Усан тахил өргөхдөө хамгийн цөөхөн нь таван хүслийн эрдмийг бэлгэдсэн таван цөгцөөр мөн 7, 8, 9 цөгцөөр усан тахил өргөдөг. Тахилын цөгц нь алт, мөнгө, зэс тэргүүтэн сайн эдээр хийгдсэн бол эрхэм, шил шаазан байсан ч болно хамгийн гол нь элдэв эмтэрхий сэвгүй цэвэрхэн байх хэрэгтэй.

Усан тахилын ус нь цэвэрхэн, элдэв амьтангүй, хүйтэн байх хэрэгтэй. Усан тахил өргөх үедээ хамаг амьтан үтэр түргэн гэгээрэлд хүрээсэй, гэгээрэлд хүртлээ өлсөж, ундасахын зовлонг үл амсан өглөгийн барамидийг төгсгөх болтугай гэсэн сэтгэл үүсгэнэ.

Мөн цэвэр усаар тахил өргөснөөр хилэнц түйтгэр ариусах, сэтгэлийн үндэс номын чийгээр дэвтэхийн шүтэн барилдлагыг жигдлэнэ хэмээн <<Тахил , балинг бэлтгэх, ёс буяны үүдийг нээгч хэмээх>> сударт зарлигласан байдаг.

Тахилаа өргөх болон хураахдаа цэвэр алчуураар цөгцийг гурван удаа цагийн зүүний дагуу (бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцийг ариусгаж байна гэж), гурван удаа цагийн зүүний эсрэг (Бурхны лагшин, зарлиг, тааллын адистидийг хүртэх болой хэмээн) арчина. Тэгээд цөгцнүүдээ арцхүжээр ариусгана.

Хамаг амьтны сэтгэл оюуныг гэгээрсэн билиг, нигүүлсэхүй, хүчин чадлаар дүүргэж байна хэмээн хүж, арцны утаагаар цөгц бүрийг ариулж байхдаа төсөөлөн бодно.

Хоосон цөгцийг дээш нь харуулан шүтээний өмнө тавих нь юу ч өргөхгүй байна гэсэн үг болохоор тахилын ширээнд усан тахил өргөхийн өмнө цөгц бүрт бага зэргийн ус дусаана.
Ус хийж байх үедээ УМ АА ХУМ хэмээн уншиж усыг нар зөв эргүүлэн хөөсрүүлэхгүй хийх ёстой.

Энэ гурван ариусгалын тарни нь буяны үйлд тань саад тотгор учрах, тахилыг бохирдуулахаас Тахилын цөгцийг нэг шугаманд ойрхон боловч бие биенд нь шүргэлцүүлэлгүй тавина.
Цөгцнүүдийн хоорондох зай буудайн үрийн чинээ байдаг бөгөөд хоорондын зай хэт ойр байрлуулбал багштайгаа хэт ойр байснаас омгорхох сэтгэл төрөх аюултай.

Цөгцнүүдийн дээд амсраас мөн л буудайн үрийн чинээ зайтайгаар дүүргэнэ. Хэт их дүүрэн юм уу хэт бага байж болохгүй. Хэрэв цөгцнүүд хангалттай дүүрэн биш байвал билиг оюун дутахыг, хэт дүүрэн байвал билиг оюун цалгайрах гэдэг.

Усан тахил өргөснийхөө дараа хамаг амьтныг үтэр түргэн гэгээрэлд хүргэхэд хураасан буянаа зориулна. Оройдоо тахилын цөгцөө нэг нэгээр нь хоослон хуурай цэвэр алчуураар арчин доош нь харуулан тавина. Хэзээ ч хоосон цөгцийг дээш нь харуулын тахилын ширээнд тавьж болохгүй.
Хураасан усаа асгалгүйгээр цэцэг ногоогоо усалбал сайн, юмны дээвэр дээр цацаж болно.

Мөн тахилд өргөсөн жимс, идээнүүдээ хэдэн өдөр тахилын ширээндээ тавьж болох ба хураасныхаа дараа заавал гадагш өргөлгүйгээр идэж болдог. Тахилыг тавихдаа зүүн гар талаасаа эхэлж тавиад баруун гар талаасаа хураах ёстой.