Categories
Uncategorized

МОНГОЛЧУУДЫН ЗАЯАГ ДААСАН ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ТАРНИ ДОМОГ. ХАДГАЛААД АВААРАЙ

Эрт урьд цагт Богд Дүнжингарав одоогийнхоосоо огт өөр уул байсан гэнэ. Мөсөн дуудлагт орой нь хөх тэнгэр баганадсан, цасан мөнгөн цээжнээс нь доохнуур үүл хоноглон уур савассан, түүнээс дооших биеийг ногоон ой хучсан үзэсгэлэнт уул байжээ.

Чингэтэл хангай нутгийн баруун говь ус чийгээр дутагдаж ган гачигт нэрвэгджээ. Хүн амьтныг ган гачгаас аврах нэгэн их бяртай эр тэнд төржээ. Тэр хүдэр эр Богд Дүнжингаравыг зорин ирж тэхий дундуур нь оосорлож үүрээд бостол цээжин бие нь тасраад ирж.

Тэгэхлээр нь: Дургүй бөгс нь эндээ үлдэг. Дуртай цээжийг нь аваад явья гээд үүрээд явжээ. Яван явсаар Хангай нуруун дээр аваачин тавьсан гэнэ.

Тэгээд Богд Дүнжингарав уулын мөнх цагаан орой Хангай нурууны ноён оргил Отгон тэнгэр Богд Очирваань гэсэн нэртэй болж мөнх цэвдэг дэх уулын цас мөс хайлж ар өвөр хоёроос нь Богд, Завхан гол баруун говьруу урсаж ган гачигийг тайлсан гэдэг.

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна.

Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий.

Энэ уул нь эртнээс онголон тахисаар ирсэн Монголын их тахилгатай уулын нэг бөгөөд тахилгатай уулынх нь хувьд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн байгалийн өв гэж бүртгэн авах санал гаргажээ. Отгонтэнгэр уул нь Улиастай хотоос 100 км, амралтын газраас урагш 20 гаруй км зайтай оршино

Завхан аймгийн Отгон, Алдархаан сумдын нутаг дэвсгэрт байрлах оройн дээд Отгонтэнгэр хайрханы тухай сонирхуулъя.

Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жилийн, Гималайн нурууг 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсон гэж үздэг бол Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” нь дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн үед буюу гурван тэрбум жилийн өмнө усан доороос цухайснаар Монголд анх эх газар үүссэн гэдэг.

Ертөнцийн эх газрын анхдагч ч гэж үздэг билээ. Халх Монголыг даасан бурхныг Очирваань хэмээнэ.

Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ.

Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй.

Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ.

Монголын түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр одоогоос 230 гаруй жилийн тэртээ буюу 1779 онд Богд-Очирваань хайрханыг тахиснаас хойш жил бүрийн зуны дэлгэр цагт тахиж байхыг зарлигдсан байдаг юм билээ.

Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр уул нь Завхан аймгийн Алдархаан, Отгон сумдын нутагт 4031 м өндөрт оршино. Отгонтэнгэрийг тойрсон 108 төрлийн халуун, хүйтэн рашаан, 108 булаг шанд, нуур, цөөрөмтэй.

Мөн 108 гол горхи эх авч, эргэн тойрондоо Их, Бага Богд Мандалт Даян, Их мянган, Хатан бэйл, Дуут нуур, өвөр Бадархундага, Мөнгөт цохио, Гэрэлт ам зэрэг байгалийн үзэмжит сайхан тогтоц бүрдсэн. Зуны цагт 2000 метрээс доош бороо, 2000 метрээс дээш цас ялгаран буудаг.

Энэ уулын эх бие орчноор мөнх ногоон арц, Вансэмбэрүү, Ванжингарав, Юмдүүжин, Чихэр өвс, Цэнхэр, Шар дэгд, Согоон сүмэн, Алтан гагнуур, зэрэг 400-гаад эмийн ургамалтай. Урд өврийн Бадархундага нуур 1000 орчим метрийн өндөрт байрладаг.

Отгонтэнгэр уулын ам жалга бүрээс олон зуун гол ундран урсах бөгөөд хамгийн том нь уулын ар талаас Идэрийн гол эх авч, хойд мөсөн далайн ай савд, өвөр талаас Завхан, Буянт голууд эх авч, Их нууруудын хотгорын ай савд усаа нийлүүлэн цутгадаг.

Уулын орчим бүхэлдээ эртний сөнөсөн галт уулын үлдэгдэл болон асар өндөр, эгц, цавчим хад байц бүхий гүдгэр, хотгор, хавцал, мөсөн голын ул мөр элбэг тохиолдох бөгөөд байгалийн өвөрмөц нэн сонин тогтоцтой.

Монгол түмний сүр сүсгийн дээд энэ их оргилд буга согоо, ирвэс, шилүүс, хойлог, ховор шувуу, ан амьтад нутагшин байдаг. Богд Очирваань уулын мөнх ногоон арц, халуун, хүйтэн рашаан хэдийнэ алдаршсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *