Мэдээ

39 жилийн турш толгойдоо сумны шархтай явсан эр нөхрөөсөө нүүр буруулаагүй монгол эмэгтэй

Ханиа эмчилнэ, эдгээнэ гэх итгэл минь бөхөөгүй

“Хэрвээ миний охин түүнтэй суучихаад салбал Эрдэнэбат хоёр дахиа үхнэ шүү”. Үхэл, амьдралтай өдөр бүхэн нүүр тулж, амьдрахын төлөө тэмцэж явсан нөхөртэйгөө ханилах эсэхээ шийдэж ядан байхад аав, ээж хоёр минь надад эрс шулуухан ингэж захиж билээ. Тэгээд бас “Манай удамд ханиасаа салсан хүн байхгүй” гэж хэлсэн нь нэр, нүүрээ бодоорой гэсэн хатуу сануулга байлаа. Ерөөс аав, ээж хоёрын минь захиас намайг хурцалж, өдий хүргэсэн.

Гэмтлийн дараах тархины үхжилт гэсэн оноштой, маргааш ч бие нь дордоод өөд болохгүй гэх баталгаагүй нөхөртэйгөө ханилах, гал голомтоо бадраах надад амар байгаагүй, үнэнийг хэлэхэд. Бид хоёр арван жилийн нэг анги, багын найзууд. “Ийм өвчинтэй хүнтэй суугаад чи насаараа зовно. “Тархиндаа буудуулсан хүний бие удах тусмаа мууддаг. Гэмтлийн хор нөлөө сүүлдээ гардаг. Дэмий. Амьдралаа бод” гэж зөвлөсөн, ятгасан найз олон.

Гэхдээ тэр бүхэн Я.Эрдэнэбатыг гэх сэтгэлийг минь бөхөөж, миний бодлыг өөрчилж чадаагүй. Би өөрөө эмч мэргэжилтэй тул ханиа эмчилнэ, эрүүл болгоно л гэж бодсон. Тэр үеэс өнөөг хүртэл адармаатай, амаргүй, жаргалаас зовлонгийн тун нь хэтийдсэн цаг хугацааг туулж явна.

“Таниа хүү өөрийгөө буудчихлаа гэж худлаа хэлэн хэргийг хаажээ”

Ингэж хэлээд санаа алдсан түүний нөхөр Я.Эрдэнэбатын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн бараан үйл явдал хэрхэн болсныг эргэн сөхье. НАХЯ-наас тухайн үеийн ЗХУ-ын Цэргийн сургуульд сургах сурагч сонгон шалгаруулахад нь тэрбээр тэнцсэн энэ бүхний эхлэл байсныг төсөөлсөн хүн үгүй. ЗХУ-ын цэргийн сургуульд суралцахаас өмнө хилийн цэрэгт алба хаан, бэлтгэл хийдэг журам тухайн үед үйлчилдэг байж. Үүний дагуу Я.Эрдэнэбат Дорноговь аймгийн Улаан-Уул сумын 129 дүгээр ангид татагдан очжээ.

Гадаад руу сургуульд явах хүсэлдээ хөтлөгдсөн, бие бялдрын хөгжил сайтай, хөнгөн атлетикийн дөрвөн төрөлтийн II зэрэгтэй хүү зургаахан сарын дараа буюу 1983 оны хоёрдугаар сарын 7-нд цохондоо буудуулан, үхэтхийн унав. Сум цохонд нь туссан ч азаар амьсгал хураагаагүй.

Дараа жил хүүгээ ЗХУ-ын Цэргийн сургуульд үднэ гээд бахархан, хөршүүддээ ярьж суусан ээж нь санд мэнд яарсаар Замын-Үүдийн эмнэлэгт очлоо. Үхлийн шахтай хэвтэх хүүгээ харах агшинтай зэрэгцэн гуравдугаар заставын дарга Мундуу гэдэг хүн “Танай хүү өөрийгөө буудчихлаа” гэж хэлжээ. “Миний хүү өөрийгөө буудах хүн биш” хэчнээн бодовч золгүй явдал болсон юм байлгүй гээд эвлэрэхээс өөр арга ээж Цэгмидэд нь байсангүй. Үүний сацуу Мундуу дарга “Эрдэнэбат хана руу буудтал сум нь ойж ирээд духыг нь оночихож” гэж хэлснийг дэнслэх сөхөө ээжид нь тухайн үед яахан байх билээ. Нийтлэлийн гол баатар маань ханийнхаа тухай цааш ийн ярилаа.

“Хүн минь өөрийгөө буудан эх орноосоо урваагүй юм байна, ашгүй дээ”

Энэ хэргийг нууцлан, “Өөрийгөө буудсан” гэж ар гэрт нь хэлсэн байгаа юм. Хадам аав, ээж хоёр минь хэчнээн итгэж ядсан ч юун хөөцөлдөх манатай. Ухаангүй байсан хүүгээ эмчлэх л юу юунаас илүү чухал байсан нь ойлгомжтой.

Гэтэл нэгэн өдөр ханийн минь ээжтэй нэг хүн таараад “Та Эрдэнэбатын ээж мөн үү. Хүү чинь өөрийгөө буудаагүй шүү” гэж хэлсэн гэнэ лээ. Өөр зүйл асуух, тодруулахын сөхөөгүй яваад өгч.

Үүнийг сонссон хадам ээж маань уйгагүй хөөцөлдсөний эцэст 1985 онд юу болсныг мэджээ. Бүхэл бүтэн хоёр жилийн дараа үнэнийг мэдэн, “Ямар ч байсан хүү минь өөрийгөө буудаагүй, эх орноосоо урваагүй юм байна. Ашгүй дээ” гэж их баярласан гэнэ лээ. Тэгээд хуулийн байгууллагад хандаж, хөөцөлдөөгүй юм билээ. Хэрвээ тэр хүн тэгж хэлээгүй байсан бол одоо хүртэл бид үнэнийг мэдэхгүй, Я.Эрдэнэбатыг өөрийгөө буудсан гэж бодож явах байсан шүү дээ.

Энэ хэрэг яагаад гарав

Тухайн өдөр Я.Эрдэнэбат манаанд гарахаар эсгий гутлаа солих гэж байтал Жагсаалын дарга, бага түрүүч Ц.Сүрэнжав сум алджээ. Гайт сум Эрдэнэбатыг онож, энэ хэрэг гарсан байна. Хамгийн ноцтой нь, энэ хэргийг тухайн үед шууд нууцлан, Эрдэнэбатыг амиа хорлосон болгож, худал мэдээлснийг дээр өгүүлсэн билээ. НАХЯ-наас 1983 оны гуравдугаар сарын 3-нд тушаал гарган, Эрдэнэбат өөрийгөө буудаагүйг тогтоон, дүгнэлт гаргасныг хүртэл хэлэлгүй тас нуужээ. Ийм тушаал гарсныг Эрдэнэбат болон ар гэрийнхэн нь бүр сүүлд мэдсэн байна.

ХАНЬ МИНЬ БУУДУУЛСНЫ ДАРАА ДУХ НЬ ШАТАЖ БАЙСАН ГЭНЭ ЛЭЭ

“Жагсаалын дарга хүн бууны талын мэдлэг сайтай байдаг уу” гэж цэргүүдээс асуухад “Мэдэлгүй яах вэ. Цэргүүдийг татагдаж очингуут бууны задаргаа заадаг” гэсэн. Гэтэл НАХЯ-наас гаргасан тушаал дээр “Жагсаалын дарга нь буу авалцахыг мэдэхгүй оролдож байгаад осолдон буудаж байлдагч Эрдэнэбатыг хүнд бэртээсэн” гэж бичсэн байгаа юм. Ийм байж болох уу.

Ханийг минь буудахад хэд хэдэн цэрэг дэргэд нь байсан юм билээ. Энд гомдолтой явдаг нэг юм бий. Ханийг минь буудсан жагсаалын дарга амьд байх боломжтой байсан шүү дээ. Хариуцлага хүлээлгэх гэсэндээ бус бидэнтэй адилхан л хүн, өөрийгөө буудсанд аав, ээж нь одоо болтол шаналж байгаа шүү дээ. Ийм айхтар хэрэг гарчихаад байхад миний ханийг “Өөрийгөө буудсан” гэж худал хэлэн, энэ хэргийг тас нуусанд гомдолтой явдаг.

Нөхөр минь буудуулсны дараа бууны сум дух руу нь оронгуут малгайных нь үс шатсан юм билээ. Ганцхан мм-ээр зөрөөгүй бол газар дээрээ нас барах байсан гэнэ лээ. Хэрэг гарах үед очсон эмч нь надад үүнийг ярьсан юм.

СУМ АЛДСАН ЖАГСААЛЫН ДАРГА АМИА ХОРЛОЖЭЭ

Байлдагч Я.Эрдэнэбат буудуулан, Замын-Үүдийн эмнэлэгт аваачсаны дараа тухайн ангийн удирдлага цэргүүдтэй ганцаарчлан уулзахад зарим нь “Эрдэнэбатыг Сүрэнжав буудсан” гэж гэрчилжээ. Тэр даруй Сүрэнжавтай уулзах гэсэн боловч алга байж. Хайсаар нэгэн агуулах руу орсныг мэдээд дуудтал хариу өгсөнгүй, хаалга нь түгжээтэй байв. Гөжөөд яг нээх агшинд буун дуу тасхийжээ. Цаасан дээр “Хүний амь хөнөөсөн тул амьд явах аргагүй боллоо” гэж бичсэн байсан гэнэ. Түүнийг эмнэлэгт аваачсан ч эмчилгээ авч чадалгүй нас барсан байна. Үүнээс харахад Сүрэнжав Эрдэнэбатыг нас барсан гэж бодсон байж л дээ. Хэрвээ түүнийг амьд байгааг хэлсэн бол Ц.Сүрэнжав амиа хорлохгүй ч байсан юм бил үү.

ҮХЭЛ, АМЬДРАЛЫН ЗААГТ, СЭХЭЭНД ӨНГӨРҮҮЛСЭН 80 ХОНОГ

Хань минь сэхээнд, ухаан орохгүй 80 хоносон юм билээ. Ухаан орсныхоо дараа болсон явдлын талаар юу ч санаагүй. Одоо ч санадаггүй юм. “Цагаан тааз харсан. Ухаан ороход эмнэлэгт байсан байна лээ” гэж ярьдаг. Байсан биш байна лээ гэж ярьдаг гээд бод доо, өрөвдмөөр.

ӨӨР ЭРХТЭН НЬ ӨВДСӨН БОЛ ӨӨРИЙНХИЙГӨӨ Ч БОЛТУГАЙ ӨГЧИХ ЮМ САН

Ханийн минь бие өдрөөс өдөрт дордсоор байна. Юманд амархан бухимддаг, их уцаарладаг, гомддог болсон. Өтгөн, шингэнээ хянаж чадахгүй. Чих нь юм сонсохоо бүр больсон. Бие нь дордон, хүний гарт орчихсондоо их бухимддаг.

Сүүлийн үед цэрэг, армид харамсалтай хэрэг их гарах боллоо. Хань минь зурагтаар үзээд их шаналдаг. Чих нь сонсохгүй тул надаас асууна. “Ийм хэрэг гарч, цэрэг амиа алдаж” гэхээр сэтгэлээр их унадаг, цочирддог. Сэтгэлээр уначих вий гэсэндээ худлаа хэлэхээр “Надаас нуулаа. Төр намайг тоодоггүй. Чи надад худлаа хэлдэг боллоо” гээд уурладаг, гомддог.

Хань минь чац урттай, өндөр. Одоо би дийлэхээ болиод байна. Тэрийгээд уначихвал би даахгүй. Зүгээр суух тусам хүнд элдэв юм бодогддог юм билээ. Тиймээс би ханиа гэрт аль болох байлгахгүй, гадуур хамт явахыг, анхаарлыг нь өөр зүйлд сарниулахыг, сатааруулахыг хичээдэг юм.

Элэг, бөөр нь өвдсөн бол эрүүл эрхтэн шилжүүлээд суулгачихъя гэх сэн. Өөрийнхийгөө ч болтугай өгчихгүй юү. Гэтэл тархиндаа бэртэл авч, үхжиж байгааг нь яах ч аргагүй, өөрөөр солих боломжгүй.

ӨНӨӨДӨР БИД ХОЁР ХУРИМАА ХИЙСНИЙ 31 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР

1990 оны дөрөвдүгээр сарын 13. Бид хоёр энэ л өдөр албан ёсоор гэр бүл болж, гал голомтоо бадрааж байлаа. Эрдэнэбатад ийм золгүй явдал тохиолдсоныг сонсоод би их харамссан. 1986 оноос бие нь овоо сайжирсан.

Манай сургууль дээр үе үе ирнэ. Нэг өдөр гэнэт л “Урнаа, би одоо ийм өвчинтэй, өрөөл татанхай болсон болохоор хүн тоохгүй байх даа. Би уг нь хүнтэй суувал сайхан л байна” гэсэн. Тэр л үед ханиа түшин, сайхан ирээдүйн төлөө хамтдаа тэмүүлэхээр шийдсэн юм. Түүнээс хойш ханийнхаа бүх зүйл нь, тархи нь, зүрх нь болоод явж байна. Цаг хугацаа их хурдан өнгөрөх юм аа. Нэг л мэдэх нь ээ 31 жил болчихож.

ХАНИА АСРАХ, ЭМЧИЛГЭЭНИЙ АХИУХАН МӨНГӨ ОЛОХЫН ТУЛД ЦАГААН НӨМРӨГӨӨ ТАЙЛСАН

Би ханиа асрахын тулд эмч мэргэжлээрээ есөн жил л ажилласан. Тухайн цусыг хэрэглэж болох эсэхийг тодорхойлон, тамга дардаг хүн нь би байлаа. Эм тарианы хорны улмаас анхны хүүхэд маань саажилттай төрсөн юм. Ерөөс бид гурав эмнэлгийн л данстай хүмүүс байлаа. Ханиа яаж эмчлүүлэх вэ, эм тарианых нь мөнгийг яаж олох вэ гэж явахад охин минь саажилттай мэндэлсэн нь надад хүнд цохилт болсон. Би шөнө нь ханиа, хүүхдээ сахина, өдөр нь ажлаа хийнэ. Гэртээ харих талаар бүр ярилтгүй. Тийм хүнд үеийг туулж явсан юм.

Үргэлж хань, охиндоо санаа зовно. “Одоо бие нь яаж байгаа бол. Эм, тариа нь олдохгүй бол яана аа” гэж ухаан санаа тэс өөр газар явна. Тэгж байгаад би алдаа гаргачихвал яах вэ. Нөгөө талаар эмчийн цалин хэд билээ. Арай ахиуг нь бодолцоод хувиараа юм хийхээр шийдэж байлаа.

МӨНГӨГҮЙН ЗОВЛОН, БЭЛГҮЙН ГАЧЛАН

Ханиа, охиноо БНХАУ-д эмчлүүлэх л миний туйлын хүсэл байв. Хэдийгээр төсөөлөхөд ч бэрх төлбөртэй байсан ч “Болгоно, олно оо” гээд байраа заран, эрвийх дэрвийхээрээ хөөцөлдсөн ч үнэндээ санхүүгийн боломж дутсан. Яаж ч хөөцөлдөөд чадаагүй. Цэргийн албанд байхдаа бэртсэн, нас барсан цэргийг, ар гэрийг нь Төр засаг тоохгүй юм байна гэдгийг тэгэхэд яс махандаа тултал мэдэрч, гутарсан юм, би. “Яаж мөнгө олох вэ. Ханиа, охиноо яаж эмчлүүлэх вэ” гээд явахад үнэхээр аргаа бардаг юм байна лээ.

Тэгж сандарч явахад Гавьяат жүжигчин Батзаяа ах надад 5.000 төгрөг, Хүүхдийн төлөө үндэсний төвийн нэг эмэгтэй (Сэрчмаа бил үү Сэвжидмаа бил үү. Нэрийг нь санадаггүй ээ) 10.000 төгрөг өгснийг нь би хэзээ ч мартахгүй.

Тархи, толгойны эм их үнэтэй, эмчилгээ нь өртөг өндөртэй. Хэчнээн хөөцөлдөж, тавхайгаа эргэтэл гүйсэн ч хань, охин хоёрыгоо Хятадад аваачин, эмчлүүлэх мөнгө олж чадаагүй. Сүүлдээ үнэнтэй эвлэрсэн. Тэглээ гээд зүгээр суухыг хүсээгүй. Монголд боломжийнхоо хэрээр эмчилье, Шаргалжуутын рашаанд сувилуулъя гээд гүйж явахад одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 67.000 надад өгч билээ. Тэр мөнгө бидэнд үнэхээр их хэрэг болсон. Санхүүгийн боломжгүйн улмаас Хятадад эмчлүүлж чадаагүй, Монголдоо хэчнээн эмчлүүлж, асарсан ч охин минь өөд болсон. Ёстой газар, тэнгэр хөмөрчих шиг л санагдсан. Цаашид юуны төлөө амьдрах, хэрхэх талаараа бодохоос аймар санагдаж билээ.

Тийм хүнд байдалд орчихсон байхад бурхнаас хүү заяан, бидний амьдралд гэрэл гэрээ нэмсэн юм. Дахиад саажилттай хүүхэд гарах вий гэж төрөн төртлөө би айсан. Азаар хүү минь эв эрүүл мэндэлсэн нь л үнэхээр их баярлаж явдаг, энэ л хамгийн чухал.

ШОРОНД ОРОХДОО Ч “БИ ЯАНА АА” ГЭХ СӨХӨӨ НАДАД БАЙГААГҮЙ

Би хүүдээ үнэхээр хайртай. Амьдрахын эрхэнд юм, юм л хийж явлаа. Хоол зарж, хуванцар сав цуглуулан, усны тэргэн дээр ундаа, ус тавин, замын хажуугаар яваад зарж үзсэн. Хийж үзээгүй ажил ховор. Хүү минь үнэртүүлэгч заран, аав, ээждээ нэмэр болдог байлаа. “Өнөө, маргаашийн эм, тариа, эмчилгээний мөнгөө яах вэ” гэж явахдаа хүмүүсээс их зээлнэ. Сүүлдээ өрөнд орсон. Мөнгө л олж байвал гээд өндөр хүүтэй мөнгө зээлчихгүй юү.

Эмч нар “Яаралтай тийм эм, тариа хэрэгтэй” гэхэд өнөөхийг нь яаж олох вэ гээд сандарч явахад юу эсийг хийх вэ. Өнөөдөр мөнгө зээлсэн хүнээсээ маргааш гуйхад өгөх үү. Аргаа бараад таньдаг, таньдаггүй гээд нааш гэсэн хүн болгоноос зээлсэн. Сүүлдээ өрний хэмжээ маш их болсон. Залилан хийсэн гэж буруутгагдан, “Ганц худаг”-т найман сар хоригдож байлаа. Үнэхээр аймар. Шоронд байхад юун өөрийгөө бодох манатай. “Шоронд орчихлоо. Би яана аа” гэх сөхөө надад байгаагүй. “Нөхөр, хүү хоёр минь яаж байгаа бол” гэж л өдөр бүр боддог байлаа. Хоёр талын ах, дүү нар маань бидэнд үргэлж тусладгийнх нь хүчинд тэр хүнд үеийн ард гарсан. Шоронд найман сар болчихоод гарч ирэхэд би 42-хон кг жинтэй, цав цагаан толгойтой болчихсон байсан гээд бодохгүй юу.

“ХОРВОО ЧИ МИНИЙ ЗОВЛОНД ЦАДАХ БОЛООГҮЙ ЮУ” ГЭТЛЭЭ ШАНТАРСАН ҮЕ НАДАД ЗӨНДӨӨ

Үнэнийг хэлэхэд “Хайран залуу нас минь. Би яагаад ингэж зовох ёстой юм бол. Өөр хүнтэй суусан бол ингэж явахгүй байсан” гэж бодож явсан үе надад бий. Гэхдээ харамсаж байгаагүй. Гудамжинд юм зараад явж байхдаа уйлна. Бусдад, ханьдаа нулимсаа үзүүлэхгүйг хичээнэ. Ханийнхаа сэтгэл санааг нь үймүүлчихнэ гэж санаа зовсондоо тэр. “Яагаад би гэж. Яагаад миний ханийг ингэж зовоож байгаа юм бол. Охин үрийг минь хүртэл яагаад ийм өвчинтэй төрүүлээд эндүүлчихэв” гээд сөхөрсөн үе надад зөндөө.

“Хорвоо чи миний зовлонд цадах болоогүй юу” гэж “Тунгалаг тамир” кинон дээр хэлдэг шиг шантарсан үе надад олон. Үнэхээр цөхөрсөн, шантарсан, сөхөрсөн үе байсан юм л даа, тухайн үе. Одоо ингээд бодоход би жаргалтай амьдарч байна. Хань минь надад өмөг түшиг болоод явж байна, удам залгах сайхан хүү бидэнд байна. Сайхан бэр, хөөрхөн ач хүү бидэнд байна, би азтай байгаа биз.

ХАНИА ЗАГВАРЫН ТАЙЗАН ДЭЭР АЛХУУЛСАН НЬ

Хадам аав минь үргэлж гэгээлэг зүйл ярина, сэтгэл санаагаар дэмжинэ. Би урлагт дуртай болохоор заримдаа ханьтайгаа хамт тоглолт үзнэ. Топ модель Болормаа, мисс Мичидмаа нарыг гуйж байгаад ханиа модель болгон, тайзан дээр алхуулж байлаа. Ханиа загварын тайзан дээр алхаж явахыг нь харах хэчнээн сайхан байсан гэж санана. Тухайн үед авхуулсан зураг маань энэ.

ЭМНЭЛГИЙН ХУВЦАСНЫ МАСТЕР УРЛААЧ

Би эмнэлгийн ажилчдын хувцас оёдог. Одоо манайх нэг ажилтантай. Энэ ажлаа хийгээд, оёод 20-иод жил болж байна. Би анхандаа оёж чадахгүй, сэтгүүлээс харж байгаад сурсан. Буруу оёод “шатсан” үе зөндөө. Оёж сурах гэж их хөглөсөн, нухсаар байгаад сурсан.

Би эмнэлгийнхэндээ маш их баярладаг. Муухай, буруу оёсон ч “За, яах вэ. Аргалж байгаад өмсчихье” гээд авдаг байсан юм. Тэгж байсан нь надад үнэхээр том дэмжлэг болдог байсан юм шүү. Одоо би сайн, чанартай оёж сурсаан. “Eguur.mn” сайтад ярилцлага өгөн, “Тавилан” нэвтрүүлэгт оролцсоноос хойш хүмүүс хань бид хоёрыг их сайн таньдаг болсон.
Ганцхан үйл явдлаас зөвхөн ханийн минь бус ар гэрийнх нь, бидний амьдрал орвонгоороо эргэчихэж байгаа юм. Цаг хугацаа, залуу нас, өвчиндөө шаналсан, эдгээчих юм сан гэж зовж, зүдэрсээр өдий хүрсэн цаг хугацааг юу ч нөхөхгүй.

Бид хоёрт залуу нас байхгүй. Аз жаргал мэдэрдэг, хийж бүтээх насаа хоёулаа эмнэлэгт өнгөрөөсөн. Өнөө, маргаашийн эм, тарианы мөнгө олохын төлөө зүтгэж явсаар миний залуу нас дууссан шүү дээ.

БИДНИЙ АМЬДРАЛЫГ ӨӨР ХЭН Ч БИТГИЙ ТУУЛААСАЙ

Цэрэгт очоод нас барсан цэргийн ар гэр, аав, ээжид нь ямар хэцүү байдаг бол. Би охиноо алдсан хүн. Үеийнх нь насны охидыг одоо хүртэл харахаар сэтгэл эмтэрдэг. “Байсан бол” гээд гол харладаг. Эцэг, эхийн сэтгэлийн шархыг юугаар нөхөх вэ. Гэтэл тухайн цэрэг айлын ганц хүүхэд байвал яах вэ. Голомт залгах ганц хүү нас барахад эцэг, эхэд ямар хүнд байхыг төсөөлөхийн аргагүй.

Цэрэгт очоод бэртээд, өрөөл татанхай болчихсон, хэвтэрт орчихсон хүний ар гэр насаараа зовдог. Үхтэл үр харам гэдэг яг үнэн. Эцсийн эцэст аав, ээж нь дэргэд нь үнэнч үлддэг юм билээ. Над шиг ингээд өдий хүртэл хамт байж, түшээд, тулаад явах хань хуруу дарам. Ингэж хэлэхээр хүмүүс намайг өөрийгөө магтлаа гэж бодож магадгүй. Тийм биш шүү. Нүцгэн үнэн л ерөөс энэ. Хорвоогийн хатуу хөтүүг хамтдаа туулна гэж нэгэндээ амлаад ханилсан л бол эцсээ хүртэл биендээ үнэнч байх хэрэгтэй. Цэрэгт байхдаа хүнд бэртсэн, гэмтсэн ханиа, хүүгээ асарч буй ар гэрийг нь дэмждэг, харж үздэг төр гэж алга. Ар гэрийг нь байтугай цэргийн албан хаагчийг хүртэл ор тас мартчихдаг, юман чинээ тоодоггүй шүү дээ.

ХҮҮГИЙНХЭЭ ХУРИМЫГ ХИЙЛГЭН, БАЙРТАЙ БОЛГОХ НЬ ХАНИЙН МИНЬ ГАНЦ ХҮСЭЛ

Хань минь айлын ууган хүүхэд. Хүүгийнхээ хуримыг нь хийлгээд, байртай болгох л ханийн минь ганц хүсэл. Тэгчихсэн байхад өөр хүсэх юм алга, үхэхэд ч гомдол алга гэдэг юм. Тэр болтол үхэж болохгүй гээд шүд зуугаад байгаа юм л даа. Үнэхээр өрөвдмөөр. Заримдаа ямар аймар, аймар үг хэлдэж гэж бодно.

Шүүхээс одоо ямар ч шийдвэр гаргаад миний хань эрүүл болохгүй, алдагдсан цаг хугацаа, эрүүл мэнд, залуу нас эргэж олдохгүй. Хань минь хүслээ биелүүлэх хэмжээний нөхөн олговор л төрөөс олгочихвол өөр шунах юм алга.

Би амаржихдаа л эмнэлэгт хэвтэж үзсэн. Хэчнээн ядарч, туйлдсан ч өөртөө нэг дусал хийчихээд гүйчихдэг юм. Ханиасаа жаахан холдох, эмнэлэгт хэвтэх эрхгүй, өвдөх эрхгүй он жилүүдийг туулж явна.

Би ажлын байраа жаахан томсгоод, олон олон зүдэрч яваа хүмүүсийг ажлын байраар ханган, ядарсан нэгэнд туслахыг хүсэж байна. Би бүх өрөө дарж, хүүдээ ямар нэгэн өр үлдээмээргүй байна.

Над шиг ядарч, яах учраа олохгүй яваа хүн олон. Тийм хүмүүст туслахыг л хүсэж байна. Надад мөнгө төгрөг, хувцас хунар, алт эрдэнэс хэрэггүй. Үхэхдээ аваад авсанд орохгүйгээс хойш тийм юмаар яах вэ. Хүү минь “Ийм сайн аав, ээжтэй хүн шүү” гээд бусдын өмнө нүүр бардам алхаад, ханиа дээдэлж, хүндэлж яваасай л гэж хүсдэг. Бид хоёрын амьдралаас залуус урам аваасай.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү