Өсвөр насныхны дунд нэг нэгэнтэйгээ хамтдаа цаг өнгөрүүлнэ гэдэг ховор болжээ. Тэдний харилцаа сүүлийн үед бидний ярьж заншснаар амьд бус харилцаан дээр тогтох болсон бөгөөд ухаалаг утас, нийгмийн сүлжээ буюу сошиал медиа тэдний харилцааг зохицуулах хэрэгсэл болж, эдгээрт бүрэн хамааралтай болсон гэж хэлэхэд хилсдэхгүй.

Тэдний ихэнхи нь зуны амралтынхаа дийлэнх цагийг гар утсаа оролдон ганцаар өнгөрүүлэх нь ихэсчээ. Тэд амьдралаа ухаалаг утас, тэр төрлийн төхөөрөмжүүд, аливаа аппликейшнгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Үнэндээ хэн нэг хүнтэй харилцахаас утастайгаа цагийг өнгөрүүлэх нь тэдэнд илүү амар санагдах болсон байна. Сан Диегогийн Их сургуулийн Сэтгэл судлалын профессор Жен М.Твенге өнөөгийн өсвөр насныхны ухаалаг утас болоод сошиал медиагийн хэрэглээ тэдэнд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийсэн байна.
Тэрээр 25 жилийн турш өнгөрсөн болон одоогийн ялгааг судалсаар ирсэн бөгөөд нэг үеэс нөгөө үе рүү шилжих өөрчлөлтийг тодорхойлоход итгэл үнэмшил болоод зан байдлын өөрчлөлт тасралтгүй явагдсаар байгаа бөгөөд цаашид ч энэ байдал үргэлжлэх ажээ.
2012 онд хийсэн судалгааны график эрс өөр гарсан бөгөөд 1930 онд эдгээр зүйлүүдээс нэгийг нь ч харж чадахааргүй байлаа. Өмнө байсан олон олон жинш чанарууд үгүй болж, оронд нь урьд нь хэзээ ч таамаглаж байгаагүй шинэ зүйлс бий болсон байна.
Хамгийн том өөрчлөлт бол ертөнцийг үзэх үзэл байв. Гэхдээ хамгийн сонирхолтой нь 50, 100 жилийн өмнөх үеэс ялгарч болох ч хэдхэн жилийн өмнөх үеүдээс одоогийн үеийнхэн эрс өөрчлөгдсөнд хэргийн учир байлаа.
2012 он бол Америкийн хувьд хүн амынх нь 50 хувь ухаалаг утасжсан үе юм. Жен М.Твенге хэдэн жилийн турш өсвөр насныхны хандлага, зан байдлыг судалж, олон өсвөр насныхантай ярилцсан бөгөөд үүний дүнд одоогийн өсвөр насныхан ухаалаг утас болон сошиал медиагаар хэлбэржиж байгаа нь харагджээ.
Эдгээр үеийг Жен “iGen” гэж нэрлэсэн байна. Ухаалаг утасны эрин үе болох 1995-2012 оны хооронд төрөгсөд ахлах сургуульд орохоосоо ч өмнө Facebook, Instagram хуудастай болсон байдаг бөгөөд интернэтийн өмнө тэд цаг хугацааг огтхон ч анзааралгүй өнгөрөөж, гарт утас, iPad зэрэг төхөөрөмжүүдийг өдөр шөнийн алинд ч гарнаасаа салгахаа больжээ. Ердөө 2007 онд анх iPhone-ыг зах зээлд танилцуулсан бөгөөд 2010 онд iPad гарч ирсэн билээ. Гэтэл 2017 онд 5000 өсвөр насныхны дунд хийсэн судалгаагаар тэдгээрийн 3/4 нь хэдий iPhone-той болсон байв.
Ухаалаг утас болон сошиал медиагийн нөлөөллийг нарийвчлан авч үзье.
Ухаалаг утас сэтгэцийн өвчлөлд хүргэж байна
Ухаалаг утас нь өсвөр насныхны амьдралын хэв маягт өөрчлөлт оруулаад зогсохгүй сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн гол хүчин зүйл болж байна. Энэ нөлөөлөл нь угсаа гарал, баян ядуу, хот хөдөө амьдрахаас үл шалтгаалан дэлхийн өнцөг булан бүр дэх залууст тулгарч байна. Өсвөр насныхан өөрсдийн бүтээсэн хийсвэр цамхаг болох ухаалаг утсан дотроо амьдарч байгаа юм. 1970-аад онтой харьцуулахад өсвөр насныхны архи, тамхины хэрэглээ өнөө үед харьцангуй бага болсон нь сайн тал хэдий ч эдгээрээс үүсэх өвчлөлтийг сэтгэцийн өвчлөлөөр сольж байна.
2011 оноос хойш өсвөр үеийнхний дунд сэтгэл гутралын төвшин огцом нэмэгдэх болсон бөгөөд сүүлийн арван жилийн хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд хамгийн аюултай нөхцөлд багтаад байна. Сэтгэцийн өвчлөлтийн тохиолдлын ихэнх нь тэдний гар утсаар дамжин ирж байна.
Оюутны клубууд, спортын арга хэмжээ, сагсан бөмбөгийн талбай зэрэг цагийг өнгөрүүлэх зүйлүүдэд анхаарлаа хандуулах нь сүүлийн жилүүдэд эрс багасчээ. Учир нь, тэд өрөөндөө утсаа оролдон, ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлж байгаа төдийгүй энэ байдал нь тэднийг сэтгэл гутралд оруулж байгаа гэдгийг өөрсдөө ч ойлгохгүй байгаа.
Ухаалаг утас нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг
Өмнөх үетэй өнөө үеийг харьцуулахад өсвөр насныхан ихэнх цагийг гэртээ өнгөрүүлж эцэг эхтэйгээ илүү ойр байгаа мэт боловч үнэн хэрэгтэй тэдний хоорондын харилцаа гэж үгүй болсон. Женийн судалгаанд оролцогч 13 настай Атина охин түүний найзууд гэр бүлийнхэнтэйгээ хамт байхдаа бараг л юм ярилцдаггүй. Тэд ердөө л “тийм үгүй, за ойлголоо, яасан ч яах вэ…” гэх зэрэг үгсийг л ашиглан харилцаа өрнүүлдэг бөгөөд утсаараа оролдсон хэвээр байдаг тухай хуваалцжээ. Атина зуны амралтаа олон найзуудтайгаа өнгөрүүлсэн гэж хэлсэн ч тэр харилцаа зөвхөн Snapchat-аар явагдсан бөгөөд тэрээр хэлэхдээ, “миний орон дээр миний биеийг яг л хэвлэчихсэн юм шиг байсан” хэмээжээ.
Аж жаргалын хэмжүүр
Атина охины хуваалцсан зүйл сүүлийн үед нийтлэг тохиолдох болсон. Залуучууд найзуудтайгаа цагийг хамтдаа өнгөрүүлэх нь 2000-2015 оны хооронд буюу ердөө 15 жилийн дотор 40 хувиар буурсан бөгөөд энэ тоог бий болгохд сүүлийн хэдэн жилийн статистик хамгийн их нөлөө үзүүлсэн байна.
Энэ бүхнээс харахад шинэ орон зайг бий болгож, тэндээ амьдрах нь өсвөр насныхны хувьд тэднийг жаргалтай болгож байгаа мэт харагдаж байгаа ч үнэндээ огтхон ч тийм биш гэдэг нь судалгаагаар харагджээ.
Иргэний эрүүл мэндийн үндэсний төвөөс ахлах сургууль төгсөгчдөөс үндэсний хэмжээний төлөөлөл болгон 1000 хүний дунд судалгааг 1975 оноос хойш жил бүр явуулж байгаа бөгөөд 1991 оноос 9-10 дугаар ангийн сурагчдын дунд мөн явуулдаг болсон юм. Судалгаагаар дэлгэцийн өмнө бус, электрон төхөөрөмжүүдийг оролцуулалгүйгээр хувь хүний хөгжил, дасгал сургуулилт хийхэд хэр их цаг зарцуулдаг талаар болоод тэднийг өөрийн амьдралдаа хэр их аз жаргалтай байдаг талаар асуулга явуулдаг байна. Гэтэл сүүлийн үед итгэмээргүй өөрчлөлт судалгааны дүнд бий болох болсон ба аливаа дэлгэцээс хамааралгүй амьдардаг хүмүүсээс хамааралтай амьдрахад илүү их цаг зарцуулах болсон өсвөр насныхны аз жаргалын төвшин мэдэгдэхүйц буурчээ. Сошиал медиад долоо хоногт 10 буюу түүнээс дээш цагийг өнгөрүүлдэг есдүгээр ангийн сурагчдын 56 хувиас илүү нь аз жаргалгүй байдаг гэдэг хариулт өгчээ. Мэдээж хэрэг, 10 цагаас илүү хэрэглэгчдийн дунд үүнээс өндөр тоо гарсан нь тодорхой. Харин харьцангуй бага хэрэглээтэйд тооцогддог буюу долоо хоногт 6-9 цаг хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн төвшин мөн адил өндөр байсан бөгөөд 47 хувьд хүрсэн байна. Түүнчлэн өөрсдийгөө аз жаргалгүйд тооцсон эдгээр хүмүүс найз нөхөд болон нийгэм дэх хүмүүсийн дунд өнгөрүүлэх цаг бусдаас 20 хувиар бага байдаг ажээ.
Судалгаанаас харахад дэлгэцийн ард хэдий хэмжээг зарцуулна тэр хэмжээгээр сэтгэл гутралд өртдөг болох нь харагдаж байгаа юм. Хэрвээ өсвөр насныхныг хэрхэн аз жаргалтай байхад нь туслах зөвлөмж хүргэх тохиол танд бий болвол “Утсаа доош тавьж, компьютераа унтраагаад дэлгэцнээс үл хамаарах юуг ч хамаагүй хий” гэж хэлж болох юм.
Сэтгэл гутрал ба Амиа хорлолт
2013 оноос хойш өсвөр насныхны ганцаардлын мэдрэмж өндөр болсон аж. Нийгмийн амьдралд амьд харилцааг үүсгэхээс илүү ухаалаг утастайгаа цаг өнгөрүүлэх нь тэр хэмжээгээр ганцаардлын мэдрэмжийг өсгөж байна.
Цаг үе өнгөрөх тусам ухаалаг утаснаас шалтгаалж өсвөр насныхны дунд сэтгэлийн хямрал бий болж байна.
Сошиал медиаг ихээр ашигладагт тооцогдох есдүгээр ангийн сурагчид сэтгэл гутралд өртөх эрсдэл 27 орчим хувиар нэмэгдсэн бөгөөд спортоор хичээллэж, олон нийтийн үйл ажиллагаанд оролцож, тэр байтугай гэрийн даалгавараа хийхэд их цаг зарцуулдаг нэгэн сэтгэл гутралын эрсдэлд орох нь бараг үгүй болох нь батлагджээ.
Өдөрт гурван цагаас дээш хугацаагаар электрон төхөөрөмжтэй ойр байдаг өсвөр насныханд амиа хорлох тухай бодол болоод оролдлого 35 хувийн магадлалтай байна. Энэ бол телевиз үзэхтэй холбоотой эрсдэлээс хамаагүй их тоо юм.
Түүнчлэн 2007 оноос хойш хүний аминд хүрэх тохиолдол багассан ч амиа хорлох төвшин нэмэгдсэн. Тэд өөр хоорондоо цаг өнгөрөөх нь багассан учраас санаатай болоод санаандгүй бие биенийхээ аминд хүрэх эрсдэлээс зайлхийсэн ч өөрөө өөрсдийгөө хөнөөх сонголт руу илүү гүнзгий орж байна. 2011 онд анх удаа өсвөр насныхан амиа хорлох явдал нь хүн амины гэмт хэрэг үйлдэх тохиолдлоос давсан юм.
Ганцаардмал мэдрэмж хөвгүүдээс илүү охидод тохиолддог болсон нь судалгаагаар харагдсан бөгөөд сошиал медиа тэднийг орхисон мэт сэтгэлийг илүү гүн төрүүлдэг аж. Учир нь өсвөр насныхан хийж байгаа зүйлсээ алхам тутамдаа сошиал орчинд постлон оруулдаг бөгөөд найз нөхөд, ангийнхантайгаа хамтдаа цагийг өнгөрүүлж байгааг өөр нэг нь харахдаа орхигдож хоцорсон мэдрэмжийг авч, ганцаардлыг өөртөө үүсгэдэг байна.
2012-2015 онд хөвгүүдийн сэтгэл гутралын шинж тэмдэг 21 хувиар өссөн бол охидын тоо 50 хувиар нэмэгдсэн байна.
Өөр нэг анхаарал татаж буй асуудал бол өсвөр насны охидын кибер халдлагад өртөх аюул өндөр байгаа явдал . Охидын хувьд сошиал ертөнц нь сэтгэл зүйн хувьд бусдаас дарамт ирэх, үл тоомсорлуулах, түрэмгий зан байдлыг мэдрэх тавцан болдог.
Ухаалаг утасны хэрэглээ хэт өндөр байгаа нь нойргүйдэлд хүргэж байна
2014 оны өвөл Техаст 13 настай охин ямар нэг зүйл шатаж байгаа үнэрээр сэржээ. Түүний утас хэт халснаас болж хайлж байв. Мэдээллийн хэрэгслүүд энэхүү мэдээллийг нийтэд мэдээлэхэд хүмүүст айдас бий болж байлаа. Энэ тохиолдол аюултай хэдий ч профессор Жений хувьд яагаад хүмүүс орныхоо хажууд эсвэл дэргэдээ өөрийн гар утсыг ойрхон байлгахыг илүүд үзэх болсон нь анхаарлыг нь татжээ.
Ингээд тэрээр Сан Диегогийн их сургуулийн өөрийн оюутнуудаас орондоо орсон байхдаа утсаараа юу хийдэг талаар асуумж явуулжээ.
Оюутнууд бүгд өөрийн утсыг хүрэхэд ойрхон байхаар орныхоо хажууд, дэрэн доороо эсвэл гудсан завсраа хийдэг байна. Тэдний хэлж байгаагаар, унтахаасаа өмнө заавал сошиал хаягаа шалгадаг төдийгүй өглөө сэрмэгцээ мөн утсаа шүүрч авдаг аж. Утас бол тэдний унтахдаа хардаг хамгийн сүүлийн зүйл бөгөөд сэрээд хардаг хамгийн эхний зүйл юм. Хэрвээ шөнө дунд сэрвэл мөн л хамгийн түрүүнд гар утсаа хайдаг. Зарим нэгэнд унтах үед түүний утас дэргэд нь байх нь түүнд тайвширлыг авчирдаг аж.
Гар утас нь тэдний дэргэд ойр байх нь тайвширлыг авчирч болох ч өсвөр насныхны нойрыг хугаслах хамгийн том шалтгаан болж байна.
Судалгаагаар өсвөр насныхны дийлэнх нь долоогоос бага цаг унтаж байгаа нь тогтоогджээ. Энэ нь нойргүйдлийг бий болгодог. Өсвөр насныхны нойргүйдлийн төвшинг судалж үзэхэд 1991 онд байсан төвшинг 2015 онтой харьцуулахад 50 хувь болтлоо өсчээ.
Өдөрт гурваас дээш цаг электрон төхөөрөмжтэй ойр байдаг өсвөр насныхан гурваас бага цаг зарцуулдаг нэгнээсээ долоогоос доош цаг унтах тохиолдол 28 хувьтай байгаа бол өдөр бүр сошиал медиад байдаг хүүхдүүдийн 19 хувь нь нойргүйдэх өвчтэй байна.
Хангалттай хэмжээний нойр авч чадахгүй байх нь цусны даралт ихсэх, жин нэмэх, аливаа өвчнөөр өвчлөхөд хүргэдэг бөгөөд сэтгэлийн хямралд ордог. Орчин үеийн ухаалаг утасны хөх гэрэл нь асар муу нөлөөг үзүүлдэг . Утасны хөх гэрлийг тархи нарны гэрэлтэй андуурч хүлээж авдаг учир мелатони хэмээх нойрны дааврын ялгаралтыг зогсоодог. Ингэснээр гар утасны дэлгэцийн гэрэл нойрны хэм алдагдуулж, нойргүйдлийг бий болгогч гол хүчин зүйл болдог байна.
Тиймээс ухаалаг утсыг дэлхий нийтэд таниулсан Стив Жобс хүртэл өөрийн хүүхдүүддээ ухаалаг утасны хэрэглээг хязгаарладаг. Үнэндээ өсвөр насныхан хамтдаа цаг өнгөрүүлэхдээ ч утаснаасаа харцаа салгадаггүй бөгөөд тэдний харилцаа тэр чигтээ сүйрэлд орсон байдгийг судалгаагаар тогтоожээ.