Цээж хорсолт нь ердийн мэт боловч маш олон өвчний үндэс болдог. Ходоодны шүүс улаан хоолой руу орж, улмаар улаан хоолойг түлж гэмтээх үзэгдлийг цээж хорсолт гэж нэрлэдэг байна.

Өөрөөр хэлбэл улаан хоолойны доод хуниасны булчин суларсан эсвэл бүр тэнийснээс болж ходоодон дахь шүүс дээш сөргөж улаан хоолой руу ордог аж.
Бидний өдөр тутмын буруу хэвшлээс болж улаан хоолойны хуниас суларч тэнийдэг байна. Жишээ нь, Нэг дор их хоол идэх нь улаан хоолой тэнийх шалтгаан болдог гэнэ.
Учир нь өлсөж байгаад гэнэт идэхээр хүн яарч хурдан иддэг учраас сайн зажилж иддэггүй. Мөн хэр хэмжээтэй идэж байгаагаа анзаардаггүй учраас хэтрүүлэн иддэг байна. Ходоодыг хоол хадгалах уут гэж үзээд улаан хоолойн хуниасыг уяа гэж үзье.
Тэгвэл уутандаа багтахгүй их хоолыг чихэж хийснээр уяа сулрах цаашлаад сугарч унах үзэгдэл бий болно. Үүнийг улаан хоолойн хуниас тэнийх гэж үзнэ.
Хоол идсэний дараа хэвтэх нь улаан хоолойн хуниас тэнийх үндсэн шалтгаан болдог. Бидний идсэн хоол шингэх хүртлээ яг улаан хоолойн доод талд байрладаг байна. Гэтэл шингэж амжаагүй байтал налуу байрлалаар хэвтсэнээр тухайн хоол улаан хоолойд очоод даралт үзүүлж хуниасыг суллаж байдаг. Энэ үйл явц олон удаа давтагдхаар хуниас тэнийдэг байна. Ингэснээр цээж хорсох үндсэн суурь тавигддаг байна.
Цээж хорсоход нөлөөлдөг хүчин зүйлүүд:
Хэт их, огцом идэх
Түргэн хоол, эрүүл бус хооллолт, хэт халуун ногоо хэрэглэх, хийжүүлсэн ундаа, амттан идэх, цитрусын төрлийн жимс их хэрэглэх, помидор их идэх
Архи, согтууруулах ундаа нь булчинг сулруулж, пиво болон оргилуун дарсанд агуулагдах хий нь ходоодыг тавгүйтүүлж, ходоод гэдэс цанхайлгаж цээж хорсох мэдрэмж төрүүлдэг.
Тамхины никотин нь булчинг сулруулж ходоодны булчингийн үйл ажиллагаанд нөлөөлөн амсар нь хаагдахаа больдог. Тэгснээр ходоодны хүчил дээшээ улаан хоолой руу гарж түлж хорсох мэдрэмж төрнө.
Стресс, сэтгэл хямралын үед, ялангуяа ажлын байнгын дарамт, хүсээгүй ажлаа олон цагаар хийж стресст орох зэргээс үүдэн цээж хорсдог.
Өвчин болон антибиотикийн хэрэглээний үед ходоод үрэвссэн эсвэл шархалсан бол цээж хорсдог.
Жирэмсний үеүүдэд цээж хорсоно.
Цээж хорсолтоос урьдчилан сэргийлэх/ эмчлэх
Хэт огцом идэхгүйгээр бага, багаар хоол идэх
Хоолоо сайн зажилж идэх. Ингэснээр хоол хурдан шингэдэг.
Халуун ус, цай уухгүй байх. Халуун ус, цай уух нь улаан хоолойг түлж, шархлуулдаг. Ингэснээр ходоод өвчлөх цаашлаад улаан хоолойн нарийсал, улаан хоолойн хорт хавдар тусдаг байна. Монголчууд улаан хоолойн хорт хавдраараа дэлхийд 4 дүгээрт бичигддэг.
Хоол идсэнээс гурван цагийн дараа хэвтэх
Оройн 07:00 цагаас хойш хүнд махан хоол идэхгүй байх
С витамины хэт их хэрэглээг хязгаарлах
Өтгөн цай кофеноос татгалзах
Хоносон хоолноос татгалзах
Утсан мах буюу хиамнаас татгалзах
Эдгээр энгийн хэв маягийг дадал болгосноор сарын дотор цээж хорсолт, улаан хоолойг эмчилж болно.
Мөн хүмүүс цээж хорсохоор хужиртай ус, содатай ус уух зэрэг арга хэмжээнүүдийг авдаг. Энэ нь түр зуурын зовиурыг намдаах хэдий ч өвчлөлийг улам хүндрүүлэх эрсдэлтэй байдаг.
Хужир нь давсны нэг төрөл бөгөөд ходоодны салстыг гэмтээдэг учир аль болох хэрэглэхээс татгалзахыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.