ЦАГААН ДАРЬ ЭХИЙГ БҮТЭЭСЭН ДОМОГ
Үжирч ноорсон хүрэн тэрмэн дээлийн татмаг дээр, цуурч сэмэрсэн шар гирган бүс ороохчаа аядаж, мээм оройт шовгор хэмээх шар цэмбэн малгай тухтуулж тавьсан тэр хөдөөрхүү лам хөл нүцгэн явдагийн дээр гархилсан дүрлэгэр нүдэндээ эв хавгүйхэн том шилийг зүүж, гандаж борлосон царай нь тэнүүлчийн шинжийг бүрдүүлнэ.

Тэрбээр бүсэндээ хад чулуу цохилуурын ганц цүүц, яргай ишт хүнд алх хавчуулаад, өвөл ч, зун ч, уул хадаар тэнүүчлэн халуунд халж, хүйтэнд хөрч даарч хад чулуу балбаж үсэг ном сийлж, бурхан буддааг ч богд Зонховыг ч хамгийн наад зах нь л маанийн зургаан үсгийг магтан сийлж явсаар нэг мэдэхнээ Сансрын хадны Дарьмаа бүсгүйтэй тааралдажээ.

-“Бүсгүй бүсгүй та намайг болгоон таална уу? Бүр нүцгэлээд ариун сайхан алд биеэ надад ичиж айлгүй харуулаад орхи доо. Эзгүй хээр та бид хоёрыг хэн л яагааж дээ” гэхэд нь бүсгүй мэлмэрэн гайхаж:
-“Та юу айлдав аа? Лам хувраг хүн байж юу л болж байна даа! Ингэж хамаагүй болгоон таалж болдог юм уу? Сахил санваар тань бузардахгүй юу” гэж бүсгүй асуув …

Ламтан, бүсгүйн дээлэнд наалдсан өвс тоосыг сэгсрэн өмсгөж өгөх зууртаа: Та чилээрэх үү? гэж асуухад нь хүүхэн:
– Зүгээр зүгээр ариуслаа. “Бие чөтгөр, хувцас бурхан” гэлцдэг билүү? гэхэд нь лам:
Жа тиймээ! “Бие бурхан, хувцас чөтгөр” болдог ёсон ч байдаг гэж бурхан багш айлдсан юм гэдэг шүү гээд ламтан жаахан өлгүүхэн айлдсандаа залбирч асуусан гэнэ.

-“Энэ газар тантай уулзан жаргасандаа ихэд баясаж байна. Таныг уул хад хавьцаа морилж явна гэдгийг ч бүүр түүрхэн сонслоо… Ламтан та болгоож айлдана уу, аврал эрж айлтгах үгийг минь сонсон соёрхоно уу. Хийдэд гарсан халуун хижиг өвчин Чойрт хурж суугаа ганц хүүгий минь хөнөөж, оньс хэтэлгэх нь шиг байна.
“Сэжигээр өвдөж, сүшигээр сэхдэг” хойно доо. Дээдэст бараалхаж аврал айлтгуулсан чинь урт наслуулахын ерөөлт бурхан Цагаан дарь эхийг Чойр дацангийн дуганы гол хаалга чиглүүлж уран бурханчаар бүтээлэг гэж айлдсан байна. Тэгээд ламтан таныг залах гэж ирлээ” хэмээн бүсгүйг наминчлан залбирахад нь лам баясан таалж:

-Тэрийг тань бүтээж болно. Таны гоолиг сайхан бие цогцос бурханы өршөөлөөр тэнгэрлэг Дарь эх бүтээхэд өчүүхэн миний нүдийг нээх шиг боллоо.
Үлэмжийн чанар, сайхан хүмүүнлэг сэтгэл чинь үнэхээр миний уушиг, зүрхийг догдлуулав бололтой. Өчүүхэн мунхаг миний биеийг өршөөн таалж бурхан бүтээ гэж даган баясуулсан ёсоор тэр газар тань бараалхан хүрч, тэнгэрийн тааллаар тэр бурханыг чадан ядан бүтээлцэе дээ гэсэн юмсанжээ.

Ногоог Дарь эхийн зүрхэн тарни:
Ум дарэ дүдарэ дүрэ суха
Ум Жэвзүнма магма долмала чанцалло
Дүда раей жиггүн сэлма
Дүрэ доннам тамжад дэрма
Суха игэр жайла равдү.
Ум – Ариун дээд хутагт Дарь эхэд мөргөмү
Дарэ – Гаслан бүхнээс гэтэлгэгч баатар

Дүдарэ – Гай бүхнийг арилгагч эх
Дүрэ – Тус бүхнийг соёрхогч эх
Суха – тарниар адислагч тандаа биширмү
Дарь эх /Төвдөөр: Долма, Санскритаар: Тара Монголоор: Гэтэлгэгч эх /-ийг арван зүг, гурван цагийн хамаг бурхадын үйлсийн эх хэмээн дээдэлдэг. Аюул зовлонд өртсөн нэгнийг ганц үрээ хайрлах эхийн сэтгэлээр бушуу түргэн авран гэтэлгэх тангарагт бурхан. Дарь эхийн хорин нэгэн хувилгаан дүрийг Ногоон дарь эх төлөөлдөг.

Энэхүү уншлага нь Дарь эхийн хураангуй магтаал бөгөөд зүрхэн тарнийн утгыг агуулжээ. Ногоон дарь эхийн зүрхэн тарнийг сүслэн уншсан хэн бүхнийг Ногоон дарь эх элдэв зовлон түйтгэрээс ангид байлгаж, учрах аюул, гай саад бүхнээс авран хамгаалдаг гэнэ.
