яагаад вэ гэхээр манай найзууд бүр танихгүй байсан хүүхдүүд хүртэл манай ээжтэй аймар гоё харьцдаг.

Танай ээж чинь аймар хөөрхөн хүн байна лээ тэ гээд л маш гоё эерэгээр хүлээж авсан. Манай аав хувиараа байгууллагад таксинд явдаг. Байгууллага гэхээсээ илүү олон хүнтэй тулж харьцаж байгаа болохоор ойлгоход их хэцүү байдаг учраас бичгээр харилцдаг.

Би аав ээжийгээ хөгжлийн бэрхшээлтэй гэдэгт нэг ч удаа эмзэглэж үзээгүй. Яахав бүр цэцэрлэгт ч юм уу бага ангид байхдаа эмзэглэх ганц хоёр тохиолдол гарч л байсан байх. Гэхдээ яг ингээд бие томроод өөрөө ажил хийж эхлээд, өөрөө бие даагаад явах тусам аав ээж маань надад маш том боломжийг, хэнд ч бараг олдохооргүй маш цөөхөн боломжийг нээгээд өгчихсөн юм болов уу гэж би боддог.

4 настайдаа анх дохионы хэлийг сурч эхэлсэн.Манай аав их гоё зурдаг л даа. Зүгээр нэг дэвтрийн цаасан дээр надад дохионы хэлний 35 үсгийг зурж өгч байсан.

Анхлан ааваараа зуруулж заалгаснаар өнөөдөр дохионы хэлмэрч хийж байна. Дохионы хэлийг өнөөдөр ч гэсэн үргэлжлүүлэн сурч байгаа, цаашид гадаад хэл дээр ч гэсэн дохионы хэлийг сурах зорилготой.

Бага байхдаа үндэсний телевизийн дохионы хэлмэрч эгчийг хараад нээрээ л энэ хүн шиг эфирээр зурагтаар гардаг болчихвол гоё байхдаа гэж боддог байсан. Гэхдээ миний мөрөөдөл арай л хурдан биелчихсэн юм шиг байна аа.

17 настай хүү телевизэд орж ирээд ажиллана гэдэг гоё мэдрэмж байдаг юм байна лээ. Бүх хүн биш юмаа гэхэд намайг ядаж 5 хүн үзэж байхад л миний сэтгэл маш гоё болдог. Дохионы хэлмэрч болохын тулд маш олон зүйлийг цээжилдэг, маш их зүйлийг тунгаан боддог.

Ялангуяа дохионы хэлмэрч гэдэг хүн маш их хөдөлдөг. Зүгээр л нэг зомби шиг гар хөлөө хөдөлгөөд л байж байна гэсэн үг биш ш дээ. Миний хувьд тэр царайны хувирал, тухайн мэдээний гол санааг хүмүүст ойлгуулахын тулд хичээдэг.

Гадаад хэлэнд бол үсэг нийлж байж үг бүтдэг. Үгүүд нийлж байж өгүүлбэр бүтдэг. Дохионы хэлэнд бол ном гэдэг үгийг үсэглээд хэлмэрчилэхээс гадна ном гэдэг дохио тусдаа байдаг. Үг болгон өөрийн гэсэн дохиотой байдаг.

Тийм болохоор миний мэдэхгүй үг монгол үгсийн санд зөндөө байгаа шдээ. Тэр болгоныг би бүгдийг нь цээжилж байгаа. Одоо ч гэсэн дуусаагүй байгаа. Сураад л байгаа. Мэдэхгүй үг гарч ирэх юм бол тэрийгээ хүмүүсээс асуудаг.

Дохионы хэлийг анх сурч байгаа хүмүүс хуруун дээрээ хийдэг учраас хуруу нь жоохон эвлээгүй байдаг. Хуруунууд нь хоорондоо нийлээд салдаггүй ч юм уу тиймэрхүү зүйлүүд мэр сэр харагддаг.

Дээрээс нь аливаа хэлийг сурахад орчин их чухал байдаг ш дээ. Анхлан дохионы хэл сурч байгаа хүмүүс Youtube сувгаар ч юм уу Google-ээс дохионы хэл гэж хайгаад гарч ирсэн зургаар жоохон буруу сурчихдаг. Тэгэхээр дараа нь тэр хүмүүстэй ойлголцоход жоохон хүндрэлтэй байдаг.

Тийм учраас дохионы хэл сурч эхэлж байгаа, сурах гэж байгаа хүмүүс байвал сонсголгүй ганц хоёр хүн дээр очоод орчинд нь сурахыг зөвлөж байна. Тэр хүмүүс бол нээх дургүйцэхгүй. Харин ч ганц нэг алдааг чинь засаад зөвлөөд өгнө. Тэгэхээр дохионы хэл сурах гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд хичээгээрэй.

Хэл сурч байгаа хүмүүс цаашаа өөр хэл сурахыг хүсдэг шиг миний хувьд монгол дохионы хэлээ сайн сурчихаад цаашдаа Солонгос, Америк гэх мэт дэлхийн дохионы хэл сурах хүсэлтэй байгаа”гэв.

Эх сурвалж: NTV мэдээ

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү