Хану хаша барахэ суухаа

Энэ бол бие, хэл, сэтгэлийн гэмийг нимгэлэх, арилгах нөлөөтэй тарни юм гэдэг. “Гол мөрнөөр цэнгэгч хэмээх судраас авав.
Харах төдийд гурван дүнчүүр үеийн нүгэл арилна” гэж арван зургаан үсэг бүхий арван хоёр үет тарний өлмийд талбисныг бодоход гурван дүнчүүр үеийнх биш юм гэхэд ямар ч атугай сэтгэлээс үүдэлтэй гэмийг их бага ч гэсэн долгионыхоо үелзлээр засдаг байх аа.

Хуучин нийгмийн үед Гандантэгчинлэнгийн хашааны зүүн-хойд буланд энэ хардаг тарни байсныг санах хүн бий дээ. Одоо хүний нүгэл арвижсан үед бүр үзэгдэхээ больсон байна билээ. Хаана авааччихсан юм бол.
Арай ч үгүй хийчихээгүй баймаар юм. Үүнийг над шинэ зууны эхээр Дашчойлин хийдэд нэг хэсэг ажиллаж агсан Хэнтий аймгийн уугуул Лха.Дамбийням гэгч оройгүй их эрдэмт хүмүүн учрыг нь таниулаад, хайрлаж байсан удаатай.>> гэж энэ тарнийг түгээсэн хүмүүн дурсан өгүүлсэн байдаг.

Хану ваша варахэ суухаа
Бурхны тогтоол тарни үүнийг нэгэн удаа харсан төдийгөөр гурван дүнчүүр галавт хураасан хилэнц түйтгэр ариусахыг “Ус мөрөн цэнгэх” нэрт судраас зарлигласан болой. Хэвлэж өөрийн нүдэнд харагдах газарт залж байнга харж байваас хилэнц түйтгэр ариусахад тустай.
Зөвхөн Бурханы шашин төдийгүй бусад шашинуудад ч буян нүглийн талаар дэлгэрэнгүй номлосон байдаг.

Нэгэнт бидний жаргал, зовлонгийн шалтгаан нь бидний үйлдсэн буян болоод нүглийн мөн чанар учир нүглийг танин мэдэж түүнээс зайлсхийснээр бид зовлонгоос ангжирч чадах юм.
Бурхан багшийн сургаалд нүгэл гэж юуг үздэг вэ гэхээр бусдын эрх ашгийг хөндөж, бусдад зовлон учруулах сэдэлттэйгээр бие, хэл, сэтгэлээр дамжуулан үйлдэгдэх бүх үйлийг нүгэл гэдэг байна.

Биеэр үйлдэх 3 нүгэл
1.Амьтны амь таслах
Аливаа амьтны алтан амийг хорлох нь түүний амьд ахуй үедээ үйлдэх буян, үр удам, хийж бүтээх бүх зүйлсийнх нь хамт хөнөөн устгаж буй тул маш их хилэнц нүгэлтэй үйл юм. Амьтны аминд хүрэхийг өдөөдөг сэтгэл нь “Гурван хор” гэж томьёолдог мунхаг, уур, шунал гурав юм.

2.Хулгай хийх (эс өгснийг авах)
Бусдын хөлс хүчээрээ олсон эд таваарыг учир эс мэдэх мунхаг, үл ханах шунал, үл энэрэх уур хилэнт сэтгэлийн үүднээс хүч түрэмгийлэн булаах, нүднээс далдуур сэм авах, зээлүүлж хүүлэн өсгөх, ямар нэгэн башир муу аргаар өгөөгүй байхад буюу зөвшөөрөлгүйгээр салган хагацуулахыг хэлнэ.
3.Ариун бус явдал
Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг буруу хурьцал гэж хэлдэг.

Хэлээр үйлдэх 4 нүгэл
1.Худал ярих
Мунхаг, шунал, уур хилэнт сэтгэлийн үүднээс ямар нэгэн байдлаар бусдад санаатайгаар толгойг нь эргүүлэн буруу ойлголт өгөх, мөн зөв бодол санааг элдэв үг тэргүүтнээр эргүүлэхийг хэлнэ.

2.Хов өгүүлэх
Эв найрамдалтай байгаа хүмүүсийг хооронд нь салган үймүүлэх, эв эегүй байгаа хүмүүсийг улам бүр холдуулах зэрэг зохисгүй үйлдэлийг үнэн худал, яруу бус үг яриагаар мунхаг, шунал, уур хилэнгийн эрхэнд автан үйлдэхийг хов өгүүлэх гэнэ.
3.Ширүүн үг өгүүлэх
Гурван хорт муу сэтгэлийн нөлөөгөөр өөрийнхөө дургүйцлийг гарган бусдыг харааж зүхэх, дайрч давшилсан үг өгүүлэх, үнэн худал үгээр доромжлох, бусдын нууц хоригийг бүдүүлгээр уудлах, бусдын сэтгэлд сэв суулгах зэргийг ширүүн үг хэлэх гэнэ.
4.Дэмий чалчих
Ямар ч утга учиргүй, хэрэг болох ухагдахуунгүй, элдэв хэрэггүй зүйлсийн талаар цаг заваа гарздаж, амныхаа зоргоор дур мэдэн өгүүлэхийг хэлнэ.

Сэтгэлээр үйлдэх 3 нүгэл
1.Хүсэл шунал
Бусдын эрдэм мэдлэг, эдэлж, эзэмшиж байгаа эд хөрөнгө, баялагт шунан тачааж, өөрийн болгох гэсэн, эсвэл түүнд атаархан эн зэрэгцэх эд хөрөнгө, бараа таваар хураахыг санагалзах, хүний эд хөрөнгийг илүү үзэх зэрэг шунаг сувдаг сэтгэлийг хэлнэ.

2.Хорон сэтгэл
Бусдын хорлол хийгээд сэтгэлд үл нийцэх үйлдэлд тэсвэрлэлгүй өс хонзон санан хорсох, зодож нүдэх, хүлж боох тэр байтугай алах санаа өвөрлөх зэрэг хорон сэтгэлдээ бүрэн автахыг хэлнэ.
3.Буруу үзэл
Нүгэл буян гэж байхгүй, үйлийн үрийн нарийн ухагдахууныг үгүйсгэх, Гурван эрдэнэд үл итгэх, хойд урд нас байхгүй худал зүйл хэмээн гүтгэх зэргийг хэлнэ.
