Америкийн Хавдрын нийгэмлэгээс хийсэн судалгаагаар цайг халуунаар нь уух нь улаан хоолойн хавдарт өртөх эрсдлийг хоёр дахин нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Өдөрт 700 мл гаруй цай, кофе зэрэг шингэн зүйлсийг цельсийн 60 хэмээс халуунаар нь уудаг хүмүүсийг цайгаа бүлээнээр бага хэмжээтэй уудаг хүмүүстэй харьцуулахад улаан хоолойн хавдраар өвчлөх эрсдэл 90 хувиар өндөр байжээ.

Дээрх судалгаанд Ираны зүүн хойно байрлах Голестан мужийн 50 мянга гаруй хүн хамрагдсан байна. Судалгааны явцад эрдэмтэд 40-75 насны 50 045 хүнийг дунджаар 10 жилийн турш ажигласан ба 2004-2017 оны хооронд судалгаанд хамрагдсан иргэдийн дунд улаан хоолойн хавдраар өвчилсөн 317 тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн халуун цай уух нь хэрхэн улаан хоолойд нөлөөлж, улаан хоолойн хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг талаар нэмэлт судалгаа шинжилгээ явуулах шаардлагатайг эрдэмтэд онцолсон байна.

Судалгааг удирдсан Америкийн Хавдрын нийгэмлэгийн профессор Фархад Ислами, “Цай, кофегоо халуунаар нь уух дуртай хүмүүс олон байдаг. Гэтэл бидний хийсэн судалгаагаар цай ундаа халуунаар нь хэрэглэх нь улаан хоолойн хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон. Тийм учраас цай кофегоо хөргөж байж уухыг зөвлөж байна.” хэмээн ярьсан байна.

Өмнө нь хийж байсан судалгаануудаар цай ундаа халуунаар нь уух нь улаан хоолойн хавдартай холбоотой болохыг тогтоож байсан бол Хавдрын өвчлөлийн тухай олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн энэ удаагийн судалгаагаар цай, кофе нь яг хэдэн хэмээс халуун байх нь улаан хоолойн хавдарт өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг нарийн зааж өгсөнөөрөө онцлог болжээ.
Улаан хоолойн хавдар нь дэлхийн хүн амын дунд хамгийн элбэг тохиолддог хавдруудын 8-рт бичигддэг ба ихэнхдээ тавилан муутай төгсдөг байна. Олон улсын хавдар судлалын төвийн судалгаагаар жилд 400 мянган орчим хүн улаан хоолойн хавдрын улмаас нас бардаг байна. Голчлон архи тамхины хэрэглээ, ходоодны хүчил улаан хоолой руу ордгоос болж улаан хоолой гэмтэж хавдар болдог ба дээрх шалтгаануудаас гадна сүүлийн жилүүдэд цай ундаа халуунаар нь хэрэглэх нь мөн улаан хоолойн хавдарт өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг талаар яригдах болсон юм.

Америкийн Хавдрын нийгэмлэгээс 2019 онд АНУ-д л гэхэд улаан хоолойн хавдраар 13750 эрэгтэйчүүд, 3900 эмэгтэйчүүд оношлогдоно хэмээн урьдчилсан байдлаар тооцоолсон байна.
Лондонгийн Ариун цэвэр, халуун орны өвчин судлалын сургуулийн профессор Стивен Эвансын хэлж байгаагаар ууж байгаа зүйлсийн төрөл бус ууж байгаа зүйлсийн хэм нь л гол асуудал болж байгаа гэжээ. Түүний хэлсэнээр халуун цай унд нь улаан хоолойн эсийг гэмтээснээрээ хавдар үүсэх үндсийг тавьдаг байна.

АНУ болон Европт цайг 65 хэмээс дээш халуунаар хэрэглэх явдал ховор бол ОХУ, Иран, Турк, Өмнөд Америкийн улс орнуудын иргэд цайг маш халуунаар уух нь элбэг байдаг аж.
Эх сурвалж: https://edition-m.cnn.com