Categories
Uncategorized

Бурхадын зүрхэн тарнийн утга, авшиг ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Галт шилний тусламжтайгаар нарны гэрлээс гал асаах адил оюун санааны сарнимал эрчим хүчийг тарнийн зэмсгээр нэгэн чигт хурааж, билгүүн галыг бадрааснаар сөрөг эрчмийн талсжлыг хайлуулан бие, сэтгэлийн ариуслыг хүртдэг. Тарни бясалгалыг хэдийд ч, хаана ч үйлдэж болно.

Хамгийн түгээмэл агаад дөхөм аргыг дурдвал: Бясалгах үедээ тухайн тарнийг эрхшээгч Бурханыг өмнийн агаарт залран буйгаар ургуулан бясалгаж, магтаал залбирал өргөнө. Энэхүү орон зайг номын агаар гэж санана.

Номын агаар гэдэг нь гадаад, дотоод зааг арилсан үнэмлэхүй орон зай юм. Тэр утгаараа Бурхан бидний сүнслэг мөн чанараас тусдаа биш. Дотоод бурхан чанараа нээж амжаагүй бидэнд туслахын тулд гэрлэн биеэр тодорч байна гэж ухаарах учиртай.

Зүрхэн тарнийг унших тоолон Бурханы зүрхнээс рашаан гэрлийн урсгал асгаран бууж, өөрийг тань ариусгаж буйг мэдэр. Зүрхэн тарнийг нэг эрих (108) болон түүнээс дээш бие, сэтгэлийн хайланг мэдэртлээ унших хэрэгтэй. Тарни унших аязын удаан түргэн, чанга, намууныг дотоод айзамдаа тааруулж үйлдээрэй.

Тарни уншилгын эцэст Бурхан сахиус гэрэл болон хайлж, хөмсгөн завсар буюу билгийн нүдээр нэвтэрч, бие сэтгэлд шингэлээ гэж бясалга. Энэ ариун байдалдаа хэдэн хором төвлөрвөл зохино. Бясалгалаа өндөрлөх үед өөрт хурсан эерэг эрчим, буян бүхнээ хамаг амьтны тусын тулд төгс гэгээрэлд ерөөн зориулаарай.

Итгэлийн тарни:

Намо гүрү виэ – Багшдаа итгэмү.

Намо буддаяа – Бурханд итгэмү.

Намо дармаяа – Номд итгэмү.

Намо сангаяа – Номын садан (хуврагийн чуулган)-д итгэмү.

Үнэнийг таньж гэгээрсэн бүхэн Бурхан. Үнэний ухаарал хийгээд ухаарлыг төрүүлэгч бүхэн Ном. Ухаарал, гэгээрлийн замаар замнаж, хутагтын замд орсон бүхэн Хувраг эрдэнэ юм. Гэгээрлийн замч багш бол гурван эрдэнийн хураангуй.

Бурхан багшийн зүрхэн тарни: Дадъята, Ум мүни мүни маха мүниеэ суухаа.

Дадъята – Түүнчлэн буюу оршихуйн мөн чанарт нэвтрэх.

Ум – Эрдэнэ баригч тарни гэдэг чанадын авиа. А-ү-м гэсэн утгаараа бурханы лагшин, зарлиг, таалал.

Мүни – Муу заяаны зовлон, түүний шалтгаан болсон хилэнцийг дарах.

Мүни – Бүх орчлонгийн хүлээс, түүний шалтгаан болсон нисванисыг дарах.

Маха мүниеэ – Нарийн илбийг тайлж, хоёрдмол үзэгдлээс гэтлэх.

Суухаа – Тарнийн адис сэтгэлд шингэх болтугай.

Аръяабалын зүрхэн тарни: Ум мани бадмэ хум.

Ум – Аръяабалын оршихуй.

Мани – Хүслийг хангагч чандмань.

Бадмэ – Хиргүй ариун лянхуа.

Мани бадмэ хэмээн хосолсноороо лянхуа доторх эрдэнэ буюу бидний дотоод бурхан чанарын дохио болно. Арга, билгийн шүтэн барилдлага утгаар энэрэл хайр, билгүүн ухаан хийгээд янагуух баяр баясгалан, үнэмлэхүй гэгээн гэрлийг илэрхийлдэг.

Хум – Аръяабалын зүрхэнд нэгдэхүйн утга.

Түүнчлэн зургаан үе нь зургаан зүйлийн орчлоос гэтэлж, эх болсон зургаан зүйл хамаг амьтныг чөлөөлөх Аръяабалын тангаргийг бэлгэднэ.

Дэлгэр тарни:

Намо радна драяа яа, нама аръяа зана сагара бэрузана буха разаяа, дата гадаяа, архадэ самъяаг сам буддаяа, нама сарва дата гадэ вэ, архадэ вэ, самъяаг сам буддэ вэ, нама аръяа ава логиди шураяа, боди садва яа, маха садва яа, маха гаруни гаяа, дадъята, ум дара дара, дири дири, дүрү дүрү, идэ видэ, залэ залэ, бра залэ бра залэ, гүсүмэ гүсүма варэ, или мили зиди зула мабана еэ суухаа.

Тарнийн утга:

Гурван эрдэнэд мөргөмү. Хутагт билгийн далай, машид гийгүүлэгч гэрлийн хаан, түүнчлэн заларсан, дайснаа дарсан, үнэхээр туулсан бурхан дор мөргөмү. Түүнчлэн заларсан, дайснаа дарсан төгс туулсан хамаг бурхдад мөргөмү. Хутагт мэлмийгээр болгоогч ертөнцийн эрх баялаг (Аръяабал) бодьсадва, агуу их бодьсадва, агуу их нигүүлсэгч дор мөргөмү. Түүнчлэн буюу: Ум эрдэнэ минь, барьж хайрла, дэмжиж хайрла, ивээж хайрла. Сүр жавхлан дор сүрдэн биширмү. Цацран бадрах гэрэл туяагаар гэгээн гэрлийн эх сурвалжид хөтөлж хайрла.

Манзушрийн зүрхэн тарни: Ум ара база нади.

Ум – Манзушрийн гэгээрэл.

А – Оршихуйн хуран эс үүдсэн (нөхцөлгүй) чанарт нэвтрэх.

Ра – Оршихуйн хир буртаг үгүйг таних.

Ба – Оршихуйн ухамсарт нэгдмэл болохыг таних.

За – Төрөл, үхэл, үүсэл, эвдрэл угтаа байхгүйг таних.

На – Нэр томъёоноос хэтийдсэн утгыг таних.

Ди – Эдгээр таван билиг дор сүслэн бишрэх буюу уусан нэгдэх.

Очирваанийн зүрхэн тарни: Ум базарвани хум.

Ум базар вани – Очир барих буюу оршихуйн нэгдмэл чанарт үнэмлэхүй хүчийг эзэмших.

Хум – Очирваань бурхантай нэгдэх болтугай.

Амгалан ажирсан хүчийг нэгэн дор хураасан

Нууц тарнийн санг эрхшээгчдийн манлай

Шимнус зэтгэр бүгдийг үлдээлгүй номхотгогч

Очир баригч бурхан танаа мөргөмү.

Манал бурханы зүрхэн тарни:

Дадъята, Ум бэханзэ бэханзэ маха бэханзэ ранза самудгадэ суухаа.

Ум – Ариун оршихуй.

Бэханзэ – Биеийн өвчин бүхнийг анагаах.

Бэханзэ – Сэтгэлийн зовлон бүхнийг анагаах.

Маха бэханзэ – Өвчин зовлон бүхний үндэс болсон би-г баримтлагч үзлийг ариусгах.

Ранза самудгадэ суухаа – Отчийн хаан туулсан бурханы адис орштугай.

Майдарын зүрхэн тарни: Ум мохи мохи маха мохи суухаа. Ум мүни мүни смара суухаа.

Ум – Ариун лагшин, зарлиг, таалал.

Мохи, мохи, маха мохи – гайхамшиг, үлэмж гайхамшиг.

Суухаа – Майдар бурханы адис зүрхэнд шингэх болтугай.

Мүни, мүни – Агуу их арш

Мара (смара) суухаа – тангаргаа санан адислах болтугай.

Дарь эхийн зүрхэн тарни: Ум дарэ дүдарэ дүрэ суухаа.

Ум – Ялгуусан эх.

Дарэ – Гаслан бүхнээс хурдан гэтэлгэх

Дүдарэ – Гай бүхнийг үтэр арилгах

Дүрэ – Тус бүхнийг даруй соёрхох

Суухаа – Дарь эхийн адис орштугай.

Цагаан Дарь эхийн тарни: Ум дарэ дүдарэ мама аюур бүниэ зана бүсдим гүрү суухаа.

Ум – Дарь эхийн лагшин, зарлиг, таалал

Дарэ дүдарэ дүрэ – Аюул зовлон бүхнээс үтэр түргэн аврах

Мама аюур бүниэ зана – Миний насан хутаг, буян хишиг, билиг ухааныг

Бүсдим гүрү суха – тэтгэн дэлгэрүүлэх Дарь эхийн адис орштугай.

Цаглашгүй гэрэлт Авидын тарни: Ум амидэва хри

Ум ами – Цаглашгүй гэрэл, Дэва – Сарнишгүй амгалант, Хри – Амитаба бурханы зүрхэнд нэгдьюү.

Цаглашгүй наст Аюушийн тарни:

Ум амарани – Цаглашгүй гэгээн

Зивандиеэ суха – амин эрчим надад орших болтугай.

Дэлгэр тарни:

Ум намо багавади авар мида аюур зана сувинишзида дэзо разаяа, датагадаяа архадэ самъяаг самбуддаяа, дадъята, ум буниа буниа маха буниа авар мида буниа зана самбара базидэ, ум сарва самсгара бари шүдэ, дармадэ гагана самуд гадэ субава вишүдэ, маханаяа бари варэ суухаа.

Тарнийн утга:

Ум Ялж төгс нөгчсөн, цаглашгүй насан хутагт, чанадын билиг төгөлдөр, гэгээн гэрэлт хаан, Түүнчлэн ирсэн, дайснаа дарсан, төгс туулсан бурхан дор мөргөе. Түүнчлэн буюу: Ум сайн буян, гэгээн буян, агуу буян, цаглашгүй буян, хэмжээлшгүй буян, бэлгэ билгийг бадруулагч буюу. Ум үйлс бүтээл бүхэн огоот ариусъюу. Үнэмлэхүй номын агаар – байгаль чанар угаас ариун буюу. Агуу их дээдэс хүрээлсэн авралын орон миний зүрхэнд орштугай!

Цагаан шүхэртийн тарни:

Дадъята, Ум аналэ аналэ, хасамэ хасамэ, байрэ байрэ, сомэ сомэ, сарва будда адистана адистидэ суха.

Ум сарва датагада үсниса сидад бадра хум пад, хум мама хум ни суха.

Түүнчлэн буюу: Ум бадран бадрах тарнийн гал огторгуй даяар түгж, харш бүхнийг хайлуулж, зохист нөхцлийг бүтээюү. Хамаг бурхадын адистид орштугай.

Хамаг түүнчлэн заларсан бурхадын оройн үснэрээс мэндлэгч Цагаан шүхэрт бээр миний зүрхэнд уусан шингэх болтугай.

Эгшиглэнт эхийн тарни: Ум сара сиди хрим хрим.

Ум сара – Ум охин тэнгэр Сарасвати

Сиди – Урлан бүтээхүйн шидийг хайрла.

Хрим – Эгшиглэнт эхийн зүрхэн анир.

Цогт охин тэнгэр Балданлхамын тарни: Жо рагмо, жо рагмо, жо жо рагмо, түн жо гала раг чэнмо, рагмо ажа дажа түн жо, рүлү рүлү хум жо хум.

Жо – Охин тэнгэрийг урин дуудах дуудлага.

Рагмо – Сахин хамгаалах,

Түн жо гала рагчэнмо – Хором алгасалгүй сайтар сахин хамгаалах,

Ажа дажа түн жо – Гадна, дотны гай барцдыг үлдэн хөөх,

Рүлү рүлү хум жо хум – Хуй салхи мэт хурднаар ирэгч Охин тэнгэрийн адис орштугай.

Жо!

Цогт охин тэнгэр цаглахуйяа бэрх

Уран аргын рид бүжгийг огторгуйн хязгаарт зохиогч

Хутагт бодьсадын хувилгаан танд

Бие, хэл, сэтгэл гурваараа бишрэн мөргөе.

Зүгдэр намжилын тарни: Ум брүм амрита аюур дадэ суухаа.

Ум – Сайтар ялсан Үснэрт эх (тө: Зүгдор Намжалмаа, са: Үшниша Вижаяа)

Брүм – Мөнхийн рашааны хөрөнгө үсэг (тарни).

Амрита – Үхэшгүй мөнх буюу рашаан,

Аюур дадэ суха – Насан хутгийг ивээгч бурханы адис орштугай.

Замбалын тарни:

Ум бадма грода – Бадамлянхуа мэт дэлгэрсэн,

Аръяа замбала – Хутагт эрдэнэсийн санг эрхшээгч,

Шри даяа хум пад – Цог жавхлант таны ивээлээр үгүйрэл бүхэн арилах болтугай.

Зуун үсэгт тарни: Ум базар саду самаяа , ману балаяа, базар саду дэнова, диста дидо мэбава, судо хиёо мэбава, субо хиёо мэбава, анурагдо мэбава, сарва сидди мэбра яца, сарва гарма сузамэ, зиддам шриям гүрү хум, ха ха ха ха хо, багаван сарва датагада, базар мамэ мүнза, базар бава, маха самаяа саду аа хум пад.

Тарнийн утга:

Ум бурхан бүгдийн эвдэршгүй мөн чанарт оршсон оюун санааны аугаа хүчин бээр хилэнц түйтгэр бүхнийг цуцалж, оршихуйн үнэнийг таниснаар аюул зовлон бүхнээс гэтлэгч бээр намайг орхилгүй нигүүлсьюү. Очир ариун таалалдаа багтааж, угаас ариун чанарыг таних адистид соёрх. Үлэмжийн дээд амар амгаланг ухаарахад минь тусалж хайрла. Ид шидийн гайхамшигт хүчийг эрхшээсэн таны төвшинд хүрэхэд минь хөтөлж хайрла. Аяа баяр баясгалан. Очирын сүр жавхлан, буян хишиг бүхэн тангараг бат орштугай.

Тарнийн хураангуй: Ум базар садуа хум

Мандал өргөх тарни: Ядам гүрү радна мандала гам ниръяа дайями.

Хязгааргүй огторгуйд оршигч гурван мянган их мянган ертөнцийг Сүмбэр уул бүхий эрдэнийн мандал, энхжингийн оронд хувиргаж, багш буюу бурханд өргөл болгон бясалгах нь гадаад мандал. Нисванист сэтгэлийн тусгал болсон үзэгдэл бүхнийг номын агаарт уусгах нь дотоод мандал болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *