Categories
Uncategorized

Хэвлий бүсэлхийн, нурууны булчинг чангалж, хөгжүүлэх дасгал хийх нь нурууны өвдөлтөөс сэргийлнэ ХАДГАЛААД АВААРАЙ

Бидний хэний ч санаанд ордоггүй мөртлөө бас санаанд оромгүй чухал үүрэгтэй хэсэг булчин бол аарцгийн хөндийд орших бүлэг булчин юм.

Энэ нь хэвлийн хөндийн ёроолын булчин бөгөөд аарцгийн өрц ч гэж нэрлэгддэг. Тэгэхээр ямар их даралт ачааллыг өөр дээрээ авч байдаг нь бага ч гэсэн ойлгогдох байх. Голлох булчин нь levator ani (хошного өргөгч) юм.

Энэ булчингийн хэвийн үйл ажиллагаанаас бидний эрүүл мэндийн байдал, гол нь биднийг маш тавгүй, зовиуртай болгодог элдэв өвчлөлүүд шууд хамаардаг гэж хэлж болно.

Шээс задгайрах, шулуун гэдэс урвах, түрүү булчирхайн асуудал, эмэгтэйчүүдийн асуудал зэрэг олон зүйл энэхүү булчинтай холбогдож яригддаг. Өөрөөр хэлбэл бид энэ булчинд санаа тавьж байх ёстой юм.

Үүний тулд таргалалтаас зайлсхийх нь эхний алхам. Бодоод үз. Хэвлийн хөндийд хэр их нэмэгдэл ачаа, өөхний хуримтлалтай бна төдий хэрээр тэрхүү ёроолын булчинд дарамт очно. Дээрээс нь өтгөн хаталтаас болоод их хүчээр дүлэх, хашгирч орилох зэргээс дотоод даралт хангалттай дарамт үүсгэнэ.

Бас дасгал хийж байх хэрэгтэй. Биеийн ямар ч байрлалд анусны амсрыг чангалах суллах хөдөлгөөн хийж байх нь зөв. Үүнийг бас гэдэсний булчингаа агшааж суллах, хэвлийн амьсгалын дасгал хийхтэй хамтад нь хийж байх нь аарцгийн хөндийд буй бүхий л эрхтэнд массаж иллэг хийж, элдэв өвчин, зогсонгширолоос сэргийлэх нөлөөтэй.

Наснаас үл хамааран бүгд хэвлий бүсэлхийн, нурууны булчинг чангалж хөгжүүлэх дасгал хийж байх нь зохилтой.

Буруу суух, удаан хугацаанд машинд явах, эмэгтэйчүүдийн хувьд жирэмсний үед голдуу бүсэлхийн нугаламуудын гулсалт, жийрэг гэмтэх зэрэг асуудал үүсдэг. Жийрэг нимгэрч нугалам хоорондын зай багасах үед бие мах бодь өөрийгөө хамгаалах зорилгоор нурууг барьж буй булчингууд чангарснаар өвдөлт үүсдэг тал ч бий.

Харин нуруу маань бусад эрхтэн, мөчүүдийн адил өөрт таарч тохирох хөдөлгөөн хийх шаардлагатай байдаг. Зөвхөн зөв хөдөлгөөний ачаар жийрэг нь нөхөн сэргээгдэж байдаг. Тэгээд ч нурууны болон хэвлийн булчингууд харилцан тэнцвэртэй байдлаар ажиллаж байх нь чухал. Наснаас хамаараад бид хэвлийн булчингаа мартчихдаг.

Энэ нь нурууны суулт, гулсалт үүсэхэд том нөлөө үзүүлдэг. Тэгсэн хирнээ нурууны булчингууд нь ихэнх хүмүүст бараг л мод шиг болтлоо хатуурч чангарсан байх нь цөөнгүй. Ингэж нуруу нь чангараад гэдэс нь сулраад байвал засал эмчилгээ хийсэн ч үр дүн нь тийм өндөр байх нь юу л бол. Тэгэхээр бага ч болов өдөр тутам хөдөлж, сунгалт, алхалт хийж байх нь сайн шүү.

Бөгтөр хүмүүс цээжний хэсгийн булчиндаа өөрсдөө массаж хийж байх хэрэгтэй. Бас газрын теннисний бөмбөг 5-6 ширхэг зэрэгцүүлж тавиад дээр нь хэвтэж өнхрүүлэх байдлаар өөртөө массаж хийж ч болдог шүү.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *