Хүмүүс өдөр тутам стресст амархан өртдөг. Ингэж удаан явбал хуримтлагдсан стресс маш аюултай өвчин болдог. Иймд өдөр бүр орой унтахын өмнө хөлдөө иллэг хийж байвал стресс ядаргаанаас болон ирээдүйн хорт хавдраас сэргийлж чадна. Ингээд хамгийн амархан хөлийн иллэгийг зааж өгье.

Их ядарсан хөл өвдөнө. Тиймээс нэн тэргүүнд хөлийг өөрийнхөө гаранд дасгах хэрэгтэй. Үүний тулд хөлийн улыг хэсэг хугацаанд илээрэй. Гараа өсгийнөөс хурууны үзүүр хүртэл урагш явуулахдаа чангавтар атгаж, хойш нь явуулахдаа зөөлөн, жигд илнэ.

Хөлийн хуруу бүрт нэгийг нь ч гомдоолгүй иллэг хийх ёстой. Хурууг зөөлөн чимхээд тал тал тийш нь аяархан хөдөлгөнө. Дараа нь чимхсэн хэвээр өөр лүүгээ зөөлөн татна.
Хөлийн хурууны яснуудын хоорондын зайг тэмтэрч олоод эрхий хуруугаараа зөөлөн зөөлөн дар.

Дунд хурууны харалдаа эрхий хуруугаараа 3 секунд чангавтар дар. Дараа нь хуруугаа үл ялиг доошлуулж арьсан дээр гарсан цайвар толбон дээр ахин 3 секунд дарна. Ийм байдлаар өсгий хүртэл үргэлжлүүлж тавхайг бүхэлд нь цочроож иллэг хийнэ.
Нэг гараараа хөлийг хажуугаас нь атгаж нөгөө гараа дээш харуулан гарынхаа алганы хажуугаар улыг үзүүрээс өсгий хүртэл зөөлөн цохино. Харин хэтэрхий чанга цохиж болохгүй.

Хөлийн хоёр хажууг хурууны үзүүрээс шагай хүртэл дөрвөн хуруугаараа тойрог хөдөлгөөнөөр илнэ.

Эцэст нь хоёр алганы завсраар хөлийг хийж, дээр доороос нь зэрэг зөөлөн илж тайвшруулаарай. Иллэг хийхдээ аятайхан үнэртэй тос хэрэглэж, болж өгвөл чихэнд сонсголонтой сонгодог ая тавиарай. Түүнчлэн орой бүр хөл амраах шингэн юм уу зориулалтын бүтээгдэхүүн, давс хийсэн халуун бүлээн устай саванд хөлөө 10-15 минут байлгахад хөлийн ул эвэршиж хатуурахгүй, өдрийн ядаргаа бүрэн арилдаг тул маргааш нь та маш сэргэлэн цовоо, өөдрөг, эрч хүчээр дүүрэн байх болно.
