Намрын улиралд түүхийгээр нь голдуу, шүүсийг нь шахах, чанаж болгохгүйгээр салат болон хүйтэн зууш хийж идэх нь биед хуримтлагдсан хор гадагшлуулах, эмчлэх засах үр дүн өгдөг.

Харин өвөл жигнэж, монгол гадаад бяслаг, төрөл бүрийн самар, сармис, оливын тостой уураглаг салат хийж болно.
Мөн тэжээлийн будаа, хөц будаатай усан ууранд жигнэж болгоод шар тостой идэх нь хүйтэнд биеийн гал тэнцвэртэй байлгах онцгой тустай.
3-5 хоногийн хэрэглэх манжинг урьдчилан жигнэж, хөргөөд модон болон шилэн саванд таглаж хадгалахад амин дэмээ алдахгүй.
Гол нь сайн тагтай битүү байх нь чухал.
Өдөр бүр мах идэж байгаа бол 7 хоногт 1 удаа жигнэсэн хүрэн манжингаар гэдэс болон бөөрөө цэвэрлэж баярлуулаарай.
Өглөөнөөс эхлэн 4-5 удаа өөрийн идэх хэмжээгээр гурил холихгүйгээр ямар ч хоол хийж идэж болдог.
Мах идэхгүй нэг өдөр ийнхүү өнжихдөө шээсний өнгөө сайн ажиглаарай.
Шээс улаавтар, ягаан туяатай гарч байвал таны хоол боловсруулах зам цэвэрлэх шаардлагатай байгааг харуулж байдаг.
Сүрьеэгийн үед уудаг рифамицин гэдэг эмийг уухаас бусад үед шээс улаавтар өнгөтэй гарч байх нь бөөр болон гэдэсний замд “асуудал” байгааг илтгэнэ.
Хүрэн манжингийн шүүсийг хэрхэн бэлтгэх вэ
Хүрэн манжинг сонгон авч ширүүн үстэй сойзоор 2-3 удаа үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж дахин хүйтэн усаар угаагаад шүүс шахагч машинаар шүүсийг нь гаргаж авна.
Гарган авсан шүүсээ бараан өнгийн шилэнд хийж, 70 хэм хүртэл нь 5-10 минут буцалж буй усанд ариутгана. Шүүсийг нэг халбагаас нэг стакан хүртэл дасгах журмаар хоолны өмнө хэрэглэнэ. Давсалсан болон даршилсан хүрэн манжинг сувилал, эмчилгээний зориулалтаар хэрэглэж болохгүй.
Хүрэн манжингийн шүүсний ач тус
Цусны даралт бууруулна
Өдөрт 250 мл хүрэн манжингийн шүүс ууснаар цусны даралтыг бууруулдаг. Шүүсэнд агуулагдах нитрат нь цусанд нитритийн хүчил болж цусны судсыг өргөсгөж өгдөг.
Биеийн жин барихад тустай
Хүрэн манжин нь илчлэг багатай, өөх тосгүй, шимт бодисуудаар баялаг.
Хорт хавдраас сэргийлнэ
Хүрэн манжингийн өнгийг бүрдүүлэгч бодис беталайн нь усанд уусдаг исэлдэлтийн эсрэг бодис юм. Энэхүү бодис нь хавдраас сэргийлдэг.
Калийн маш сайн эх үүсвэр
Хүрэн манжин нь калийн маш сайн эх үүсвэр юм. Шүүсийг нь ууснаар калийг хангалттай хэмжээгээр авах боломжтой. Кали нь бие махбодийн мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагаа хэвийн явагдахад чухал шаардлагатай эрдэс бодис юм. Кали дутсанаар ядрах, сульдах, шөрмөс татах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Эрдэс бодисын маш сайн эх үүсвэр
Хүрэн манжингийн шүүс нь Кальци, төмөр, магни, манган, фосфор, натри, цайр, зэс, селен зэрэг эрдэс бодисуудаар баялаг.
С аминдэмээр баялаг
Хүрэн манжин нь С аминдэмээр баялаг юм. С аминдэм нь бие махбодийг чөлөөт радикалуудаас хамгаалж исэлдэлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн шархны эдгэрэлтийг түргэсгэх, төмрийн шимэгдэлтийг сайжруулах, дархлааг сайжруулах зэрэг маш олон ач холбогдолтой.
Элэгний үйл ажиллагааг дэмждэг
Хүрэн манжинд агуулагддаг бетайн хэмээх бодис нь элэг өөхлөхөөс сэргийлдэг байна. Мөн элгийг хортой бодисуудаас хамгаалдаг.
Фолийн хүчлийн маш сайн эх үүсвэр
Хүрэн манжин нь мэдрэлийн гуурсны гажиг үүсэхээс сэргийлдэг фолийн хүчлийн маш сайн эх үүсвэр юм.
Холестеролын хэмжээг бууруулдаг
Хархан дээр хийсэн нэгэн туршилтаар хүрэн манжингийн шүүсний ханд нь нийт холестерол болон триглицеридыг бууруулж өндөр нягттай холестерол (сайн холестерол)-ын хэмжээг нэмэгдүүлж байсан байна.