Categories
Uncategorized

Турмериктэй амтат бургер болон талх хийх жор ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Гэртээ шүүслэг, тун амттай үхрийн махтай бургерийг хөвсгөр зөөлөн бургерийн талхны хамт хийж идээрэй. Турмерикээр амталсан бургерийн талх маш гоё амттай болдог. Энэ удаад 2 жорыг нэг дор хүргэж байна.(Порц: 8 ш бургер)

Тайлбар:

х.х – хоолны халбага 15 мл

ц.х – цайны халбага 5 мл

Орц:

Бургерийн талх:

Гурил – 420 гр

Хөөлгөгч – 2 х.х

Давс – 1 ц.х Сахар – 2 х.х

Турмерик – 2 ц.х

Ургамлын тос – 70 мл

Өндөг – 1 ш

Бүлээн ус – 1 аяга буюу 240 мл

​Бургер:

Үхрийн татсан мах – 500 гр Сонгино – 1 ш (жижиг)

Давс – 1 ц.х

Турмерик – 1 ц.х

Улаан перц – 1 ц.х

Хар перц – 1 ц.х

Өндөг – 1 ш

Талхны үүрмэг – ¼ аяга буюу 32 гр

Хачир: Салат навч, улаан лооль, өргөст хэмх, сонгино, майонез, кетчуп, гич

Хийх заавар:  Бургерийн талх бэлдэх:

1. Бүлээн усанд элсэн чихэр, хөөлгөгчөө хийж хутгаад 5-10 минут байлгана.

2. Гурил, давс, турмерик, тос, өндгөө гурил зуурах саванд хийгээд, дээрх хөөлгөгчтэй усаа нэмнэ.

3. Гурил хэт нялцгай байвал зуурах явцдаа тал аяга хүртэл хуурай гурил нэмнэ. Зуурмаг ер нь бага зэрэг нялцгай байвал сайн.

4. Зуурсан гурилаа саванд нь хүнсний скоч эсвэл даавуугаар ороогоод дулаан газар 60 минут эсвэл хэмжээ нь 2 дахин томрох хүртэл байлгана.

5. Гурил хөөмөгц шарах шүүгээгээ 200С температурт асааж, халаана.

6. Хөөсөн гурилаа 8 тэнцүү хуваагаад, бөөрөнхийлж, дээрээс нь даран дугуй хэлбэрт оруулна. Ингээд шарах шүүгээний цаастай эсвэл тосолсон лист дээрээ хооронд нь хол зайтай өрнө.

7. Өндгөөр арчаад, гүнжидийн үрээрээ хачирлана.

8. Ингээд 200С температурт 15 минут шараад боллоо.

Бургерын махаа бэлдэх:

1. Үхрийн махаа сонгино, давс, турмерик, хар болон улаан перцээр амтлаад өндөг, талхны үүрмэг хийж хооронд нь барьцалдуулна.

2. Нэг атгыг авч, алганаас жоохон том хэмжээтэй байхаар дугуй хэлбэрт оруулна.

3. Хайруулын тавгаа дунд зэргийн галаар халаагаад, масло-оо хайлуулна.

4. Махаа хийгээд нэг талыг нь 5 минут шарна. Энэ хооронд огт эргүүлж болохгүй. Эргүүлснээр түүхий махны шүүс болсон тал руугаа урсаж, түүхийгээрээ үлдэх талтай байдаг.

5. Нөгөө талаар нь эргүүлээд 3 минут шараад болно. Хэрэв мах зузаан бол 5 минут шарна.

Хачир:

1. Бургерийн талхаа маслотой хайруулын тавганд шарна. Ингэснээр соус түрхэхэд нялцгай болохгүй.

2. Талх дээрээ өөрийн дурын соусаа түрхэнэ. Энэ жоронд майонез, гич, кетчуп хэрэглэсэн.

3. Дурын ногоогоо тавина. Энэ жоронд улаан лооль, сонгино, өргөст хэмх, салат навч хэрэглэсэн. Дарсан өргөст хэмх бас гоё амт оруулдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *