Categories
Uncategorized

БЭЛЭН ХООЛ ИХ ИДВЭЛ ЦУС БҮЛЭГНЭЖ, ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ТУСАХААС ГАДНА ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ БОЛГОДОГ ТҮГЭЭГЭЭРЭЙ

Түргэн болдог гоймон буюу манайхны хэлдэгээр бэлэн хоол идэх дуртай хүмүүс зүрх болон чихрийн шижин өвчтэй болох магадлал өндөр гэнэ. Мөн тэд зүрхний шигдээс өвчинд нэрвэгдэх аюул өндөр байна.

Ийм дүгнэлтэд Техасын нэгдсэн эмнэлгийн мэргэжилтнүүд хүрчээ. Долоо хоногт 2-3 удаа бэлэн хоол идэх дуршилтай хүмүүсийн биеийн байдалд дүн шинжилгээ хийгээд судлаачид ийм дүгнэлтэд хүрсэн аж. Ялангуяа эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд бэлэн хоол таагүй нөлөөлөл үзүүлдэг.

Ази тивийн улс, орнуудад бэлэн хоол хэрэглэх нь нэлээн түгээмэл тул судалгааны ажлыг голчлон Өмнөд Солонгос Улсад хийжээ. Сүүлийн жилүүдэд тус улсын иргэд эрүүл мэндийн асуудалтай, тэр дундаа зүрх, судасны өвчинд нэрвэгдэх нь түгээмэл болж байгааг эрдэмтэд онцлов.

Түүнчлэн Солонгост илүүдэл жинтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа юм. Бэлэн хоол нь бусад боловсруулсан бүтээгдэхүүний адилаар их хэмжээний давс, халуун ногоо агуулдаг учраас энэ хоолыг дурлан идэгсдийн зүрх асуудалтай болох магадлал өндөр гэнэ.

Бэлэн гоймон тийм ч сайн хүнс биш гэдгийг монголчууд мэддэг. Гэхдээ л ялангуяа оюутнууд, залуучууд бэлэн гоймон байнга хэрэглэхээс татгалздаггүй.

Тэгвэл бэлэн гоймон тун тааруу хоол гэдгийг үйлдвэрлэгчид нь өөрсдөө батлаад эхэлжээ. Тун саяхан БНСУ-ын томоохон хүнс үйлдвэрлэгчийн нэг болох “Нунгшим” компанийн бэлэн болон аягатай гоймонгуудаас хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хортой бодисууд илэрснийг Өмнөд Солонгос дахь монголчуудын сайтад мэдээлсэн байна.

Өнгөрсөн зун, зургаадугаар сард хийсэн шалгалтаар дээрх зөрчил илэрч, нэн даруй зөрчлийг арилгах арга хэмжээ авах шаардлага хүргүүлсэн ч компанийн зүгээс өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй ажээ. Иймээс хэрэглэгчдэд анхааруулан сануулах үүднээс БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар өчигдрөөс эхлэн цацаж эхэлжээ.

Халуун усанд хийсэн даруйд идэхэд бэлэн болдог “инстант” гэгдэх бүх төрлийн бэлэн гоймонг Цельсийн 350- 400 градусын өндөр халуунд чанаж үйлдвэрлэдэг байна. Ингэж бэлтгэх явцад гоймонд хүний биед хорт хавдар үүсгэгч “Benzopyrene” хэмээх бодис үүсдэг болохыг илрүүлжээ. Нэг кг бэлэн гоймон тутамд 2,0-4,7 микрограмм “Benzopyrene” бодис агуулагддаг юм байна.

Энэ нь хэвийн хэмжээнээс 3-7 дахин их болохыг сайтын мэдээнд анхааруулжээ. Монголд оруулж ирдэг “Нунгшим” гоймонгийн дийлэнх нь солонгос шошготой ч Хятадад үйлдвэрлэсэн гоймон байдаг. Хятад гоймонгоос дээр хэмээн хэрэглэдэг Оросын “Ролтон” гоймон ч хавдар үүсгэгч бодистой гэсэн яриа ч гарсан.

Бэлэн гоймонг өндөр температурт чанаж бэлтгэхэд хавдар үүсгэгч бодис үүсдэг нь нотлогдсон тул аль улсад үйлдвэрлэснээс үл хамааран эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болох нь ийнхүү тогтоогджээ. Тиймээс эрүүл мэндээ хамгаалъя гэвэл бэлэн гоймон хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *