Categories
Uncategorized

Эцэг эхдээ хэрхэн хандахаас хүний нэг насны амьдрал хамаардаг Шэйрлээд хадгалаад аваарай

Чандмань эрдэнэ хэмээх энэ үг нь санскрит үг бөгөөд “Чинта мани” хэмээх хоёр үгний нийлэмж юм.

Чинта нь сэтгэл, Мани нь эрдэнэ юм. Нийлүүлвэл Сэтгэлд юу хүссэн бүхнийг энэ насанд биелүүлэгч эрдэнэ гэсэн утга юм. Машид ховор асар үнэтэй эрдэнэ ажээ. Харин эрдэнэ гэдэг үг нь Ратна хэмээх санскрит үг бөгөөд монгол хэлэнд нутагшаад эрдэнэ болж дуудагдан сунжирчээ.

Эрдэнэ гэдэг Олдохуйяа ховор нандин гэсэн утга юм.Чухаг дээд гурвыг ховрын дээд хэмээдэг үүнийг эрдэнэ хэмээн буулгадаг.

Гурван эрдэнэ хэмээх нэршил ийн бүтжээ. Эрт цагт их далайд Чандмань эрдэнэ олохоор эрэлд гардаг байжээ. Далайд усгүй харангаддаг байсанд усыг чандмань эрдэнэтэй дайлайчид зүйрлэдэг байжээ.

Үүний улбаагаар ус чандмань эрдэнэ хэмээх үг гарчээ. Хамгийн хамгийн сайхан зүйлсийг чандмань гэхэд болох юм.Эцэг эхдээ хэрхэн хандахаас таны энэ насны амьдрал асар их харгалзана. Энэ Кармын буюу орчлонгийн хууль юм. Эцэг эхээ хайрладаг бол та энэ насандаа хайранд умбана.

Ээж ааваа хүндэлдэг бол та энэ насандаа хүндлэлийн манлай болно.Учир нь эцэг эх номын багш гурав энэ насны хамгийн том ачтан юм Эцэг эх энэ биеийг төрүүлж өсгөсөн ачтан.Номын багш хорвоо нирвааны жинхэнэ чанарыг таниулдаг ачтан ажгуу.

Энэ насанд тэдгээрийг ачилсан хариу нь заавал танд эргэн ирэх жамтай юм.Эсрэгээр гомдоож эс хүндэлвээс хорвоо танд яг энэ хариуг өчиггүй барьдаг нь бас л байгалийн хатуу хууль юм.

”Эгэл бидэнд Аав ээж энэ насны чандмань эрдэнэ.Бодийн баатар сэтгэлтэнд хамаг амьтан чандмань эрдэнэБагш гурван эрдэнэ үүрдийн чандмань эрдэнэ” Чандмань эрдэнүүдээ эрхэмлэн хайрлаж явъя.

Италийн Миланаас Лекко аймаг руу явах замд…

Галт тэргэнд урд талын маань суудалд хэлд орж амжаагүй хөлөөрөө бүгдийг гүйцчих мэт санагдаад байгаа бололтой сахилгагүй, шар үстэй, гялтганасан том нүдтэй хоёр л өнгөрч байгаа болов уу гэмээр бяцхан хүү аав ээжийнхээ нэгээс нөгөөгийн өвөр дамжин завгүй шулганаж явав.

Амнаас нь бидний ойлгох утга бүхий нэг ч үг унахгүй, тэгэвч тэр замын турш зогсолгүй шулганав. Сонин шүү, тэр хүү байнга л “аббаа, аббаа” гэж шулганана. Өөр хэд хэдэн авиа амнаас нь унах авч “аббаа, аббаа” гэх өнөөх авиаг тарни шиг цолгиухан тэр хоолойгоороо инээгээд давтаад байна.

Ааваа…

“А, Б” магадгүй энэ хүний тархи, хэл хүлээж аваад гаргаж хэлэхэд хамгийн энгийн хялбар мэдээлэл байх. Тийм болохоор аль үндэстэн байхаас үл шалтгаалаад нэмээд 24/7 дэргэд байгаа ээжийнх нь нэрнээс ч урьтаад “аббаа” гэдэг авиа аманд нь ингэж амархан багтдаг байх нь л дээ. Амнаас ийм амархан гардаг дуудах нэр шиг тань ааваа таны сэтгэл оршихуйг ч бас амархан ойлгочихдог бол сайхансан.

Дундаж монголчуудын дунд аав гэж нэг хөх уул уудаг, уухаараа дуулдаг, уйлдаг, уугаагүй үедээ дуугүй дүнхийдэг, нөмөрлөдөг, тэгээд алсардаг, ангид оддог. Яг энэ дүрслэлийг дундчуудынхаа өмнөөс гэж бичиж суухдаа жоохон бэргэв. Ийм үү, үгүй юу уншиж буй авхай та бичээд үлдээгээрэй.

Эцэг эхийн ачлал…

Угаа бодвол бид угаас нүүдэлчин ард түмэн. Хорвоо дээр учиггүй зүйл гэж үгүй бөгөөд ирнэ бас явна буюу юмс мөнхийн хөдөлгөөнд, тэгэх бүрт нь шүтэн барилдлагад зохицож амьдарна.

Энэ насандаа би аав, ээжийнхээ охин болж төрсөн нь урьд хэдэн амьдралын учрал ерөөл буян заяа. Харин дараа төрөлдөө ч аав, ээжийгээ ачлаж энэрч чадвал тэр миний энэ насны үйлийн үр, хайр хишиг. Гэхдээ далдын энэ сүлбээг л шүтэн санаж яваад энэ насны амьдралыг үрээд өнгөрөөчих вийдээ.

Чи сайн л явбал болоодоо аав ээжид нь тэрнээс өөр ачлал хэрэггүй дээ, өнгөрсөн аав ээжийгээ дурсаж суврага босголоо, тэнгэртээ залбирсан ээждээ тэнгис үзүүллээ, насаараа зүтгэсэн байрны зээлийг нь өмнөөс нь төлж дуусгалаа, ханьтай боллоо, үр ачийг нь үзүүллээ, шүүдрийн ус цугласан ч багадав. Эцэг эхийн ачлал, хариулт гэдэг түм живаа янз байх боломжтой, сонин хүлээлт, хариуцлага шүү.

Өмнөх цогцолборт нэгэнтээ дурьдсан арга билгийг энд дахин нэг удаа гялс хийлгэх нь. Арга билэг бол амьдралдаа уламжлал, шинэчлэлийг хослуулах, одоог өнгөрсөн бас ирээдүйтэй сүлбэх тухай юм. Одоо би найзуудыгаа мэдрэмжиндээ үнэн байх, сэтгэлийн эрүүл мэндээ биеийн эрүүл мэндтэйгээ ижилхэн чухалчлах тухай захьдаг.

Харамсалтай нь бидний аав, ээжийн үеийнхэн ихэнх нь энэ сэтгэлийн эрүүл мэнд гэдэг сэдэвт хаалттай. Тэд өөрсдөө битгий хэл бид ч заримдаа тэднийхээ мэдрэмжээ илэрхийлж буйг төвөгшөөх гээд байдаг. Уйлвал урдаас харж байгаа хүнээ зовоочихно гэж бодоод нулимсаа тэвчдэг ард түмэн шүү дээ. Гэтэл уйлна гэдэг чинь хэвийн илэрхийлэмж, инээхтэй адилхан.

Бид хэтэрхий бодит бус хүлээлтэнд амьдарч байна. Тэр нь жаргалтай амьдрах, хүнээс дутуугүй хүн байх. Яг үнэндээ бидэнд нэг л хүлээлт байвал зохилтой. Тэр нь амьдрах. Амьдрах гэдэг чинь хоосон гэхдээ мэдрэх тухай. Зөвхөн эерэг мэдрэмж биш шүү дээ. Бараантай, хартай, сааралтай, цагаантай нь мэдрэх тухай. Тэгээд мэдэрсэн бол үнэн байх тухай.

Ийш тийш нь шидэлж бичсэн бичвэрээ энэ хүрээд зангидая. Эцэг эхийн ачлалыг дараа төрөлдөө ч дахин учирч тэднийгээ хайрлаж чадахаар тийм далдын том байгаасай гэж хүсэж байна.

Гэхдээ энэ насны амьдралдаа тэд ч бас дотроо арван наймт гэдгийг санаад хүүхдүүдийнхээ хажууд бүх мэдрэмжиндээ үнэн байхыг нь зөвшөөрдөг байцгаая. Цаг алсрахын хэрээр хэний ч бие урьдын хорин тавт шигээ байхгүй, дордно, тэр мэдээж. Гэхдээ зүлгэж хадгалж болох сэтгэл бодлоо хэн хүнгүй манадаг, баадагнадаг байя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *