БУРХАНДАА ӨРГӨДӨГ БҮХ БАЛИНГИЙН ХУРААНГУЙ БУЮУ БАРИМЖАА

Баримжаа нь бүх балингийн хураангуй бөгөөд 1000 Бурхадын зоог балин хэмээдэг. Энэ нь Бурхан шүтээндээ өргөдөг дээд өргөл бөгөөд жилдээ нэг удаа Бурхан шүтээндээ зориулан хийж бүтэн жил залдаг учиртай.
Бурхан шүтээндээ балин тахил өргөсний ач тус нь:
Ертөнцөд балин өргөсөн мэт болох

Нас хийгээд буян хишиг арвижих
Сэтгэл энэлэлгүй болох
Бие энэлэлгүй болох
Зүс сайхан болох
Төгс идээ, эдлэл их болох
Үнэн үгт болох
Тэнгэр лус нугуудад их тусыг бүтээх

Өндөр язгуурт болох (төрөх)
Бодож санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх
Цаг бусын үхлийн аюулаас гэтэлгэх тэргүүтэн ач тус цаглашгүй хэмээжээ.

Дондүвлин хийд уламжлалт гар аргаар хийдэг жилийн балингаа хийж эхэллээ. Бурхан шүтээндээ жилийн Баримжаа балин захиалан хийлгэх хүсэлтэй хүмүүс Дондүвлин хийдийн тахилч ламтай 83127273, 91950715 утсаар холбогдож захиална уу.
Балин гэж юу вэ?
Балин хийх урлал нь бурханы шашны их таван ухааны урлахуйн ухаанд хамаарагддаг, ур ухаан шаардагддаг, тусгай урлаг юм.
Балин бол бурхаддаа барьж байгаа сайхан амтат зоог, нүдийг нь баясгасан гайхамшигт бүтээл юм.

Өдрийн, сарын, жилийн гэсэн гурван янзын балин байдаг ба бурхад бүрт өөрийн гэсэн өнгө хэлбэртэй балин өргөдөг.
Харин бидний бүтээж буй балин буюу баримжаа нь жилийн балин бөгөөд аль ч бурханд өргөж болдог хувилбар юм.

Жилийн балинг сар шинийн өмнө тусгайлан хийдэг бөгөөд бүтэн жил чанарыг нь хадгалахын тулд арвайн гурилыг ус оруулалгүйгээр шар тосоор багсарч, найрлаганд нь зуун амттанг оруулж, өнгө оруулсан ямааны тосоор чимж, амьсгаа оруулахгүй бүтээдэг. Мөн балинг дан тосоор ч хийж болдог.

Жилийн балин нь адис жинлав их оршсон байдаг учраас аргалын цог дээр хийж уугиулан хашаа хороогоо ариулж утаж хэрэглэж болно. Бас талийгаачдад уншдаг сүр хэмээх номыг уншихад уугиулж хэрэглэдэг.
Тосон чимэглэлийг нь хийсэн ямааны өөх зарим нэг тан, утлага тэргүүтний орцонд ордог. Аль ч балинг зүгээр хаяж гээгдүүлж болохгүй, галд өргөнө.
