Бүсээ чирихийг муу эрийн шинж, золбоо хийморьгүй гэж цээрлэн “өлөн гэдсээ цувуулав”, “өнчрөн бэлэвсрэхийн ёр” гэнэ.

Бас даавууг заавал биеэ гурав юмуу тав ороож хүрэх алдаар хэмжих ба нар зөв ороон бүслэж үзүүрийг дээрээс дорогш дарж хавчуулна. Богино бүс ядуу зүдүүгийн ёр, доороос дээш хавчуулбал доошлох, доройдохын цондон гэнэ.
Эр хүн аав, ээж, эхнэрээсээ өөр ялангуяа бусдын эхнэрийн гарыг бүсэндээ хүргүүлдэггүй. Эмэгтэй хүн ч өөр эрээр бүсээ бүслүүдэггүй. Бүс бүслэх үед зангилагдвал муугийн дохио гэж үзэн гурав хоног зангилааг нь гаргалгүй бүсэлж ахмад хүнээр тайлуулна.

Олс дээс бүслэнхийг цээрлэдэг нь зүдэрч туйлдсаны тэмдэг гэж үздэгийнх аж. Эр хүн бүсээ хурган чих гарган очир зангилж дэрэн дороо хийж унтдаг нь хүч, зорилгоо хамгаалж буйнх аж.
Эр хүн эмэгтэй хүний бүс бүслэхийг цээрлэнэ. Эмэгтэй хүнийг бүсгүй хүн гэдэг нь агсаргагүй хүн гэсэн санаа бөгөөд эм хүн зэр зэвсэг агсдаггүй тул эр хүн эмэгтэй хүний бүс бүслэвээс хүч зорилгогүй боллоо гэсэн санаа болдог аж.

Хоосон ваадан, дан зодог зэргийг бүслэдэггүй. Заавал дотор нь юм хийж домнох юмуу шуудаг хийж бүслэдэг. Зөрчвөл гуйланч болно, дорой буурай болно, хүч дутна гэж үздэг.
Бүсээ чирэхийг Монголчууд ихэд цээрлэдэг.Муу эрийн шинж,хийморь золбоо доройтно, өлөн гэдсээ цувууллаа, өнчирж бэлбэсрэхийн цондон ч гэдэг. Монголчууд бүсийг нар зөв ороон бүслэх ба үзүүрийг нь дээрээс дорогш нь даран хавчуулдаг заншилтай.

Бүс хийх матрериалыг 3 ба 5 алдаар тооцож хэмжиж авна. Энэ нь тооны утгын бэлэгдэлтэй холбоотой гэдэг. Хэтэрхий богино бүсийг цээрлэнэ. Ядуу зүдүүгийн ёр гэх ба бүсээ доороос нь дээш нь хавчуулбал доошлож доройтохын ёр ч гэдэг. Мөн олс дээс шидэмс бүслэвэл ядарч туйлдсаны шинж ч гэдэг. Монгол эр хүн бусдын эхнэрийн гарыг бүсэндээ хүргүүлэхгүй.

Бүсээ хурган чих гаргаж очир зангидан дэрэн доороо хийж унтах ёстой. Эр хүн эмэгтэй хүний бүс бүсэлдэггүй. Бүсийг хуучирч муудсан тохиолдолд хаяж болохгүй. Заавал галд шатаана. Мөн бүсний дээгүүр алхах гишгэхийг цээрлэнэ.

Ер нь монголчууд бүс малгайгаа хамгийн их хүндэтгэг дээдэлдэг хувцас. Малгайг санамсаргүй гишгэсэн бол дариухан баруун гараар авч галын дөлөөр шившиж ариутгана. Малгайг заавал бүх хувцас бүсний хамгийн дээр тавина. Малгайг дээш харуулж тавихгүй.
Ямар ч ёслол хүндлэлд заавал малгайтай оролцоно.
Малгайн орой дээрхи сампин жинс нь өдлөн мандахын бэлгэдэл, улаан залаа нь мөнх гал шүтээн, нарны цацараг туяаг, сархийморь босохын зөн билэгдэл, 2 бүч нь хишиг буян даллах бэлэг тэмдэг гэнэ.

Ийм ч учраас бусдын малгайг өмсөх, бусдад малгайгаа өмсүүлэхийг хатуу цээрлэнэ. Малгайн саравчийг арагш харуулж өмсвөл золигт гаргасан буюу алагдах ялтан мэт жигшдэг байна. Бусдын малгайг зайлшгүй өмсөхөд хүрвэл өөрийн шүлсээр нулимж шилэмддэг нь малгайн цээрт шившлэг шингээж буй хэрэг юм .

Миний малгай биш хүний малгай гээд нулимж өмсөнө. Муу хүний малгай өмсвөл үйлс үл бүтнэ,малгайгаа гээвэл толгойгоо гээсэнтэй адил гэдэг. Замд гээсэн малгай таарвал авдаггүй. Малгайг давхарлаж тавьдаггүй. Санаа сэтгэл хоёрдоно, дахиж гэрлэнэ гэж үздэг байна.
Мандах төрийн малгай,бүтэн төрийн бүс хэмээн малгай бүс 2-оо машид дээдлэн хүндэлж яваарай.
