Categories
Uncategorized

Утаа бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ? ЗААВАЛ УНШААРАЙ. ТҮГЭЭГЭЭРЭЙ

Утаа гэж юу вэ?

Утаа нь дулааны цахилгаан станц, уурын зуухны яндангаас гарч буй утаа, агаарын хөлөг, галт тэрэгний зүтгүүрийн хөдөлгүүрийн шатахууны шаталтын улмаас үүссэн утаа, бичил хатуу, хорт бодисуудын нөлөөгөөр усны уур өтгөрөлтийн байдалд шилжсэн төлөв бөгөөд агаарын бохирдлын хамгийн тод жишээ юм.

Дэлхийд жилдээ 7 сая хүн агаарын бохирдлоос болж нас бардаг (ДЭМБ). Хөгжиж буй орнуудад 8 нас баралт тутмын 1 нь Агаарын бохирдлоос үүдэлтэй гэгдэх болсон бөгөөд 2013 онд ДЭМБ, Хавдрын агентлаг хавдар үүсгэгчээр зарласан байдаг.

Монгол улсын хувьд хүн амын дийлэнх хувь нь төвлөрдөг Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга гаруй автотээврийн хэрэгсэл, 5–6 хувийг дулааны цахилгаан станцууд, 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна (2017 он)

Агаарын бохирдол нь бүтцийн хувьд PM 2.5, PM 10, CO(нүүрс төрөгчийн дутуу исэл), SO2(хүхрийн давхар исэл), NO2(азотын давхар исэл), О3(озон) гэсэн хийнүүдээс тогтоно.

SO2-Хүхрийн давхар исэл

Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс болон гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд тухайн орчноос холдоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог.

Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

PM 2.5, PM 10

Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог 10 микрометрээс бага хэмжээтэй жижиг тоосонцрууд юм. Хэт жижиг хэмжээнийхээ ачаар амьсгалын замын хамгаалах механизмыг төвөггүй гатлан уушгины хамгийн гүн хэсэгт байрлах хийн уутанцар болох цулцангуудад хүрч очин хүний биеийг өвчлүүлэх эх үүсвэр болдог. Эрүүл мэндэд богино (хэдэн цаг, өдөр), урт хугацааны (хэдэн жилийн) хор нөлөө үзүүлдэг бөгөөд уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог.

Зүрхний архаг өвчтэй хүн

титэм судасны өвчтэй

гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн

өндөр настнууд (уушгины эсвэл зүрхний өвчингүй байж болно) эдгээр тоосонцорт мэдрэмтгий байдаг.

Зүрхний өвчтэй хүн тоосонцрын нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тоосонцор нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй.

СО – Нүүрс төрөгчийн дутуу исэл

Өнгөгүй, үнэргүй хий. Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг.

Энэ нь хүний бие махбод, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Зүрх судасны өвчтэй болон биеийн хүчний ажил хийдэг хүмүүснүүрстөрөгчийн дутуу ислийн нөлөөлөлд өртвөл цээжээр өвдөх болон зүрх судасны талаас бусад шинж тэмдгүүд илэрдэг.

Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй (зүрхний титэм судасны өвчтэй, цус багадалттай, уушигны архаг бөглөрөлтөт өвчтэй) хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг.

NO2-Азотын давхар исэл

Өнгөгүй, үнэргүй хий бөгөөд агаар мандалд бор шаргал өнгөтэй болж хувирдаг. Азотын давхар исэл нь уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг. Азотын давхар исэл нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, гуурсан хоолойн багтраа болон үрэвсэлтэй хүний мэдрэгшлийг нэмэгдүүлэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй. Зүрх судасны, уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

О3-Озон

Гурван атомт хүчилтөрөгчөөс тогтсон хий төлөв байдалтай нэгдэл. Озон нь атмосферийн дээд давхарга болон газрын гадарга орчмын агаарт байдаг бөгөөд озон хаана байгаагаас шалтгаалж хүний эрүүл мэндэд эерэг, сөрөг нөлөө үзүүлдэг. Озон нь 2 төрөл байдаг.

Атмосферийн агаарын дээд давхаргад оршдог озон нь нарны хэт ягаан туяаны хортой нөлөөнөөс хүн, амьтныг хамгаалах биологийн ач холбогдолтой.

Газрын гадарга орчмын атмосферийн агаар дахь озон нь хүний эрүүл мэндэд аюултай.

Гадаа биеийн хүчний ажил хийх, зуны улиралд хүүхдүүд гадаа удаан хугацаагаар тоглоход озоны нөлөөлөлд өртөх эрсдэл нэмэгддэг. Амьсгалын замын өвчтэй хүмүүс, тухайлбал гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүсийн уушиг озонд маш мэдрэг байдаг тул бусад хүмүүстэй харьцуулахад озоны хэмжээ бага байхад ч харьцангуй хурдан озоны нөлөөнд өртөж, эрүүл мэндэд нь өөрчлөлт гардаг.

Озон нь амьсгалын замын салст бүрхэвчийг цочроох, уушгины үйл ажиллагааг бууруулах үйлчилгээтэй тул озоны нөлөөнд өртсөн хүмүүст ханиах, хоолой хорсох, цээжээр хөндүүрлэх, амьсгал авалт хурдасч, өнгөц болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Озон нь гуурсан хоолойн багтраа өвчнийг сэдрээдэг бөгөөд ялангуяа гэрийн тэжээмэл амьтан, ургамлын тоос, хачиганд харшилтай хүмүүс озонд их мэдрэмтгий бөгөөд ийм хүмүүс гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвдөх нь элбэг байдаг. Түүнчлэн амьсгалын замын халдварт өвчинд өртөмтгий байдлыг ихэсгэхэд нөлөөлдөг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *